Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/00802

 

 

 

 

С.Онэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/00242 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Охариуцагч С б к ХХК-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бямбасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс С б к ХХК-ийн хяналт шалгалтын хэлтэст шалгагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил дутагдал хүлээж байгаагүй. 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гишүүд итгэл хүлээлгэн нийт 100 гаруй ажилчдынхаа эрх ашгийг хамгаалахаар С б к ХХК-ийн ажилтны ҮЭ-ийн хорооны даргаар сонгогдсон. Ийнхүү даргаар сонгогдсоноос хойш захиргааны зүгээс дарамт шахалт ирэх болж хамтын гэрээ байгуулах төсөл өгсөн боловч хуулийн хугацаанд хариу өгөхгүй, хамтын гэрээг байгуулаагүй. Хамтын гэрээгээ байгуулъя гэхээр Үйлдвэрчний эвлэл байгуулсан тогтоол, тэмдэглэлээ өг гэж шаардаж, үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлэх хамтын гэрээ хэлэлцээ хийх, ажилчдын эрх ашгийг хохироосон үйлдэл, шийдвэр гаргах асуудал дээр шаардлага тавихаар ажил олгогчийн зүгээс хамт олны эв нэгдлийг үймээн бутаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Иймд С б к ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 6/421 тушаалыг хүчингүй болгож, урд эрхэлж байсан шалгагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 280 000 төгрөг гаргуулж нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

