Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар  2025/ДШМ/1368

 

   2025            12             03                                        2025/ДШМ/1368

 

М.Ж-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Цэцэг-Эрдэнэ,

яллагдагч М.Ж, түүний өмгөөлөгч Л.Батжаргал,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЗ/6189 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Цэцэг-Эрдэнийн бичсэн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 98 дугаар эсэргүүцлээр М.Жд холбогдох 2502002600294 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М.Ж, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, 00 караокед зөөгч ажилтай, ам бүл 4, эх, дүү нарын хамт 00 дүүргийн 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: 00000000/,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан хувийн байдалтай.

Яллагдагч М.Ж нь 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 11 дүгээр гудамжны 00 тоот хаягтай хашаа болон гэртээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтад дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай өвс гэх хэрэглээний нэршилтэй, хуванцар сав болон хар өнгийн гялгар уут бүхий нийт цэвэр жин нь 356,3 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газар: М.Ж-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Хэрэгт гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 дахь тал/-д “...биечлэн гаргасан мэдээлэл....” гэх баримт авагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “...Энэ хуульд заасны дагуу оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй...”, мөн хуулийн 16.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Хавтаст хэрэгт тусгагдаагүй баримт сэлт, мэдээлэл, мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн, бусад баримт болон гүйцэтгэх ажилтай холбоотой ямар ч баримт мэдээллийг шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг явуулах, хэрэг хянан шийдвэрлэх шүүхэд танилцуулахыг хориглоно...” гэжээ.

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 166.1.5 дахь заалтад “...гэмт хэргийн талаар гүйцэтгэх ажлын шугамаар авагдаж, баримтжуулагдсан мэдээ баримт байгаа...” бол эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл болно гэж заасан байсан. Харин шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2, 30.3 дугаар зүйлүүдэд заасан гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах, гаргах үндэслэлийг шинэчлэн найруулжээ.

Гэтэл 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байсан “гүйцэтгэх ажиллагаа” гэх мөрдөх ажиллагааг халж 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар мөрдөн шалгах нууц ажиллагаа гэх нэр томьёогоор бүхэлд шинэчлэн найруулсан бөгөөд аливаа эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл нь гагцхүү хууль заасан үндэслэл журмын дагуу олж авсан баримт мэдээллээр хэрэг бүртгэлт үүсгэхээр хуульд шинэчлэн найруулжээ.

Тодруулбал аливаа иргэнд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах нь зөвхөн прокурорын зөвшөөрлөөр явагдах журамтай бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.10 дахь заалтад “мөрдөн шалгах нууц ажиллагаа” гэж прокурорын зөвшөөрлөөр нууцаар явуулах энэ хуульд заасан ажиллагааг” хэлнэ тодорхойлжээ.

Гэтэл зөвшөөрөлгүй явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнд олсон баримт мэдээллийг хойшлуулшгүй ажиллагаа нэрийн дор бусдын орон байранд үндэслэлгүйгээр нэгжлэг хийж, улмаар илрүүлсэн үр дүнгээ нотлох баримтыг устгах, зөөвөрлөх, нуух үрэгдүүлэх гэж байсан мэтээр танилцуулдаг хууль бус арга хэлбэр мөрдөн шалгах ажиллагаанд төдийгүй тус хууль бус мөрдөх ажиллагааны үр дүнгээр илрүүлсэн нотлох баримтыг үнэлж шийдвэр гаргадаг хуучин практик шүүн таслах ажиллагаанд ч амь бөхтэй оршсоор байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.26 дахь заалтад "...хойшлуулшгүй тохиолдол гэж хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах, сэжигтэн, яллагдагч оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн баримт устах. зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдэх бодит аюул байгааг...” ойлгоно гэжээ.

Хойшлуулшгүй ажиллагааг хаана, хэзээ, хэнд явуулж байгаагаасаа хамаарч нарийвчлан тодорхойлох шаардлага үүсэх юм. Тухайлбал хаана гэдгээс шалтгаалж олон нийтийн гудамж талбайд, орон байранд, тээврийн хэрэгсэлд, шалган нэвтрүүлэх хилийн боомт дээр, ажлын байранд гэх мэт. Харин хэзээ гэдгээс нь хамаарч бусдын нүдэн дээр ил гэмт хэрэг үйлдэгдэж байхад, бусдын эзэмшлийн орон байр, хашаанд хэн нэгэн хашхирах, тусламж гуйх зэргээр орилж байхад, тээврийн хэрэгслийн цонхоор гэмт хэрэгт илт сэрдэгдэж болохуйц нотлох баримт ил харагдах, цухуйх, аливаа толбо үлдсэн зэргээр шууд хардах илт үндэслэл байгаа болон гэмт хэрэг үйлдэж буй тухайн цаг дор эсхүл гэмт хэргийн ул мөрөө баллаж байгаа тухайн цаг мөчид гэх зэрэг тодорхой тохиолуудыг хамааруулж ойлгож болно. Харин эдгээр мөрдөн шалгах ажиллагаа нь хууль тогтоомжоор халдашгүй дархан эрхтэй субъект /УИХ-ын гишүүн, Шүүгч, дипломат албан хаагч/ байхаас хамаарч хаана, хэзээ гэдэг нь өөрөөр тодорхойлогдож болно.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана...” гэжээ. Энэ талаар Монгол Улсын Дээд Шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 31 дугаартай тогтоолд “...Эд мөрийн баримтыг олж илрүүлэх, хураан авах ажиллагаа явуулах үндэслэл нь прокурорын зөвшөөрөл бөгөөд тухайн ажиллагааг явуулах хуульд заасан үндэслэл бүрдсэн эсэх, хувийн халдашгүй байх эрхийн хязгаарлалт нь тухайн нөхцөл байдалд тохирсон эсэхийг прокурор зөвшөөрөл олгохдоо хянан үзэх үүрэгтэй..., ...Хойшлуулшгүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлгүй явуулсан ажиллагаа, түүний үр дүнд цугларсан нотлох баримтыг шалгаж, үнэлэхдээ хэргийн ул мөр, эд мөрийн баримт устах, өөрчлөгдөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдэх бодит эрсдэл байсан эсэх, хойшлуулшгүй явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол үндэслэлтэй эсэхэд шүүхээс хууль зүйн дүгнэлт өгнө...” гэжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.13 дахь хэсэгт “...халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих. баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална...” гэж Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг тогтоожээ.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина...” гэж тус тус хуульчилсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, тэдгээрт хяналт тавих, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулсан байдаг билээ.

 Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заажээ.

Хүний үндсэн эрхэд тавих аливаа хязгаарлалт нь эрх зүйн тодорхой байдал болон тохирсон байх, ялгаварлан гадуурхаагүй байх, шүүхийн хяналтад байх зэрэг зарчмын хангахыг Монгол Улсын Үндсэн хууль шаарддаг. Түүнчлэн дээрх дурдсан хууль дээдлэх зарчмын агуулга нь хуулиас гадуур хүний эрхийг хязгаарлахыг хориглохоос гадна хуулиар хориглоогүй, хязгаарлаагүй, зохицуулаагүй гэх агуулгаар хууль хэрэгжүүлж буй аливаа албан тушаалтанд дур зоргоороо хандахыг хориглосон агуулгатай.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.13 дахь хэсэгт “...халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно...” гэж заасан нь хуульд хэлбэрийн төдийд тусгаснаар энэ эрх хангагдахгүй. Харин түүний үндэслэл журмыг хуульд тодорхой тусгасан байх, журам хэлбэрийг зөрчөөгүй байх, дур мэдээгүй байх зэрэг шаардлага тавигдана.

Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг, тэр дундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбогдох гэмт хэрэг нь нийгмийн хор, аюулын шинж чанар өндөртэй, үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, иргэдийн хэвийн амьдралд бодит бэрхшээл учруулж болзошгүй боловч энэ нь хууль зөрчиж нотлох баримт цуглуулах ажиллагааг зөвтгөх үндэслэл болохгүй юм. Иймд аливаа иргэн, хуулийн этгээдээс гэмт хэрэг, зөрчлийн талаар гаргасан гомдол, мэдээлэлд үндэслэн хэрэг бүртгэлт нээсэн тохиолдолд эх сурвалж тодорхой байх шаардлагатай. Харин Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 18.1.2 дахь заалтад заасан үндэслэлээр гүйцэтгэх ажлын үр дүнг ашигласан тохиолдолд мөн хуулийн 23.3, 23.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу прокурорын зөвшөөрлийг авсан байх нь зүйтэй бөгөөд эх сурвалж нь тодорхойгүй нотлох баримтыг үндэслэн бусдад ял тулгах нь Монгол Улсын Үндсэн хууль болон НҮБ-аас баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактд заасан хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзэхээс гадна шүүхэд нөлөөлөх оролдлого гэж дүгнэхэд хүргэх эрсдэлтэй. ...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж, яллагдагчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Цэцэг-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон дүгнэлтдээ: “...Шүүхээс “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол" гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаахдаа хийгдвэл зохих ажиллагааг дурдаагүй, чухам ямар ажиллагааг хийлгэх гэж байгаа, түүний үндэслэл, агуулгыг нягтлан шалгах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн аливаа шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх ёстой байхад шүүгчийн захирамжид хийгдвэл зохих ажиллагааг огт дурдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, ... заасан шаардлагыг хангаагүй” буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Шүүхээс хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр прокурорт буцаахдаа гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн эх сурвалж тодорхойгүй гэж буцаасан нь дараах үндэслэлээр няцаагдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар бүлэгт мөрдөн шалгах бусад ажиллагааны төрлийг хуульчилсан байна. Дээрх ажиллагааны үр дүнг мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаанд тусгаж нотлох баримтаар бэхжүүлдэг. Бусад байдлаар нууц далд аргаар үйлдэгддэг гэмт хэргийг Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан үндэслэлээр төрийн эрх бүхий байгууллагаас ердийн ба тусгай, нууц арга, хэрэгсэл ашиглан явуулж байгаа мэдээ, мэдээлэл, баримт бичиг, нотолгоо эрж олох, цуглуулах, шалгах үйл ажиллагааг гүйцэтгэх ажил гэж үздэг.

Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 9.1 дүгээр зүйлд Дараах байгууллага дор дурдсан зорилгоор гүйцэтгэх ажил явуулах эрхтэй.” гэж, 9.1.3-д “цагдаагийн байгууллага энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаас бусад далд аргаар үйлдэгдсэн, эсхүл тодорхой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох... олон нийтийн аюулгүй байдлыг хангах, халдлагаас урьдчилан сэргийлэх,” зорилгоор гүйцэтгэх ажил явуулах эрхтэй байхаар,

мөн хуулийн 13.3.6-д “гүйцэтгэх ажлын холбогдолтой төрийн болон албаны нууцыг чанд хамгаалах, нууцлалыг сахих" гэж,

мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21,6-д “Нууц мэдээ, мэдээлэл, баримт бичгийг ил болгоогүй байхад задруулбал эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэнэ” гэж,

мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Гүйцэтгэх болон туслагч, туслах ажилтан албан үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулж амь бие, эрүүл мэнд, нэр төр, түүний гэр бүл, эд хөрөнгөд учирсан хохирлыг төр хариуцна" гэж, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт "Энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу туслагч, туслах ажилтнаар ажиллаж байгаа буюу ажиллаж байсан тухай мэдээ төрийн нууцад хамаарна" гэж тус тус заасан байна.

Дээрх хууль тогтоомжийг үндэслэн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох чиглэлээр хууль сахиулах байгууллагын зүгээс явуулж буй ажиллагаа нь өөр бие даасан хуулиар зохицуулагддаг бөгөөд гэмт хэргийг илрүүлэх нь хууль сахиулах байгууллагын үүрэг боловч арга хэрэгсэл, эх сурвалж нь нууц байхаар хуульчлагдсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "...Хавтаст хэрэгт тусгагдаагүй баримт сэлт, мэдээлэл, мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн, бусад баримт болон гүйцэтгэх ажилтай холбоотой ямар ч баримт мэдээллийг шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг явуулах, хэрэг хянан шийдвэрлэх шүүхэд танилцуулахыг хориглоно...” гэж заажээ.

Шүүх дээрх хуулийн заалтыг захирамждаа иш татаж дурдсан атлаа гүйцэтгэх ажлын баримтыг хэрэгт хавсаргаж ирүүлэх талаар даалгасан нь шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх, хууль ёсны байх анхан шатны шаардлага хангаагүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчсөн гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг иргэн амаар, эсхүл бичгээр гаргаж болно" гэж, 30.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хуулийн этгээд, албан тушаалтан гэмт хэргийн талаарх мэдээллийг бичгээр өгөх ба түүнд холбогдох баримт, материалыг хавсаргаж болно" гэж тус тус иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг гаргаж болохоор хуульчилсан байна.

Гэмт хэргийн талаарх мэдээллийг гаргасан албан тушаалтан бүрийг эх сурвалжаа нотол, холбогдох баримтыг хавсаргаж өгөх талаар хуульд зааснаас илүү шаардлага тавих нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Дээрх үндэслэлээр хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль хэрэглээний хувьд алдаа гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай ноцтой зөрчсөн байна гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан баримтуудаар н.Ө гэх иргэн буюу М.Ж-ын төрсөн эхийн хамтран амьдрагчтай холбоотой асуудал яригдана. Шүүгчийн захирамжид энэ талаар дурдаагүй хэдий ч хэргийн нөхцөл байдалд энэ талаарх нөхцөл байдал харагддаг. Эргүүлийн офицер ирэхэд н.Ө гэх иргэн тухайн өдрөө согтуурсан байдалтай байж байсан. Үргэлжлүүлээд жижүүрийн бүрэлдэхүүн очиход мөн л согтуу байсан. н.Ө гэх иргэнтэй холбоотой тухайн ургамлыг зааж өгсөн гэх асуудал яригдаж байгаа. н.Ө гэх хүнээс мэдүүлэг авч шаардлагатай ажиллагаа хийх гэтэл тухайн этгээд согтуу байсан учраас ямар нэгэн ажиллагаа хийж чадалгүй эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн. Маргааш өглөө нь мөрдөгч очиж мэдүүлэг авахаар очиход 461 дүгээр ангид хүлээлгэн өгсөн гээд эрүүлжүүлэх байранд байгаагүй. н.Ө гэх иргэнтэй холбоотой М.Ж-ын нотлогдсон үйл баримтын хүрээнд тухайн ургамлыг хамтран хадгалсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогддоггүй. Яллагдагч М.Ж-ын хувьд урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгчгүй оролцсон. Ингэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байр суурийг илэрхийлсэн. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЗ/6189 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...Бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв

Яллагдагч М.Ж-ын өмгөөлөгч Л.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан хэмээн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь шүүгчийн захирамж Монгол улсын үндсэн хууль, олон улсын гэрээгээр хамгаалагдсан иргэний халдашгүй чөлөөтэй байх эрхийг гүйцэтгэх ажиллагааны хууль нэрийн дор зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа хийсэн нь үндэслэлгүй байгаа бөгөөд үүнийгээ тодорхой болго гэх агуулгаар гарсан. Прокурорын зүгээс Чингэлтэй дүүргийн дугаар хорооны хэсгийн байцаагч н.Хөвсгөлдалай гэх этгээд хяналт шалгалт хийж байгаад олж тогтоосон мэтээр тайлбарлаж байна. Гэтэл ийм зүйл болоогүй. Миний үйлчлүүлэгч М.Ж-ын төрсөн эхтэй нь н.Ө гэх этгээд хамтран амьдардаг. Тухайн хэрэг болдог өдөр н.Ө-ийн зүгээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан. Энэ гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гомдол мэдээллийг М.Ж-ын төрсөн дүү цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Энэ дуудлага мэдээллээр ирсэн цагдаагийн албан хаагчид н.Ө гэх этгээд энд ийм бодис байгаа гэдгийг хэлж, тайлбарлаж хуулийн байгууллагад энэ талаарх мэдээллийг өгсөн. Гэмт хэргийн талаарх гаргаж буй мэдээлэл ил тод, иргэний мэдээллээр ирсэн. Үүнийг хяналт шалгалт хийж байсан цагдаагийн албан хаагч олж авсан зүйл байхгүй. Прокурор эсэргүүцэлдээ анхан шатны шүүхээс ямар ажиллагаа хийлгэх гэж байгаа нь тодорхойгүй хэмээн тайлбарлаж байна. Анхан шатны шүүхийн захирамжид дурдсан ажиллагаанаас гомдол мэдээллийн эх сурвалжийг тодорхой болго хэмээн дурдсан байгаа нь н.Ө гэх этгээдээс мэдүүлэг тайлбар ав гэж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл тухайн этгээд нь өвс гэх нэршилтэй бодис тухайн газар байсныг хэзээнээс хэдийг хүртэл байсныг нь мэдэж байгаа юм бэ гэх асуудлыг тодорхой болгох нь хэрэгт ач холбогдолтой. Магадгүй миний үйлчлүүлэгчийн эрх ашгийг дээрдүүлэх боломжтой. Тухайн цаг хугацаанд н.Ө гэх этгээд согтуурсан байдалтай байсан гэдэг талаар прокурорын зүгээс тайлбарлаж байгаа. Анхан шатны шүүгчийн захирамжийг харахад магадгүй хэрэглэсэн үйлдэл байгаа юм биш үү, үүнийг нь шалгаж тогтоох нь зөв үү, гэмт хэргийн шинжтэй юу, зөрчлийн шинжтэй юу гэх асуудлыг дурдсан байгаа. Үндсэн хууль болон олон улсын хууль тогтоомжоор хүний эрхийг баталгаажуулж өгсөн хуулийн зохицуулалтуудыг гүйцэтгэх ажиллагааны журам гэх үндэслэлээр хууль бусаар нотлох баримтыг цуглуулж, буруу арга хэлбэрээр явдаг байдал буюу хэргийн газраас хурааж авсан хөрөнгийг устгаж болзошгүй хэмээн прокурорын зөвшөөрөлгүй ажиллагаа хийгдсэн. Энэ ажиллагааг хийхийн тулд прокуророос зөвшөөрөл авах шаардлагатай. Хуульд заасан үндэслэл байсан уу эсхүл байгаагүй юу гэх үндэслэлийг дурдаж байна. Хэргийн газраас хурааж авсан өвс гэх хөрөнгө хэний ямар ажиллагаагаар устах гэж байсан юм бэ гэх асуудал байна. Өөрөөр хэлбэл ямар хойшлуулшгүй ажиллагаа хийх нөхцөл бүрдсэн юм. Эдгээр нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтын хүрээнд байхгүй. Эдгээр буруу арга жишгээ зөв болгох, хүний суурь эрхийг баталгаажуулж хууль дүрмийг мөрдөх, хууль бусаар цуглуулж бүрдүүлж байгаа нотлох баримт нь хууль ёсны байх шаардлагыг хангахгүй, үүнийгээ ил болго гэх үндсэн агуулга бүхий шүүгчийн захирамж гарсан. Энэ шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй хэмээн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. н.Ө гэх этгээдээс гэрчийн мэдүүлэг авах ёстой. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг авч чадаагүй учраас шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөлд хамаар байна хэмээн үзэж байгаа. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Д.Цэцэг-Эрдэнийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Нийслэлийн прокурорын газраас М.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “...гомдол, мэдээллийг хэнээс авсан тухай эх сурвалж тодорхой байх шаардлагатай, ... гүйцэтгэх ажлын баримтыг хэрэгт хавсаргах. ....” гэж дүгнэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ.

Шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх үндэслэл тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Хавтаст хэрэгт тусгагдаагүй баримт сэлт, мэдээлэл, мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн, бусад баримт болон гүйцэтгэх ажилтай холбоотой ямар ч баримт мэдээллийг хориглоно” гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, хавтаст хэрэгт тусгагдсан нууц мөрдөн шалгах ажиллагаа болон гүйцэтгэх ажилтай холбоотой бүх баримт, мэдээлэл хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, бэхжүүлсэн эсэхийг хянах асуудал шүүхийн хэлэлцүүлгийн хүрээнд нээлттэй.

Гэтэл энэхүү хэргийн хувьд Э.Ө-ын гэрт үзлэг шалгалт хийхэд мөрдөн шалгах нууц ажиллагаа болон гүйцэтгэх ажилтай холбоотой баримт сэлт хавтаст хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүхээс гүйцэтгэх ажлын баримтыг хэрэгт хавсаргах шаардлагатай гэж дүгнэсэн нь дээрх хуулийн заалттай зөрчилдөж байна.

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах нууц ажиллагааны баримт хавтаст хэрэгт тусгагдаагүй тохиолдолд шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг явуулах, хэрэг хянан шийдвэрлэх шүүхэд танилцуулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ашиглаж хэрхэвч болохгүй.

2. Мөн хэргийн талаар гомдол, мэдээлэл бүртгэлээр оруулсан мөрдөгчийн үйл ажиллагаанд зайлшгүй эх сурвалжийг дурдах шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагааны арга, хэрэгсэл, эх сурвалж нууц байна” гэж,

мөн хуулийн 30.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг иргэн амаар, эсхүл бичгээр гаргаж болно” гэж иргэн болон бусад этгээд гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг гаргаж болохоор хуульчилсан.

Хэргийн материалыг судлах үзэхэд: Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тухай: “...Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 11-195 тоотод мансууруулах бодис хэрэглэдэг” гэх гэмт хэргийн талаарх амаар биечлэн гаргасан гомдол мэдээллийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01 цаг, 19 минутад хүлээн авсан. ...” гэх тэмдэглэл үйлджээ. /хх 08/

Цагдаагийн дэслэгч Х.Хөвсгөлдалайгийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн илтгэх хуудаст: “...Цагдаагийн дэслэгч Х.Хөвсгөлдалай би цагдаагийн дэд ахлагч Б.Бумбаярын хамт 2025 оны  03 дугаар сарын 13-ны өдөр Тэс 114 чиглэл дээр үүрэг гүйцэтгэх хугацаанд 23 цаг 20 минутад олон удаагийн давтамжтай хаяг байршил гудамжид шалгалтаар ажиллаж байхдаа Чингэлтэй дүүргийн 8-р хороо Зүүн тасганы 11-195 тоотод орж шалгахад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис байж болзошгүй өвс, ургамал байсныг мөрдөгч дэслэгч Ц.Түмэнхүслэнгийн удирдсан бүрэлдэхүүнд хүлээлгэн өгөв.” гэх илтгэх хуудас хэрэгт авагдсан байна.

Яллагдагч М.Ж 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр сэжигтнээр мэдүүлэхдээ: “...Ө тухайн өдөр гэрт агсам тавиад байсан болохоор манай дүү Жавхланпүрэв цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллээр дуудлага өгсөн байсан. ...Харин цагдаа нар ирэх үед Ө гэрийн ард байсан тухайн өвсийг цагдаа нарт хэлсэн байсан. ....Ө гэх хүн архи уудаг байшингийн ард булан тохой гэх газруудаар архи уугаад байдаг болохоор тухайн өвсийг харсан байх. ..Ээж урьд нь намайг “энэ төрлийн гэмт хэргээр ял шийтгэгдэж байсан” гэж ярьсан болохоор надад өширхөөд цагдаад хэлсэн байх. ...” гэж мэдүүлжээ. хх 51

Өөрөөр хэлбэл, “гэрт агсам тавьсан болохоор дуудлага” өгсөн гэх зөрчлийн гомдол, мэдээлийн дагуу цагдаагийн алба хаагчид М.Ж-ын гэрт шалгалтаар очиж, шалгах явцад тухайн гэрт байсан “Ө” гэх хүн цагдаагийн алба хаагчдад “манай гэрийн хойно өвс байгаа” гэж зааж өгчээ.

Үүний дагуу цагдаагийн алба хаагчид хойшлуулашгүй мөрдөн шалгах ажиллагааг явуулж хэрэгт шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлсэн байхад “гомдол, мэдээллийг хэнээс авсан тухай эх сурвалж тодорхой байх шаардлагатай” гэж буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн, Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 23.3 дугаар зүйл “Гүйцэтгэх байгууллага хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд дор дурдсан ажиллагаа явуулахад прокурор бичгээр урьдчилан зөвшөөрөл өгнө,

1 дэх хэсэг “харилцаа холбооны сүлжээнд хяналт тавих,

2 дахь хэсэг шуудан харилцааг хянах

3 дахь хэсэг “орон байр, барилга байгууламж, газар, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, эд зүйлд нууц үзлэг хийх”

4 дэх хэсэг “нууцаар ажиглалт явуулах” гэж,

мөн хуулийн 23.4 дүгээр зүйлд “Хойшлуулшгүй тохиолдолд тухайн гүйцэтгэх байгууллагын даргын шийдвэрээр энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулсан бол зөвшөөрлийг 24 цагийн дотор прокуророос авна.” гэж хуульчилжээ.

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч нь 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хойшлуулшгүй тохиолдолд явуулсан М.Ж-ын гэрт нэгжлэг хийх ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлд заасны дагуу хүчинтэйд тооцуулах санал, тайлбар ирүүлснийг /хх 17/ прокуророос хянаад 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох” тухай прокурорын тогтоол үйлдсэн нь хэрэгт авагдсан байна. хх 19

Дээрх хойшлуулшгүйгээр явуулсан М.Ж-ын гэрт үзлэг хийх явцад хураан авсан эд зүйл, мөрдөн шалгах ажиллагаа, түүний үр дүнд цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт бүрдсэн хэргийн хэмжээнд үйл баримтыг дүгнэж, яллагдагч М.Ж-ын гэм буруутай эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” зааснаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн, хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд, прокурор Д.Цэцэг-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЗ/6189 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЗ/6189 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Д.Цэцэг-Эрдэнийн бичсэн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 98 дугаар эсэргүүцлийг хангасугай.

2. Яллагдагч М.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                               Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