Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/1321

 

 

 

 

 

    2025           11              25                                       2025/ДШМ/1321

 

Э.Н-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.М,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А,

шүүгдэгч Э.Н-ийн өмгөөлөгч Б.Ц, З.Б,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/2182 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А-ы гаргасан давж заалдах гомдлоор Э.Н-д холбогдох эрүүгийн ............................. дүгээр хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Э.Н нь 2023 оны 7 дугаар сарын 13-ны шөнийн 22 цаг 45 минутын орчим ...... дүүргийн ...... дугаар хороо, “......”-ын урд уулзвар дээр “..............” загварын ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж, мөн дүрмийн 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Э.Т-г мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Э.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-д шийтгэсэн зорчих эрхийг хязгаарлах 2 жилийн ялын хугацаанд өөрийн оршин суух бүртгэлтэй Хан-Уул дүүргээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, шүүгдэгч Э.Н-д шийтгэсэн 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан ялыг энэ өдрөөс буюу 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-оос хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А-д 49.415.294 /дөчин есөн сая дөрвөн зуун арван таван мянга хоёр зуун ерэн дөрөв/ төгрөг төлснийг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А сэтгэцийн хор уршигт учирсан хохирол болон бусад гарсан зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, эрүүгийн ...... дугаартай хэрэгт хураагдан ирүүлсэн Э.Н-ийн №..... дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газарт хүргүүлж, эрүүгийн ........ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хоёр ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Н энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А гомдолтой гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн шийдвэрт гомдолтой байна. Хохирогчид учирсан сэтгэцийн хор уршигт шинжээч томилуулах хүсэлт тээврийн прокурорын газарт өгсөн боловч татгалзаж шийдвэрлэсэн. Шүүхийн шатанд мөн адил хохирогчид учирсан сэтгэцийн хор уршигт шинжээч томилуулах хүсэлт өгсөн боловч татгалзан иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүл гэсэн тогтоол гаргасан. Үүний улмаас яллагдагч Э.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэн. Хохирогч миний бие хуулийн байгууллагад хүсэлт гаргасан боловч шинжээч томилж өгөөгүй байж яллагдагч Э.Н-ийг бусдад төлөх өр төлбөргүй, мөн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршигт төлбөр төлөхөө илэрхийлсэн гэж үзэн ялыг хөнгөн оноосон. Зөвхөн дайрч алсан хүнийхээ эмчилгээний зардал, оршуулгын зардлыг өгчихөөр хохирогч гомдолтой байх нь хамаагүйгээр ялыг хөнгөрүүлэн тооцсонд гомдолтой байна. Шүүгдэгч Э.Н-ийг шүүгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаад гомдолтой байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэм буруугүй, цагаатгагдах ёстой гэж прокурор болон шүүхийн шатанд маргалддаг. Мөн шүүгдэгч шүүх дээр ямар ч мэдүүлэг өгөөгүй. Буруутай гэдгээ илэрхийлээгүй. Ийм байхад яагаад шүүх шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэн ялыг хөнгөрүүлж тооцсонд гомдолтой байна. Шинжээчийг хэн томилж өгөх ёстой байсан бэ, яагаад тухайн үедээ томилж өгөөгүй вэ, одоо болохоор иргэний журмаар нэхэмжил гэж байна. Би Э.Н-той ямар нэг өглөг, авлагын зүйл байхгүй, сэтгэцэд учирсан хор уршиг Э.Н-ийн үйлдсэн эрүүгийн хэргээс улбаатай байхад яагаад шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй байгааг гайхаж байна. 49.000.000 төгрөг бол 10 гаруй хоног сэхээнд эмчлүүлсэн эмчилгээний төлбөр, оршуулгын зардал байсан. 2, 3 жил болж байхад би Э.Н руу хараал, хэрүүлийн чанартай зүйл хэлж байгаагүй. Би болон манай гэр бүл хуулийн дагуу хэргийг шударгаар шийдвэрлэж өгөх байх гэж бодож, 2 дахь жилдээ хүлээж байна. Анхан шатны шүүх “Э.Н-ийг гэм буруугаа ухамсарлаж байгаа учраас ялыг нь хөнгөрүүлж байна” гэж дүгнэсэн байсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчид прокурор, шүүхийн шатанд “Э.Н буруугүй, хэлмэгдсэн учраас цагаатгана” гэж оролцсон. Үүнийг нь ойлгохгүй байна. ...” гэв.