  Хариуцагчийн тайлбарт: Үйлдвэрчний эвлэлийн хороонд дарамт шахалт үзүүлээгүй. 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-үүдийн холбооноос С б к ХХК-ийн ажилчид манай байгууллагын гишүүн болсон гээд ҮЭХ-той хамтарч ажиллах тухай албан бичиг ирсэн. С б к ХХК-ийн ҮЭХ нь хуулийн этгээдийн эрх эдэлж байгаа боловч хамтран ажиллах тухай албан бичиг ирүүлээгүй тул энэ тухай сануулан ҮЭ-ийн хороотой хамтын гэрээ байгуулахаа илэрхийлсэн. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр компанийн ҮЭХ-оос ирүүлсэн 03 тоот албан бичигтээ хамтын гэрээний төсөлтэй танилцаж санал болон оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталж ҮЭХ-д ирүүлж хуулийн хүрээнд хамтран ажиллахыг хүссэн. ҮЭХ-оос хамтын гэрээнд оролцох гишүүд тодорхойгүй, хамтын гэрээний төслийг гишүүдээр эцэслэн хэлэлцэж хүргүүлж байна гэж дурдсан ч хамтын гэрээний төсөлд нэг ч гишүүн гарын үсэг зураагүй. 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр компанийн зүгээс ҮЭХ-ны дарга, тэргүүлэгч гишүүдийг сонгосон болон гишүүдийн сарын татварыг хэдэн хувиар тогтоосон талаарх хурлын тэмдэглэлийг ирүүлэх тухай албан бичиг явуулсан боловч 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хариу албан бичигтээ энэ талаар хариу өгөөгүй, хүний нөөцийн албаны дарга энэ талаар С.Оюундариас тодруулахад өгөх шаардлагагүй гэсэн. Уг албан бичигт 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хийсэн компанийн ажилтны бүх гишүүдийн хурлын тогтоол хавсралтаар ирсэн. Энэ тогтоолд гарын үсэг зурсан гишүүдийн гарын үсэг нь нэг хүний бичиг мэт байсан. Мөн ҮЭХ-ны тэргүүлэгч сонгуульт гишүүн Д.Мгарын үсэг зураагүй гэсэн боловч гарын үсэг зурагдсан байдаг. С.Энхтайван, Ц.М нарын гарын үсэг, А.Цнэр огт байхгүй. С.О нь манай байгууллагад ажиллаж байх хугацаандаа удирдах албан тушаалтны тавьсан ажил үүрэгтэй холбоотой шаардлагыг хүлээж авдаггүй, үл тоомсорлодог, зохисгүй авир /хэл амаар доромжлох гэх мэт/ гаргадаг төдийгүй хамт олныг байгууллагын явуулж байгаа үйл ажиллагааны эсрэг удаа дараа өдөөн турхирдаг байсан ч өрх толгойлсон эмэгтэй учир компанийн зүгээс сахилгын арга хэмжээ авч байгаагүй. МҮЭХ-ны дүрмийн 14.1-д заасныг ноцтойгоор зөрчин компанийн ажилчдаас бэлнээр 2 сарын татвар авсан. Иймд тушаал үндэслэлтэй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.ОС б к ХХК-ийн шалгагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 248 000 төгрөгийг С б к ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч С.Од олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч С б к ХХК-д даалгаж, хариуцагч С б к ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 34 502 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гансүхийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хэргийн материалтай танилцаж, шүүх хуралдаан болохын өмнө бичгээр нэмэлт тайлбар гаргаж өгсөн боловч шүүх хүлээн авалгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 6 дугаар зүйлд заасан Шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх үндсэн зарчмууд, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан Хэргийн оролцогчдын эрх үүрэг, 34 дүгээр зүйлийн Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох, түүний эрх үүрэг, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 7-д заасан Нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн, хуулиар олгогдсон үндсэн эрхийг эдлүүлэхгүйгээр тайлбарыг хэрэгт хавсаргаагүй, шүүхийн хэлэлцүүлэгээр оруулаагүй, шүүхийн шийдвэрт тусгаагүй. Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаанд хянан хэлэлцэх боломжийг минь хууль зөрчиж хязгаарласан учраас шүүх хуралдаанд оролцож тайлбараа бүрэн гаргаж чадаагүй. Шүүх хэргийг илт нэг талыг барьж, тулгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг зөрчиж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт зөвхөн С.Осахилгын зөрчлийн талаар мэдүүлэг өгсөн гэрч .......... нарын мэдүүлгээр Үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэж үзэхээр байна" гэж шийдвэрт ор үндэслэлгүй дүгнэлт өгч, ноцтой алдаа гаргаж, хууль бус шийдвэр гаргасан нь шүүхийн хэлэлцүүлэгт гэрчүүдийн гаргасан мэдүүлгүүдээр тогтоогдож байна. 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шүүгчийн туслах Ж.Гэрэлчулуунд шинжээч томилуулж, гарын үсгийн шинжилгээ хийлгүүлэх хүсэлт гаргасан боловч уурлаад хүлээж аваагүй, дараа нь шүүх хурлын өмнө нэмэлт тайлбартаа хүсэлтээ бичиж өгсөн боловч шүүх тайлбарыг хүлээж аваагүй. Хэрэгт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотолсон ямарч баримт байхгүй байхад нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2 дахь заалтыг зөрчсөн, шүүхийн шийдвэр нотлох баримтанд үндэслэгдэж гарах ёстой. Гэтэл албан ёсны бичгийн нотлох баримт болох цалингийн тодорхойлолт нь хэрэгт байхгүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Шүүх С.Оажилгүй байсан хугацааны цалин олговорыг цалингийн тодорхойлолтонд үндэслэлгүй, буруу тооцоолж илүү мөнгө гаргуулсан. Мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгалгүйгээр хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг зөрчиж хэргийн оролцогчдод шүүх хуралдааны тэмдэглэлийг хуулийн хугацаанд танилцуулж, тэмдэглэлд засвар оруулах эсэх талаар санал авч гарын үсэг зуруулаагүй. Мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.3, 118.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчин нэмэлт тайлбарийг хүлээн аваагүйн улмаас шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй, шүүхийн шийдвэрт тусгагдаж үнэлэлт дүгнэлт өгөгдөөгүй, хэрэгт нотлох баримт болон авагдаагүй болно. Шүүх ажлаа өгөөд гарсан хүний хариу тайлбараас зарим нэгэн зүйлийг хагас дутуу дурьдсан. С.Оудаа дараа гаргасан сахилгын зөрчлүүд, Компанийн ажилтны бүх гишүүдийн хурлын тэмдэглэл гаргаж өгөөгүй, Үйлдвэрчний эвлэлийн хорооны сонгуульт удирдлагыг сонгох тухай гишүүдийн хурлын тогтоолыг хуурамчаар үйлдэж ирүүлсэн. С.О нь Үйлдвэрчний эвлэлийн хорооны сонгуульт ажилтан биш гэсэн нотлох баримтуудыг гаргаж өгсөөр байхад энэ талаар шүүхийн шийдвэрт хууль зүйн ямар ч үнэлэлт дүгнэлт хийгээгүй, хэрхэн яаж шийдвэрлэсэн нь тодорхой бус, дутуу шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2, 159 дүгээр зүйлийн 159.3-д заасныг зөрчиж, гомдол гаргагч шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй, өөрийнх нь талаар чухал асуудал яригдаж байхад үүнд ямарч ач холбогдол өгөөгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчээс асуулт тавьж, хариулт авах боломжоор хангаагүй. Гомдол гаргагч шүүх хуралдаанд оролцож тушаал, шийдвэрийн хууль зүйн үндэслэл, нотолгоог гаргаж мэтгэлцэх ёстой байтал шүүх хуралдаан дээр ямар ч мэтгэлцээн явагдаагүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотолсон баримт байхгүй байхад нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн. Шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Гомдол гаргагчийг шүүх хуралдаанд заавал оролцуулж шийдвэрлэх тухай хуулийн заалтыг зөрчин илт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар гүйцэтгэх захирлын тушаал, шийдвэрийг хууль бус гарсан гэж үзэж байгаа бол шүүх хууль зүйн дүгнэлт хийж тушаалыг хүчингүй болгох хуулийн заалтыг хэрэглээгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж, компанийн ажилтны бүх гишүүдийн хурлын тогтоолын гарын үсэгт шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах боломжийг олгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч С.Оажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С б к ХХК эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь тус компанийн Хяналт шалгалтын хэлтэст шалгагчаар ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/421 дүгээр тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Ажил олгогч уг тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 8.2.3 дах заалтын 6, 9 дүгээр хэсэгт заасныг үндэслэж, ажилтны гаргасан зөрчлийг удирдлагын зүй ёсны шаардлага, анхааруулгыг үл тоомсорлох, эсэргүүцэх, хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах, өдөөн турхирах, компанийн эрх ашгийн төлөө шаардлага тавьсан албан тушаалтантай хэрэлдэх зэргээр компанийн соёл, ажилтны ёс зүйг ноцтойгоор зөрчсөн, удирдлагад ямар нэгэн шалтгаанаар дарамт, шахалт үзүүлсэн гэж тодорхойлсон байна.

 

Тэрээр шүүхэд ажил олгогчоос хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж компанийн үйл ажиллагаанд саад учруулдаг, бүх гишүүдийн хурлын тогтоолд 3 хүний гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлүүдийг давтан гаргасан гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбараар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан үндэслэл тогтоодсонгүй. Нэхэмжлэгч нь тушаалд заасан зөрчлийг хэзээ, хаана гаргасан нь тодорхойгүй байна. Тодруулбал компанийн удирдлага буюу Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт заасан компанийн эрх бүхий албан тушаалтнаас нэхэмжлэгчид хэзээ, ямар шаардлага тавьж, анхааруулга өгсөн, үүнийг ажилтан хэрхэн эсэргүүцсэн, хамт олны эв нэгдлийг ямар хэлбэрээр үймүүлсэн, удирдлагад дарамт шахалт хэрхэн үзүүлсэн нь тодорхой биш. Хэргийн 53-57 дугаар талд авагдсан 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн С б к ХХК-ийн шалгагч С.Огаргасан зөрчлийн талаар хэлэлцсэн хурлын тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгчийн ажлын байранд байгууллагын удирдлагатай зохисгүй харьцдаг, үйлчилгээний ажилтанд байж боломгүй ааш авир гаргадаг, хамт олны нэр төрд халдаж уур амьсгал эвддэг, ажлын шаардлагыг хүлээн авдаггүй, удирдлагаас тавьсан шаардлагыг ажилтнуудад буруугаар ойлгуулж өдөөн турхирдаг гэх мэтчилэн түүний ажлын байран дахь зан байдлын талаар хэлэлцэж ажлаас халах шийдвэр гаргасан нь тусгагдсан байна. Энэ нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай хангалттай үндэслэл биш. Зохигчид хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчлийг гэрээний 8.2.3 дахь заалтаар тодорхойлсон бөгөөд ажил олгогч нь үүнээс уг гэрээний 8.2.3 дах заалтын 6, 9 дүгээр хэсэгт заасан зөрчлийг гаргасан гэж үзсэн.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлсөн тохиолдолд нэрлэн заасан ноцтой зөрчил нь шалгагдан тогтоогдсон байх ёстой. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч хэзээ ямар зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байна. Ноцтой зөрчил гэдэг нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл гэж тайлбарлагдах бөгөөд энэ нь баримтаар тогтоогдсон байх шаардлагатай.

 

Нэхэмжлэгч С.О нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн С б к ХХК-ийн ажилчдын бүх гишүүдийн хурлаар тус компанийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны сонгуульт орон тооны бус даргаар сонгогдож, улмаар бүх гишүүдийн хурлаар тус компанийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороог байгуулсан болох нь хэрэгт авагдсан бүх гишүүдийн хурлын тогтоолоор тогтоогдож байна. /хх79/

 

Тэрээр сонгуульт ажилтны хувьд хамтын гэрээний төсөл, ҮЭХ-ны гишүүнчлэлийн татварыг хураах ажил, үүргийг гүйцэтгэж, хамтын гэрээ байгуулахыг удирдлагаас шаардаж байсан нь буруу биш. Шүүхээс нэхэмжлэгчийн сонгуульт үүрэгтэй холбогдуулан хийсэн дүгнэлийг буруутгах үндэслэлгүй.

 

Шүүх нэхэмжлэгч С.Оурьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 248 000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалтай нийцэж байна.

 

Нэхэмжлэгчийн 1 сарын цалин хөлстэй тэнцэх олговорыг Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7а-д заасныг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 559 000 төгрөгөөр тооцоолон нийт 1 248 000 төгрөг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

 

 

 

Хариуцагчийн шүүх бичгээр гаргасан нэмэлт тайлбар, шинжээч томилуулах хүсэлтийг аваагүй, цалингийн тодорхойлолтгүйгээр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг тооцоолсон, нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй гэх гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

 

 

Шүүх хариуцагчийн шинээр томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материалтай танилцах, нотлох баримт бүрдүүлэх боломжит хугацаа олгож 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр товлогдсон хуралдааныг 7 хоногийн хугацаагаар хойшлуулсан байх ба хариуцагчийн төлөөлөгчийн нэмэлт тайлбар бичгийн хүсэлтийг хүлээж аваагүй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Ажилтны цалин хөлсийн дундажийг түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалингийн дунджаар тодорхойлох тухай Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаал байдаг. Шүүх хэргийн 9-10 дугаар тал дахь ажилтны нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэл болгож нэхэмжлэгчид олгогдох нөхөн олговрын хэмжээг тооцсон байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь А.Бнд шүүхэд төлөөлөн оролцох итгэмжлэл олгосон байна.

 

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/00242 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 502 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

 

 

А.МӨНХЗУЛ