Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2020/00849

 

 

 

 

 

Н.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/00471 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Бгийн хариуцагч ДСХХК-д холбогдуулан гаргасан гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах, 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сэрдамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Цахим хуудсанд тавигдсан зарын дагуу ......авто сэлбэгийн худалдааны төвийн 5 давхарын 2 тоот павильонд олон үндэстний хоол хийх үйлчилгээ явуулах зорилгоор ДСХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ажлын байр түрээслэх 17 тоот гэрээг байгуулсан. Гэрээний 1.1-д заасны дагуу 1 сарын түрээсийн төлбөр 2 500 000 төгрөг, 3.4-т түрээслэгч нь түрээсийн барьцаа 5 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр өгөх ба гэрээ дуусгавар болоход түрээсийн байр, эд хөрөнгө, тоног төхөөрөмжид ямар нэгэн эвдрэл, гэмтэл хохирол учраагүй, түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн нөхцөлд буцаан авахаар харилцан тохиролцсон. Барьцаа 5 000 000 төгрөгийг гэрээ байгуулахаас 10 хоногийн өмнө Б.НХаан банк дахь ___ тоот дансанд шилжүүлж гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлсэн. Гэтэл завсар хийж байгаа шалтгаанаар түрээсийн зүйлийг хүлээлгэж өгөөгүй, олон үндэстний хоол хийх үйлчилгээ явуулах боломж олгоогүй олон хоног сар хүлээлгэж эрх ашгийг зөрчиж хохироосон. Түрээслүүлэгч нь гэрээний 2.5-д заасан гэрээний үүргээ огт биелүүлээгүй гэм буруутай тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 294 дүгээр зүйлийн 294.2.1-д заасны дагуу гэрээг дуусгавар болгох үндэслэлтэй. Гэрээний 3.4 дэх заалтад Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан барьцааны гэрээний заалт орсон нь түрээсийн гэрээний үндсэн зорилгыг зөрчиж хийсэн. Гэрээний баруун дээд өнцөгт батлав ДСХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н гэсэн, түрээслүүлэгч дээр дарсан тамга ЖИДБ ХХК байгаа нь ойлгомжгүй, өөр компанийн тамга дарж баталгаажуулсан тул гэрээ хууль бус байна. Гэрээний 3.4 дэх заалт нь түрээслэгчийн эрхийг хязгаарласан, хориглосон төдийгүй 2 500 000 төгрөгийг ямар хуулийн заалтыг үндэслэн түрээслэгчээр төлүүлэх гэж байгаа нь тодорхойгүй. ДСХХК нь хоолны үйл ажиллагаа хийх эрхгүй, түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, барилгын өмчлөгч бүртгэгдээгүй. Иймд түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцож, 5 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: ...зах засан сайжруулалт хийж байсан нь үнэн. Гэхдээ 6 сарын дундуур үйл ажилагаагаа эхэлж, түрээслэгч нар үйл ажиллагаа явуулаад эхэлсэн байсан. Гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгчид ...захын нарийн бичиг хэд хэдэн удаа залгаж үйл ажиллагаагаа эхлэх боломжтойг хэлсэн. Олон үндэстний зоог нь тус тусдаа онгорхой павильонууд учраас манайхаас түлхүүр гардуулах зүйл байхгүй. Нэхэмжлэгчид ямар нэгэн байдлаар үйл ажиллагаагаа эхлүүлэхэд нь саад учруулаагүй. Талуудын хооронд байгуулагдсан ажлын байр түрээслэх гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байна. гэрээний дагуу харилцан тохиролцсон 5 000 000 төгрөгийг барьцаанд шилжүүлснээр гэрээ хэрэгжиж эхэлсэн. Гэрээ байгуулснаас хойш түрээслэгч өөрөө ажиллах боломжтой байсан. Павильонуудыг лацдаж, цоожлоогүй, задгай байсан. Түрээслэгч доод лангуунууд үйлчлүүлэгчидтэй болохоор эхлүүлнэ гэсэн тайлбар хэлсэн байдаг. Түрээсийн гэрээг бүртгүүлээгүй нь үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь түрээслээгүй, хэсгийг нь түрээслэсэн тул хүчин төгөлдөр бус гэх үндэслэлгүй. Барьцаа гэдэг нь үүргийн гүйцэтгэл хангаагүй тохиолдолд түрээслүүлэгч өөрийгөө эрсдлээс хамгаалах заалт учраас оруулсан. Түрээслэгч ямар шалтгаанаар ажлын байранд үйл ажиллагаа явуулаагүй нь түрээслүүлэгчээс хамаарахгүй, ажлын байрандаа ороогүйд түрээслүүлэгчийн буруу байхгүй. Доод лангууны түрээслэгч нар бага, одоо үйл ажиллагаа явуулбал ашиг орлого бага гээд ороогүйг үгүйсгэхгүй, өөрсдөө үйл ажиллагаагаа явуулаагүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ажлын байр түрээслэх тухай 17 тоот гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, /РД:............/ ДСХХК-аас 5 000 000 төгрөг гаргуулан, ............ овогтой Н.Б/РД:.................../ олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 165 150 төгрөгийг улсын орлогод үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 165 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одончимэгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Хариуцагч ДСХХК-ийн зүгээс түрээслэгчид ажлын байрандаа үйл ажиллагаа явуулахыг удаа дараа утсаар шаардаж байсан боловч тэрээр түрээсийн байранд үйл ажиллагаа явуулаагүй, хэрэв түрээслэгч түрээсийн гэрээг цааш үргэлжлүүлэхгүй, гэрээ дуусгавар болж байгаа тухайгаа хариуцагч талд эрт мэдэгдсэн бол түрээслүүлэгч өөр түрээслэгч оруулах байсан. Гэтэл бусад давхарт хийж байсан засварыг далимдуулан түрээсийн гэрээг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй тул гэрээг цуцална гэх түрээслэгчийн тайлбар үндэслэлгүй. Шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд тухайн обьектын ажлын байрууд одоогоор бүрэн түрээслэгдэж дуусаагүй тул гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлэх боломжгүй юм. /5 давхар барилгын бүх түрээслэгч нар бүрдээгүй байгаа./ Мөн шүүх хуралдааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас ирүүлсэн нотлох баримттай холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасан нөхцөл байдал үүссэн бөгөөд шүүхийг энэхүү эрхээ эдлэх талаар хүсэлт гаргасан боловч, хариуцагчийн хүсэлтийг харгалзан үзээгүй. Иймд хэргийг бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч ДСХХК-д холбогдуулан гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах, барьцаа 5 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, шаардлагын үндэслэлээ ДСХХК түрээсийн зүйлийг хүлээлгэж өгөөгүй, үйл ажиллагаа явуулах боломжоор хангаагүй, хоолны үйл ажиллагаа явуулах эрхгүй .., гэж тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж барьцаанд өгсөн 5 000 000 төгрөг төгрөгөө буцаан гаргуулах агуулгатай байна.

Хэргийн 6-8 дугаар талд талуудын хооронд 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч ДСХХК-ийн ....................Нарны зам ...авто сэлбэгийн худалдааны төвийн 5 давхрын 2 тоот павилоныг олон үндэсний хоолны зориулалтаар 6 сарын хугацаатай түрээслэх, түрээсийн төлбөрт сар тутам 2 500 000 төгрөг төлөх, гэрээ байгуулсан өдөр барьцаа 5 000 000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцсон гэрээ, мөн нэхэмжлэгчээс барьцаанд 5 000 000 төгрөг төлсөн баримт байна. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв болжээ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Түрээсийн гэрээний 2.5-д түрээслүүлэгч нь түрээслэгчтэй тохиролцож энэхүү гэрээг байгуулмагц түрээслэгчид ажил үйлчилгээ явуулах талбай, хариуцах эд хөрөнгө, тоног төхөөрөмж, тавилгыг гэрээний хавсралт №1-ийн дагуу актаар хүлээлгэн өгч 2 тал гарын үсэг зурж батламжилна гэж заасан боловч хариуцагч тал гэрээнд заасан хугацаанд гэрээний зүйлийг хүлээлгэн өгөөгүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заажээ.

Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь бус тодорхой хэсгийн талбайг түрээсэлсэн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй тул нэхэмжлэгчийн түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус гэх тайлбар үндэслэлгүй, энэ талаар шүүх үндэслэл муутай дүгнэлт хийсэн байна.

Нэхэмжлэгчийн гэрээний зүйлийг засвар хийж байгаа шалтгаанаар өгөхгүй олон сар, хоногоор хүлээлгэсэн гэх тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах, гэрээний гүйцэтгэлийг харилцан буцаах эрхтэй байна.

Иймд хариуцагчаас 5 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/00471 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч /РД:................./ ДСХХК-аас 5 000 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч .............. овогтой Н.Б/РД:...................../ олгож гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165 150 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Т.ТУЯА

А.МӨНХЗУЛ