| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2018/0217/Э |
| Дугаар | 244 |
| Огноо | 2018-04-06 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэбат, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 244
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч Т.Эрдэнэбат,
Шүүгдэгч Ж.Б/өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Батбаярт холбогдох эрүүгийн 1811006490234 дугаартай хэргийг 2018 оны 4 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Алаг адуун овогт Жаргалсайханы Батбаяр, 1989 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 9-122 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:ГМ89100710/
Шүүгдэгч Ж.Бнь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
2017 оны 8 дугаар сард иргэн У.Болорчулууныг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эцэг Н.Улаанхүүг нь В,С ангилалтай жолооч болгож өгнө, мөн түүний ADEM ангилалыг даруулж өгнө гэж 1.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ж.Бнь 2017 оны 8 дугаар сард хохирогч У.Болорчулуунд ”танай аавын В, С ангилалтай үнэмлэхийг 500.000 төгрөгөөргаргаж өгье, чиний A, D, E, M ангилалыг 500.000 төгрөгөөр даруулж өгье” гэж хуурч нийт 1.000.000 төгрөгийг эхнэр Б.Анужингийн Хаан банкны 5063355320 дугаартай дансаар өөрөө авч залилсан болох нь:
Хохирогч У.Болорчулууны /хх-17-20/: “..Манай аав Улаанхүүтэй Батбаяр уулзаад би таныг жолооны курсд суулгахгүйгээр В, С ангилалтай үнэмлэх гаргаад өгье гэж хэлсэн байсан, тэгээд манай аав болдог юм бол гаргаад өгөөч гээд над руу залгаад чи яг яадаг гээд байгаан гээд асуухад, одоо ингээд жолооны курсийн шалгалт эхлэж байгаа юм, энэ дунд оруулаад аавыг чинь В,С ангилалтай жолооч болгоход 500.000 төгрөг чиний ADEM ангилалыг даруулахад 500.000 төгрөг болдог юм гэж хэлэхээр нь би итгээд 1.000.000 төгрөгийг өөрийнх нь өгсөн одоо сайн санахгүй байна Анужин гэх эзэмшигчтэй данс руу нь шилжүүлж өгсөн. Надад хэлэхдээ 2017 оны 09 дүгээр сарын 01-нээс өмнө гаргаж өгнө гэж хэлсэн. Тэгээд л ангилал юу болсон бэ гэж Батбаяраас асуухад би яг одоо ангилалыг чинь даруулах гэж байна, нөгөө хүнтэйгээ уулзаад байж байна гэж хэлдэг байж байгаад 2017 оны 10 сар гарснаас хойш утсаа авахгүй болсон, тэгээд явж байгаад хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын сүүлээр утсаар холбогдоод би хөдөө Таван толгойд машин барьдаг ажил хийж байгаа цалингаа буухаар мөнгийг чинь цагаан сарын өмнө өгье нөгөө ангилал дарж өгөх хүн чинь байхгүй Солонгос улс явсан, би тэр хүнд хулхидуулсан гэж хэлэхээр нь итгээд цагдаагийн байгууллагад хандаагүй байж байгаад одоог хүртэл сураггүй болсон..” гэсэн мэдүүлэг,
Гэрч Н.Улаанхүүгийн /хх-16/: “..Ж.Батбаярыг барилга дээр ажиллаж байхад нь би тухайн үед жолооны курсд сурах гэж хөөцөлдөж явж байгаад бүтэхээ больсон. Тэгээд байж байхад Ж.Бби таньд В,С ангилалтай жолооны үнэмлэх гаргуулаад өгөх үү гэхээр нь тэгээч гээд хүү Болорчулуунд учир байдлыг нь Ж.Батбаяраар дамжуулан хэлсэн. Тэгээд төлбөр болох 500.000 төгрөгийг хүү Болорчулуун Батбаярт гаргаж өгсөн..” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Анужингийн /хх-29-31/: “..Дээрх данс /5063355320/ нь Хаан банкинд миний нэр дээр нээсэн данс байгаа юм. Миний нөхөр Батбаяр миний энэ дансыг эзэмшиж ашигладаг юм. Дансны гүйлгээ нь миний гар утастай холбогдоогүй. Мессеж ирдэггүй,,” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ж.Батбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-37-39/ ..У.Болорчулууны аав өөр нэг хүнээр жолооны ангилалтай үнэмлэх гаргуулах гээд бичиг баримт хөөцөлдөөд нөгөөх нь бүтэхгүй хойшлогдоод байна гэж ярьж байхад нь би тэгвэл надад таньдаг хүн байгаа би тэр хүнээрээ таны В, С ангилалын жолооны үнэмлэх гаргаад өгөх үү гэж хэлсэн чинь тэгж болох юмуу, чи тэгвэл Болорчулуунд хэлээд өгөөч гэж байсан юм. Болорчулуун надад хурдан гаргаад өгчихөөрэй гэж хэлээд надад 500.000 төгрөгийг манай эхнэрийн 5063355320 дугаарын данс руу хийлгээд тэгээд аавынх нь жолооны үнэмлэх гаргана гэж 500.000 төгрөг авахаас өмнө хэд хоногийн өмнө өөрийнх нь жолооны үнэмлэхийг дарагдаагүй ангилалыг дарж өгнө гэж хэлээд 500.000 төгрөгийг мөн адил эхнэр Анужингийн дансаар дамжуулж авсан байсан юм. Надад ингэж жолооны үнэмлэх гаргадаг болон ангилал гаргадаг хүн байхгүй. Би Болорчулууны хохирлыг барагдуулсан..” гэсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч Ж.Батбаярын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-41/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-44/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43/, хохирогчийн гомдол саналгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-54/ зэрэг мөрдөн шалгах ажиллааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ж.Батбаярыг хуурч, бусдын эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Батбаяраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Ж.Батбаярыг “хуурч бусдын эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Ж.Бнь хохирогч У.Болорчулуунд учруулсан 1.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогчоос нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Бнь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Алаг адуун овогт Жаргалсайханы Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч бусдын эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Батбаярыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Батбаярт оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Бнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Ж.Бнь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Батбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Батбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР