| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/07038/И |
| Дугаар | 192/ШШ2026/00445 |
| Огноо | 2026-01-08 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Тогтоол
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 192/ШШ2026/00445
2026 01 08 192/ШШ2026/00445
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч*******т холбогдуулан 1,484,253,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Л.******* миний бие нь 2014 оны 12-р сарын 12-ны өдрийн “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны ээлжит хурлын шийдвэрээр “УБТЗ” ХНН-ийн даргаар томилогдон ажиллаж эхэлсэн. Албан тушаал хүлээн авмагц 2014 оны 12-р сарын 12-ны өдөр миний эрхлэх албан тушаалтай холбоотой эрх, үүргийг тусгасан “контрактын гэрээ”-г байгуулсан. Тус гэрээг “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны 2015 оны 07-р сарын 31-ний эдрийн ээлжит хурлын шийдвэрээр дахин шинэчилж “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга Морозов В.Н-тэй Контрактын гэрээг байгуулсан. 2014 оны 12-р сарын 12-ний өдрийн гэрээний 5.7-д “Энэхүү гэрээгээр ажиллах хугацаанд нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа газарт Замын даргыг амьдрах, амрах таатай нөхцөл бүрдсэн албаны орон сууцаар эсвэл тохилог хувийн сууцаар хангана” гэж заасан байсныг “Энэхүү контрактаар ажиллах хугацаанд Замын даргыг албаны орон байраар, эсвэл амьдрах тохилог бие даасан албаны орон сууцаар хангах /Нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж оршин байгаа газарт амьдрах, амрах таатай нөхцөл бүрдсэн/ бөгөөд контрактын хугацаа дуусгавар болоход Замын даргад үнэ төлбөргүйгээр шилжүүлнэ” гэж шинэчлэн найруулан 2015 оны 07-р сарын 31-ний өдрийн Контрактын гэрээний 5.9 дэх заалт болгон баталсан байдаг. Энэхүү “УБТЗ” ХНН-тай байгуулсан Контрактын гэрээнд заасан үүргийн дагуу тус нийгэмлэгийн даргыг орон сууцаар хангах үүргээ биелүүлэх зорилгоор 2015 оны 1-р сарын 16-ний өдөр 1’484’253’000 төгрөгний үнэ бүхий Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн тойруу гудамж. 41/5 тоот хаягт байрлах 370 мкв талбайтай, Ү2206049413 дугаарт бүртгэлтэй орон сууцыг “Өнөр девелопмент” ХХК-аас“УБТЗ”ХНН худалдан авсан. Тус байранд миний бие гэр бүлийн хамтаар Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 09-р сарын 27-ний өдрийн 001/ХТ2018/01274 дугаартай тогтоол гарч, хүчин төгөлдөр болох хүртэл амьдарч, “УБТЗ” ХНН-ээс шаардсаны дагуу тухайн орон сууцны урсгал зардал, СӨХ-ний төлбөрийг тухай бүрд нь Л.******* би төлж байсан.
