Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 271

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

Улсын яллагч М.Очбадрах,

Өсвөр насны шүүгдэгчТ.З

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Тэгшжаргал,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Зоригтсайханд холбогдох эрүүгийн 1811004520137 дугаартай хэргийг 2018 оны 03 сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Вангийн хүрээ овогт Тэгшжаргалын Зоригтсайхан, 2000 оны 10 сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү, нарын хамт, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 64-1007А тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:УХ00301914/

 

Өсвөр насны шүүгдэгч Т.Зоригтсайхан нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 17 нас 03 сар 09 хоногтой байхдаа 2018 оны 01 сарын 28-ны орой 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 11-191 тоотод оршин суух иргэн Ш.Наранбаатарын Монгол гэрийн цоожийг онгойлгон хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч, 32 инчийн ЛСД зурагт хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Т.Зоригтсайхан мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Ш.Наранбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч болон хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-19-22/, гэрч Т.Наранбаярын мэдүүлэг /хх-24/, гэрч Н.Шаравжамцын мэдүүлэг, гэрч С.Тэгшжаргалын мэдүүлэг /хх-26/, насанд хүрээгүй гэрч Ш.Буянбаатарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1135 тоот дүгнэлт /хх-30/, Эд зүйлийн үнэлгээ /42-43/, өсвөр насны шүүгдэгч Т.Зоригтсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-47-49/, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-50/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-51/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-53/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Өсвөр насны шүүгдэгч Т.Зоригтсайхан нь 17 нас 03 сар 09 хоногтой байхдаа 2018 оны 01 сарын 28-ны орой 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 11-191 тоотод оршин суух иргэн Ш.Наранбаатарын Монгол гэрийн цоожийг онгойлгон хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч, 32 инчийн ЛСД зурагт хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ш.Наранбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-19-20/: “..манай гэрт Анударь болон манай дүү Буянбаатар найз нарынхаа хамтаар байж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Буянбаатар намайг гарчихаад буцаад ирэхэд зурагт алга болсон байна гэж байсан..2017 онд “Нарантуул 1” худалдааны төвөөс 300.000 төгрөгөөр худалдаж авч байсан хар өнгийн “32 инчийн ЛСД” зурагт алдагдсан байсан. Манай зурагт “HPP” гэсэн бичигтэй, асах үедээ дэлгэц нь “Самсунг” гэсэн бичиг гардаг, гадна талаараа ямар нэгэн хэрэглээний сэвгүй, дэлгэц нь асах үедээ нэг буландаа нарийн зураас гардаг юм. Би алдсан зурагтаа хүлээж авлаа. Надад гаргах гомдол санал байхгүй..” гэсэн мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч Т.Наранбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-65/ “..2017 оны 01 сарын 28-ны өдөр би өөрийн эзэмшлийн “Тоёота Приус 20” машинаар такси үйлчилгээнд явж байгаад 17-р сургууль орчим явж байхад нэг эрэгтэй ирээд Хайлааст руу гэр рүүгээ харина гэж хэлсэн. Тэгээд Хайлааст руу яваад гэрийн хаягаа заагаад гэрийнхээ гадаа очсон. Тэгээд ахаа надад мөнгө байхгүй, би ороод мөнгө аваад ирье гэж хэлсэн. Тэгээд удалгүй нэг зурагт бариад гараад ирсэн. Тэгээд ахаа надад мөнгө олдохгүй байна, мөнгөний хэрэг гараад байна, хоёулаа хороолол явъя, би энэ зурагтыг барьцаанд тавьчихъя гэсэн. Тэгээд би замдаа явж байгаад чи хэдэд зарах юм гэж асуухад 65.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгээд би үнэхээр зарах юм бол авчихъя гэж бодсон. Тухайн зурагт нь ажиллагаа хэвийн, “32 инчийн лед” зурагт байсан. Тэгээд би зурагтыг авахаар болоод тэр эрэгтэйд 65.000 төгрөг өгөөд тэр эрэгтэй 32-ын тойрог дээр буусан...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би тухайн үед зурагт өгсөнийхөө дараа өөрт учирсан хохирлоо барагдуулаад авчихсан..” гэсэн мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрч Ш.Буянбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-27-28/ “..Тэгээд яаж орж ирсэн юм гэтэл гэрийн хаалга чинь онгорхой байхаар нь орж иртэл зурагт чинь алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд манай аав, ах луу залгаж хэлсэн байсан. Би гэрээс гарахдаа хаалга түгжихэд Зоригтсайхан миний хажууд зогсоод байсан. Манай гэрийн цоож нь түлхүүрээр онгойхгүй цоожны гогцойноос татахад онгойчихдог юм..” гэсэн мэдүүлэг,

 

Өсвөр насны шүүгдэгч Т.Зоригтсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-48/ “..Би 32-ын тойргоос “Приус 20” машинд гар өргөж суугаад найз Буянбаатарын гэр рүү очсон. Тэгээд гэр рүү нь очиход хүнгүй байсан. Буянбаатарын гэрийн хаалганы цоож нь татахаар онгойчихдог юм. Тэгээд цоожийг нь гараараа татаж онгойлгоод гэр рүү нь ороод гэрийн хойморьт нь байх зурагтыг нь аваад гарсан...Тухайн өдөр би хүнд 30.000 төгрөгийн өртэй, мөнгөний хэрэг байсан учир найзынхаа гэрээс зурагтыг нь хулгайлчихсан юм..” гэсэн мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Т.Зоригтсайхан өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлсийн үнэлгээ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Т.Зоригтсайханы дээрх байдлаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуульд “хулгайлах” гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч Т.Зоригтсайханыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэргийг 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Т.Зоригтсайхан хэдийгээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байх боловч түүний үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтахгүй байх тул хорих ялаас чөлөөлөх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг хойшлуулах боломжгүй байна.

 

Харин өсвөр насны шүүгдэгч Т.Зоригтсайхан нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, түүнийг төлж барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан  шүүгдэгч Т.Зоригтсайханд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хугацаагаар хорих ялын хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан эдлэх ялыг хоёр дахин багасгаж 6 сарын хугацаагаар тогтоохоор шийдвэрлэлээ.

Өсвөр насны шүүгдэгч Т.Зоригтсайханд оногдуулсан хорих ялыг Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Т.Зоригтсайхан нь хулгайлсан эд зүйлсийг хохирогчид буцаан өгсөн, хохирогч Ш.Наранбаатараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролыг төлж барагдуулсан байна гэж үзлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч Т.Зоригтсайхан нь цагдан хоригдоогүй түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Вангийн хүрээ овогт Тэгшжаргалын Зоригтсайханыг бусдын эд хөрөнгийг “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Зоригтсайханыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эдлэх ялыг 2 дахин багасгаж 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Зоригтсайханд оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.

 

5. Өсвөр насны шүүгдэгч Т.Зоригтсайхан нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Т.Зоригтсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг өсвөр насны шүүгдэгч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч өсвөр насны шүүгдэгч Т.Зоригтсайханд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МӨНХБАЯР