Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 966

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар “А*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гэр хорооллын дэд бүтцийн газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Орхонтамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: “ Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газраас зарласан “Баянгол дүүргийн 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Б хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил” НГХХГ-07/2016 тоот тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2016 оны 09 сарын 05-ны өдрийн "А*******" ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох

 Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газраас зарласан “Баянгол дүүргийн 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Б хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан

хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил” НГХХГ-07/2016 тоот тендер шалгаруулалтад “Э*******” ХХК-ийг шалгаруулсан тендерийн хорооны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох,

 Баянгол дүүргийн 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Б хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын жил” НГХХГ- 07/2016 тоот тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах ” гэжээ.

Нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр хорооллын дэд бүтцийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ: ”А*******” ХХК нь Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газраас зарласан Баянгол дүүргийн 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Б хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил НГХХГ-07/2016 тоот ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд Захиалагчийн тендерийн бичиг баримтанд тусгагдсан шаардагдах бүх баримт бичгийг бүрэн гүйцэд бүрдүүлэн оролцсон. 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр НГХХГ-аас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 болон 16 дугаар зүйлийн 16.1.1 дахь заалтыг үндэслэн "А*******" ХХК-ийн тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авсан. Тус мэдэгдэлд "А*******" ХХК-ийн тендерээс Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4/в/-д заасан шаардлага хангаагүй буюу Эрчим хүчний яамнаас олгодог тусгай зөвшөөрлийн хугацаа 2016 оны 08 дугаар сарын 14-нд дууссан, зарим инженер техникийн ажилтнуудын материал дутуу гэсэн үндэслэлээр татгалзсан болохыг дурдсан байдаг. "А*******" ХХК нь тендер шалгаруулалтын шаардлагад заасан эрчим хүчний барилга угсралтын үйл ажиллагааг олон жил тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулж байгаа туршлагатай компани бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд буюу тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахаас өмнө 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Эрчим хүчний яаманд хандан гаргасан боловч 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрын кабинетад ажиллах хүмүүс бүрэн томилогдож дуусаагүй байгаа шалтгааны улмаас тусгай зөвшөөрөл олгох, сунгах хурал тус яам дээр 2016 оны 06 дугаар сараас хойш хуралдаагүйгээс сунгалтыг хийж чадаагүй хүлээгдсээр байна. Энэ нь Эрчим хүчний яамны 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн В/2219 тоот тодорхойлолтоор нотлогдоно. 

Түүнчлэн "А*******" ХХК нь тендерийн баримт бичигтээ инженер техникийн ажилчдын диплом /гэрчилгээ/ болон бусад холбогдох баримт бичгийг тендер шалгаруулалтын шаардлагад нийцүүлэн нотариатаар гэрчлүүлэн бүрэн гүйцэд хүргүүлсэн байтал ийнхүү хууль бус үндэслэлээр “А*******” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны хүрээнд Сангийн яаманд хандан гомдол гаргасан. Гэвч Сангийн яамнаас 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр НГХХГ-07/2016 тоот тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэлтэй байна хэмээн үзсэн болохоо 5/6098 тоот албан бичгээр НГХХГ-т хүргүүлсэн байна.

"А*******" ХХК нь тус тендер шалгаруулалтад хамгийн бага үнийг санал болгож, /А******* ХХК-ийн тендерийн баримт бичгээр нотлогдоно/ холбогдох баримт бичгийг бүрэн гүйцэд бүрдүүлэн оролцсон байтал ийнхүү татгалзсан шийдвэрийг үндэслэлтэй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байгаа тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны хүрээнд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ гэж заасан байтал Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газар нь бидэнд энэ талаар албан ёсоор мэдэгдэлгүй, дарагдуулж, бидний гомдол гаргах, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах эрхийг хаасан эс үйлдэхүйг хийсээр байсан учраас 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагчаас биечлэн шаардсаны дүнд мэдэгдлийг албан ёсоор хүлээн авсан байдаг. Хариуцагчийн дээрх хууль бус үйлдэл болон эс үйлдэхүйн үр дагаварт "А*******" ХХК-ийн шударгаар өрсөлдөх, тендерийн баримт бичгээр шударгаар үнэлүүлэх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зэрэг эрхэд ноцтой халдсан, нэг талын ашиг сонирхлыг илт давуу байдлаар хамгаалсан үйлдэл болж байна.