“УБТЗ” ХНН-ийн Нэгдүгээр орлогч дарга И.А.Домбровский нь 2015 оны 7-р сарын 31-ний өдрийн Контрактын гэрээний үүргийг биелүүлэн орон сууц худалдан авч Л.******* надад Контрактын гэрээний дагуу олгосон. Намайг ажлаас чөлөөлсний дараа “УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа нь “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч дарга, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлд хандан 2016 оны 10-р сарын 07-ний өдөр 10/1478 дугаартай Дэмжлэг хүсэх тухай албан тоот хүргүүлсэн байдаг. Тус албан тоотод Л.*******тай байгуулсан Контрактын гэрээг Замын даргын буруутай үйлдлээр бус Ерөнхий хорооны шийдвэрээр цуцалсан тул гэрээний дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгосон, мөн гэрээний дагуу олгосон орон сууцыг шилжүүлэх шаардлагатай тул “УБТЗ” ХНН-ийн дүрмийн 17-р зүйлийн “д” заалтад заасны дагуу Ерөнхий хороо эрхийнхээ хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүссэн байдаг. Гэтэл үүнээс жил гаруй хугацааны дараа “УБТЗ” ХНН-ийн зүгээс иргэн Л.******* надад холбогдуулан Орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэл гаргасан. “УБТЗ” ХНН-ийн зүгээс гаргасан “Орон сууцнаас албадан гаргуулах тухай“ нэхэмжлэлтэй хэрэгт Л.******* нь зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Контрактын 5.9. дэх заалтыг үндэслэн Контрактын дагуу эзэмшиж байсан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах сөрөг нэхэмжлэл гаргасан. Тухайн маргааныг шийдвэрлэсэн Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 09-р сарын 27-ний өдрийн 001 /ХТ2018/01274 дугаартай тогтоолын хянах хэсэгт Контрактын 5.9-д “Энэхүү контрактаар ажиллах хугацаанд Замын даргыг албаны орон байраар, эсвэл амьдрах тохилог бие даасан албаны орон сууцаар хангах /Нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж оршин байгаа газарт амьдрах, амрах таатай нөхцөл бүрдсэн/ бөгөөд контрактын хугацаа дуусгавар болоход Замын даргад үнэ төлбөргүйгээр шилжүүлнэ” гэжээ. Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь Баянгол дүүргийн нутагт байрлаж, үйл ажиллагаагаа явуулдаг байтал маргаж буй орон сууц Хан-Уул дүүрэгт байршилтай тул гэрээний нөхцөлд заасан “нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа газарт байрлах байр” гэж үзэх боломжгүй байна. Ажил олгогчоос ажилтанд ажил үүргээ гүйцэтгэх хугацаанд нь эзэмшүүлж байсан орон сууцыг Контрактад нэрлэн заасан орон сууц гэж үзэхгүй тул хариуцагчийн тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх зохицуулалтад нийцсэн гэж үзнэ. Хариуцагч нь ажил олгогчоос Контрактад заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй талаар давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна”... гэж хянаж шийдвэрлэсэн.
Үүний дараа 2019 онд Л.******* миний бие “УБТЗ” ХНН-т холбогдуулан гэрээний үүргээ гүйцэтгүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлдээ ..."Л.******* болон Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн ерөнхий хорооны дарга В.Н.