| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 2509000001045 |
| Дугаар | 2025/ДШМ/1227 |
| Огноо | 2025-10-28 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2025/ДШМ/1227
2025 10 28 2025/ДШМ/1227
О.О-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Даваасүрэн,
хохирогч О.Д,
шүүгдэгч О.О /цахимаар/, түүний өмгөөлөгч П.Очгэрэл,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/1930 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч П.Очгэрэл нар давж заалдах гомдол гаргасныг үндэслэн О.От холбогдох **** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч О.О нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд нэг байгууллагад хамт ажилладаг, хайр сэтгэлийн холбоотой байсан хохирогч О.Дг “түр хугацаагаар мөнгө зээлээч”, “лангуу түрээслэх хэрэгтэй байна”, “аавын шүүх хурал болох гэж байна, өмгөөлөгчийн хөлс төлөх хэрэгтэй байна”, “эмнэлэгт үзүүлмээр байна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч О.Дг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Г, “Л” рестаронд байхад нь 18.763.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банк дахь **** дугаарын данс руу шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокуророос О.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч О.Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож,
шүүгдэгч О.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.От оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оээс 13.566.000 /арван гурван сая таван зуун жаран зургаан мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч О.Дд олгож,
хэрэгт хавсаргагдаж ирсэн нэг ширхэг Си Ди-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.О давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Д бид хоёр өмнө нь хамт ажилладаг байсан бөгөөд бие биедээ татагдан хайр сэтгэлийн холбоотой болсон. О.Дгаас мөнгө авсан нь хуурч мэхлэх санаа зорилго байгаагүй ба амьдралд тохиосон гэнэтийн шалтгаанууд байсан. О.Дгаас өөр надад мөнгө зээлэх хүн байгаагүй. Хайртай хүнээсээ мөнгө зээлэн авч буцааж өгөлгүй удааж, энэ хэрэг гарсанд харамсаж байна. Би зээлсэн мөнгөө 2024 оны 9 дүгээр сараас эхлэн ажлын хөлсөөрөө бага багаар төлж байсан боловч 2025 оны 3 дугаар сард ажлын байран дээрээ гэмтэж, гараа хугалсан. Үүний улмаас 3 сарын хугацаанд орлогогүй болж зээлийн төлөлтөө ч тасалдуулсан. Гараа бүрэн эдгээж, 6 дугаар сараас эхлэн О.Дгийн мөнгийг үргэлжлүүлэн төлж, шүүх хуралдаан болох хүртэл бага хэмжээгээр төлж байсан. Намайг хоригдсоны дараа эцэг, эх маань хүмүүсээс мөнгө зээлж О.Дгийн үлдэгдэл зээлийг бүрэн төлж, хохирлыг барагдуулсан. Энэ хэрэгт холбогдсондоо үнэхээр их харамсаж байна. Миний хувьд О.Дг хуурч мэхэлж, залилах санаа байгаагүйг дахин дурдъя. Шүүх миний хохирогчид учруулсан хохирол төлбөр барагдуулсан байдал, хэрэгт холбогдсондоо харамсаж байгааг харгалзан үзэн хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Очгэрэл давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч О.О гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ гэмшиж, бусдад учруулсан хохирлоо бүрэн төлөхөө илэрхийлж оролцсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” нөхцөл байдалд хамаарах бөгөөд анхан шатны шүүх хорихоос өөр төрлийн ял оногдуулах эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх боломжтой байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Оээс 13.566.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Дд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд хохирлыг нөхөн төлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго болох тул шүүгдэгчид хорихоос өөр төрлийн буюу зорчих эрх хязгаарлах болон нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулснаар ажил хөдөлмөр эрхэлж бусдад учруулсан хохирол төлбөрөө төлөх юм. Иймд шүүгдэгч О.О нь анх удаа эрүүгийн гэмт хэрэгт ял шийтгэгдсэн, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ гэмшиж, бусдад учруулсан хохирлоо бүрэн төлөхөө илэрхийлсэн, мөн ар гэрийн зүгээс түүний бусдад учруулсан хохирол төлбөрөө төлөхөд нь дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүсэж байгаа зэрэг нөхцөл байдлыг анхааран хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрээр шүүгдэгчид оногдуулсан 10 сарын хорих ялыг хөнгөрүүлэн хорихоос өөр төрлийн ял оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Хохирогч О.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүх шүүгдэгчид хорих ял оногдуулсан бөгөөд тэрбээр үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, буруугаа ухаарсан гэж ойлгож байна. Тиймээс түүний гэр бүлийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчлөн оногдуулж өгнө үү. Нийт 13.566.000 төгрөгийн хохирлоос шүүгдэгч О.Оийн эцэг өнөөдөр 2.000.000 төгрөг төлсөн бөгөөд үлдсэн 11.566.000 төгрөг төлөгдөөгүй байна. ...” гэв.
Прокурор П.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ “...Хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд тохирсон, анхан шатны шүүхээс уг гэмт хэргийн эрүүгийн хариуцлага заавал биелэгдэх ёстой гэж үзэж 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүгдэгч О.От оногдуулсан ял хуулийн зүйл заалтад нийцсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч О.От холбогдох 2509000001045 дугаартай эрүүгийн хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
1. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч О.О нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд нэг байгууллагад хамт ажилладаг, хайр сэтгэлийн холбоотой байсан хохирогч О.Д-г “түр хугацаагаар мөнгө зээлээч”, “лангуу түрээслэх хэрэгтэй байна”, “аавын шүүх хурал болох гэж байна, өмгөөлөгчийн хөлс төлөх хэрэгтэй байна”, “эмнэлэгт үзүүлмээр байна” гэх мэтчилэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч О.Д-г Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Г, “Л” рестаронд байхад нь 18.763.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь **** дугаарын данс руу шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь
-хохирогч О.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Би 2023 оноос эхлэн өөрийн ажлын “Л” ресторанд тогооч хийдэг байсан О.О гэх залуутай танилцаж, 2024 оны 4 дүгээр сараас эхлэн бид хоёр үерхэж дотно болсон. Гэтэл 2024 оны 5 дугаар сараас эхлэн О.О байнга шалтгаан хэлж “ар гэрт болон хувийн амьдралд мөнгө хэрэгтэй болоод байна, чи боломжтой бол мөнгө зээлээч” гэж хэлэхээр нь би эхлээд 220.000 төгрөг өгөхөд удаалгүй хэлсэн хугацаандаа миний данс руу шилжүүлсэн. Түүний дараа байнга “мөнгөний хэрэг гараад байна, гар утасны аппликейшний зээл аваад өгөөч” гээд хэд хэдэн удаа зээл авхуулсан. Тэгээд нийт 18.461.000 төгрөгийг надаас авсан байна... Надад хэлэхдээ эхэлж авсан 5.000.000 төгрөгөөр лангуу түрээсэлж байгаад мөнгөтэй болохоороо эргүүлээд өгье гэж хэлсэн. Харин түүнээс хойш авсан мөнгөний сарын төлөлтүүдийг нь хийгээд явна гэж хэлсэн боловч одоог хүртэл ямар нэгэн төлөлт хийхгүй хаана байгаа нь тодорхойгүй байна... Нийт 25 удаагийн гүйлгээг О.О гэх нэртэй **** гэсэн данс руу байнга шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар хуудас),
-хохирогч О.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Надад хэлэхдээ хэдхэн шалтгаан хэлж мөнгө авдаг байсан. Эхний 2.500.000 орчим төгрөгийг “бие өвдөөд байгаа тул эмнэлэгт хэвтэх хэрэгтэй байна” гэж хэлж авч байсан. Харин дараа нь 5.000.000 төгрөгийг “худалдааны төвд лангуу түрээсэлж сууна” гэж хэлж авч байсан. Би хэлсэн шалтгаанд нь итгэж хэлсэн мөнгө болгоныг нь өгч байсан. Надад хэлсэн асуудлыг нь нягталж байгаагүй бөгөөд миний мөнгийг буцаан төлөх байх гэж бодож байсан. Яваандаа надад хэлэхдээ “аав маань Хэнтий аймагт хэрэгт холбогдчихсон, түүний давж заалдах шатны шүүх хурал болох гэж байгаа тул өмгөөлөгч авах мөнгө хэрэгтэй байна” гэж хэлэн 3.500.000 төгрөг авсан бөгөөд дараа нь дахин 1.500.000 төгрөг авч байсан. Тэр үед би уулзъя гэж хэлэхээр уулзахгүй аавын бие муу байгаа болохоор аавыгаа сахиж байна гэж хэлээд зугтаагаад байсан. Би эдгээр шалтгаануудыг л сайн санаж байна, бусад бага хэмжээний мөнгийг нь ямар шалтгаан хэлж надаас зээлж авсан талаар санахгүй байна. Мөн тухайн үед мөнгөний хэрэг гараад байна, мөнгө зээлээч гэж хэлэх болгонд нь зээлж байсан... 2024 оны 9 дүгээр сараас 2025 оны 2 дугаар сар хүртэл сар болгон 650.000 төгрөгийн төлөлтөө хийж байгаад 2 дугаар сарын төлөлтөө төлчхөөд түүнээс хойш мөнгөө хийлгүй сураггүй болчихсон... Нийт 4.547.000 төгрөгийн төлөлтийг хийсэн. Үлдэгдэл мөнгийг өгөөгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас),
-дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлүүд (хавтаст хэргийн 38-42, 61 дүгээр хуудас) зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Анхан шатны шүүхийн О.О-ийн үйлдсэн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж...” гэж гэмт хэргийг зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
3. Гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн зорилгыг хангаж байх ёстой.
Анхан шатны шүүх шүүгдэгч О.О-ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтад үндэслэн, шүүгдэгчийн үйлдлийн үргэлжилсэн хугацаа, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан 10 сарын хугацаагаар хорих ялыг сонгон нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь үндэслэлтэй, эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч П.Очгэрэлийн давж заалдах гомдлыг хянан үзэхэд, шүүгдэгч нь хохирлын мөнгийг бүрэн төлж барагдуулсан хэмээн дурдсан боловч давж заалдах шатны шүүх хуралдаан болох хүртэл хохирогч О.Д-д учруулсан мөнгөн хохирлыг гүйцэт төлж барагдуулаагүйг дурдах нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үеэр хохирлыг төлөхөө илэрхийлсэн хэдий ч давж заалдах шатанд уг үүргээ биелүүлээгүй тул анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, өөр төрлийн ял болгон өөрчлөх хууль зүйн үндэслэл болохгүй гэж шүүх үзлээ.
Иймд давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.О болон түүний өмгөөлөгч П.Очгэрэлийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч О.Оийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 75 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
5. Шүүгдэгч О.О нь гэмт хэргийн улмаас О.Дд учруулсан, шийтгэх тогтоолоор гаргуулахаар шийдвэрлэсэн нийт 13.566.000 төгрөгийн хохирлоос давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө 2.000.000 төгрөгийг хохирогч О.Дд төлсөн болохыг магадлалд дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/1930 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч П.Очгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтаар О.Оээс гаргуулахаар шийдвэрлэсэн 13,566,000 төгрөгөөс хохирогч О.Дд 2,000,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оийн 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