| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2303007930129 |
| Дугаар | 2025/ДШМ/1308 |
| Огноо | 2025-11-19 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 2025/ДШМ/1308
2025 11 19 2025/ДШМ/1308
Н.Г-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Цэрэнбалжир,
шүүгдэгч Н.Г,
иргэний нэхэмжлэгч Т.Б,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/2104 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Г, иргэний нэхэмжлэгч Т.С нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.-Гд холбогдох 2303007930129 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Н.Г, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага, маркетингийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт 00 дүүргийн 00 дүгээр хороо, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:000000000/,
Шүүгдэгч Н.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох чадваргүй өвчтэй үедээ буюу 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 06 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 28 дугаар хороо, Гурвалжингийн гүүр “Акума” төвийн баруун замд Тоёота Клүгер загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Д.Г жолоочтой “Тоёота Приус” загварын 00-00 000, И.Л жолоочтой Тоёота Приус загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, улмаар Тоёота Приус загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн, зорчигч Д.М-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,
мөн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 15 цаг 20 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тасганы овооны замд, Тоёота Приус-20 загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ухаан алдаж, улмаар эсрэг урсгалд орж, “Чанган” загварын 00-00 000, Тоёота Приус-41 загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдсөнөөр, “Чанган” загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч болох Б.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Тоёота приус-20 загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Д.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, насанд хүрээгүй хохирогч 10 настай, эрэгтэй, Б.С-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Тээврийн прокурорын газар: Н.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Н.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “тээврийн хэрэгслийн жолооч, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “тээврийн хэрэгслийн жолооч, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоож, зорчих эрх хязгаарлах ялыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Г-с нийт 83,548,289 төгрөгийг гаргуулж Д.М-т 24,325,496 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Б-д 18,577,031 төгрөг, “Миг даатгал” ХХК-д 40,645,762 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Т.С-с нийт 59,222,739 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Т.Бд 18,577,496 төгрөгийг, “Миг даатгал” ХХК-д 40,645,762 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би эхнэр Т.Сг гэртээ унтаж байхад түүний зөвшөөрөлгүй машиных нь түлхүүрийг авч явсан бөгөөд миний унаж татдаг өвчний онош нь батлагдсан үеэс хойш машин жолоодохыг хориглож ирсэн. Үүнийг хадам ээж Х.Б гэрчилнэ.
Өөрийн хайхрамжгүй байдал, мэдрэлийн эпилепси өвчний улмаас осол гаргаж, бусдад хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэтэл гэртээ унтаж байсан Т.С-г гэм буруутай гэж үзэж, нийт 59,222,739 төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргасан нь хууль бус, Т.С нь энэ хэргийн хохирогч, иргэний нэхэмжлэгч тул Иргэний хуулийн 497.1, 499.1, 499.3, 510.1, 511.3 заалтын дагуу хариуцлага хүлээх нь хууль бус байна.
Эрүүгийн эрх зүйн нэг зарчим нь “гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд зөвхөн өөрөө хариуцлага хүлээх зарчим” байдаг бөгөөд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 -т: “Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно”, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1,3.3-т: “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж заасан байхад гэм буруугүй эхнэр Т.С-д иргэний хариуцлага хүлээлгэж, их хэмжээний төлбөр төлүүлэх шүүхийн шийдвэр гаргасан нь хууль ёсны бус байна. Би гэм буруутай үйлдэл хийж, хэрэг шийдвэрлэх 2 жилийн хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан бөгөөд эхнэр Т.С гэр бүлээ тэжээж байсан. Бид 3 насанд хүрээгүй хүүхэдтэй бөгөөд эхнэр Т.С нь сард 1,7- 1.8 сая төгрөгийн цалин авдаг ба Т.С-д их хэмжээний төлбөр төлөх хариуцлага хүлээлгэх нь манай гэр бүлийг амьд явах эрхгүй гэж байгаатай ижил байна.
Хүүхдүүд өсч томрох тусам мөнгөний хэрэгцээ их гарах тул эхнэр Т.С гэр бүлээ тэжээж, гэм буруутай би ажил хийж цалингаараа хохирогчдын хохирлыг төлж барагдуулах нь зөв шударга гэж үзэж байна. Хэдийгээр би мэдрэлийн эпилепси өвчтэй ч, ажил хийж, хохирогчдын хохирлыг төлж барагдуулах бүрэн боломжтой юм.
Чанган автомашины хохирлыг “Миг даатгал” ХХК бүрэн төлсөн байхад хохирол нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хохирогчдын хохирлыг барагдуулах боломжийг надад олголгүй, Баянгол дүүргийн хэмжээнд хөл хорьсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, эхнэр Т.С их хэмжээний төлбөр төлөх болсон тохиолдолд банкнаас зээл авах, амьдралаа үргэлжлүүлэх, тэжээн авч явах боломжгүй болно. Мөн миний хувьд Баянгол дүүргийн хүрээнээс гарахыг хориглосон тул чөлөөтэй хөдөлмөр эрхэлж, үлдэгдэл хохирлыг барагдуулахад ихээхэн хязгаарлалт бий болгосон байна. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогч нарт учруулсан хохирлыг бүрэн барагдуулахаа илэрхийлж байна. ...” гэжээ.
Иргэний нэхэмжлэгч Т.С давж заалдах гомдолдоо: “...Надаас нийт 59,222,739 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Т.Б-д 18,577,496 төгрөгийг, “Миг даатгал” ХХК-д 40,645,762 төгрөгийг тус тус олгуулахаар заасан нь үндэслэлгүй байна.
Би нөхөр Н.Г-д машины түлхүүрийг өгөөгүйг нөхөр Н.Г нь мөрдөн байцаалтын болон шүүхийн явцад удаа дараа хэлж нотолж байснаас гадна намайг унтаж байсныг миний ээж X.Булган гэрчилнэ.
Машины түлхүүрийг ил газар тавиагүй, орчиндоо аюултай байдал үүсгээгүй, автомашины түлхүүрийг хувийн эд зүйлс цүнхэнд хадгалахаас өөр газар хадгалах нөхцөл боломж байхгүй бөгөөд үүнийг орчиндоо аюултай эд юмс бий болгосон гэж үзэх хууль зүйн болон бодит байдлын хувьд үндэслэлгүй болно.
Би, нөхөр Н.Г-н “асран хамгаалагч”, “харгалзан дэмжигч”, түүнчлэн “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн” биш. Н.Г нь эрх зүйн чадвар, чадамжтай бөгөөд жолооны эрх нь хэвээр байсан. Шүүхийн сэтгэц гэм судлалын дүгнэлтээр ч Н.Г-г “сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна” гэж дүгнэсэн бөгөөд мэдрэл судлалын шинжээчийн дүгнэлтээр “Мэдрэлийн тогтолцооны хувьд хэрэг хариуцах чадвартай” гэж дүгнэсэн.
Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааны нэг зарчим нь “гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд зөвхөн өөрөө хариуцлага хүлээх зарчим” байдаг бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 -т: “Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно”, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1.3.3-т: гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж заасныг зөрчиж байна.
Иргэний эрх зүйн гэм хор учруулснаас үүсэх үүрэг, эрүүгийн эрх зүйн гэмт хэргийн хохирол, хор уршиг нь ялгаатай ойлголт болно. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2.5.1-д: “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан байна.
Миний хувьд машины түлхүүрийг нөхөр Н.Г-д өгөөгүй тул Иргэний хуулийн 497.1-д: “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй" гэж заасан хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй юм. Унтаж байгаа миний хувьд санаатай болон болгоомжгүй гэм буруугийн улмаас ямар нэгэн санаа зорилгоор үйлдэл, эс үйлдэл хийх боломжгүй болно. Мөрдөн байцаалтын болон шүүн таслах үйл ажиллагааны явцад хохирогч миний машины хохирлын хэмжээг тогтоогоогүй бөгөөд мөрдөн байцаалтын явцад мэдүүлэгтээ бодит үнэнийг хэлсээр байхад үл хэрэгсэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Би эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсон боловч Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 -д заасан “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй 6айх...эрхтэй” гэж заасны дагуу нөхрийн эсрэг мэдүүлэг өгөхөд хүндрэлтэй байсан тул иргэний нэхэмжлэл гаргаагүй болно. Гэвч миний хувьд эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсноос гадна нөхөр Н.Г-д гэмт хэрэг үйлдэх боломж олгоогүй байхад иргэний хариуцагчаар татаж, мэдүүлэг өгөхийг шаардсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 -д заасан “...Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно.... Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйл нь “Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах” харилцааг зохицуулсан зүйл заалт учир 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 499.4 дэх заалтууд нь хоорондоо холбоо хамааралтай заалтууд юм. Н.Г нь миний зөвшөөрөлгүй хувийн амины өмчид халдаж, машины түлхүүрийг цүнхнээс авч, хайхрамжгүй хандсанаас болж осол гаргаж, бусдад хохирол учруулсан тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах” үүргийг иргэн Т.С би хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй болно.
Иргэний хуулийн 499 -р зүйлийн 499.3 -т “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэж заасан бөгөөд тээврийн хэрэгслийг ашиглах боломжийг олгоогүй, гэм буруугүй учраас иргэний хариуцагч биш юм. Иргэний хуулийн тус заалт нь ашиглах боломж олгоогүй буюу ил задгай тавиагүй бол хариуцлага хүлээхгүй гэсэн утгыг нөгөө талаасаа давхар илэрхийлж байгаа ойлголт юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокуророос ашиглах боломж олгосон эсэхийг шалгаж тогтоосон үйл баримт хавтаст хэрэгт байхгүй. Хэргийн бодит байдлыг нөхөр Н.Г болон би үнэн зөв мэдүүлсээр ирсэн болно.
Иргэний эрх зүйн шинжлэх ухаанд орчиндоо аюултай эд юмс бий болгох, орчиндоо аюултай үйл ажиллагаа явуулах гэсэн онолын ойлголтын үүднээс Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүрэгт Монгол Улсын Иргэний хуулийн 499-р зүйлийн 499.3-т: “өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй”, “499.4-т: “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна. Гэтэл миний хувьд энэхүү үйлдэл байхгүй.
Монгол Улсын Дээд Шүүхийн 2009.05.22-ны өдрийн “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх Эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хуулийн зарим, зүйл заалтыг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай” 15 дугаар тогтоолын 5.1 -д: “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдэд Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан ажил олгогч, хуулийн этгээдээс гадна мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3., 499.4., 500 дугаар зүйлийн 500.1., 501 дүгээр зүйлийн 501.1., 502 дугаар зүйлийн 502.1., 512 дугаар зүйлийн 512.1.-д заасан иргэн, хуулийн этгээд хамаарна” гэж заасан байна. Гэтэл “Миг даатгал” ХХК нь Иргэний хуулийн 499.1-д: “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэсэн заалтыг үндэслэн иргэний хариуцагчаар татах хүсэлт гаргасан нь үндэслэлгүй байна. Би 8, 10, 12 насны насанд хүрээгүй бага, дунд ангийн 3 хүүхэдтэй. Миний цалин бага бөгөөд ажлын байрны баталгаа ч найдвартай биш байгаа. Н.Г нь автозамын хөдөлгөөнд оролцохгүй байдлаар ажил хийж, учруулсан хохирлыг барагдуулах эрх зүйн чадвар, чадамжтай юм. Би, эрүүгийн болон иргэний хэргийн гэм буруугүй, харин ч хувийн эд хөрөнгөөр хохирч, миний хууль ёсны эрх зөрчигдсөн бөгөөд 3 хүүхдээ тэжээн өсгөхөд хүндрэл учирч байна. Иймд, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэгч Т.С надад оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, шударга хууль ёсны шийдвэрийг гаргаж өгнө үү. ...” гэжээ.
Иргэний нэхэмжлэгч Т.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие “Өсөх буян” ХК болон өөрийн хүүг төлөөлж шүүх хуралдаанд оролцож байна. “Өсөх буян” компани нь эм, эмчилгээний зориулалтын бараа бүтээгдэхүүн болон эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг эрүүл мэндийн байгууллагууд руу нийлүүлдэг манай хүүхдийн хувийн компани. Эм, эмчилгээний зориулалтын бараа бүтээгдэхүүнүүдийг нийлүүлдэг учраас тусгай зориулалтын, тоноглолттой авто машин хэрэглэх шаардлагатай учир тухайн машиныг худалдаж авсан. Манай зүгээс компанийнхаа машиныг хэзээ авсан, хэрхэн хэрэглэдэг байсан талаарх холбогдох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгчид гаргаж өгсөн. Миний гаргаж өгсөн баримтууд хэргийн материалд хавсаргагдсан байгаа. Шүүгдэгчийн зүгээс гомдлынхоо тайлбарт “...Тээврийн прокурорын газарт Т.Б-тай тааралдахад Т.Бнадад хандаж “...Б.Цэрэнбалжир прокурор танай эхнэр та хоёрыг “их даварсан хүмүүс байна, ялыг нь өгч явуулна” гэж хэлж байна. Би дөнгөж сая уулзлаа...” гэж хэлсэн...” гэж тайлбарлаж байна. Ч.Г-ын тайлбартаа дурдаж байгаа прокурорын газарт тааралдаад хэлсэн гэх зүйлүүд бүгд худлаа би түүнд ямар нэгэн зүйл хэлээгүй. Уг хэргийн шүүх хуралдаан 2025 оны 09 дугаар сард болсон. Шүүх хуралдаан болсны дараа шүүхийн шийдвэрээ гардаж автал тухайн шийтгэх тогтоолд миний нэхэмжилсэн хүргэлтийн алдагдлыг тусгаагүй хасаад зөвхөн авто машины хохирлыг гаргуулахаар тусгасан байсан. Мөн авто машины хохирлоос “дугаарын үнэ, 3 дугуйны үнэ, цонхны наалтны үнэ” зэргийг хассан, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж гэх хэсгийг мөн хассан байсан.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардаж авахад шүүх хуралдаан дээр уншиж танилцуулсан зарим хэсгийг хассан байсан. Анхан шатны шүүгч уншихдаа 10.5 гэх хуулийн зүйл заалтыг уншсан. Гэтэл шийтгэх тогтоолд тухайн заалт бичигдээгүй байсан. Мөн “иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй” гэж уншиж танилцуулсан хэсгийг хассан байсан учраас миний бие гомдол гаргасан. Намайг гомдол гарснаас болж шүүгдэгч Н.Г бид хоёрын дунд маргаан үүссэн. Н.Г нь намайг “ална” гэж гудманд айлган, сүрдүүлсэн. Мөн тэр над руу “МИГ” даатгалаас төлбөр авсан байж дахин мөнгө авах гэлээ суналтай гэж хэлж дайрсан. Шүүгдэгч Н.Г-г давж заалдаж байгаад би үнэхээр их харамсаж байна. Учир нь түүний над руу дайрсан үйлдлээс гэм буруутайгаа ухамсарлаагүй болох нь харагдсан гэв.
Прокурор Ц.Цэрэнбалжир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс иргэний хариуцагч Т.Сгаас тодорхой хэмжээний хохирол, төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн. Иргэний хариуцагч Т.С нь шүүгдэгч Н.Г-ын гэр бүлийн хүн буюу түүний эхнэр тэд дундаасаа 3 хүүхэд, хамт амьдардаг албан ёсны гэр бүлийн харилцаатай хүмүүс. Шүүгдэгчийн гомдлын тайлбараас түүнд эхнэрийнхээ цүнхийг онгойлгож машиныхан түлхүүрийг авах эрхгүй байхгүй, түүний түлхүүр авсан үйлдэл нь буруу байсан учир эхнэр буюу Т.С энэ хэрэгт хамааралгүй өөрөөр хэлбэл иргэний хариуцагчаар тогтоолгох ёсгүй байсан гэж агуулгын хувьд ойлгогдож байна. Гэвч шүүгдэгч, иргэний хариуцагч Т.С нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс. Мөн иргэний хариуцагч Т.С-г тээврийн хэрэгсэл ашиглах боломжийг шүүгдэгчид олгосон гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл Т.С-г иргэний хариуцагчаар тогтоож хохирол, төлбөр гаргуулах нь үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх улсын яллагчийг яллах дүгнэлтдээ эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг тусгаагүй гэх үндэслэлээр эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг гаргуулах эсэхийг хэлэлцэхгүй орхисон. Прокурорын зүгээс шүүх хуралдааны үед залруулга хийж эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг гэм буруутай этгээд болох шүүгдэгчээс гаргуулах саналыг гаргасан боловч хүлээж аваагүй. Хавтаст хэргийн материалд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан төлбөртэй холбоотой баримтууд авагдсан байгаа тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан гэж үзэж байгаа гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн болон иргэний хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шийдвэрлэвэл зохих асуудлыг шийдвэрлээгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна.
Үүнд:
1. Шийтгэх тогтоолд шүүгдэгч Н.Г-с нийт 87,528,289 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Д.Мөнгөнцэцэгт 24,325,496 төгрөгийг олгуулахаар заажээ.
Энэхүү гэмт хэргийн хохирогч Д.М-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний эмчийн дүгнэлтээр 3 дугаар зэрэглэлээр тогтоосон байна. 4хх 23-25
Гэтэл шүүх хохирогч Д.М-ийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийг хэрхэн яаж тооцоолж, тогтоосон нь ойлгомжгүй, тодорхой бус байна.
Үүнээс улбаалан хохирогчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг хэрхэн тооцож байгаа нь тодорхойгүй байх тул шийтгэх тогтоолд хохирол хор уршиг, иргэний нэхэмжлэлийг үндэслэлгүй, ойлгомжгүй шийдвэрлэжээ.
2. 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/2104 дүгээр шийтгэх тогтоол гарсны дараа 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЗ/6337 дугаартай шүүгчийн захирамжаар: “...Иргэний нэхэмжлэгч Т.Б нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй” гэж шийтгэх тогтоолд залруулга хийсэн байна. 4хх 90-91
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно.” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, оролцогчийн нэрийн үсгийг дутуу болон илүүц бичих, тоо тооцооны дугаар зэргийн оронг алдаж бичих зэрэг ялимгүй, ноцтой биш алдааг л техникийн шинжтэй алдаанд хамаарахаар ойлгодог.
Гэтэл анхан шатны шүүх иргэний нэхэмжлэгч Т.Б нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй гэж уншиж сонсгосон атлаа шийтгэх тогтоолд энэ талаар заагаагүйг техникийн шинжтэй алдаа гаргасан гэж үзэх үндэслэлгүй.
Нөгөө талаар, иргэний нэхэмжлэгч Т.Б-д холбогдох хэсгийг уншиж сонсгосон атлаа, шийтгэх тогтоолд заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т заасан “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол” гэж заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байна.
3. Хохирогч Д.М, Д.Г нар нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалаас 6,122,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. 1хх 93-105
Мөн энэ хэргийн хохирогч Б.С, хохирогч Д.Б нар нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалаас тусламж үйлчилгээ авсан байна. 2хх 173, 175 /Б.С 4,426,465 төгрөг, Д.Б 1,634,880 төгрөг/
Мөн иргэний нэхэмжлэгч С.С: “....Д.М, Д.Г нар нь эрүүл мэндийн даатгалын сангаас 6,122,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд яллагдагч Н.Г-с гаргуулж төлүүлж өгнө үү. ...” гэх мэдүүлэг /1хх 91/, дахин: “...Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б нь ГССҮТ-д хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 4,426,465 төгрөгийн тусламж үйлчилгээ авсныг яллагдагч Н.Г-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлж өгнө үү. ...” гэх мэдүүлгийг өгчээ. 2хх 171
Дээрх хохирогч нарын эрүүл мэндийн даатгалаар авсан тусламж үйлчилгээний мөнгөн дүнг шүүгдэгчээс гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд олгуулахаар шийдвэрлэлгүй орхигдуулсныг зөвтгөх үндэслэлгүй.
Иймд дээрх үндэслэлийн хүрээнд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Г-н болон иргэний хариуцагч Т.С нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.
Шүүгдэгч Н.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/2104 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Н.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