Морозов нарын хооронд байгуулсан 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн контрактын 5.9-д заасан “амьдрах таатай нөхцөл бүрдсэн тохилог, бие даасан сууц” гэж Барилгын норм ба дүрэм БНбД 31-05-05 нэг айлын орон сууцны 1 дүгээр зүйл хамрах хүрээ хэсэгт: тухайн орон сууцны өрөө тасалгаа нь өөр бусад орон сууцны блокийн өрөө, тасалгааны дээр байрлаагүй, орц, туслах өрөө тасалгаа, адрын хөндий, зоорины давхар, шугам сүлжээний хонгил зэрэг нь нийтийн зориулалтай бус байх, халаалт, агааржуулалтын бие даасан системтэй ба мөн төвлөрсөн гадна инженерийн шугам сүлжээний системийн холболт болон оролт нь бие даасан байх шаардлагын дагуу Барилгын тухай хуулийн 4.1.25-д заасан ажлууд хийгдсэн, 4.1.38-д зааснаар төвлөрсөн дулаанд холбогдсон, зоорь бүхий 2 давхар, бие даасан газартай орон сууц гаргуулахыг даалгаж өгнө үү” гэх нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд шүүх 2019 оны 10-р сарын 10-ний өдрийн 102/ШШ2019/02678 дугаартай шийдвэр гаргаж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Улмаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаад 2019 оны 12-р сарын 23-ний өдрийн 02 дугаартай магадлалыг гаргасан. Тус магадлалын хянах хэсэгт “...Контрактын гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн эрх зүйн харилцааны тусгай төрөл юм. Хөдөлмөрийн харилцаанд оролцогч тал Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1, 311.2-т зааснаар албан тушаал хашиж байх хугацаандаа албаны орон сууцаар хангагдах, гэрээ цуцлагдсан нөхцөлд орон сууцыг буцаан шилжүүлэх үүрэгтэй байдаг боловч талууд гэрээний 5.9-д энэхүү контрактаар ажиллах хугацаанд Замын даргыг албаны орон сууцаар эсвэл амьдрах тохилог бие даасан албаны сууцаар хангах, /Нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж оршин байгаа газарт амьдрах, амрах таатай нөхцөл бүрдсэн/ контрактын хугацаа дуусгавар болоход Замын даргад үнэ төлбөргүйгээр шилжүүлнэ гэж тохиролцжээ. Талууд гэрээндээ нэхэмжлэгчийг албаны орон сууц, эсхүл албаны амьдрах тохилог бие даасан сууцаар хангахаар тохиролцсон байх ба тухайн байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, орон сууц ашиглах эрхийн гэрчилгээ буюу гэрээний үндсэн дээр шилжүүлсэн орон сууцыг албаны сууц гэж ойлгодог. Нэхэмжлэгчийн шаардаад байгаа сууц нь ажил олгогчийн өмчлөлд бий эсэх нь тодорхойгүй байхын зэрэгцээ хариуцагч байгууллага түүний шаардсан чанарын хэмжээнд шинээр сууц барьж өгөх агуулга бүхий нэхэмжлэл гаргасан байгаа нь контрактын гэрээний агуулга болоод албаны орон сууц эзэмшүүлэх тухай холбогдох хуулийн зохицуулалттай нийцэхгүй байна” гэж дүгнээд Анхан шатны шүүхийн 102/ШШ2019/02678 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү 02 дугаартай магадлалыг Хяналтын шатны шүүх хянаад 2021 оны 10-р сарын 21-ний өдрийн 001/ХТ2021/01266 дугаартай тогтоолыг гаргасан. Тус тогтоолд /Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2016.10.03-ны өдрийн Б-1-222 тоот “Контракт дуусгавар болгох тухай тушаалд Нийгэмлэгийн дүрмийн 17 дугаар зүйлийн и, 22 дугаар зүйлийн а, Ерөнхий хорооны 2016.9.27-ны өдрийн 3 дугаар хурлын протокол, контрактын гэрээний 6.5 дахь заалтыг үндэслэжээ. Тушаалын үндэслэл болсон тус нийгэмлэгийн Ерөнхий хорооны 2016.9.27-ны өдрийн 3 дугаар хурлын протоколоос үзэхэд Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргаар ажиллаж байсан Л.