Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2020/01679

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2020/01679

 

 

 

 

 

 

 

 

Евро азиа майнз ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/01692 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Евро азиа майнз ХХК-ийн хариуцагч Дэлгэрхангай трейд ХХК-д холбогдуулан гаргасан 36 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч талын гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ, хариуцагчийн төлөөлөгч С.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Талууд 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 05/30-01 дугаартай Ордын бичиг баримтын бүрдэл боловсруулан батлуулах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр Дэлгэрхангай трейд ХХК-ийн захиалгын дагуу Завхан аймгийн Завханмандал сумын нутагт байрлах Зүрхийн хуудас алтны уурхайг ашиглах техник эдийн засгийн үндэслэл, төслийн талбайн төлөв байдлын судалгаа, Байгаль орчны ерөнхий үнэлгээ, байгаль орчинд нөлөөлөх байдпын нарийвчилсан үнэлгээг боловсруулсан. Евро азиа майнз ХХК нь дурдсан ажлуудыг гүйцэтгэн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр захиалагч Дэлгэрхангай трейд ХХК-д хүлээлгэн өгсөн. Гэрээгээр тохирсон ажлын хөлсний үлдэгдэл 24 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Талууд 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Ордын бичиг баримтын бүрдэл боловсруулан батлуулах нэмэлт гэрээг байгуулсан бөгөөд 4.2 дах хэсэгт захиалагч гэрээний төлбөрийг цаг хугацаандаа шилжүүлээгүй тохиолдолд гэрээний төлөгдөөгүй үнийн дүнгээс хоногт 0.5 хувийн алданги тооцож гүйцэтгэгчид төлнө гэж заасан. Иймд гүйцэтгээгүй үүрэгт 24 000 000 төгрөг, хугацаандаа төлөөгүй алдангид 12 000 000 төгрөг, нийт 36 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

   Хариуцагчийн хариу тайлбарт: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчтэй 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 05/30-01 дугаартай "Орд газрын бичиг баримт боловсруулах гэрээ байгуулсан. Гэрээний 2.3-т зааснаар нэхэмжлэгч "Евро Ази Майнз" ХХК нь хийж гүйцэтгэх ажлаа 45 хоногийн хугацаанд хийж гүйцэх ёстой. 4.2.2-т гүйцэтгэгч болон захиалагч тал үүргээ биелүүлээгүй 7 өдөр хэтэрсэн тохиолдолд түүнээс хойш хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно. Гэтэл "Евро Ази Майнз" ХХК нь гэрээний хугацааг тасалдуулж, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн. Гэрээний үүргээ 2 жил хэтрүүлсэнээр бид банкнаас авах санхүүжилт цуцлагдаж, хамтран ажиллах хөрөнгө оруулагч гэрээгээ цуцалж маш их алдагдалд орж, одоогийн байдлаар уурхайгаа ажиллуулж чадаагүй байна. Бид гэрээнд зааснаар аливаа асуудлыг тохиролцож шийдвэрлэх хүсэлтэй байна. Талууд алданги тооцохоо болиод одоог хүртэл үйл ажиллагаа явуулж чадаагүй байгаа хариуцагч "Дэлгэрхангай Трейд" ХХК ихээхэн хохиролтой байгааг харгалзан үзэж төлбөрөөсөө 4 000 000 төгрөгийг хасч 20 000 000 төгрөгийг тодорхой үе шаттайгаар төлөхөөр харилцан тохиролцож эвлэрэх саналтай байна гэжээ.

   Шүүх:   Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Дэлгэрхангай трейд ХХК-аас 24 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Евроазиа майнз ХХК-д олгож, нэхэмжлэлээс 12 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Дэлгэрхангай трейд ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 277 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Евроазиа майнз ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбатын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Евро азиа Майнз ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн гэрээгээр хийж гүйцэтгэх ажлаас зөвхөн техник эдийн засгийн үндэслэлийг хугацаа хэтрүүлж 2 жил орчмын дараа буюу 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээлгэж өгсөн. Гэрээний 3.4-т заасан Байгаль орчины ерөнхий үнэлгээ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ зэргийг хийж өгөөгүй байсан тул манай байгууллага уг ажлыг Экологийн бүтээмж ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажлын хөлсөнд нь 8 000 000 төгрөг өгч хийлгэсэн. Бид Евро азиа Майнз ХХК-тай төлбөр тооцоо нийлээгүй тул тооцооны алдаа байгааг шүүх хурлын хэлэлцүүлгийн үед мэдэж 8 000 000 төгрөгийн гэрээ, бусад нотлох баримтыг гаргаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх санал гаргаж нэг удаа хойшлуулах хүсэлт тавихад, шүүгч хүсэлтийг хүлээж авалгүй шүүх хурлыг үргэлжлүүлэн хэлэлцэж 24 000 000 төгрөгийг манай компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т зааснаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болох байсан. Шинээр гаргаж өгөх нотлох баримт нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн. Иймд уг нотлох баримтыг дахин хэлэлцэх боломж олгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх, эсвэл 24 000 000 төгрөгөөс 8 000 000 төгрөгийг хасч тооцон, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Нэхэмжлэгч Евро азиа майнз ХХК нь хариуцагч Дэлгэрхангай трейд ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 24 000 000 төгрөг, алданги 12 000 000 төгрөг, нийт 36 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч 20 000 000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ордын бичиг баримтын бүрдэл боловсруулан батлуулах гэрээг байгуулж, нэхэмжлэгч нь Завхан аймгийн Завханмандал сумын нутагт байрлах Зүрхийн хуудас алтны уурхайг ашиглах техник эдийн засгийн үндэслэл болон бусад бичиг баримтын бүрдлийг боловсруулан батлуулах, хариуцагч нь ажлын хөлсөнд нийт 55 000 000 төгрөг төлөх, үнийн дүнгийн 60 хувь болох 33 000 000 төгрөгийг гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан өдөр төлөх, үлдэх 40 хувь болох 22 000 000 төгрөгийг төслөө хүлээн авч 2 тал акт үйлдсэний дагуу ажлын 2 хоногийн дотор төлөхөөр тохиролцсон байх ба гэрээний хугацаа 45 хоног байна гэжээ.

 

Зохигчид 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр уг гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээг байгуулж, уулын ажлын төлөвлөгөө хийж батлуулах ажлыг 3 000 000 төгрөгөөр хийхээр тохиролцсон байна. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв.

 

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, төлбөрийн хэмжээний талаар маргаагүй, харин нэхэмжлэгч ажлаа хугацаанд нь гүйцэтгээгүйгээс хариуцагч алдагдалд орж, бусдад нэмэлт хөлс төлж ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгүүлсэн үйл баримтын талаар маргаж байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлнө гэж заасан.

Нэхэмжлэгч нь гэрээний үнийн дүнгийн 60 хувь болох 33 000 000 төгрөг хүлээн авсан талаар маргаагүй. /хх1/ Хариуцагч нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэрээний үнээс 1 000 000 төгрөг төлж, үлдэгдэл 24 000 000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сар гэхэд төлж дуусгах-аар нэхэмжлэгчтэй тохиролцсон байна. /хх7/

 

Гэрээний зүйл болох ажлын үр дүнг нэхэмжлэгч нь хариуцагчид 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь хэргийн 8 дугаар талд авагдсан Завхан аймгийн Завхан Мандал сумын нутагт орших Зүрхийн хуудас нэртэй алтны шороон ордыг ил аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэл хүлээлцэх актаар тогтоогдож байна.

 

Шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 24 000 000 төгрөг гаргуулж, алданги 12 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэл бүхий болжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно. Хариуцагч нь нэхэмжлэгчийн дутуу гүйцэтгэсэн ажлыг өөр компанитай гэрээ байгуулж 8 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны явцад тайлбар гаргаж, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээж аваагүй гэж тайлбарлах боловч 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тусгагдаагүй байна. Анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг давж заалдах гомдлын үндэслэлд заах эрхгүй талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт заасан.

 

Мөн хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хэргийн 26-27 дугаар талд дах шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүх хуралдаан эхлэхээс өмнө талуудаас шинээр гаргаж өгөх нотлох баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт байгаа эсэхийг асуухад хэн аль нь хүсэлт гаргаагүй байна.

 

Шүүхээс алданги 12 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй. Иймд талуудын диспозитив зарчмын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/01692 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 900 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

А.МӨНХЗУЛ