| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/12109/И |
| Дугаар | 192/ШШ2026/00668 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Тогтоол
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 192/ШШ2026/00668
2026 01 14 192/ШШ2026/00668
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.Ууганбаатарт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Б.******* миний бие нь 2006 онд Б.Ууганбаатартай танилцаж, 2006 оны зунаас миний эцэг эхийн байранд хамтдаа хамтран амьдарсан. Бид 2007 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн №2568 дугаартай гэрчилгээ авсан. Ууган охин У.Энхрий 2007 он 03 сарын 14-ний өдөр, бага охин У.Энэрэл 2014 оны 10 сарын 01-ний өдөр төрсөн. 2015 оны 08 сарын 01-ний өдрөөс хойш салж одоог хүртэл тусдаа амьдарч ирсэн. Амьдарч байх хугацаа буюу 2006-2015 хооронд байнгын хэрүүл маргаантай, охидуудаа төрөх үед ямар ч эдийн засгийн тус нэмэр болоогүй, байнгын архидан согтуурч, гэр бүлийн ёс зүйгүй авир, хэрүүл, хүчирхийлэл үйлдэж, хамгийн бохир зүйл болох гэр бүлийн гадуурх харилцаа байнга үргэлжилж байсан. Төрсөн охины хажууд байнгын хэрүүл, хүчирхийлэл тасардаггүй байсан. Төрсөн охиныхоо хажууд битгий хэл Б.Ууганбаатарын өөрийн төрсөн дүү нарынхаа хажууд, миний төрсөн ээж болон дүүгийн хажууд надад гар хүрч зодож, архидан согтуурч байсан. /Цагдаад дуудлага өгч байсан./ Байнгын архидалт, хүчирхийлэл дор сэтгэл санаа маш их гэмтсэний зэрэгцээ бага охин дээрээ жирэмсний амралтаа ч авч чадахгүй ажлаа хийж мөнгөтэй залгаж хоол хүнс, ар гэрийн ачааллыг ганцаараа шахуу үүрч явж байхдаа 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бага охиноо дутуу төрүүлсэн. Ингээд дутуу төрсөн хүүхдэд маш их асаргаа сувилгаа, байнгын эм тариа, цэвэр агаарт гаргаж байх шаардлагатай байсан боловч Б.Ууганбаатар нь эдийн засгийн хувьд ямар ч мөнгө төгрөг өгөөгүй ба миний жирэмсний амралтын мөнгө болон ажлын газраасаа авсан зээлээр ар гэрийн хоол хүнс, хүүхдийн асаргаа сувилгаа, эм тариа, охины сургалтын төлбөрийг төлж бүгдийг зохицуулж байсан. Тиймээс нялх биетэйн дээр байнгын хүчирхийлэл дор, гэр бүлийн гадуурх харилцаа нь улам даамжран гэртээ ирж хонох нь хүртэл цөөрч, охидууддаа ямар ч эцэг хүний үүргээ биелүүлэхгүй, байнгын дарамт, хэрүүл, стресстэй амьдархыг хүсээгүй тул 2015 оны 08 сараас салахаар шийдэж хоёр охиноо өөрийн асрамжид авч тусдаа амьдарсан. Энэ хугацаанд хүүхдүүдийн амьдрахад анхан шатны нэн шаардлагатай хэрэгцээний зардал, эмнэлэгт үзүүлэх, сургуульд хүргэж өгч, авах, эцэг эхийн хуралд оролцох, сургалтын төлбөрөөс төлөлцөх, гэр бүлийн тухай хуулийн 26.2 дахь заалтад дурдсан эцгийн үүргийг биелүүлээгүй, анхаарал тавихгүй, цаг гаргадаггүй байсан. Бага охин болох УЭнэрэл нь одоо төрсөн эцгийнхээ царайг бараг танихгүй, ухаан орсон цагаас нь нэг ч удаа хамт хоол идэж байгаагүй, нэг ч удаа төрсөн охинтойгоо холбоотой үйл ажиллагаанд цаг гаргаж үүргээ биелүүлж оролцож байгаагүй. 2015 оны 08 сараас хойш өнөөдрийг хүртэл хоёр охиноо өөрөө өсгөн хүмүүжүүлж байна. Иймд цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэр бүлээ албан ёсоор цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Бид хоорондын эд хөрөнгийн маргаангүй” гэжээ.