*******ыг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь тодорхойгүй, хариуцагчийн маргасан контрактын гэрээний 6.5-д заасан үндэслэлээр контрактын гэрээг хугацаанаас өмнө цуцалсан гэдэг нь тогтоогдоогүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх болсон гэм бурууг тогтоосон шүүхийн шийдвэр /шийтгэх тогтоол/, эсхүл түүний бурууг дотоод хяналт шалгалтаар тогтоосон талаарх баримт хэрэгт байхгүй, харин тухайн контрактын гэрээний 6.6-д заасан Замын даргын буруутай үйлдэл /эс үйлдэл/-ээр бус шалтгаанаар контрактын гэрээ цуцлагдсан тохиолдолд олгохоор заасан 6 сарын хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг Л.*******т олгосон нь тогтоогдсон байна. Иймд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл, үйл ажиллагааны улмаас контрактын гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Зохигчдын хооронд байгуулагдсан Контрактын гэрээний 5.9-д ...контрактаар ажиллах хугацаанд Замын даргыг албаны орон сууцаар эсвэл амьдрах, тохилог бие даасан албаны сууцаар хангах, контрактын хугацаа дуусгавар болоход замын даргад үнэ төлбөргүйгээр шилжүүлнэ, 6.6-д Замын даргын буруутай үйлдэл /эс үйлдэл/-ээр бус Ерөнхий хорооны шийдвэрээр контрактын гэрээ цуцлагдсан тохиолдолд түүнд 5.1 дэх пунктээр 6 сарын хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг олгох ба контрактын 5.9 дэх пунктэд заасан албаны орон сууцыг өмчлөлд нь шилжүүлнэ гэж тус тус зааснаар хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Л.*******ыг контрактын гэрээгээр ажиллах хугацаанд албаны орон сууц, эсхүл албаны амьдрах тохилог бие даасан сууцаар хангахаар, контрактын хугацаа дуусгавар болоход замын даргад орон сууцыг үнэ төлбөргүйгээр шилжүүлэх үүрэг хүлээсэн Контрактын гэрээнд заасан албаны сууц гэж тухайн байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, орон сууц ашиглах эрхийн гэрчилгээ буюу гэрээний үндсэн дээр шилжүүлсэн орон сууцыг ойлгохоор байна. Иймд давж заалдах шатны шүүхийн “...нэхэмжлэгчийн шаардаж буй орон сууц нь ажил олгогчийн өмчлөлд бий эсэх нь тодорхойгүй байхын зэрэгцээ хариуцагч түүний шаардсан чанарын хэмжээнд шинээр сууц барьж өгөх агуулга бүхий нэхэмжлэл гаргасан байгаа нь контрактын гэрээний агуулга болоод албаны орон сууц эзэмшүүлэх тухай холбогдох хуулийн зохицуулалттай нийцэхгүй байна" гэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ” гэж эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Үүний дараа Л.******* миний бие “УБТЗ” ХНН-ийн эрх бүхий албан тушаалтнуудад хандан Контрактын гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан хүсэлт удаа дараа хүргүүлсэн. 2022 оны 12-р сарын 21-ний өдөр “УБТЗ” ХНН-ийн Хууль зүйн албаны орлогч дарга И.Идэш нь 10/78 дугаартай “Санал дүгнэлт” гаргасан. Тус дүгнэлтэд ..” 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн контрактыг Ерөнхий хорооны шийдвэрээр хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд Л. *******т контрактыг хугацаанаас нь өмнө цуцалсны нөхөн олговор төлөх, албаны орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлэх үүрэг “УБТЗ" ХХН тус тус хүлээсэн байна. Нөхөн олговор олгох үүрэг зохих ёсоор биелэгдсэн боловч албаны орон сууцыг замын дарга асан Л.*******ын өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлэх үүрэг биелэгдээгүй үлджээ” гэж дүгнэсэн. 2025 оны 06-р сарын 18-ний өдөр “УБТЗ” ХНН-ийн Дарга Х.Хэрлэн Л.******* миний гаргасан өргөдөлд 10/2032 дугаартай ...Одоо байгаа мэдээллээр Л.*******ын Контрактын нөхцөлийг биелүүлэх талаарх бүх өргөдөл, гомдлыг Монгол Улсын шүүх хэрэгсэхгүй болгож, Л.*******ын Контрактын гэрээний биелэлттэй холбоотой асуудлыг “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хороо болон Монгол Улсын шүүх хэлэлцэж дууссан. Үүнтэй холбогдуулан Л.*******аас Контрактын гэрээний гүйцэтгэлтэй холбоотой ижил төстэй хүсэлтүүд ирэхэд түүнд дээрх мэдээллийг хүргүүлэх нь зүйтэй.” гэж дурдсан. Иймд таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байх тул энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандах эрх нь нээлттэй болохыг үүгээр мэдэгдье” гэх хариуг өгсөн. Шат шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолуудаар иргэн Л.******* миний бие 2015 оны 07-р сарын 31-ний өдрийн Контрактын гэрээний үүргээ зөрчөөгүй нь тогтоогдсон, ажил олгогчоос Контрактад заасан .үргээ биелүүлэхийг шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэ дээрх шийдвэрүүд саад болохгүй талаар тодорхой дурдсан. Мөн “УБТЗ” ХНН-ийн 2015 оны үйлдвэрлэл, санхүү-аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайлангийн 43 дугаар талд “ ...2015 оны батлагдсан төсвийн дагуу инвестицийн программын хүрээнд хөрөнгө оруулалтын журмаар 2015.01,08-нд “УБТЗ" ХНН нь "Өнөр Девелопмент” ХХК-тай гэрээ байгуулж 2015 оны 1 дүгээр сард 370 М2 талбайтай 1484,3 сая төгрөг (54171,5 мянган рубль) өртөгтэй орон сууцыг худалдаж авсан байна. Төлбөрийг "УБТЗ” ХНН-ийн тооцооны данснуудаас 2015.01.16-нд хийсэн байна. Дүрмийн 1 дүгээр зүйлийн дагуу Нийгэмлэгийн хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, борлуулах, устгах болон хасах тухай шийдвэрийг Ерөнхий Хороо гаргадаг юм. Замын дарга Л.*******т тухайн байрыг үнэ төлбөргүй нөхцөлөөр шилжүүлэх баримтыг бэлтгэж Нийгэмлэгийн ерөнхий Хорооны ээлжит хуралдаанд танилцуулахыг Шалган байцаах комиссоос зөвлөж байна" гэж тодорхой дурдсан байх бөгөөд энэхүү тайланг Шалган байцаах комиссын гишүүд гүйцэтгэж, “УБТЗ” ХНН-ийн дарга, Эдийн засаг, санхүү эрхэлсэн дарга, Санхүү нягтлан бодох бүртгэлийн албаны дарга нар танилцан хүлээн зөвшөөрсөн болохоо илэрхийлж гарын үсэг зуран баталгаажуулсан байдаг. Контрактын гэрээний болон “УБТЗ” ХНН-ийн дотоод журамд заасан “тохилог, бие даасан” албаны орон сууцны нөхцөлийг хангасан гэж үзэн надад олгосон 1’484’253’000 төгрөгний үнэ бүхий Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн тойруу гудамж, 41/5 тоот хаягт байрлах 370 мкв талбайтай, Ү2206049413 дугаарт бүртгэлтэй орон сууцыг зөвхөн нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа газарт байрлалтай бус байна гэх шалтгаанаар Л.******* надад шилжүүлэн өгөх боломжгүй гэж шүүх эцэслэн дүгнэсэн тул Контрактын гэрээний үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 193-р зүйлийн 193.1-т “ Үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг гэрээний аль нэг тал буюу гуравдагч этгээд тодорхойлсон нь нөгөө талд буюу талуудад эргэлзээ төрүүлэхээр бол шударга ёсны зарчимд нийцүүлэн харилцан хүсэл зоригоо илэрхийлэх замаар шийдвэрлэнэ" гэж заасны дагуу мөнгөн дүнгээр тодорхойлон Контрактын гэрээний шаардлага хангасан орон сууцны анхны үнэлгээ буюу 1’484’253’000 /нэг тэрбум дөрвөн зуун наян дөрвөн сая хоёр зуун тавин гурван мянган/ төгрөгт Контрактын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор нэхэмжлэн ийнхүү шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.
Иймд Иргэний хуулийн 186-р зүйлийн 186.1-т “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заасны дагуу нийгэмлэгийн уйл ажиллагаа явуулж байгаа газарт байрлалтай бус байна гэх шалтгаанаар шилжүүлэх боломжгүй гэх Улсын бүртгэлийн Ү2206049413 дугаарт бүртгэлтэй орон сууцны үнэтэй дүйцүүлэн 1’484’253’000 /нэг тэрбум дөрвөн зуун наян дөрвөн сая хоёр зуун тавин гурван мянган/ төгрөгийг хариуцагч талаас гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Л.*******ын нэхэмжлэлтэй, ХНН*******-д холбогдох контрактын гэрээний 5.9-д зааснаар Контрактын гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзсан үйлдлийн хохиролд 1.484.253.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хамт шүүхэд гаргасан материалд контрактын гэрээний 5.9-д заасан маргааны зүйл болох орон сууцтай холбоотой асуудлыг 3 шатны шүүх эцэслэн шийдвэрлэж хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл Л.*******ын эзэмшиж байсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 41/5 тоотод байрлах 370 кв.м талбай бүхий орон сууцыг контрактын гэрээний 5.9-д заасан нөхцөлөөр олгогдсон орон сууц гэж үзэх боломжгүй. Контрактын гэрээнд албаны орон сууцны талаар тухайлан нөхцөл заасан бөгөөд энэ нь Нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа газарт байрлах байр гэж тодорхой заасан тухай Улсын дээд шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 01274 дугаар тогтоолд дурдаж, эцэслэн шийдвэрлэсэн. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах байрны үнэ ханш, Баянгол дүүргийн нутагт дэвсгэрт байрлах байрны үнэ эрс ялгаатай юм. Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ямар үндэслэлээр Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 41/5 тоотод байрлах 370 кв.м талбай бүхий орон сууцны үнээр дүйцүүлэн хохирол шаардаж байгаа, контрактын гэрээний 5.9-д заасан ажил олгогч хэрэгжүүлэх тохиолдолд яагаад 1.484.253.000 төгрөгийн үнэ бүхий сууцаар хангах ёстой талаар, мөн хохирол нь контрактын гэрээний 5.9-д заасантай хэрхэн холбогдож байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь ХНН*******-ын ТУЗ буюу ерөнхий хороотой контрактын гэрээ байгуулсан ба ХНН*******-ын даргатай контрактын гэрээ байгуулаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж тушаасан баримт, иргэний үнэмлэхний хуулбар, 0661 дугаартай итгэмжлэл, “УБТЗ" ХНН-ийн Ерөнхий хорооны 2014.12.12-ны өдрийн хуралдааны №5 дугаартай тэмдэглэлийн хуулбар, 2024.12.12-ны өдрийн контрактийн гэрээний хуулбар, “УБТЗ" ХНН-ийн Ерөнхий хорооны 2015.7.31 өдрийн хуралдааны №4 дугаартай протокол, 2025.07.31-ны өдрийн контрактын гэрээний хуулбар, “УБТЗ" ХНН-ийн Ерөнхий хорооны 2016.09.27 өдрийн хурлын №3 протоколын хуулбар, “УБТЗ" ХНН-ийн даргын 2016.10.07 өдрийн №10\1478 хүсэлтийн хуулбар, 2017.10.26 нд 10/1448 тоот нэхэмжпэлийн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.01.08 өдрийн 183/ШШ2018/00072 дугаартай шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.04.11 өдрийн 885 дугаартай Магадлалын хуулбар, Улсын дээд шүүхийн 2018.09.27 өдрийн 001/ХТ2018/01274 дугаартай тогтоолын хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.10 өдрийн 102/ШШ2019/02678 дугаартай шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.23 өдрийн 02 дугаартай Магадлалын хуулбар, Улсын дээд шүүхийн 2021.10.21 өдрийн 001/ХТ2021/01266 дугаартай тогтоолын хуулбар, “УБТЗ” ХНН-ийн Хууль зүйн албаны орлогч дарга И.Идэшийн 2022.12.21 өдрийн 10/78 дугаартай “Санал дугнэлт”-ийн хуулбар, “УБТЗ” ХНН-ийн 2021.3.2 өдрийн №10\2032 дугаартай албан бичгийн хуулбар, “УБТЗ" ХНН-ийн 2015 оны “Үйлдвэрлэл, санхүү-аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайлангийн хуулбар, нэхэмжлэгчийн товч танилцуулга, орон сууцны урсгал зардал төлж байсан баримт, “УБТЗ” ХНН-ийн 2023.02.13-ны өдрийн 10/501 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, “УБТЗ" ХНН-ийн Ерөнхий хорооны хурлын 2016.09.27-ны өдрийн №3 дугаартай протоколын хуулбар, Улсын дээд шүүхийн тамгын газрын 2023.03.09-ны 05/789 дугаартай даалгавар хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011.11.21-ны өдрийн 316 дугаартай ажлын хэсэг томилох тухай тушаалын хуулбар зэргийг ирүүлсэн байна.
Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрмийн хуулбар, 2025 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 10/2709 дугаартай итгэмжлэл зэрэг баримтыг ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч*******т холбогдуулан, контрактын гэрээний 5.9-д заасан үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор учирсан хохиролд 1.484.253.000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч*******т нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, тухай асуудлыг 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн гэж татгалзжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч*******тэй 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ын даргатай байгуулсан контракт гэрээг байгуулсан.(хавтаст хэргийн 13 – 14 дэх тал)
3.2. Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч*******тэй 2015 оны 07 дугаар сарын 31-ны өдөр “Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ын даргатай байгуулсан контракт гэрээг байгуулсан.(хавтаст хэргийн 20 – 25 дахь тал)
3.3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2018/00072 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 885 дугаартай Магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/01274 дугаар тогтоолоор Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн нэхэмжлэлтэй, Л.*******т холбогдох, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн гудамж, 51/5 тоотод байрлах 370 мкв талбайтай орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн гудамж, 51/5 тоотод байрлах 370 мкв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэсэн.(хавтаст хэргийн 30 – 47 дахь тал)
3.4. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/02678 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23 өдрийн 02 дугаартай Магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2021/01266 дугаар тогтоолоор Л.*******ын нэхэмжлэлтэй, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдох, 2015 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн контрактын гэрээний 5.9-д заасан үүргийн биелэлтийг хангахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэсэн. (хавтаст хэргийн 47 – 60 дахь тал)
3.5. Контрактын гэрээ байгуулагдсан эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээ цуцлагдсан эсэхэд зохигчид маргаангүй. Харин 2015 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн контрактын гэрээний 5.9-д заасны дагуу хохирол гаргуулах шаардлагын хувьд маргаантай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4. “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 885 дугаартай Магадлалаар “Л.******* нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээгээр замын даргаар ажиллаж байх үедээ нэхэмжлэгчийг төлөөлөн 1,484,253,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг захиалан бариулж, 2015 оны 08 дугаар сараас хойш амьдарч байсан” гэж дүгнэжээ.
Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/01274 дугаартай тогтоолоор “...Ажил олгогчоос ажилтанд ажил үүргээ гүйцэтгэх хугацаанд нь эзэмшүүлж байсан орон сууцыг Контрактад нэрлэн заасан орон сууц гэж үзэхгүй” гэж дүгнэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23 өдрийн 02 дугаартай Магадлалаар “Нэхэмжлэгч Л.******* нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн замын даргын албан тушаалд томилогдож, 2015 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 3 жилийн хугацаатай контрактын гэрээ байгуулан ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрээ цуцлагдсан, зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн” талаар дүгнэжээ. Зохигчид энэ талаар маргаангүй.
Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2021/01266 дугаартай тогтоолоор “зохигчдын хооронд контрактын гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, Контрактын гэрээний 5.9-д “....Контрактаар ажиллах хугацаанд Замын даргыг албаны орон сууцаар эсвэл амьдрах, тохилог бие даасан албаны сууцаар хангах ба /Нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж, оршин байгаа газар амьдрах, амрах таатай нөхцөл бүрдсэн/, контрактын хугацаа дуусгавар болоход замын даргад үнэ төлбөргүй шилжүүлнэ, 6.6-д Замын даргын буруутай үйлдэл /эс үйлдэл/-ээр бус Ерөнхий хорооны шийдвэрээр контрактын гэрээ цуцлагдсан тохиолдолд түүнд 5.1 дэх пунктээр 6 сарын хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг олгох ба контрактын 5.9 дэх пунктэд заасан албаны орон сууцыг өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус зааснаар хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Л.*******ыг контрактын гэрээгээр ажиллах хугацаанд албаны орон сууц, эсхүл албаны амьдрах тохилог бие даасан сууцаар хангахаар, контрактын хугацаа дуусгавар болоход замын даргад орон сууцыг үнэ төлбөргүйгээр шилжүүлэх үүрэг хүлээсэн байна” гэж дүгнэсэн.
5. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1. “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан.
Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/01274 дугаартай тогтоолд зааснаар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” нь Баянгол дүүргийн нутагт байрлаж, үйл ажиллагаа явуулдаг, маргаж буй орон сууц Хан-Уул дүүрэгт байршилтай” гэх үндэслэлээр ажил олгогчоос Л.*******т эзэмшүүлж байсан Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн тойруу гудамж. 41/5 тоот хаягт байрлах 370 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206049413 дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2021/01266 дугаартай тогтоолоор “нэхэмжлэгчийн шаардаж буй орон сууц нь ажил олгогчийн өмчлөлд бий эсэх нь тодорхойгүй байхын зэрэгцээ хариуцагч түүний шаардсан чанарын хэмжээнд шинээр орон сууц барьж өгөх агуулга бүхий нэхэмжлэл гаргасан байгаа нь контрактын гэрээний агуулга болоод албаны орон сууц эзэмшүүлэх тухай холбогдох хуулийн заалтад нийцэхгүй байна гэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй” гэж шийдвэрлэсэн зэргээс үзэхэд нэхэмжлэгч Л.******* нь контрактын гэрээний 5.9 дэх хэсэгт заасан үүргийг шаардаж, хариуцагч нь контрактын гэрээний 5.9-д заасан үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч Л.******* нь замын даргаар ажиллаж байх үедээ Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийг төлөөлөн 1,484,253,000 төгрөгийн үнэ бүхий, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн тойруу гудамж. 41/5 тоот хаягт байрлах 370 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206049413 дугаарт бүртгэлтэй орон сууцыг захиалан бариулсан, уг сууцанд 2015 оны 08 дугаар сараас хойш амьдарч байсан үйл баримт нь хариуцагчийг гэрээний 5.9-д заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.
6. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1. “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан.
Контрактын гэрээний 5.9-д заасан үүргийг хариуцагч биелүүлснээр контрактаар ажиллах хугацаанд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан сууцыг контрактын хугацаа дуусгавар болоход нэхэмжлэгчийн өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлэн, тэр хэмжээгээр нэхэмжлэгч Л.*******ын хөрөнгө нэмэгдэх ёстой байсан.
Гэвч хариуцагч нь Контрактын гэрээний 5.9-д заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Л.******* нь контрактын гэрээний хугацаанд эзэмшиж байсан орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авч чадаагүй тул тухай Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн тойруу гудамж. 41/5 тоот хаягт байрлах 370 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206049413 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 1,484,253,000 төгрөгөөр тооцож хохирол тооцон нэхэмжилсэн нь үндэслэлтэй.
Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь Хан-Уул дүүрэг, Баянгол дүүргийн нутагт дэвсгэрт байрлах орон сууцны үнэ ханш эрс ялгаатай гэж тайлбарлаж байх боловч уг үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс 1,484,253,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Л.*******т олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс 1,484,253,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Л.*******т олгосугай.
.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,579,215 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс 7,579,215 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР