Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 253

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Т.Солонго, 

улсын яллагч Ш.Хосбаяр,

шүүгдэгч С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Өндөр овогт Сангисүрэнгийн Цэрэндагвад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811004880203  дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн. 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг. . тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Өндөр овогт С.ийн Ц. /РД: ./,

 

Шүүгдэгч С.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Ц нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Үлэг гүрвэлийн музей"-н баруун талд Б.Батнямыг хардалтын улмаас зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч С.Ц.ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би уг зүйл анги болон үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ... 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр найз охин Урансайхантай утсаар яриад "Тэнгис" кинотеатрын өмнө уулзахаар болоод 19 цагийн орчим такси бариад ирээд хойд талынх нь зогсоол дээр хүлээж байтал Урансайхан нэг залуугийн хамт Тэнгсийн урд талаас алхаад такси руу ирж Урансайханыг нөгөө залуу нь хацар дээр нь үнссэн юм. Тэгэхээр нь би машинаас бууж очоод тэр залуу /Батням/-д хандан чи хэний найз охиныг үнсэж байгаагаа мэдэж байна уу гэхэд чи хэн юм бэ гэхээр нь Урансайханыг машинд суу гэтэл Батням нь Урансайханы гараас нь татахаар нь би Батнямын нүүр лүү нь зүүн нүдний доод талын орчимд гараараа цохиход Урансайхан намайг тэврээд авсан. Тэгтэл Батням нь яасан гэж цохиж байгаа юм бэ гэхээр нь би чамд хэлээ биз дээ гэхэд миний өөдөөс цустай шүлсээрээ нүүр лүү нулимахаар нь татаж ирээд нүүр лүү нь мөргөчихсөн юм. Тэр үед таксины жолооч ах гарч ирээд намайг татаж аваад машиндаа суулгаад бид хоёр явсан юм. ... Би Батнямын нүүр лүү нь нэг удаа цохиж, нэг удаа мөргөсөн. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Батнямын биед ямар гэмтэл учирсан талаар бол сайн хараагүй, ямар ч байсан хамраас нь цус гараад тонгойчихсон байсан. Тэгээд намайг таксины жолооч татаж машиндаа суулгаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25х/,

хохирогч Б.Батнямын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие танил Урансайхантай чаатаар харьцаж байгаад "Фейс" бааранд ажилд орох гэсэн юм, чи хаана байдгийг нь мэдэх үү гэхээр нь би мэднэ, заагаад өгье гээд 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн орчим "Тэнгис" кино театр дээр ирж хүлээж байгаад Урансайхантай уулзаад Батаарын музейн баруун талд юм ярилцаад зогсож байтал цэнхэр өнгийн машинаас нэг залуу бууж ирээд шууд намайг цохиод авсан. Би хойшоо хальтраад газар унахад толгой руу хэд хэд өшиглөсөн. Тэгээд босч ирээд яаж байгаа юм бэ гэхэд чамтай ярих юм байхгүй гээд хүрч ирээд шууд хамар луу мөргөчихсөн ба миний хамраас цус гараад доошоо тонгойгоод зогсож байхад машин дотроос нь хүн бууж ирээд аваад яваад өгсөн. Урансайхан үлдээд надад салфетка авч өгч байсан. Ийм зүйл болоод би цагдаад хандсан. ... Би тэр залууг огт танихгүй, намайг Урансайхантай юм яриад байж байхад хардаад намайг ирээд цохисон байсан. Цэрэндагва нь Урансайхантай үерхэж байсан гэсэн. Тэр хүний талаар бол би огт мэдэхгүй, бид нарын дунд ямар нэгэн харилцаа байгаагүй. ... Би өөрөөс гарсан зардлуудаа нөхөн төлүүлж авмаар байна. Бүх зардлын баримт байгаа. Одоо дахин эмнэлэгт биеэ үзүүлж эмчилгээ хийлгэмээр байна ...” /хх-ийн 13х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хохирогч Б.Батнямын биед үзлэг хийсэн №2184 тоот дүгнэлт: "Б.Батнямын биед хамрын ясны баруун, зүүн хажуу ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн чамархайн хуйханд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт. баруун сарвууны 3-р хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчилэлээр үүсгэгдэнэ. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх /хх-ийн 18х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч С.Ц.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч С.Цд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг нь харгалзан тохирох ял шийтгэлийг оногдуулав.

С.Ц.ын орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 1 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Хохирогч Б.Батням мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Гомдолтой байна. ...Одоо дахин эмнэлэгт биеэ үзүүлж эмчилгээ хийлгэмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 13х/, шүүгдэгч С.Ц нь хохирогч Б.Батнямд хохиролд 128.000 төгрөг төлсөн баримт /хх-ийн 31х/ зэргийг үндэслэн одоогийн байдлаар шүүгдэгч нь хохирогчид 128.000 төгрөг төлсөн. Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй байна.