Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 249

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, 

улсын яллагч Т.Эрдэнэбат,

шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Шарнууд овогт Н.ийн Г.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811004870204 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт нтоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Шарнууд овогт Н.ийн Г. /РД: ./,

 

Шүүгдэгч Н.Г. нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Г нь 2018 оны 02 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Баруун тасганы 9-81 тоотод хамтран амьдрагч Т.Цэрэннадмидыг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

 

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Хохирогч Т.Цэрэннадмидын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Н.Г над руу өөрөө утасдаад чамтай уулзмаар байна, гэр лүү чинь одоо очлоо гэсэн. 18 цагийн орчимд Зурагтын шинэ эцэст караокед байна хүрээд ир гээд дуудаад байхаар нь яваад очтол байхгүй байхаар нь Баянхошууны бүх караокенуудаар явж байхад Харз нэртэй пабын 2 давхарт найз Доржсүрэн болон 2 эмэгтэй хүний хамтаар 4-үүлээ сууж байсан. Тэгээд би Доржсүрэнг нь 2 удаа алгадаж, 1 удаа хөл рүү нь өшиглөөд чи битгий хүн уруу татаад бай гэж хэлэхэд юу ч дуугарахгүй болохоор нь гараад явтал араас Н.Г хувцасаа авч гарч ирээд хоёулаа явья гээд зогсож байтал Доржсүрэн нөгөө 2 эмэгтэйгийн хамт гарч ирэн өөр караокед орьё гээд 5-уулаа хажууханд нь байсан баар луу орж нэг нэг пиво ууцгаасан. Тэндээс Ганболд, Доржсүрэн бид гурав гарч ирээд анх сууж байсан Харз паб руу орж 1 шил 0,33 граммын Ерөөл нэртэй архи хувааж уугаад шөнийн 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо  Баруун тасганы 9-81 тоот манай гэрт ирж 1 шил 0,75 граммын Ерөөл нэртэй архи хувааж уусан. Би нилээд согтоод унтахаар хэвтэх гэтэл Н.Г намайг хэл амаар доромжилоод чи намайг хүүхэнтэй явуулсангүй муу гичий гээд зодож эхэлсэн. Тэгэхдээ миний үснээс зулгааж нүүр, гар, хөл рүү цохиж газар чирч, галд хийж шатааж ална гэж хутга заазуур хүртэл барьсан. Нүүр рүү алгадаж үснээс зулгааж, газар чирч, баруун талын хөлний гуя, өвдөг, нуруу хэсэг рүү өшиглөсөн. Хоёр гарны булчин луу цохиж хацарнаас хазсан байсан. Тухайн үед миний нүд хөхөрч, баруун хацар хэсэгт үрэвсэж хавдсан, бие энд тэндгүй хөхөрсөн байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11х/,

Гэрч М.Доржсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгсэн 20 цагийн үед Ганболдын хамтран амьдрагч Цэрэннадмид гаднаас орж ирээд хэл амаар доромжилж байгаад хөлний хоёр шилбэ рүү өшиглөхөөр нь чи яагаад надад уурлаад байгаа юм бэ гэхэд чи хүн уруу татаж 2 хүүхэнтэй архи уулаа гэж уурлаж байгаад өөрөө хамт суугаад уусан. Ганболд, Цэрэннадмид бид гурав анх сууж байсан газар луу буцаж орж нэг шил архи хувааж уусан. Шөнийн 01 цагийн орчимд тэндзэс гарч явах гэтэл Цэрэннадмид манай гэрт очьё, хоол хийж өгье гээд замаасаа өөрөө нэг шил 0,5 граммын архи авсан. Ингээд Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Баруун тасганы 9-81 тоот гэрт нь очиж 3-уулаа архинаас уусан. Өглөө 06 цаг өнгөрөд сэртэл Ганболд, Цэрэннадмид хоёр хоорондоо зодолдсон байдалтай Цэрэннадмид босч ирээд Ганболдыг хоёр гурав удаа алгадаад авсан. Ил харагдахад үсдэж зулгаасан байдалтай нилээн их үс унасан байдалтай байсан гэх мэдүүлэг ... гэх мэдүүлэг /хх-ийн 14х/.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №2210 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1. Т.Цэрэннадмид-н биед тархи доргилт, зүүн нүдний зовхиы цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамрын үзүүрт зулгаралт, зүүн чихний урд, дээд уруул, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэх /хх-ийн 20х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Н.Г.ыг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.Г.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.