Иймд Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газраас зарласан Баянгол дүүргийн 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Б хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил НГХХГ-07/2016 тоот тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн "А*******" ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, "Э*******" ХХК-ийг шалгаруулсан тендерийн хорооны шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, уг тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үнэлгээний хороо хоёр үндэслэлээр тендерээс татгалзсан байдаг. Нэгдүгээрт тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар татгалзсан ба нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл тендер сонгон шалгаруулалтын үед хүчинтэй байсан. Тусгай зөвшөөрлийг сунгуулах талаар Эрчим хүчний яаманд сунгалт хийлгэх талаар өргөдлийг өгсөн. 09 дүгээр сарын 01-ний өдөр тендерийн материалыг нэхэж, хүлээлгэж өгөхөд Эрчим хүчний яамнаас авсан тодорхойлолтыг Тендерийн үнэлгээний хороонд нотлох баримтаар хүргүүлсэн. Дараагийн татгалзсан үндэслэл нь инженер, техник, ажилчдын материал дутуу гэдэг үндэслэлээр татгалзсан. Нэхэмжлэгч компанийн хувьд энэ талаар ямар нэгэн дутуу баримт бичиг өгөөгүй. Шаардлагад заасан бүхий л баримтуудыг өгсөн байдаг. Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд хүсэлт гаргаснаас хойш 3 хоногийн дотор шийдвэрлэхээр заасан. Гэхдээ Эрчим хүчний яам нэхэмжлэгч компаниас гаргасан хүсэлтийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж өгөөгүй. Энэ талаар Улсын их хурлын сонгуулийн үр дүнгээр Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөн, шинээр гишүүд томилогдсон, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн учраас нэхэмжлэгч компаниас гаргасан өргөдлийг зохих хугацаанд шийдвэрлэж өгч чадаагүй гэж тайлбарладаг. Гэхдээ сунгах талаар маш тодорхой хариултыг өгсөн байдаг. Эрчим хүчний яам нь дээр болсон хуралдаанаар тусгай зөвшөөрлийг сунгасан. Энэ бүх үйл баримт нь нэхэмжлэгч компаниас хамааралгүй, эрх бүхий төрийн захиргааны байгууллага сунгалтаа хийгээгүй боловч сунгах талаар тодорхойлолтоо ирүүлсээр байтал үнэлгээний хороо энэ бүхнийг харгалзан үзэлгүйгээр асуудлыг шийдвэрлэсэн. Инженер техникийн ажилчдын хувьд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тендерийн бичиг баримтад хяналт, үнэлгээ хийгээд зөвлөмжийг хүргүүлсний дагуу үнэлгээний хороо хуралдаад инженер, техникийн ажилчид дээр өөрчлөлт хийсэн байдаг. 2016 дугаар оны 08 дугаар сарын 25-ны өдөр тендерт оролцогч нарт мэдэгдээд 09 дүгээр сарын 01-ний өдөр материал хүлээж авсан нь үнэлгээний хороо хэт богино хугацаа тогтоож талуудад адил тэгш оролцох боломжоор хангаагүй. Энэ үйлдэлтэй холбоотой зарим оролцогчдын эрх ашиг сонирхол хөндөгдсөн.

Тендерийн үнэлгээний хорооны хуралдсан үйл баримтыг аваад үзэхэд анхнаасаа хууль зөрчиж байгуулагдсан гэдэг нь харагддаг. Захиалагчийн тушаал дээр Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журам байдаг. Уг журам дээр үнэлгээний хороог хэрхэн байгуулах, яаж ажиллах талаар зааж өгсөн. Холбогдох хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-т Төрийн бус байгууллагаас 2 төлөөлөл, иргэдээс 1 төлөөлөл, захиалагчдын төлөөллийг оролцуулан байгуулан гэж заасан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас авч үзэхэд үнэлгээний хороо төрийн бус байгууллагын 1 төлөөлөгч, иргэдээс 1 төлөөлөгч оролцуулсан ба үнэлгээний хорооны хурал нь бүтцийн хувьд асуудлыг шийдвэрлэх бүрэлдэхүүнтэй болсон гэдэг дээр учир дутагдалтай байсан. Иргэдээс төлөөлж оролцох байсан н.Бя******* гэдэг гишүүний хувьд тухайн өдрийн хуралдаанд ирээгүй. Үнэлгээний хорооны гишүүдийг нэг удаа өөрчилж, төрийн бус байгууллагын төлөөллөөс сонгогдсон н.Ж******* гэх гишүүнийг тодорхой баримтгүйгээр сольж, н.З******* гэх төрийн бус байгууллагын төлөөллийг оруулж ирсэн.

Хариуцагч талаас ирүүлсэн нотлох баримтаас үзэхэд ашиг сонирхлын зөрчилгүй болохоо Улсын их хурлын Хууль зүйн байнгын хорооноос баталж өгсөн маягтын дагуу бөглөж, ашиг сонирхлын зөрчилгүй гэдэг талаар илэрхийлэх ёстой байсан үйлдэл нь 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр болсон байдаг. Уг хуралдаанд 4 гишүүн оролцсон ба н.З******* гишүүний хувьд ашиг сонирхлын зөрчилгүй гэдэг дээр ямар нэгэн тэмдэглэл хийгээгүй, зүгээр гарын үсгийг зурсан байдаг. Энэ үйлдэл нь нэхэмжлэгчийн хувьд шууд хардалт төрүүлэхээр байна. Үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэл дээр н.З******* гишүүний хэлсэн үг нь “... бусад оролцогчдоос татгалзъя, ялагч болсон компанийг дэмжиж байна” гэсэн агуулгатай тайлбарыг хийсэн байдаг. Ялагч болсон компанийг нэхэмжлэгч компанитай харьцуулах юм бол хийж гүйцэтгэсэн ажил нь бага, үнийн санал нь өндөр байдаг. Адилхан ижил материал ирүүлсэн компанийн хувьд үнийн саналыг голчлон үзэх ёстой. Тиймээс энэ талаар алдаатай ажилласан ба ашиг сонирхлын зөрчил бүхий этгээдийг хуралдаанд оруулж үнэлгээний хороог хуралдуулсан. Үнэлгээний хороог сондгой тоотой хуралдуулах ёстой. Уг шаардлагын дагуу 5 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдсан боловч хуралдааны шийдвэрийг 4 гишүүний бүрэлдэхүүнтэй гаргасан. н.Бя******* гэх иргэдийн төлөөлөгч оролцоогүй. Гэхдээ хавтаст хэрэгт авагдсан баримтыг авч үзэхэд 09 дүгээр сарын 02-ны өдрийн баримт нь дээр н.Бя******* гэх хүн гарын үсгээ зурсан байдаг. Ямар нэг шалтгаанаар н.Бя*******ыг оролцуулаагүй хирнээ 09 дүгээр сарын 02-ны өдөр үнэлгээний хорооны шийдвэр дээр Хууль зүйн байнгын хорооноос баталсан маягт нь дээр гарын үсэг зурсан байдаг. Эрүүл мэндийн шалтгааны улмаас ирээгүй хүний гарын үсгийг зурсан байдаг. Сангийн сайдын журмын хавсралтаар маягтыг бөглөж, Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллах тухай мэдэгдлийг бөглөж өгөх ёстой ба н.З******* гишүүний бөглөж, гарын үсэг зурсан баримт нь засвартай байдаг. 

Тиймээс дээр дурдсан баримтууд нь ийм байхад үнэлгээний хороог ашиг сонирхлын зөрчилгүйгээр хуралдсан гэж үзэх нь маш их эргэлзээтэй байна. Ажиллах хүчний хувьд нэхэмжлэгч компани нь өөрийн компанийн үндсэн ажилчдыг тендерийн бичиг баримт нь дээр зааснаар туслан гүйцэтгэгч авч болно гэсэн ба туслан гүйцэтгэгч 3 компани холбогдох бичиг баримтуудын шаардлагад заасны дагуу ирүүлсэн байдаг. Эдгээр баримтыг үнэлгээний хороо авч хэлэлцсэн эсэх нь эргэлзээтэй бөгөөд шууд татгалзах байдлаар шийдвэрлэсэн. Мөн үнэлгээний хорооны шийдвэр дээр ямар шаардлагаар ялагч болсон компаниас бусад компанийг бүгдийг нь эрхийн чадамжгүй гэдэг тэмдэглэгээ хийсэн бэ гэдэг нь эргэлзээтэй байна. Тендерийн тухай хууль болон Сангийн сайдын журамд тендер нээсэн өдөр үнэлгээний хороо хуралдаж шийдвэр гаргана гэсэн. Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тендерийг нээсэн ба хуралдааныг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хуралдсан. Өөрөө хэлбэл Сангийн сайдын журмыг зөрчиж байна. Үнэлгээний хорооны хуралдаанд орсон 4 гишүүний 100 хувийн саналаар шийдвэрлэсэн гэсэн тийм тэмдэглэгээ байхгүй, олонхийн санал гэсэн байдаг. Холбогдох хуульд эсрэг саналтай байсан этгээд энэ тухайгаа хуралдааны тэмдэглэл дээр тусгаж, гарын үсэг зурна гэсэн байдаг. Тиймээс хэн нь эсрэг саналтай байсан талаар тэмдэглэгээ хийсэн зүйл байхгүй. Үнэлгээний хорооны тэмдэглэгээ нь дээр иргэн н.Бя*******оор гарын үсэг зуруулсан байдаг. Үнэлгээний хороо хуралдсаны дараа тайлан гаргах ёстой ба одоогийн байдлаар хавтаст хэрэгт тайлан гэж ирүүлсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгч талаас уг тайланг хийгээгүй гэж үзэж байна. Үнэлгээний хороо нь байгуулагдахдаа холбогдох хуулийн заалтыг зөрчсөн. Мөн шийдвэр гаргахдаа сайдын журам зөрчиж гаргасан байгаа учраас нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 Хариуцагч Гэр хорооллын дэд бүтцийн газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “А*******" ХХК-иас гаргасан Нийслэлийн Баянгол дүүргийн 11, 22 дугаар хороо, Б хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажлын НГХХГ-07/2016 дугаарын тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин тендер шалгаруулалт явуулах тухай нэхэмжлэлийн дагуу дараах тайлбарыг хүргүүлж байна.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Баянгол дүүргийн 11, 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Б хэсэгчилсэн талбайн гадна

цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажлыг зохион байгуулах тухай” А/224 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А18 дугаар тушаалаар уг ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулагдсан.

Манай байгууллагаас 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нийслэлийн Баянгол дүүргийн 11, 22 дугаар хороо, Б хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажлын НГХХГ-07/2016 дугаартай тендерийг өдөр тутмын хэвлэл, холбогдох сайтуудаар зарласан.

Тендерийн нээлтийн үйл ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасны дагуу 30-аас дээш хоногоор буюу 2016 оны 08 дугаар сарын 08-ны 10 цаг 30 минутад нээхээр шийдвэрлэсэн.

Тендерт оролцогч “А*******” ХХК тендерийн баримт бичигтэй холбоотой гомдлыг Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргаж, гомдлын дагуу тендер хүлээн авах, тендерийн нээлт хийх үйл ажиллагааг түр түдгэлзүүлсэн.

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 5/892 тоот албан бичгээр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтыг үндэслэн

Баянгол дүүргийн 11, 22 дугаар хороо, Б хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажлын НГХХГ-07/2016 дугаартай тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2 (в)-д заасан голлох болон инженер техникийн ажилтнуудад тавигдах шаардлагыг хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулах тухай шаардлага ирүүлсэн.

Уг шаардлагын дагуу үнэлгээний хорооны хурлын шийдвэрээр тус тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2 (в)-д “Ерөнхий инженер нь зөвлөх инженер, Цахилгаан сүлжээний 2 инженерийн аль нэг нь мэргэшсэн зэрэгтэй, КиП автоматикийн инженер нь мэргэжлийн зөвлөх зэрэгтэй байна” гэж заасныг “Ерөнхий инженер нь барилга, дэд бүтцийн инженер, Цахилгаан сүлжээний инженер, КиП автоматикийн инженер нь зэрэг хамаарахгүй,” гэж нэмэлт өөрчлөлт оруулж, тендер бэлтгэх хугацааг 7 хоногоор тогтоож тендерийн материал худалдан авсан аж ахуйн нэгжүүдэд албан бичгээр хүргүүлсэн.

Тендерийн баримт бичигт өөрчлөлт орсонтой холбогдуулан тендер хүлээн авах хугацааг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цаг 30 минутаар тогтоож, тус өдрийн 15 цаг 00 минутанд тендерийг нээсэн.

Тендерийн баримт бичгийг нийт 9 аж ахуйн нэгж буюу “О” ХХК, A Cо.,ltd, “Э” ХХК, “Б” ХХК, “Т” ХХК, “А*******” ХХК, “М” ХХК, “А” ХХК, “М” ХХК-иуд худалдан авснаас “Э” ХХК, “О” ХХК болон “Б” ХХК-ийн түншлэл, “А*******” ХХК, “М” ХХК болон “Т” ХХК-ийн түшлэл тус тус тендерийн материал ирүүлсэн.

Уг тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цаг 30 минутанд хуралдаж, ирүүлсэн тендерийн материалуудыг Сангийн сайдын 2012 оны 194 дугаар тушаалаар баталсан “Тендерийн үнэлгээний заавар”-ын дагуу хянаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийг баримтлан ажилласан бөгөөд үнэлгээний зөвлөмж, дүгнэлтийг захиалагчид танилцуулсан.

Ирүүлсэн материалыг судлан үзээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасны дагуу Үнэлгээний хорооноос хамгийн сайн үнэлэгдсэн улсын бүртгэлийн дугаартай, регистрийн дугаар бүхий “Элекромон сеть” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулах зөвлөмжийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02/712 тоот албан бичгээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хүргүүлсэн. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар тус зөвлөмжийг хянан үзээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтын дагуу 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2/2331 тоот албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай “Элекромон сеть” ХХК-д мэдэгдсэн.

Уг мэдэгдэлтэй холбогдуулан манай байгууллага “А*******” ХХК болон бусад тендерийн материал ирүүлсэн аж ахуйн нэгжүүдэд 2016 оны 09 дүгээр сарын 15-ны 02/722, 02/723, 02/724 тоот албан бичгүүдээр Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүргүүлсэн болно. Тендерт оролцогч “А*******” ХХК нь тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг Монгол Улсын Сангийн яаманд гаргаж, гомдол гаргасантай холбогдуулан 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 5/5824 тоот албан бичгээр гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлж, гаргасан гомдлыг хянан үзээд үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй тул тендер шалгаруулалтын үйл ажиллагааг зохих журмын дагуу цааш үргэлжлүүлэхийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5/6098 тоот албан бичгээр мэдэгдсэн.

Тендерт оролцогч “А*******" ХХК-иас ирүүлсэн тендерээс дараах үндэслэлээр татгалзсан болно.

1.  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь хэсэг, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 (в)-д заасны дагуу Эрчим хүчний яамнаас олгодог тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2016 оны 08 дугаар сарын 14-нд дууссан байсан. Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссантай холбогдуулан Эрчим хүчний яамнаас ирүүлсэн албан бичиг нь “2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зөвшөөрлөө сунгуулах хүсэлтээ ирүүлсэн, 09 дүгээр сард хуралдахаар төлөвлөөд байна” гэсэн утгатай бөгөөд тусгай зөвшөөрлийг сунгасан тухай шийдвэр биш байсан.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсэг, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2 (в)-д заасан зарим инженер техникийн ажилтнуудын материал дутуу, Нийгмийн даатгалын харьяа газрын тодорхойлолтыг эх хувиар нь ирүүлээгүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/224 дүгээр захирамжийн дагуу Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/18 дугаар тушаалаар уг ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулагдсан. Уг үнэлгээний хороо нь 5 гишүүнээс бүрдсэн байгаа. Манай байгууллагаас 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 11, 22 дугаар хороо, Б хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажлын НГХХГ-07/2016 дугаартай тендерийг өдөр тутмын хэвлэл, холбогдох сайтуудаар зарласан. Тендерийн нээлтийн үйл ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасны дагуу 30-аас дээш хоногоор буюу 2016 оны 08 дугаар сарын 08-ны 10 цаг 30 минутанд нээхээр шийдвэрлэсэн.

Тендерт оролцогч “А*******” ХХК тендерийн баримт бичигтэй холбоотой гомдлыг Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргаж, гомдлын дагуу тендер хүлээн авах, тендерийн нээлт хийх үйл ажиллагааг түр түдгэлзүүлсэн. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 5/892 тоот албан бичгээр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтыг үндэслэн тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2 (в)-д заасан голлох болон инженер техникийн ажилтнуудад тавигдах шаардлагыг хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулах тухай шаардлага ирүүлсэн. Уг шаардлагын дагуу үнэлгээний хорооны хурлын шийдвэрээр тус тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2 (в)-д “Ерөнхий инженер нь зөвлөх инженер, Цахилгаан сүлжээний 2 инженерийн аль нэг нь мэргэшсэн зэрэгтэй, Кип автоматикийн инженер нь мэргэжлийн зөвлөх зэрэгтэй байна” гэж заасныг “Ерөнхий инженер нь барилга, дэд бүтцийн инженер, Цахилгаан сүлжээний инженер, КиП автоматикийн инженер нь зэрэг хамаарахгүй,” гэж нэмэлт өөрчлөлт оруулж, тендер бэлтгэх хугацааг 7 хоногоор тогтоож тендерийн материал худалдан авсан аж ахуйн нэгжүүдэд албан бичгээр хүргүүлсэн. Тендерийн баримт бичигт өөрчлөлт орсонтой холбогдуулан тендер хүлээн авах хугацааг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цаг 30 минутаар тогтоож, тус өдрийн 15 цаг 00 минутанд тендерийг нээсэн. Тендерийн баримт бичгийг нийт 9 аж ахуйн нэгж байгууллага тендерийн материал ирүүлсэн. Уг тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо 2016 оны 09 дүгээр сарын 02-ны 10 цаг 30 минутанд хуралдаж, ирүүлсэн тендерийн материалуудыг Сангийн сайдын 2012 оны 194 тушаалаар баталсан Тендерийн үнэлгээний зааврын дагуу хянаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийг баримтлан ажилласан бөгөөд үнэлгээний зөвлөмж, дүгнэлтийг захиалагчид танилцуулсан. Танилцуулсан саналыг судлан үзээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-д заасны дагуу Үнэлгээний хорооноос хамгийн сайн үнэлэгдсэн “Элекромон сеть” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулах зөвлөмжийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02/712 тоот албан бичгээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хүргүүлсэн. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар тус зөвлөмжийг хянан үзээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтын дагуу 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2/2331 тоот албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай “Элекромон сеть” ХХК-д мэдэгдсэн. Уг мэдэгдэлтэй холбогдуулан манай байгууллага “А*******” ХХК болон бусад тендерийн материал ирүүлсэн аж ахуйн нэгжүүдэд 2016 оны 09 дүгээр сарын 15-ны 02/722, 02/723, 02/724 тоот албан бичгүүдээр Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүргүүлсэн болно. Тендерт оролцогч “А*******” ХХК нь тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг Монгол Улсын Сангийн яаманд гаргаж, гомдол гаргасантай холбогдуулан 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 5/5824 тоот албан бичгээр гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлж, гаргасан гомдлыг хянан үзээд Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй тул тендер шалгаруулалтын үйл ажиллагааг зохих журмын дагуу цааш үргэлжлүүлэхийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5/6098 тоот албан бичгээр мэдэгдсэн. Тендерт оролцогч “А*******” ХХК-иас ирүүлсэн тендерээс дараах үндэслэлээр татгалзсан Нэгдүгээрт төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь хэсэг, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 (в)-д заасны дагуу Эрчим хүчний яамнаас олгодог тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2016 оны 08 дугаар сарын 14-нд дууссан байсан. Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссантай холбогдуулан Эрчим хүчний яамнаас ирүүлсэн албан бичиг нь 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зөвшөөрлөө сунгуулах хүсэлтээ ирүүлсэн 09 дүгээр сард хуралдахаар төлөвлөөд байна гэсэн утгатай бөгөөд тусгай зөвшөөрлийг сунгасан тухай шийдвэр биш байсан. Хоёрдугаарт төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсэг, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2 (в)-д заасан зарим инженер техникийн ажилтнуудын материал дутуу, Нийгмийн даатгалын харьяа газрын тодорхойлолтыг эх хувиар нь ирүүлээгүй болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. “А*******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан, тендерийн үнэлгээний хороо үнэлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А*******гаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Э” ХХК-ийн ерөнхий инженер, Монгол улсын зөвлөх инженер Үгийн А******* би “А*******” ХХК-ийн “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх”-д гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

1. “Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газар”-аас 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зарласан “Нийслэлийн Баянгол дүүргийн 11, 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Б хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах НГХХГ-07/2016 дугаартай тендерийн урилга, тендерийн баримт бичигт заагдсан шаардлагуудыг “Э” ХХК бүрэн хангаж байсан тул тендерт оролцох баримт бичгийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай Монгол улсын хууль, тендерийн баримт бичгийн дагуу боловсруулж 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 9 цагт “Э” ХХК-ийн ахлах инженер Б.Таар “Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газар”-т хүргүүлэхэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тендерийг нээлтийг хойшлуулах шийдвэр гарсан гээд тендерийн баримт бичгийг хүлээж аваагүй.

2. 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зарласан тендерийн баримт бичигт заагдсан гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын анхны шаардлагуудыг “Э” ХХК бүрэн биелүүлж байсан тул “Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газар”-ын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02/687 тоот албан бичгийг үндэслэж өмнө бэлтгэсэн тендерийн баримт бичгүүдийн хугацаа өөрчлөгдөх шаардлагатай нийгмийн даатгал, шүүх, харилцагч банк, татвар, тендерийн баталгаа зэрэг баримт бичгүүдийг шинэчилж 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тендерт оролцсон.

3.  “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар”-ын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2/2331 тоот албан бичгийг үндэслэж “Нийслэлийн Баянгол дүүргийн 11, 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Б хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил”-ыг гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч талаас гаргах баримт бичгүүдийг боловсруулж “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар”-т хуулийн хугацаанд хүргүүлсэн.

4. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас тендерийн сонгон шалгаруулалтад оролцсон оролцогчдоос Сангийн яаманд гомдол гаргасан тул гэрээ байгуулах хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлогдож байна гэж мэдэгдсэн.

5. “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” Сангийн яамнаас тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байна гэсэн шийдвэр гарсан байна. Иймд тендерийн хүчинтэй хугацаанд 2/2331 тоот албан бичгийг үндэслэж гэрээг баталгаажуулна уу гэсний дагуу 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрээнд гүйцэтгэгчийн эрх бүхий ажилтнууд гарын үсэг зурж захиалагчид хүргүүлсэн.

6. “Э” ХХК “Нийслэлийн Баянгол дүүргийн 11, 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Б хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил”-ын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг бүрдүүлэх, сонгон шалгаруулалтад оролцох, ажил гүйцэтгэх гэрээнд манай компанийн эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурах зэрэг үйл ажиллагааг Монгол улсын хууль, холбогдох эрх зүйн баримт бичгийн хэм хэмжээнд гүйцэтгэсэн тул “А*******” ХХК-ийн нэхэмжлэлийн агуулгад дурдсан “ ... нэг талын ашиг сонирхлыг илт давуу байдлаар хамгаалсан үйлдэл ...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

7. “Э” ХХК нь тендерийн баталгаа, гүйцэтгэлийн баталгаануудыг хуулийн хугацаанд гаргасан боловч “Нийслэлийн Баянгол дүүргийн 11, 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Б хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн нээлт хийх хугацаа хойшлогдсон, ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр болсон эсэх нь тодорхойгүй байгаа зэрэг нь манай компанид санхүү эдийн засгийн хувьд хохирол учруулж байна.

8. “А*******” ХХК-ийг олон жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, Эрчим хүчний салбарт олон төсөл арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн, нийгмийн хариуцлагатай, аливаа үйл хэрэгт ажил хэрэгчээр оролцдог, нийгэмд танигдсан шилдэг тэргүүний компаниудын нэг гэж үнэлдэг.

