Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2020/01684

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2020/01684

 

 

 

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/01111 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э ХХК-ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан тогтоол хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Уянга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат, гуравдагч этгээд Хаан банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хэрлэнчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э ХХК болон Б.Э нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 32 308 085 871 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/01351 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2019 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 00098 дугаар тогтоолоор хянан шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Төлбөр төлөгч нарын зүгээс дээрх шийдвэр, магадлал, тогтоолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлд зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг Улсын дээд шүүхэд, мөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны
өдрийн 183/Ш32019/10900 дугаар захирамжаар түдгэлзүүлсэн. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр
18290684/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол гаргаж, Б....................тус тус битүүмжлээд байна. Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн үндэслэл дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулах ёстой бөгөөд тухайн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн
шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байсаар байтал шүүгчийн захирамжийг үл хайхран шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж эд
хөрөнгүүдийг битүүмжилсэн. Мөн барьцаа эд хөрөнгийг 01351 дугаартай шийдвэр, 2019 дүгаартай магадпал, 00098 дугаартай тогтоолд зааснаас хэтрүүлэн барьцаалсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлсэн.

Энэ талаар хариуцагч нарын зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх
газарт хандаж гомдол гаргасан бөгөөд тус газрын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 4/100 дугаар хариу мэдэгдэх хуудсаар хариу өгсөн. Иймд Нийслэлийн
шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн
18290684/01, 18290684/02 дугаар тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18290684/03, 18290684/04 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 137 дугаар тойрог буюу Хан-Уул дүүрэг дэх шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнгөнцэцэг нь Шүүхийн
шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг зөрчиж, 2020 оны
01 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, 15 дугаар баг, Үйлдвэр гудамж, 202 тоотод байрлах, Эрэл
цементийн үйлдвэрийн зориулалттай үл хөдпөх эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг битүүмжилж 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 18290684/05 дугаар тогтоол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1, 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг зөрчсөн байна. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 18290684/05 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулах тухай хүсэлтийг Улсын Дээд шүүхээс шийдвэрлээгүй байгаа гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/01351 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2019 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 00098 дугаар тогтоолоор Эрэл ХХК, Б.Эрдэнэбат нараас 32 308 067 817 төгрөг гаргуулан Хаан банк ХХК-д олгохоор шийдвэрлэж, гүйцэтгэх баримт бичигт ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 18290684 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 183/Ш32018/09530 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Улсын дээд шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 001/ШТ2019/00058 дугаар тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай Эрэл ХХК-ийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж, шүүхийн шийдвэрт төлбөр гаргуулахаар заасан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэхээр тогтоол гарсан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 183/Ш32020/00871 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 6001/0058 нэгжталбарын 600 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай газартай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Иймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн гаргасан гомдол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлд хамаарахгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12, 13 дугаар зүйлд зааснаар шүүх харьяалан шийдвэрлэхгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрэл ХХК-ийн шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулах тухай 2019 оны 9 дүгээр сард гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх шийдвэрлээгүй байгаа гэжээ.

Шүүх:   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18290684/04 дүгээр Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-ыг хүчингүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, ...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 18290684/01 дүгээр болон 18290684/02 дугаар тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18290684/03 дүгээр тогтоол, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 18290684/05 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох тухай Эрэл ХХК-ийн гомдлын хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбатын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хариуцагч Эрэл ХХК болон иргэн Б.Эрдэнэбат нарын зүгээс шийдвэрийг албадан гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болсон шийдвэр, магадлал, тогтоолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал буюу шинээр илэрсэн нөхцөл байдал бий болсон гэж үзэж мөн хуулийн 180 дугаар зүйлийн 180.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын дээд шүүхэд хүсэлтээ гаргасан бөгөөд уг хүсэлтийн хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг гаргаж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 183/Ш32019/10900 дугаар Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжаар хариуцагчийн хүсэлтийг хангаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн ба энэхүү шүүгчийн захирамж өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр хэвээр байгаа. Гэвч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр хэвээр байхад эд хөрөнгө битүүмжлэх тогтоол гаргаж, шүүхийн шийдвэрт заагдсан хэмжээнээс илүү хэмжээгээр хөрөнгийг битүүмжилж байгаа нь шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасан эрхээ шийдвэр хэтрүүлсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 122 дугаар зүйлийн 122.5-т заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18290684/04 дүгээр Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-ыг хүчингүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-т заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 18290684/01, 18290684/02, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1829068403, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 18290684/05 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай гомдлын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудад холбогдуулан гомдол гаргасан бөгөөд тухайн гомдлыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хянаж үзээд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 4/1000 дугаар хариу мэдэгдэх хуудас, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 4/305 дугаар хариу мэдэгдэх хуудсуудаар хариу мэдэгдсэн. Гэвч шүүхээс уг хариу мэдэгдэх хуудсуудыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Эрэл ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 18290684/01, 18290684/02 дугаар тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18290684/03, 18290684/04 дүгээр тогтоол, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 18290684/05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18290684/04 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, бусад нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Эрэл банк ХХК, Б.Эрдэнбат нараас зээлийн гэрээний үүрэгт 32 146 877 669 төгрөг гаргуулан Хаан банк ХХК-д олгож, ................... зэрэг эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01351 дүгээр шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 00098 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн байна. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, сайн дураар биелүүлээгүй нөхцөлд албадан гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу гүйцэтгэдэг болно. /хх55-60/

Дээрх шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийг үндэслэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар төлбөр төлөгчид мэдэгдэх, төлбөрт хураагдсан хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна. /хх61-78/ Тэрээр дээрх эд хөрөнгүүдийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 18290684/01 тоот тогтоолоор .................. үйлчилгээний зориулалттай газар, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 18290684/05 дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн Дархан сум 15 дугаар баг үйлдвэрийн районд байрлах Эрэл цементийн үйлдвэрийн зориулалттай байгууламжууд, тоног төхөөрөмжийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын 080100360 нэгж талбарын 141954.06 м.кв талбайтай цементийн үйлдвэрийн зориулалттай газрыг тус тус битүүмжилсэн байна.

Анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэгчийн дээр дурьдсан 18290684/01, 18290684/02, 18290684/03, 18290684/05 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлтэй хэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасан үндэслэлээр шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх хуульд заасан журмыг зөрчсөн гэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна. Төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн дээрх ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй байна. Энэ нь хэргийн 20 дугаар талд авагдсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 4/100 тоот хариу мэдэгдэх хуудсаар нотлогдож байна.

Харин Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, 6001/0058 нэгж талбарын 600 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтын газартай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь шүүгчийн захирамжаар түдгэлзэгдсэн, төлбөр төлөгчийн дээрх газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 00098 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар гаргасан хүсэлт нь шийдвэрлэгдээгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18290684/04 дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 122 дугаар зүйлийн 122.5 дах хэсэгтэй нийцжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрт заагдсан хэмжээнээс илүү хэмжээгээр хөрөнгө битүүмжилж хуульд заасан эрхээ хэтрүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн мэдэгдэх хуудас хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд уг мэдэгдэх хуудсыг хэрэгт өгөөгүй гэж тайлбарласан болно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/01111 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

А.МӨНХЗУЛ