Хариуцагч Б.Ууганбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Б.******* нь Б.*******тай хууль ёсны гэр бүл болж дундаасаа 2 хүүхэдтэй, Би хүүхдүүддээ маш их хайртай хүүхдүүдээ харж хандах нь аавын үүрэг, Хүүхдүүдийн талд хэн аль нэг нь аав ээжийн үүргийг гүйцэтгэж ирсэн. Би хоёр охинтойгоо уулзаж холбоотой байдаг. Өөрийн боломжоор хүүхдүүддээ хэрэгцээг нь хангаж ирсэн юу ч өгдөггүй харж ханддаггүй гэвэл арай худлаа байх. Хүүхдүүд аавдаа хайртай үргэлж ярьдаг. Бид хоёр гэр бүл болоод 2 талдаа л амьдарч байсан. Манай гэрээс өвлийн хувийн сууц болох, нам даралтын халаалттай 2 давхар хашаа байшин өгч тэндээ болон, *******гийн амьддарч байгаад таарч тохирохгүйн улмаас салцгаасан хоёр талд амьдраад 13 жил болж байна. Салах шалтгаан ганц надаас болоогүй байх. Арай л хатуу бичсэн байна. Одоо хэн аль нь өөр хүмүүстэй гэр бүлийн харьцаатай болсон цаашид амьдрах боломжгүй тул гэр бүлээ цуцлана, хүүхдийн тэтгэлэг өгнө. Хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Нийслэлийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 1011 дугаартай тэмдэглэл зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Хариуцагчаас 0767 дугаартай итгэмжлэл ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.Ууганбаатарт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.Ууганбаатар нь бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч Б.******* болон хариуцагч Б.Ууганбаатар нар гэр бүл болсныг 2007 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гэрлэлт бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ.(хавтаст хэргийн 5 дахь тал)
3.2. Гэрлэгчдийн дундаас 2007 оны 03 дугаар сарын 14-ний өдөр охин У.Энхрий, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр охин У.Энэрэл нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 6-7 дахь тал)
3.3. Гэрлэгчдийн хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч эвлэрэл амжилтгүй болсон. (Хавтаст хэргийн 12 дахь тал)
3.4. Зохигчид тусдаа амьдарч, охин У.Энэрэл, У.Энхрий нар эх Б.*******ийн хамт байгаа болон гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамжийн талаар талууд маргаангүй. Охин У.Энэрэл, У.Энхрий нарыг эх Б.*******гийн асрамжид үлдээхээр тохиролцсон.
4. Гэрлэгчид нь гэрлэлтээ бүртгүүлж, албан ёсоор гэр бүл болсон болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5. Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б.Ууганбаатар нар зан харилцааны таарамжгүй байдлаас болж, 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа гэх тайлбар гаргаж, гэрлэлтээ цуцлуулахыг хүссэнийг хариуцагч зөвшөөрсөн, талуудын хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг дүгнэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Б.******* болон Б.Ууганбаатар нарын гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэв.
6. Зохигчид охин У.Энэрэл, У.Энхрий нарыг эх Б.*******гийн асрамжид үлдээхээр тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д нийцнэ.
2007 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төрсөн У.Энхрий нь 2025 оны 03 дугаар сарын 14-ны өдөр 18 насанд хүрсэн байх ба Хүүхдийн эрхий тухай конвенцийн 1 дүгээр зүйл, Гэр бүлийн тухай хуулйн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу У.Энхийд асрамж тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
7. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин У.Энэрэлийг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Ууганбаатараар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
2007 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төрсөн У.Энхрий нь 2025 оны 03 дугаар сарын 14-ны өдөр 18 насанд хүрсэн, нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадваргүй талаар нэхэмжлэлдээ дурдаагүй, холбогдох баримтыг ирүүлээгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу охин У.Энхийд тэтгэлэг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.2. “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй”, 26.4. “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ” гэж заасан тул эцэг Б.Ууганбаатар нь охин У.Энэрэлтэй уулзах, дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх Б.*******д даалгав.
9. Нэхэмжлэгч нь гэр бүлийн дундын эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
10. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Саарал ургийн овогтой Баасайгийн ******* болон Боржигон ургийн овогтой Болдбаатарын******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин У.Энэрэлийг эх Б.*******гийн асрамжид үлдээж, охин У.Энхийд асрамж тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин У.Энэрэлийг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Ууганбаатараар сар бүр тэжээн тэтгүүлж, охин У.Энхрийд тэтгэлэг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг Б.Ууганбаатар нь охин У.Энэрэлтэй уулзах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх Б.*******д даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ууганбаатараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
7. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохигчдод мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР