| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2408032511379 |
| Дугаар | 2025/ДШМ/1309 |
| Огноо | 2025-11-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 2025/ДШМ/1309
2025 11 19 2025/ДШМ/1309
Ч.Г-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Рэгзэдмаа,
цагаатгагдсан этгээд Ч.Г, түүний өмгөөлөгч Ч.Нямсүрэн,
хохирогч Б.Э,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/2097 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Рэгзэдмаагийн бичсэн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 48 дугаартай эсэргүүцэл, хохирогч Б.Э-ын гаргасан давж заалдах гомдлоор Ч.Г-д холбогдох 2408032511379 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ч.Г, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, 00 оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт 00 дүүргийн 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:000000000/,
Ч.Г нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өглөө 06 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны 81 болон 86 дугаар сургуулийн дунд байрлах сагсан бөмбөгийн талбай дээр бөмбөг шидээд тоглож байхдаа хамт ажилладаг Н.Е-г “цохисон” гэх шалтгаанаар хохирогч Б.Э-ын нүүр хэсэгт гараараа алгадаж, хамар ясны хугарал, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Ч.Г-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Ч.Г-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.
Прокурор Д.Рэгзэдмаа бичсэн эсэргүүцэл болон дүгнэлтдээ: “...Энэхүү шүүхийн шийдвэр нь хэргийн үйл баримтыг тал бүрээс нь хянаж үзсэний эцэст хууль зүйн дүгнэлт гаргах хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан нотлох баримтуудтай бодитой харьцуулалгүйгээр, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Шүүхээс шүүгдэгч Ч.Г-г 2024 оны 08 дугаар сарын 16-ны өглөө 06 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 81, 86 дугаар сургуулийн голд байх сагсны талбай дээр бөмбөг шидээд тоглож байхдаа хамт ажилладаг Н.Е-г “цохисон” гэх шалтгаанаар хохирогч Б.Э-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хохирогч Б.Э нь Ч.Г-гийн хоолойг боож, заамдсаныг өөрөөсөө гарыг салгах зорилгоор түүний нүүр хэсэгт гараараа алгадаж, хохирогч Б.Э-ын биед хамар ясны хугарал, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдож байна гэж дүгнэж, хохирогч Б.Е нь Н.Е-ийн биед баруун хэсэг рүү 3, 4 удаа цохиж довтлоход шүүгдэгч Ч.Г нь хамгаалж, мөн шүүгдэгчийн хоолойг боосон үйлдлийг таслан зогсоохоор хохирогчийн нүүр хэсэгт 1 удаа алгадсан үйлдлийг халдлага үйлдэгч этгээд рүү чиглэж буюу уг халдлагыг үргэлжлүүлэн хохирогчийг дахин зодсон, цохисон, өөр бусад үйлдэл хийгээгүй ба зогсоосон байх тул дээрх аргагүй хамгаалалт хууль ёсны байх шаардлагууд хангасан үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Тодруулбал Н.Е-г цохисон гэх шалтгаанаар маргасан, шүүгдэгч Ч.Г, Б.Э нар хоорондоо маргалдаж, улмаар харилцан бие биеийнхээ эрх чөлөөнд халдсан нөхцөл байдал тогтоогддог.
Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй”, мөн хуулийн 3 дахь хэсэгт заасан “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй.” гэж хуульчилсан бөгөөд гэрч Н.Е болон Ч.Г нарын мэдүүлгээр хохирогч Б.Э-ыг Н.Е-ийн гар луу 3, 4 удаа цохихыг харсан шүүгдэгч Ч.Г салгахаар дундуур орж хохирогч Б.Эыг сагсны талбайн хашаа руу түлхэхэд Б.Э нь Ч.Г-г заамдан авахад Ч.Г нь хохирогч Б.Э-ын заамдсан гарыг тавиулж, зөрүүлж заамдаад нүүр хэсэгт баруун гараараа цохисон үйл баримт тогтоогддог бөгөөд дээрх үйлдэл нь аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Тодруулбал хэрэг учрал болсон цаг хугацаанд хохирогч Б.Э, гэрч Н.Е, шүүгдэгч Ч.Г нар байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.Е-ээс 4 удаа, яллагдагч Ч.Г-гоос зөрчлийн холбогдогчоор 1 удаа, сэжигтнээр 1 удаа, яллагдагчаар 1 удаа мэдүүлэг авсан байдаг. Гэрч Н.Е нь зөрчлийн эрх бүхий албан тушаалтнаас авсан мэдүүлэгтээ “... намайг өмөөрөөд түлхээд, заамдаад та эгч рүү яагаад агсраад байгаа юм бэ гэж уурлаад нүүр лүү нь 1 удаа алгадсан...” гэж мэдүүлсэн, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Тухайн согтуу ах миний зүүн гарын мөр хэсэгт 3-4 удаа цохисон чинь Ч.Г хараад тухайн согтуу залууг сагсан бөмбөгийн талбай руу түлхсэн. Тэгсэн чинь тухайн согтуу Б.Э гэх залуу Ч.Г-г боогоод авсан чинь Ч.Г гараа саваад тухайн залуугийн боолтноос гарсан. Тэгэнгүүтээ араас нь тухайн согтуу залуугийн нүүр хэсэгт баруун гараараа 1 удаа цохисон. Тухайн үйлдлийн би яг хараад зогсож байсан...” гэх мэдүүлэг,
Ч.Г зөрчлийн эрх бүхий албан тушаалтнаас авсан мэдүүлэгтээ “...яагаад манай эгчийг цохиж байгаа, эмэгтэй хүнийг цохидог чи хэн бэ гэсэн чинь нөгөө согтуу ах 2 гараараа намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би заамдаж байгаа гарыг нь тавиулаад зөрүүлж би заамдаад сагсны талбайн торон хашаа руу түлхээд, баруун гараараа нүүрэн тус газар нь алгадсан...” гэж мэдүүлсэн,
2024 оны 09 дүгээр сарын 21-ний сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “... согтуу ах миний подволкоос зүүн гараараа заамдаад баруун гараараа цохих гэж зангасан. Тэгэхээр нь би заамдаад байгаа гарыг тавиулаад зөрүүлж заамдаад түлхээд баруун гараараа нүүрэн тус газар нэг удаа алгадсан...” гэх мэдүүлэг авагдсан байдаг.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Е-тэй шүүгдэгчийн ээж болон өмгөөлөгч Ч.Нямсүрэн нар уулзаж, шүүгдэгч Ч.Г-гийн үйлдэлд ашигтай байдлаар буюу “Ч.Г нь Б.Е-ыг цохисон гэж мэдүүлэг өгөхгүй алгадсан гээд мэдүүлэг өгчих, өөр бас Ч.Г надад сүүлд хэлэхдээ тухайн согтуу ах намайг боогоод нүд харанхуйлаад байхаар нь гараа савсан гэж хэлчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэрнийх нь дагуу мэдүүлэг өгсөн... Ч.Г зодоон дууссаны дараа миний хоолой боогдоод , төвөнх чихэгдээд амьсгал давчдаад, нүд харанхуйлаад байхаар нь өөрөөсөө салгах гээд гараа савсан гэж надад хэлж байгаагүй...” гэх мэдүүлэг зэргээр гэрчид нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогддог.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд хохирогч Б.Э Ч.Г-г заамдсан гарыг нь Ч.Г тавиулж, улмаар буцааж өөрөө Б.Э-ыг заамдаад арагш нь түлхсэний дараа нүүрэн тус газарт нь цохиж гэмтээсэн үйл баримт тогтоогдсон байна.
Энэ нь Б.Э Ч.Г-г заамдсан буюу түүн рүү довтолсон гэх довтолгооныг Ч.Г нь таслан зогсоосныхоо дараа өөрөө түүнийг заамдаж, арагш нь түлхэж нүүрэн тус газарт нь цохисон үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл Ч.Г-г заамдсан үйлдлийг Ч.Г өөрөө зогсоосон атлаа зөрүүлээд Б.Э-ыг заамдаж цохисон нь Эрүүгийн хуулийн 4.1-3-т заасан “...довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй...” гэсний дагуу гэмт хэрэгт тооцохоор байтал шүүхээс энэхүү нөхцөл байдлыг үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй байна.
Хэдийгээр энэ гэмт хэрэг нь хохирогч Б.Э-ын буруутай үйлдэл буюу гэрч Е-г гарыг цохисон, түүнийг өмөөрсөн Ч.Г-г заамдсанаас үүдэлтэй боловч, заамдсан гарыг нь тавиулсны дараа дахин довтлох буюу Ч.Г-гийн биед халдаагүй байхад зөрүүлж заамдаад цохисон үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзсэн нь хууль бус юм.
Мөн яллагдагч Ч.Г-гийн өмгөөлөгчөөс гэрчид нөлөөлөхөөр ятгасны дагуу гэрч мэдүүлэг өгсөн, шүүгдэгч Ч.Г-гийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт үндэслэн хэт нэг талыг барьж, улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн буюу хууль бус халдлага, довтолгоо эхэлсэн, төгссөн талаарх дүгнэлтийг тодорхой дурдахгүйгээр хэргийг цагаатгасан нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болгосон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийн талаар дүгнэлт хийж тайлбарлаагүй нь цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэл бүхий ойлгомжтой, тодорхой, ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Хэрэв бүхий л нотлох баримтыг шалгаж, үнэлсний эцэст шүүгдэгчийн гэм бурууд эргэлзээ төрвөл хэргийг түүнд ашигтайгаар шийдвэрлэх зарчимтай боловч ач холбогдол бүхий нотлох баримтууд шүүгдэгчийн мэдүүлэгтэй харилцан зөрүүтэй тохиолдолд аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар шүүхэд эргэлзээ төрсөн тохиолдолд улсын яллагчийн дүгнэлтийг бүхэлд нь няцаан үгүйсгэх ёстой. Гэтэл энэ талаар цагаатгах тогтоолд тодорхой дүгнэлт хийгээгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/2097 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Хохирогч Б.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэргийн шүүх хурал 2025 оны 09 сарын 05-ны өдөр 09 цагт анхан шатны шүүхэд товлогдсоны дагуу эхэлсэн бөгөөд миний бие тухайн үед Сэлэнгэ аймагт сүлжээгүй газар ажилтай явж байгаад 09 цаг 40 минутад шүүгчийн туслах Э.Хонгорзултай утсаар холбогдон онлайнаар шүүх хуралд оролцох хүсэлт гаргасан боловч, шүүх хурал эхэлж ирцээ авсан тул оролцуулах боломжгүй, шүүх хурлыг хойшлуулаад өгөөч гэхэд боломжгүй гэж утсаа салгасан. Улмаар би уг хэрэгт оролцож чадаагүй, хохирогчгүйгээр шүүх хурал явагдаж дууссан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1.1, 7.1.3,7.4.1 дүгээр зүйлд заасны дагуу хохирогч нь хохирлоо нотлох, хэрэгт оролцох, шүүх хуралдаанд биеэр оролцох эрхтэй, 35.3 дугаар зүйлд шүүх хуралдаанд оролцох этгээд гэж тодорхойлсон. Хохирогчийн эрхийг зөрчин шүүх хурал явуулсан гэж үзэж байна. Мөн Үндсэн хуулийн 16.14-д зааснаар: Хүн бүр өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо шүүхээр хамгаалуулах, шүүхийн өмнө тэгш байх мэтгэлцэх эрхтэй гэж заасан байтал шүүгч Б.Булгантамир нь мэтгэлцэх зарчмыг алдагдуулан нэг талын байр суурийг дангаар авч үзэж шүүгдэгч Ч.Г-д холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний бие холбогдогчийг боогоогүй байхад боосон гэж үзсэн. Үүний улмаас Ч.Г нь аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэн шийдвэрлэсэн байсан. Гэрч Н.Е-ийн мэдүүлэгт: Ч.Г-гийн ээж над дээр ирж уулзаад болсон зүйлийг тодруулж асуучхаад өмгөөлөгч нь намайг гэрчээр мэдүүлэг өгөхдөө Ч.Г нь Б.Э-ыг цохисон гэж мэдүүлэг өгөхгүй алгадсан гээд мэдүүлэг өгчих өөр бас Ч.Г надад сүүлд хэлэхдээ тухайн согтуу ах намайг боогоод нүд харанхуйлаад байхаар нь гараа савсан гэж хэлчих гэж хэлсэн тэгэхээр нь би тэрнийх нь дагуу цагдаагийн байгууллагад гэрчээр мэдүүлэг өгсөн...гэж худал мэдүүлэг өгсөн нь Эрүүгийн хэргийн хуулийн 21.2-р зүйлд зааснаар Худал мэдүүлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл өмгөөлөгч Ч.Нямсүрэн, гэрч Н.Е нар гаргасан байтал уг асуудлыг огт шалгаагүй. Мөн холбогдогч Ч.Г-г боогоогүй байхад боосон мэтээр гэрчийн худал мэдүүлгээр дүгнэсэн. Уг хэргийн улмаас миний хамрын таславч мурийж эмчилгээ хийлгэсэн. Мөн 3 сарын хугацаанд буюу 90 хоног хамрын хавдар буухгүй, биеийн хүчний ажил, хүнд юм өргөхийг эмнэлгийн байгууллагаас хориглосон тул ажил хийж чадаагүй. Хохирогч Б.Э-ын мэдүүлэг нь шүүгдэгчийг жигшсэн байдал, хохирлын хэмжээг өсгөн төлүүлэх сонирхолтой мэтээр хохирсон иргэнийг доромжлон шүүхийн тогтоолд дурдаж, шүүгдэгч болон гэрчийн худал мэдүүлгээр Ч.Г-д холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн. Иймд миний гаргасан гомдлыг хүлээн авч уг хэргийг хэлэлцэн үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Ч.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Ч.Г-гийн өмгөөлөгч Ч.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Э гэх хүн нь шөнийн цагаар айл хэсэж, архидан согтуурч явахдаа сагсны талбай дээр сагс тоглож байсан хүүхдүүд дээр очиж хэл амаар доромжилсон. Бөмбөгөө авах гээд явж байсан эмэгтэй хүүхдийн биед зүй бусаар халдсан. Эмэгтэй хүний биед зүй бусаар халдаж байгаа Б.Э гэх энэ хүнийг манай үйлчлүүлэгч Ч.Г хараад тухайн охиныг хамгаалах зорилгоор Б.Эын биед халдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Манай үйлчлүүлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхэлж бүх мэдүүлгээ үнэн зөв, тогтвортой мэдүүлсээр ирсэн. Хэрэв Ч.Г байгаагүй бол гэрчийн биед хохирол учрах байсан гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Хохирогчийн хувийн байдлын тухайд тэрээр цагдаагийн байгууллагад насаараа ажилласан, цагдаагийн хошууч цолтой хүн. Хохирогчийн цагдаагийн байгууллагад ажилласан байсан нь уг хэрэгт түүний талд давуу байдал үүсгэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Учир нь тухайн цаг хугацаанд гэрч охин Н.Е-ийн биед тодорхой хэмжээний хөнгөн бэртэл учирсан буюу зүүн талын гар нь 7-10 хоног хөдлөхгүй байсан. Тэрээр хохирогч Б.Э-ын эсрэг гомдол гаргасан боловч цагдаагийн байгуулага гомдлыг нь хүлээж аваагүй. Хэрэг шалгагдаж эхлээд 4 сарын хугацаа өнгөрч байхад хохирогчийн гэрч Н.Е-ийн биед гэмтэл учруулсан үйлдлийн талаар шалгаагүй байсан. Өмгөөлөгчийн зүгээс уг үйл баримт дээр гомдол гаргахад мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгэж хохирогчийн үйлдлийг зөрчлийн шинжтэй гэж үзэж шийдвэрлэсэн. Энэ хэрэг дээр прокурорын хяналт анхнаасаа дутуу, дулимаг тавигдсан гэж үзэж байгаа. Хохирогч нь гэрч Н.Е-г өдөж хоргоож, биед нь халдсан байхад шалгахгүй удсан нөхцөл байдлыг өмгөөлөгчийн зүгээс байх боломжгүй зүйл гэж үзэж уг хэрэг дээр 1 жил гарангийн хугацаанд холбогдох дээд шатны байгууллагад гомдол гаргаж явсны үндсэн дээр өнөөдөр хэрэг бодит байдалд нийцэж, шударгаар шийдвэрлэгдсэн гэж үзэж байна. Хэрэг гаргах болсон шалтгаан нөхцөл, хэргийн үйл баримтын талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад хангалттай авагдсан байгаа. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв хэрэглэж үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл, хохирогчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Прокуророос Ч.Гг 2024 оны 08 дугаар сарын 16-ны өглөө 06 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны 81 болон 86 дугаар сургуулийн дунд байрлах сагсан бөмбөгийн талбай дээр бөмбөг шидээд тоглож байхдаа хамт ажилладаг Н.Е-г “цохисон” гэх шалтгаанаар хохирогч Б.Э-ын нүүр хэсэгт гараараа алгадаж, хамар ясны хугарал, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
1. Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг эргэлзээ үүсгээгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцэх учиртай.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж “...Ч.Г-гийн үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжтэй байна. ...” гэж дүгнэн Ч.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан шийдвэр нь хууль ёсны байх шаардлагад нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Ч.Г нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өглөө 06 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд байрлах сагсан бөмбөгийн талбай дээр хамт ажилладаг Н.Е-эй хамт тоглож байхад хохирогч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай тэр хоёр дээр ирж “...ахдаа бөмбөгөө өгчих нэг шидчихье” гэж хэлэн бөмбөгөө шидэж улмаар Ч.Г-г бөмбөгнийхөө араас явсан хойгуур Н.Е-тэй маргалдаж, түүний баруун гарын мөр хэсэгт цохиж байхыг харсан Ч.Г нь гүйж ирэн салгах явцад хохирогч Б.Э нь Ч.Г-г заамдаж улмаар түүний хоолойноос боох явцад Ч.Г нь хохирогч Б.Э-ын нүүр хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.
Анхан шатны шүүх Ч.Г-гийн дээрх үйлдлийг дүгнэхдээ гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн нөхцөл байдал, шалтгаан, уг шалтгааны улмаас хийгдсэн хариу үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан “Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал”-тай уялдуулан эрх зүйн зөв дүгнэлт хийсэн байна.
Хохирогчийн согтуурсан үедээ гаргасан санаатай зүй бус, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хариу үйлдэл хийх зайлшгүй нөхцөл байдал тулгарсан эсэх, улмаар хохирогчид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хохирол учирсан тохиолдол зэрэгт хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг харьцуулан судалж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.
Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, эрх чөлөөнд халдаж, өдөөн турхирч буй хохирогчийн зүй бус халдлагыг хохирогч гэмтсэн учраас гэх шалтгаанаар зөвтгөж болохгүй бөгөөд хохирогчийн энэхүү үйлдлийн эсрэг хамгаалалт хийх эрхийг хуулиар иргэн бүрт зөвшөөрсөн байдаг.
Хохирогч Б.Э нь гэмт хэрэг гарсан цаг хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд Н.Е, Ч.Г нарыг хамт тоглож байхад “...ахдаа бөмбөгөө өгчих нэг шидчихье” гэж хэлэн бөмбөгөө шидэж, улмаар Ч.Г-г бөмбөгнийхөө араас явсан хойгуур Н.Е-тэй маргалдаж, түүний баруун гарын мөр хэсэгт цохиж байхыг харсан Ч.Г нь гүйж ирэн салгах явцад хохирогч Б.Э нь Ч.Г-г заамдаж түүний эрх, эрх чөлөөнд халдаж хоолойг нь бооход Ч.Г нь уг довтолгооноос өөрийгөө хамгаалж хариу довтолгоон хийж хөнгөн гэмтэл учруулсан байна.
Хэрэгт: гэрч Н.Е /хэрэг гарах үед Ч.Г-той хамт сагс тоглож байсан эмэгтэй/ : “...Ч.Г /цагаатгагдсан этгээд/ бид 2 сагс тоглож байтал согтуу эрэгтэй /хохирогч Б.Э/ хүн ирээд “ганц шидчихье” гэхээр нь бөмбөгөө өгсөн. ..Тэгээд оруулахгүй байсан уурандаа бид 2-луу уурлаад байсан. ...Тэгээд “ахаа та гэр орондоо хариад унтаж амар” гэж хэлсэн чинь нөгөө ах /хохирогч Б.Э/ над руу дөхөж ирээд миний зүүн гарны мөр хэсэг рүү 3-4 удаа алгадсан. ...” гэх мэдүүлэг /1хх 36-38/,
гэрч Э.Е дахин: “...Ч.Г бид 2-ыг сагс тоглож байхад согтуу ах ирээд “ах нь нэг шидье” гээд бөмбөг шидээд самбараа онохгүй болохоор нь бид 2 уурлаад байсан. ..Тэгэхээр нь би согтуу ахад хандаад “ахаа та согтуу байна гэр орондоо очоод амар” гэж хэлсэн. ..Тэгсэн чинь нөгөө согтуу ах зүүн гараараа миний баруун гарыг бариад “чи миний юу хийхийг заадаг хэн бэ” гээд хэл амаар доромжлоод гар сэгсрээд байсан. ...Тэгэхээр нь би “та яагаад намайг сэгсрээд байгаа юм бэ” гээд жаахан түлхсэн чинь “чи намайг түлхлээ” гээд нөгөө согтуу ах зүүн гараараа миний баруун гарын мөр хэсэг рүү 4-5 удаа чанга цохисон. ...Тэгээд намайг цохиж байхыг хараад Ч.Г гүйж ирээд тэр ахыг хашаа руу түлхсэн чинь Ч.Г-г боогоод авсан. ...Тэгсэн чинь Ч.Г нөгөө согтуу ахын шанаа хэсэг рүү гараа саваад цохисон чинь нөгөө ах цаашаагаа гуйваад явсан. ...Миний баруун гарны мөрний хэсэгт хөхрөл үүссэн. ...” гэх мэдүүлэг /1хх 99-101/,
Ч.Г яллагдагчаар: “...Тухайн ах Е-гийн гарыг барьж байгаад баруун гараараа зүүн гар руу нь гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохиж байхаар нь яваад очтол тухайн ах намайг заамдаад авсан. ..Заамдуулах үед миний хоолой боогдоод амьсгал давчдаад түвэнх чихэгдээд нүд харанхуйлаад эхлэхээр нь би баруун гараа саваад өөрөөсөө холдуулах зорилгоор нүүр хэсэгт нь 1 удаа алгадсан. ..Би гарцаагүй байдалд байсан болохоор ийм үйлдэл хийсэн. ..Тухайн үед Е-ийн гар хөхөрсөн, миний хүзүү зулгарсан байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 90-92, шүүх хуралдааны тэмдэглэл 2хх 35,/ авагдсан байна.
Өөрөөр хэлбэл, Ч.Г нь Б.Э-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах болсон гол хүчин зүйл, шалтаг шалтгаан нь шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан “Халдашгүй чөлөөтэй байх эрх”-ийг ноцтойгоор зөрчиж халдсан зүй бус үйлдэл бөгөөд энэхүү үйлдлээс хамгаалж хариу үйлдэл хийхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хохирол учруулсан нь “Аргагүй хамгаалалт” хийх эрхэд хамаарч байх тул Ч.Г-д холбогдох хэргийг “Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэлээ.
3. Түүнчлэн, хохирогчийн гомдолдоо дурдсан “намайг оролцуулахгүйгээр шүүх хурлыг явуулсан” гэх асуудлыг хувьд; Анхан шатны шүүхээс 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Ч.Г-д холбогдох хэргийн шүүх хуралдаан 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 09 цаг 00 минутад тус шүүхийн шүүх хуралдааны танхимд болохыг прокурор, шүүгдэгч, хохирогч бусад оролцогч нарт мэдэгдсэн байна.
Хэргийн оролцогч нарт хуульд заасан хугацааны дотор шүүх хуралдааны товыг мэдэгдсэн /2хх 28/ байх ба хохирогч товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй нь түүний эрхийг хасаж хязгаарласан үндэслэлд хамаарахгүй тул энэ талаар гаргасан түүний гомдол хууль зүйн үндэслэлгүй.
4. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/2097 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Д.Рэгзэдмаагийн “цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцэл”, хохирогч Б.Э-ын “цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэх гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/2097 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Д.Рэгзэдмаагийн бичсэн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 48 дугаартай эсэргүүцэл, хохирогч Б.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