9. “А*******” ХХК-ийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 2-р заалтыг шүүхээр хянан үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь “Нийслэлийн Баянгол дүүргийн 11, 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Б хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Э*******” нэртэй хуулийн этгээд оролцоогүй, тендерт оролцсон “Э” ХХК хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайхаас тайлбараа бичгээр хүргүүлсэн ба уг тайлбараа дэмжиж байна. Нэхэмжлэгч компани энэхүү салбарт олон жил үйл ажиллагаа явуулсан, туршлагатай, хариуцлагатай компани гэдгийг тодорхой алба хашиж байх үедээ шалгаруулж байсан хүний хувьд маш сайн мэдэж байна. Тендерт оролцохдоо гуравдагч этгээд болох компани тендерийн тухай хууль болон холбогдох дүрэм журмыг огт зөрчсөн зүйл байхгүй. Тендерийн нөхцөл шаардлагыг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Гэр хорооллын хөгжлийн газраас заасан нөхцөл шаардлагыг хангасан материалаа өгсөн. Гэр хорооллын хөгжлийн газрын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02/687 албан бичгийн дагуу хүлээн авах хугацаа, тендерийн баталгаа болон бусад бичиг баримт болон холбоотой зүйлийг сольж өгсөн. Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын газраас авсан тодорхойлолт, банкнаас авсан тодорхойлолт гэх мэт тодорхойлолтыг өгсөн. Тендерийн хугацааг хойшлуулах талаар шалтгаан нь тусгай зөвшөөрлийн хугацаа дууссантай холбоотой. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас өгсөн албан тоотын дагуу буюу 09 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ байгуулах эрх олгосны дагуу гэрээ байгуулсан. Энэ хугацаанд Сангийн яаманд гомдол гаргаад хариу ирсны дараа Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай дахин 10 дугаар сарын 12-ны өдөр албан ёсны гэрээ байгуулсан. Уг гэрээ хүчин төгөлдөр байгаа.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргаснаас болж гуравдагч этгээдийн ажил цагтаа хийж болохгүй, дуусгах ёстой хугацаандаа ажил амжихгүй нөхцөл байдал үүсэж байна. Тиймээс уг хэрэг маргааныг хурдан шийдвэрлэж өгнө үү. Хэрвээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шүүх шийдвэрлэвэл гуравдагч этгээдийн зүгээс холбогдох байгууллагад гомдол гаргана.

“А*******” ХХК нь тухайн тендерт заагдсан хоёр шаардлагыг хангаагүй. Нэгдүгээрт тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан, сунгуулах талаар хугацаандаа хүсэлтээ гаргаагүй, хөдөлмөр хамгаалалт, зөвлөх инженер зэргийг хангаагүй байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “А*******” ХХК-иас дараахь нэхэмжлэлийг гаргажээ:

1.Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газраас зарласан “Баянгол дүүргийн 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Б хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил” НГХХГ-07/2016 тоот тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2016 оны 09 сарын 05-ны өдрийн "Алтай  трест" ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох;

2.Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газраас зарласан “Баянгол дүүргийн 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Б хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил” НГХХГ-07/2016 тоот тендер шалгаруулалтад “Э” ХХК-ийг шалгаруулсан тендерийн хорооны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох;

3.Баянгол дүүргийн 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Б хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын жил” НГХХГ- 07/2016 тоот тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах.

1.Тендертэй холбоотой үйл баримтын талаар:

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/224 дүгээр захирамж /хх-26/-аар Баянгол дүүргийн 11, 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Б хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажлын санхүүжилтийг Нийслэлийн 2016 оны төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхийг зөвшөөрч, хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газарт даалгажээ.

Энэ захирамжийг үндэслэн Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газрын даргаас 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/18 дугаар тушаал /хх-64-65/-аар “Баянгол дүүргийн 11, 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Б хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгч”-ийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо,  2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тендерийн баримт бичиг /хх-109-181/-ийг тус тус баталжээ.  

Үнэлгээний хорооноос /хх 87-89/ 2016 оны 08 дугаар сарын 08-ны 10 цаг 30 минутад тендерийн ажиллагааг нээхээр 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр  хэвлэлээр зарлаж /хх-27-28/, урилгын дагуу нээлттэй тендерийн баримт бичгийг нэр бүхий 9 аж ахуйн нэгж худалдан авчээ /хх-85-86/.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газраас 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс “А*******” ХХК болон “Э” ХХК-иудын гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг, тендерийн шалгаруулалтын материал авах, нээлт хийх ажиллагааг түр түдгэлзүүлсэн  гэдэг нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 5/862 дугаар /хх-35/, Гэр хорооллын хөгжлийн газрын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 02/653 дугаар /хх-36/ албан бичгүүдээр тус тус нотлогдож байна.  

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газраас 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 5/892 дугаар албан бичиг /хх-41-42/-ээр захиалагч нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2 (в)-д заасныг “Ерөнхий инженер нь барилга, дэд бүтцийн инженер, Цахилгаан сүлжээний инженер, КиП автоматикийн инженер нь зэрэг хамаарахгүй” гэж өөрчилжээ. Энэ өөрчилсөн шаардлагын дагуу инженер, техникийн ажилтнуудын материалыг бүрдүүлж ирүүлэх, тендер бэлтгэх хугацааг 7 хоногоор тогтоож, тендерийн нээлтийн ажилгааг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 15 цаг 00 минутад хийхээр тендерийн материал худалдан авсан аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл /хх-43/ хүргүүлжээ.

Улмаар мэдэгдлийн дагуу  2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 15 цаг 00 минутад тендерийг нээжээ /хх 96-98/.

Үнэлгээний хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 06 дугаартай зөвлөмж /хх-105/-өөр 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдааны тэмдэглэл /хх-99-104/, үнэлгээний хорооны дүгнэлт /хх 103/-ийг үндэслэн “Баянгол дүүргийн 11, 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Б хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгч”-ээр хамгийн сайн үнэлэгдсэн “Э” ХХК-тай гэрээ байгуулахаар зөвлөж, гэрээ байгуулахыг даалгажээ /хх 105/.

Гэр хорооллын дэд бүтцийн газрын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 02/722 албан бичгүүдээр “А*******” ХХК-нд “тендерт шалгараагүй үндэслэл тус бүрийг тайлбарласан мэдэгдэл”/хх-51/-ийг, үнэлгээний хорооны дүгнэлтийн хамт хүргүүлсэн байна.

Уг мэдэгдэлийг “А*******” ХХК эс зөвшөөрч 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 07/16377 дугаар албан бичиг/хх-9-10/-ээр Сангийн яаманд гомдол гаргажээ.

Сангийн яам “Э” ХХК...-ийн тендерийг шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэр ... үндэслэлтэй байна”, тендер шалгаруулалтын үйл ажиллагааг зохих журмын дагуу цааш үргэлжлүүлэхийг мэдэгдэж байна...” гэсэн хариу өгчээ /хх-56/.

2.Хууль зүйн үндэслэлийн талаар:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “...бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ.” гэж заасны дагуу хариуцагч Гэр хорооллын дэд бүтцийн газраас нэхэмжлэгч “А*******” ХХК-д тендерт шалгараагүй үндэслэлийг тайлбарласан мэдэгдэл /хх-51/-ийг хүргүүлсэн байх бөгөөд үндэслэл нь “тендер нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 /в/, ТОӨЗ 5.2 /в/ шаардлагуудыг хангаагүй.” гэжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана.” гэж зааснаар захиалагч нь тендерт оролцогч этгээдэд тавигдах шаардлагыг хуульд нийцүүлэн тогтоох эрхтэй.

 “Баянгол дүүргийн 11, 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Б хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажлын тендер”-ийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 /в/-д тухайн төрлийн ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл /хх-128/, ТОӨЗ 5.2 /в/-д тендерт оролцох этгээдийн голлох болон инженер техникийн ажилтны тоо, туршлага, мэргэшлийн гэсэн шаардлагыг тавьсан байна.

Тендерт оролцогч буюу нэхэмжлэгч “А*******” ХХК нь тендер шалгаруулалтын явцад тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 /в/-д тавигдсан шаардлагатай маргаагүй байна. Харин тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2 /в/-д заасан шаардлагатай маргасныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар шийдвэрлэсэн /хх-41, 42/-тэй холбогдуулан захиалагч уг шаардлагыг өөрчлөн, мэдэгдлийг  тендерийн материал худалдан авсан аж ахуйн нэгжүүдэд  хүргүүлсэн байна. /хх-43/

Захиалагчийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2 /в/-д заасан шаардлагыг өөрчилсөн шийдвэртэй тендерийн материал худалдан авсан аж ахуйн нэгжүүд, тэр дундаа нэхэмжлэгч “А*******” ХХК дахиж маргаагүй байна.

Иймд шүүх “Баянгол дүүргийн 11, 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Б хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажлын тендер”-ийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 /в/,  ТОӨЗ 5.2 /в/-д заасан шаардлага Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасны дагуу мөн хуулийн 14-16 дугаар зүйлд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэв.  

Нэгэнт захиалагч хуульд нийцүүлэн тендер шалгаруулалтад тавигдах шаардлагыг тогтоосон, уг шаардлагатай тендерт оролцогч этгээд маргаагүй бол тавигдсан шаардлагын дагуу тендерийн материалыг бэлтгэсэн эсэхийг үнэлгээний хороо хянан үзэх, нийцээгүй бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасны дагуу шаардлагад нийцээгүй гэж үзсэн тендерээс татгалзах эрхтэй.

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 /в/-д “Жич:Тусгай зөвшөөрлийн хугацаа нь тендерийн хүчинтэй байх хугацаанд хүчин төгөлдөр байна. Хэрэв тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бол эрх бүхий байгууллагын хугацааг сунгасан тухай шийдвэрийг ирүүлнэ.” гэжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д тендер хүчинтэй байх хугацааг “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна.” гэж заасан.

Үүнээс үзэхэд “Нийслэлийн Баянгол дүүргийн 11, 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Б хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажлын тендер” нь тендер нээсэн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 45 хоног буюу 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хүчинтэй байна.

“А*******” ХХК нь 04-220кВ болон түүнээс дээш цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ хийх тусгай зөвшөөрлийг Эрчим хүчний яамнаас 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 3 жилийн хугацаатай авч, 2013 оны 08 дугаар сарын 14-ны өдрөөс эхэлж 3 жилийн хугацаагаар сунгуулсан нь 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөр дуусгавар болсон байна.

Нэхэмжлэгч талаас “А*******” ХХК-ны тусгай зөвшөөрлийн хугацааны талаар шүүх хуралдаан дээр “...тендер сонгон шалгаруулалтын үед тусгай зөвшөөрөл хүчинтэй байсан. Тусгай зөвшөөрлийг сунгуулах талаар Эрчим хүчний яаманд сунгалт хийлгэх талаар өргөдлийг өгсөн. 09 дүгээр сарын 01-ны өдөр тендерийн материалыг нэхэж, хүлээлгэж өгөхөд Эрчим хүчний яамнаас авсан тодорхойлолтыг Тендерийн үнэлгээний хороонд нотлох баримтаар хүргүүлсэн...   Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд хүсэлт гаргаснаас хойш 3 хоногийн дотор шийдвэрлэхээр заасан. Эрчим хүчний яам нэхэмжлэгч компаниас гаргасан хүсэлтийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж өгөөгүй. Нэхэмжлэгч компаниас хамааралгүй, эрх бүхий төрийн захиргааны байгууллага сунгалтаа хийгээгүй боловч сунгах талаар тодорхойлолтоо ирүүлсээр байтал үнэлгээний хороо харгалзан үзэлгүйгээр асуудлыг шийдвэрлэсэн...” гэж маргажээ.

Аж ахуйн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Хэрэв хуульд өөрөөр заагаагүй, энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан нөхцөл байдал илрээгүй тохиолдолд зөвхөн зөвшөөрөл эзэмшигчийн өргөдлийг үндэслэн 3 хоногийн дотор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгана.” гэж заасан. Харин Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д “Тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлийг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор тусгай зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийг гаргана.”, 22 дугаар зүйлийн 22.3-т “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 180-аас доошгүй хоногийн өмнө гаргана.” гэж заажээ.

Хуульд зааснаар нэхэмжлэгч “А*******” ХХК нь өөрийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 180 хоногийн өмнө тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтэй гаргах байсан ба эрх бүхий этгээд уг хүсэлтийг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор шийдвэрлэх байжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  11 дүгээр зүйлийн 11.5-д “...хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ.” гэж заасан.

Эрчим хүчний тухай хууль нь эрчим хүчний нөөцийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагаа эрхлэх, эрчим хүчний барилга байгууламж барих, эрчим хүчийг хэрэглэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулж энэ төрлийн үйл ажиллагаа явуулах этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, сунгахтай холбогдсон асуудлыг зохицуулж байна.

Иймд эрчим хүчний үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авах, сунгахтай холбогдсон харилцаанд нарийвчилсан хууль буюу Эрчим хүчний тухай хуулийн заалтыг хэрэглэнэ. Мөн Аж ахуйн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “...хуульд өөрөөр заагаагүй... тохиолдолд...” гэж заасан бөгөөд Эрчим хүчний тухай хуульд эрчим хүчний тусгай зөвшөөрөл олгох, сунгах харилцааг өөрөөр зохицуулсан болно.

Үүний учир нэхэмжлэгч талын маргаж байгаа үндэслэлийг хүлээн авах, түүний уг үндэслэлээр хариуцагчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.     

Тиймээс тендер хүчинтэй байх хугацаанд “А*******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байсныг тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 /в/-д заасан шаардлагад нийцээгүй гэж үзсэн захиалагчийн шийдвэр зөв гэж үзнэ.

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2 /в/-д тендерт оролцогчийн голлох болон инженер техникийн ажилтнуудын шаардлагыг тавьжээ.  

Тендерт оролцогч “А*******” ХХК-иас захиалагчид ирүүлсэн тендерийн материалын 225-р хуудаст төслийг хэрэгжүүлэх голлох ажилтан, ажилчдын чадвар, туршлагын талаархи тодорхойлолтыг ирүүлсэн байх ба үүнээс барилга, холбоо, кип автоматикийн инженерийг туслан гүйцэтгэгч “Н” ХХК-ийн ажилтан гэж ирүүлжээ.

Хэдийгээр тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2 /к/-д тендерт оролцогч туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж болно гэж заасан боловч ТОӨЗ 5.2 /в/-д голлох болон инженер техникийн ажилтнууд нь тендерт оролцогчийн үндсэн ажилтан буюу сүүлийн 3 сар тогтвор суурьшилтай ажилласан байх шаардлагыг тавьсан, уг шаардлагатай нэхэмжлэгч маргаагүй тул тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2 /в/-д заасан шаардлагад нийцээгүй гэж үзсэн захиалагчийн шийдвэр зөв гэж үзнэ.

Энэ талаар нэхэмжлэгч талаас шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “...Инженер техникийн ажилчдын хувьд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тендерийн бичиг баримтад хяналт, үнэлгээ хийгээд, зөвлөмжийг хүргүүлсний дагуу үнэлгээний хороо хуралдаад инженер, техникийн ажилчид дээр өөрчлөлт хийсэн байдаг. 2016 дугаар оны 08 дугаар сарын 25-ны өдөр тендерт оролцогч нарт мэдэгдээд 09 дүгээр сарын 01-ний өдөр материал хүлээж авсан нь үнэлгээний хороо хэт богино хугацаа тогтоож талуудад адил тэгш оролцох боломжоор хангаагүй...” гэж маргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас барилга, холбоо, кип автоматикийн инженерийн нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгийг нотлох баримтаар шүүхэд ирүүлээгүй гэдгийг дурдах нь зүйтэй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2-т тус тус заасны дагуу захиалагч буюу түүнээс байгуулсан үнэлгээний хороо тендерийг хянан үзэх бөгөөд шаардлагад нийцээгүй тендер гэж үзвэл мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу уг тендерээс татгалзах эрхтэй. Тендерээс татгалзсан бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үнэлгээнд уг тендерийг оруулахгүй. Шаардлагад нийцээгүй тендерээс татгалзсан, татгалзсан тендерт үнэлгээ хийхгүй тул нэхэмжлэгчийн маргаж байгаа “хамгийн бага үнийн санал гаргасан” гэх үндэслэл хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаан дээр “үнэлгээний хороо хууль зөрчиж байгуулагдсан” талаар маргасан боловч захиалагчаас үнэлгээний хороо байгуулсан захиргааны актад нэхэмжлэгч маргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж, үнэлгээний хороо байгуулсан захиргааны акт хууль болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх асуудлаар дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

Иймд Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газраас зарласан “Баянгол дүүргийн 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Б хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил” НГХХГ-07/2016 тоот тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2016 оны 09 сарын 05-ны өдрийн "Алтай  трест" ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

"Алтай  трест" ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газраас зарласан “Баянгол дүүргийн 11,12 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Б хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил” НГХХГ-07/2016 тоот тендер шалгаруулалтад “Э” ХХК-ийг шалгаруулсан тендерийн хорооны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, тендер шалгаруулалтыг   үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

            3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.4, Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 22 дугаар зүйлийн 22.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн “Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газраас зарласан “Баянгол дүүргийн 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Б хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил” НГХХГ-07/2016 тоот тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2016 оны 09 сарын 05-ны өдрийн "А*******" ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох; Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газраас зарласан “Баянгол дүүргийн 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Б хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил” НГХХГ-07/2016 тоот тендер шалгаруулалтад “Э” ХХК-ийг шалгаруулсан тендерийн хорооны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох; Баянгол дүүргийн 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Б хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын жил” НГХХГ- 07/2016 тоот тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах.” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                             А.САРАНГЭРЭЛ