Шүүгдэгч Э.Н-ийн өмгөөлөгч З.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн осол явган зорчигчийн буруутай үйлдлээс болж гарсан болох нь хяналтын камерын бичлэгээр тогтоогдсон. Анхан шатны шүүх шийдвэрээ гаргасан. Э.Н давж заалдах гомдол гаргахгүй гэсэн учир бид гомдол гаргаагүй. Э.Н давж заалдах гомдол гаргаагүй учир нэмж хэлэх тайлбар алга. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Н-ийн өмгөөлөгч Б.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүх, прокурор хүсэлтийг хангаагүй, хүлээж аваагүй” гэж байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40, 41 дүгээр зүйлд “сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг шинжээчийн дүгнэлтээр тогтооно” гэж заасан. Хэргийг шийдвэрлэхэд шинжээчийн дүгнэлт авагдаагүй байсан учир иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Мөн “шүүгдэгчийн өмгөөлөгчид маргаж оролцож байсан” гэж байна. Миний үйлчлүүлэгч осол болсноос хойш талийгаачийн эмчилгээний зардлыг төлж байсан. Өөрөөр хэлбэл, Э.Н анхнаасаа хохирогчийн эмчилгээний зардлыг төлж, нас барахад нь оршуулгын зардлыг гаргаж, үйлдлээрээ гэм буруу дээрээ маргахгүй гэдгийг илэрхийлж байсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд хууль хэрэглээн дээр маргаж оролцсоныг Э.Н-ийг маргаж оролцсон гэж ойлгож болохгүй. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч “шүүхээс сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой хохирол, төлбөр гаргуулахаар шийдвэрлэвэл төлөхөд бэлэн” гэдгээ илэрхийлж оролцсон. Анхан шатны шүүх “Э.Н-ийг анх удаа, тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлж барагдуулсан” гэж үзсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 23.865.290 төгрөгийн хохирол учирсан байдаг бөгөөд Э.Н нийт 49.955.200 төгрөгийг төлсөн. Мөн цаашид гарах хохирол, төлбөрийг төлөхөө илэрхийлсэн. Анхан шатны шүүхийн эрүүгийн хариуцлага, сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой дүгнэлт үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/2182 дугаар шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр тус гэмт хэрэг үйлдэгдсэн. Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх, дүгнэлт гаргуулах тухай тогтоол 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гарч, 2023 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Тухайн хэрэгт хяналт тавьж байсан прокурор хууль хэрэгжихээс өмнө гарсан хэрэг гэж үзэн сэтгэцэд учирсан хор уршиг дээр зэрэглэл тогтоох дүгнэлт гаргуулаагүй байсан. Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалын дагуу хүний амь нас хохирсон хэрэг дээр сэтгэцэд учир хор уршгийг зэрэглэлийг хүснэгтээр гаргахгүйгээр хэргийг шууд шүүх рүү шилжүүлж байсан. Хэргийг шүүх рүү шилжүүлж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж, 2025 оны 9 дүгээр сард заавал шинжээчийн дүгнэлтийн дагуу хохирлыг тогтоож байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарахад сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоогоогүй байсан учраас иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг хууль буруу хэрэглэсэн, хохирогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А-ы гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Прокуророос Э.Н-ийг 2023 оны 7 дугаар сарын 13-ны шөнийн 22 цаг 45 минутын орчим ...... дүүргийн ..... дугаар хороо, “.....”-ын урд уулзвар дээр “.........” загварын ....улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж, мөн дүрмийн 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Э.Т-г мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Н-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч/гэр бүлийн гишүүн/-д учирсан хохирлын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Үүнд:

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэжээ.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт хуульд заасан тодорхой төрлийн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан бөгөөд энэхүү тушаалын 1 дүгээр хавсралтад:

“2.5. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д  заасны дагуу арилгана.” гэж тус тус гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах үндэслэл, журмыг зохицуулсан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэц, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” юм.

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байх шаардлагатай.

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “бусдын амь насанд” учруулсан гэм хорд ямар хохирлыг тооцох, түүнийг хэрхэн арилгах талаар мөн хуулийн 508 дугаар зүйлд тусгайлан тодорхой зохицуулсан байна.

Шүүх шинжилгээний тухай хууль 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шинэчлэн батлагдсан бөгөөд түүнд нийцүүлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам, мөн Монгол Улсын Дээд Шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг батлах тухай 25 дугаар тогтоолын “3.3-т “хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны  дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж тус тус хуульчилжээ.

Хэдийгээр шүүгдэгч Э.Н нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 49.415.294 /дөчин есөн сая дөрвөн зуун арван таван мянга хоёр зуун ерэн дөрөв/ төгрөгийг төлсөн боловч шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч амь насаа алдаж, хүнд хохирол, хор уршиг учирсан, энэхүү хэргийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа амь хохирогчийн төрсөн эх Ц.Э нь гэмт хэргийн улмаас тэрээр сэтгэлийн хямралд орсон, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд мөнгөн дүн нэхэмжилж байгаа талаар тайлбарлан мэдүүлсэн байхад сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөвтгөх үндэслэлгүй гэж үзэв.

Иймд сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хохирлыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж заасны дагуу нэг мөр тогтоох нь зүйтэй.

Эдгээр зохицуулалтуудыг нэгтгэн дүгнэвэл тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч/гэр бүлийн гишүүн/-ийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол аль зэрэглэлд хамаарах талаар шинжээч тогтоогоогүй, дүгнэлт гаргаагүй байхад анхан шатны шүүх энэ талаар орхигдуулан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн /гэр бүлийн гишүүн/-ийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, учирсан бол журамд зааснаар аль зэрэглэлд хамаарахыг тодорхойлох зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэсний эцэст хэргийн эцэслэн шийдвэрлэх нь хуульд нийцэх төдийгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч/гэр бүлийн гишүүн/-ийн сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг энэхүү эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх ашигт нийцнэ гэж үзсэн болно.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Э.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/2182 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А-ы гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсныг дурдсугай.

2. Шүүгдэгч Э.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                Т.ШИНЭБАЯР

                        ШҮҮГЧ                                                Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР