Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2025/ДШМ/1376

 

2025           12           04                                                                                         2025/ДШМ/1376

 

 

                    Т.А-, Д.Б- нарт холбогдох

                                   эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ж.Бат-Эрдэнэ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЗ/5786 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч Т.Э-, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэбулган нарын хамтарч гаргасан давж заалдах гомдлоор Т.А-, Д.Б- нарт холбогдох эрүүгийн 2508 00756 0349 дүгээр хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. С- овогт Т-ын А-, ..........,

урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 296 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 834 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 839 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ял эдэлж дуусаад суллагдсан /РД:Т-/,

 

2. Б- овогт Д-ын Б-, .........,

урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 467 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 140 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 538 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн /РД:Д-/.

 

Т.А-, Д.Б- нар нь бүлэглэн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Д-" нэртэй бааранд хохирогч Т.Э-ыг тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, биед нь зүүн нүдний алим, зовхи, хамрын нуруу, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Т.А-, Д.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудад дүгнэлт хийхэд яллагдагч Д.Б- хохирогч Т.Э-тай ноцолдож байх үед /камерын дүрс бичлэгт авагдсанаар/ түүний эрүүл мэндэд хохирол учирсан байж болзошгүй байх тул энэ талаарх мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийх нь иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ гэж шүүх дүгнэлээ. Шүүхээс хэргийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаасантай холбогдуулан 1) ЕГ0725/4583 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Б.Баяртогтохоос гүйцэд бус бороолсон далд хугарал гэдэг нь эдгэрсэн эсхүл бүрэн эдгэрээгүй гэх ойлголтын аль нь болох хэрэв дээрх тодорхойлолт нь бүрэн бус эдгэрсэн гэх агуулгатай бол хүний хавирга хугараад эдгэхэд хэдий хугацаа шаарддаг талаар тодруулах, 2) “Д-” нэртэй цэнгээний газраас 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч, яллагдагч нарын хоорондын маргааны бүтэн бичлэгийг гаргуулж хавтаст хэрэгт бэхжүүлэх, 3) яллагдагч Д.Б-гийн эрх ашиг зөрчигдсөн эсэх талаар мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийх шүүхэд ирүүлэх нь хэргийн бодит байдалд нийцнэ гэж шүүх дүгнэж, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч С- овгийн Т-ын А-, Б- овгийн Д-ын Б- нарт холбогдох эрүүгийн 2508007560349 дугаартай хэргийг прокурорт буцааж, яллагдагч С- овгийн Т-ын А-, Б- овгийн Д-ын Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр хэрэглэж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Т.Э-, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэбулган нар давж заалдах гомдолдоо “...Яллагдагч Т.А-, Д.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хуралдаж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн талаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас хэргийн талаар лавлах үедээ мэдээд энэхүү гомдлыг гаргаж байна. ...Т.Э- болон өмгөөлөгч надад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болох талаар огт мэдэгдээгүй, оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйл /Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх/-ийн 9-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ” гэж заасан хэдий ч бидэнд ямар нэг байдлаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдээгүй билээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйл /Хохирогчийн эрх/-ийн 1-д "Хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах эрхтэй", 1.4-т "...шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг...-т оролцох” гэж, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1-д "...хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ. Хэргийн оролцогчийн хуульд заасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд оролцох, өөрийн байр суурийг илэрхийлэх эрхүүдийг эдлүүлээгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 5786 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү....” гэжээ.

 

Прокурор Ж.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс яллагдагч Д.Б-г энэ хэргийн хохирогч байх боломжтой нөхцөл байдал хэргийн үйл баримтаас харагдаж байна гэж үзээд хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан. Уг хэрэгт анх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шалгахад хохирогч Т.Э-ын биед гэмтлийн зэрэг тогтоогдож зөрчлийн материалыг Эрүүгийн цагдаагийн алба руу шилжүүлэн мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн. Хэрэг шалгагдаж байх хугацаанд Д.Б-гаас дээрх асуудлын хүрээнд шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Прокуророос хүсэлтийг хүлээн авч шинжээч томилж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Шинжээчийн дүгнэлтэд “ Д.Б- нь 5 дугаар хавирганы бороолсон хугаралтай байна. Гэвч уг гэмтлийг хэзээ учирсан болохыг тогтоох боломжгүй байна...” гэж тусгасан байсан. Прокурорын зүгээс Д.Б-д шинжээчийн дүгнэлтийг тайлбарлаж өгсөн. Тодруулбал, таны биед учирсан гэмтлийг хэзээ учирсан болохыг тогтоох боломжгүй учир хохирогч Т.Э-ыг таны биед гэмтэл учруулсан гэж үзэж Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах боломжгүй гэж тайлбарласан байдаг. Яллагдагч Д.Б- мөн “хяналтын камерын бичлэгийг тастаж авсан” байна гэх асуудлаар гомдол гаргадаг. Уг асуудал дээр прокурорын зүгээс мөн тайлбар өгсөн энэ талаар баримт хавтаст хэрэгт хавсаргагдсан байгаа. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд хохирогч Т.Э-ыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг миний зүгээс тавьсан. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хэлэлцэгдсэн өдөр хохирогч шүүх хуралдаанд ирээгүй шүүхээс “хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул шүүх хуралдааныг үргэлжлүүлнэ” гэж дурдаж шүүх хуралдаан үргэлжилсэн. Прокурорын зүгээс дээрх нөхцөл байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дахь заалтад заасан “...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ. Прокурор, оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах үндэслэл болохгүй...” гэх заалтыг зөрчсөн байна гэж харж байгаа. Тухайн камерын бичлэгтэй холбоотой яллагдагч Д.Б- болон түүний өмгөөлөгчөөс Цагдаагийн ерөнхий газарт гомдол гаргасан боловч уг хэрэгт хяналт тавьж байсан мөрдөгчийг ажлаасаа гарсан гэх хариуг өгсөн байдаг. Гэвч тухайн мөрдөгч нь ажлаа гараагүй Эрүүгийн цагдаагийн албанд ахлах мөрдөгчөөр томилогдсон нөхцөл байдал тогтоогдсон. Хяналтын камерын бичлэгийг үзвэл дүрс орж ирсэн хэсгээс тастсан байх боломжтой нөхцөл байдал харагддаг. Мөн бичлэгт хохирогч Т.Э- нь яллагдагч Д.Б-г доороо хийгээд дарсан дүрс бичигдсэн байсан. Прокурорын зүгээс уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч нар нь хэрэгт ач холбогдолтой хэсгийг бэхжүүлж авсан байх боломжтой гэж үзэж байна. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан дээр яллагдагч нарын өмгөөлөгч нарын зүгээс камерын бичлэгийг тастаж авсан, хэргийг дахин шалгуулах шаардлагатай байх гэж хүсэлт гаргасан шүүхээс яллагдагч нарын өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авч хэргийг прокурорт буцаасан. Өнөөдрийн шүүх хуралдаан хохирогч болон түүний өмгөөлөгч нарын гомдлоор хэлэлцэгдэж байна. Прокурорын зүгээс хохирогчийн талын давж заалдах шатны гомдлыг үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Т.А-, Д.Б- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Т.А-, Д.Б- нарыг бүлэглэн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Д-" нэртэй бааранд хохирогч Т.Э-ыг тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, биед нь зүүн нүдний алим, зовхи, хамрын нуруу, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хэлэлцээд “...яллагдагч Д.Б- хохирогч Т.Э-тай ноцолдож байх үед /камерын дүрс бичлэгт авагдсанаар/ түүний эрүүл мэндэд хохирол учирсан байж болзошгүй байх тул энэ талаарх мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийх нь иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх тухай эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ гэж шүүх дүгнэлээ. Шүүхээс хэргийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаасантай холбогдуулан,

1) ЕГ0725/4583 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Б.Баяртогтохоос гүйцэд бус бороолсон далд хугарал гэдэг нь эдгэрсэн эсхүл бүрэн эдгэрээгүй гэх ойлголтын аль нь болох хэрэв дээрх тодорхойлолт нь бүрэн бус эдгэрсэн гэх агуулгатай бол хүний хавирга хугараад эдгэхэд хэдий хугацаа шаарддаг талаар тодруулах,

2) “Д-” нэртэй цэнгээний газраас 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч, яллагдагч нарын хоорондын маргааны бүтэн бичлэгийг гаргуулж хавтаст хэрэгт бэхжүүлэх,

3) яллагдагч Д.Б-гийн эрх ашиг зөрчигдсөн эсэх талаар мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийж шүүхэд ирүүлэх нь хэргийн бодит байдалд нийцнэ гэж шүүх дүгнэж хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

 

Шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх үндэслэл тогтоогдсонгүй.

Учир нь, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байх ба шүүхээс нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, харьцуулан дүгнэх байдлаар хянан шийдвэрлэх боломжтой.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт бүрдсэн хэргийн хэмжээнд үйл баримтыг дүгнэж, яллагдагч нарын гэм буруутай эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” зааснаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Түүнчлэн, хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд Т.А-, Д.Б- нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, яллагдагчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэж шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзээд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЗ/5786 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Түүнчлэн, хохирогч Т.Э-, өмгөөлөгч Э.Эрдэнэбулган нараас “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 5786 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий гомдлыг агуулгын хувьд хүлээн авах нь зүйтэйг тэмдэглэв.

 

Яллагдагч Т.А-, Д.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЗ/5786 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

 

2. Т.А-, Д.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.АЛДАР

 

 

 

            ШҮҮГЧ                                                            Ц.МӨНХТУЛГА

            ШҮҮГЧ                                                            Н.БААСАНБАТ