Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2016/0086/З |
Дугаар | 1022 |
Огноо | 2016-12-08 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 1022
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар “С*******” зохион байгуулалттай нөхөрлөлийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, гуравдагч этгээдийн итгэжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Орхонтамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 24-ны өдрийн А/113 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч “С*******” ЗБН-ийн үйл ажиллагаа явуулж байгаа барилгыг хувьчилж авахад давуу эрх олгохыг тогтоолгох” гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А******* Нийслэлийн Засаг даргад холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.А******* миний бие Эх барих эмэгтэйчүүдийн эмч 2 дугаар амаржих газарт 1968-1994 онуудад ажиллаж байсан. 1997 оноос “С*******” ЗБН эмэгтэйчүүдийн эмнэлэг байгуулан өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа бөгөөд байгуулагдсан цагаасаа 2 дугаар төрөх газрын Амбулторын байранд 18 м.кв хоёр өрөө анх түрээслэн ажиллаж байгаа болно.
Хоёрдугаар төрх газрын Амбулторын байр нь 1998 онд НӨХгазарт шилжсэн 1998-2005 оны 2 дугаар сар хүртэл НӨХГазартай түрээсийн гэрээтэй, төлбөрөө бүрэн төлж ажилласан. 2005 онд “Б*******” ХХК-д шилжсэн. 2005-2011 он хүртэл мөн түрээсийн гэрээтэй төлбөрөө төлж ажилласан.
2011 оноос хойш түрээсийн гэрээ хийгээгүй боловч түрээсийн төлбөрөө төлсөн, 2011 онд “Б*******” ХХК-ийн Ц.******* захиралтай түрээсийн гэрээг хийх гэтэл хүлээж бай гээд гэрээ хийгээгүй. 2011 онд бохирын шугам битүүрснээс эмнэлгийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон учир удаа дараа амаар болон бичгээр шаардлага гаргасан ч арга хэмжээ авч өгөөгүй. 2012 онд 8 дугаар сард хариу өгөхдөө засвар хийх мөнгөний эх үүсвэр байхгүй гэсэн мэдэгдэл өгсөн. Гэтэл “Б*******” ХХК-ийн захирал нь МИАТ-ын дайны эрсдлийн сангийн хэрэгт холбогдсон болохыг хэвлэл мэдээллийн хэрэгслээс 2014 оны 6 дугаар сард мэдсэн. Учир нь энэ барилгын талаар хэлж ярих хүн байхгүй болсон.
2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 2 дугаар Амаржих газрын дулааны шугам тавих болж эмнэлэгийн байшин /амбулторын байшин/-гийн зүүн талаар траншины нүх ухсан учир хувийн эзэмшлийн газар нүх ухлаа гэж цагдаа, хамгаалалтын алба ирүүлж бөөн асуудал болж зогсоосон бөгөөд эргүүлэн хагасыг нь таглуулаад дахин шинэ газар буюу хашааны ёроолоор ухсан юм.
Энэ үеэр н.Ө******* гэдэг залуу би худалдаж авсан юм. Б******* даргатай очоод уулзахгүй юу гээд явж байсан. Эзэд нь байхгүй байхад эзэн өөрчлөгдсөн эсэхийг Өмч харилцааны газраас лавлахад 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ирүүлсэн 5/7526 тоот албан бичигт “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжаар иргэн П.Эд газар эзэмших эрхийг шилжүүлсэн болно” гэсэн хариу ирүүлсэн байна.
“С*******” ЗБН эмнэлэг нь энэ обьектод 16 жил байрлан үйл ажиллагаагаа явуулсан учир энэхүү обьектийн өмчлөл эзэмшил өөрчлөгдөхтэй холбоотой асуудалд давуу эрхтэйгээр оролцох эрхтэй хэмээн үзэж байна. Гэтэл ийнхүү газар эзэмших эрх нь өөр хүнд шилжсэн байгаа нь үндэслэлгүй хэмээн үзэж байгаа учир дээрх байдлыг тодруулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан дараах нэхэмжлэлийг гаргасан. Нэгдүгээр нэхэмжлэлийн шаардлага нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн А/113 дугаар захирамжийг хүчингүй болгуулах. Нэхэмжлэгч “С*******” ЗБН-ийн үйл ажиллагаа явуулж байгаа барилгыг хувьчилж авахад давуу эрх олгохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэл гаргасан. Д.А******* нь эх барих, эмэгтэйчүүдийн 2 дугаар амаржих газарт 1968 оноос 1994 он хүртэл ажиллаж байсан. 1997 оноос хойш “С*******” ЗБН-ийг байгуулж, өнөөдрийг хүртэл ажиллуулж байгаа. Байгуулагдсан цагаасаа хойш 2 дугаар төрийн байранд 18 м.кв-т талбайг түрээслэн ажилдаг байсан. Уг байр нь 1998 онд Нийслэлийн өмч харилцааны газарт шилжсэн, 1998 оноос 2005 оны 2 сар хүртэл Нийслэлийн өмчийн харилцааны газартай түрээсийн гэрээтэй байсан. Гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж ажилласаар ирсэн. 2005 онд “Б*******” ХХК-нд шилжсэн. 2011 онд түрээсийн гэрээ хийгээгүй байна гэдэг ч түрээсийн төлбөрөө төлсөн. 2013 онд “Б*******” ХХК-ийн захиралтай түрээсийн гэрээ хийх гэсэн боловч хүлээж бай гээд гэрээ хийгээгүй. 2016 онд бохирын шугам бүртгүүлснээс болж үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан учраас энэ талаар холбогдох байгууллагад хандсан боловч арга хэмжээ авч өгөөгүй. 2012 оны 08 дугаар сард хариу өгөхдөө засвар хийх боломжгүй гэдэг хариуг өгсөн. Гэтэл “Б*******” ХХК-ийн захирал нь “МИАТ”-ийн дайны эрсдэлийн сангийн хэрэгтэй холбогдсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2014 оны 06 дугаар сард мэдсэн учраас уг барилгын талаар хэлж ярих хүн байхгүй болсон. 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 2 дугаар амаржих төвийн дулааны шугам сүлжээг тавих болж уг байрны зүүн талаар нүх ухаж, хувийн өмчид нүх ухлаа гэж асуудал үүсэж, уг үйл ажиллагааг зогсоосон байдаг. Дээрх асуудлаар Өлзийнбаяр гэдэг хүнтэй уулзахад уг газрыг худалдаж авсан. Б******* даргатай уулзахгүй юу гэсэн тайлбарыг өгсөн. Өмчлөгч нь байхгүй байхад өмчлөгч нь өөрчлөгдсөн эсэх талаар Нийслэлийн өмч харилцааны газраас лавлахад 5/7526 тоот албан бичигт Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн А/113 дугаар захирамжаар иргэн П.Эд газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлсэн болно гэсэн хариуг ирүүлсэн. Уг газрын хувьчлаагүй ба уг газар олон жил үйл ажиллагаа явуулсан нэхэмжлэгч нь хувьчлах асуудал дээр давуу эрхтэй гэдгээ тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж болох юм байна гэсэн үүднээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Талуудаас нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сонирхол хөндөгдсөн талаар дурдаж байгаа. Уг захиргааны хэрэг үүсэх үед энэ талаар яригдсан. Нэхэмжлэгч талаас гомдол гаргасны үндсэн дээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн байна гээд хэрэг үүссэн. Нэхэмжлэгч талын хүчингүй болгуулах гэж байгаа Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ны өдийн А/113 дугаар захирамж нь “Б*******” ХХК –аас иргэн П.Эд шилжихдээ ямар үндэслэлээр шилжсэн гэхлээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн шүүхийн эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийн үндсэн нь дээр шилжүүлсэн. Энэ нь нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзээд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийн дахин хянуулахаар хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг хүлээж аваад “Б*******” ХХК-аас иргэн П.Эд шилжсэн Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон байдаг. Уг захирамжийг хүчингүй болгосноор уг өмч улсын өмчид очихоор байтал өнөөдрийн байдлаар улсын өмчид хураагдсан зүйл байхгүй. Шүүгчийн захирамжаас болоод Засаг дарга тайлбараа өгдөг. Уг тайлбарт хүчин төгөлдөр эрхийн актын дагуу шилжүүлсэн гэдэг. Шилжүүлсэн анхан шатны шүүгчийн захирамж нь хүчингүй болсон учраас уг захирамжийг үндэслэж шилжүүлсэн Засаг даргын захирамж хүчингүй болох ёстой. Уг захирамж хүчингүй болсноор манай нэхэмжлэлийн шаардлагын 2 дэх хэсэгт дурдсан нэхэмжлэлийн шаардлага хангагдах учиртай. Уг газар нь улсын өмчид шилжсэний дараа өмч хувьчлах асуудал дээр нэхэмжлэгч нь оролцох боломж нь үүсэх юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 10 сарын үеэс энэ асуудлаар холбогдох газруудаар хөөцөлдсөн. Энэ хугацаанд хууль бус үйлдэл маш их байсан талаар иргэн хүний зүгээс олж харсан. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн тэргүүлэгчид нь иргэнээ төлөөлж байгаа гэж ойлгодог. Дээрх зүйлийг дүгнэж хэлэхэд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдын хурлын тэргүүлэгчид хууль бус үйл ажиллагаа явуулдаг талаар дээрх хугацаанд олж мэдсэн. Төрийн өмчийн хороотой зөвшилцсөн хэрнээ тогтоолын биелүүлдэггүй. Уг хөрөнгийн төрийн өмчид хураалгах ёстой байхад 7 хоногийн өмнө эвлэрлийн гэрээ хуурамчаар байгуулж өмч хөрөнгийг гувчуулж байгаа нь тодорхой харагдаж байна. Хууль бус үйл ажиллагаа хийгдэж байгаа нь иргэн надад хохиролтой, иргэн миний бие болон төрийн захиргааны байгууллагатай хоёрын хооронд их маргаан үүсэж байна. Дээд шүүхийн 465 дугаар тогтоол дээр уг хөрөнгийг улсын өмчид хураахаар заасан байдаг. Гэтэл уг хөрөнгө нь өнөөдрийг хүртэл улсын өмчид хураагдаагүй байна. Тиймээс уг асуудлаар би нэхэмжлэл гаргасан нь иргэн хүний үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Талуудаас нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж хэлж байна. Дээрх асуудал нь миний сэтэл санаа, эд хөрөнгөөрөө хохирч байна. Миний бие нь дээрх асуудлаар төрдөө итгэж ирсэн. Итгэл алдраад л нэхэмжлэл гаргасан байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Өмчийн харилцааны газрын дарга Ш.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 154 тоот тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 319 тоот захирамж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2005 оны 270 тоот тушаалаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших 2 дугаар Амаржих газрын хуучин ашиглаж байсан зөвлөх амбулаторийн 305 м.кв талбай бүхий барилга байгууламжийг “Б*******” ХХК-д шилжүүлсэн байна.
“Б*******” ХХК нь 2005 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаар бүртгүүлэн үйлчилгээний зориулалттай 298 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон тул уг барилгын доорхи 985 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 461 тоот шийдвэрээр 15 жилийн хугацаатай конторын зориулалтаар тус компанид эзэмшүүлэн шийдвэрлэсэн. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүчгийн 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2322 тоот Зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжаар “Б*******” ХХК-д олгосон газар эзэмших эрхийг иргэн П.Эд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан байхгүй бол иргэн, хуулийн этгээд нь зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан байх тул “С*******” ЗБН нь 2005 оноос 2011 он хүртэл “Б*******” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан ажиллаж ирсэн ба 2006 оны Нийслэлийн Засаг даргын захирамжид гомдол гаргаж байгаагүй бөгөөд “С*******” ЗБН нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн гэж үзэж байгаа тул “С*******” ЗБН нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхээс нотлох баримт тайлбар гаргуулах тухай 2015 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 1/3948 тоот албан бичигт танилцаад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Б*******” ХХК-тай 2003 онд байгуулсан Орон сууцаар хангах гэрээний дагуу 173,800,00 /нэг зуун далан гурван сая найман зуун мянган/ төгрөгний үнэ бүхий найман орон сууцны төлбөрт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших 2 дугаар Амаржих газрын хуучин ашиглаж байсан зөвлөх амбулаторын 305 м.кв талбай бүхий барилга байгууламжийг шилжүүлсэн байна.
2005 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 154 тоот тогтоол нь Нийслэлий Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1, 3 дахь заалтын хүрээнд хуулиар олгогдсон хуулийн дагуу шийдвэрлэсэн ба тогтоолыг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2005 оны 319 тоот захирамж гарсан. Тогтоол, захирамжийн асуудал нь барилга байгууламжийг шилжүүлэх тухай асуудал байгаа тул нийслэлийн барилга байгууламжийг хувьчлах талаар огт тусгагдаагүй болно. Иймд “С*******” ЗБН нь нийслэлийн өмчийн барилга байгууламжийн нээлттэй дуудлага худалдаагаар оролцох бүрэн боломжтой юм.
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших 2 дугаар Амаржих газрын хуучин ашиглаж байсан зөвлөх амбулаторын 305 м.кв талбай бүхий барилга байгууламжийг “Б*******” ХХК-д шилжүүлсэнтэй холбогдуулж ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Маргаан бүхий захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний нэгж удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 38 дугаар зүйлийн 38.4-т тус тус удирдлага болгон захирамж гаргасан. Маргаан бүхий эрхийн акт нь нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөж байгаа эсэх талаар нэхэмжлэгч нь ярьдаггүй. Нэхэмжлэлийн шаардлагыг гол үндэслэлээр олон жил үйл ажиллагаа явуулсан гэж тайлбар хийдэг. “Б*******” ХХК-тай 2005-аас 2011 он хүртэл түрээсийн гэрээтэй байсан гэдэг. Уг 6 жилийн хугацаанд энэ талаар нэхэмжлэгч мэдэж байсан. Тухайн үед “Б*******” ХХК-ийн газар эзэмших эрхтэй маргаагүй байж сүүлд “Б*******” ХХК-нь иргэн П.Эрүү шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн А/113 дугаар захирамжтай маргаж байгаа нь ойлгомжгүй байна. Маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн асуудал байхгүй. Тиймээс Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн А/113 дугаар захирамж нь холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд гарсан акт. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дээр дурдсан хувьчлах асуудал дээр давуу эрх олгох гэдэг асуудал нь захиргааны хэргийн шүүхийн асуудал биш. Уг асуудал нь иргэний хэргийн шүүхийн асуудал. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд П.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: П.Э миний бие “Б*******” ХХК-иас нийт 681 876 578 төгрөгний авлагатай байсан. Энэхүү өр төлбөрөө төлөөгүй тул миний бие харьяа дүүргийн шүүхэд хандсан. Тус компаниас авлагынхаа тодорхой үнийн дүнд тооцон Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж, 5 тоот хаягт орших дугаартай гэрчилгээтэй 985 м.кв талбайтай газар, түүн дээрхи эрхийн бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн барилгыг шилжүүлэх хүсэлт гаргасан. Сонгинохайрхан дүүргийн шүүхээс 2013 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 2322 дугаартай шүүгчийн захирамжаар дээр дурьдсан газар болон обьектийг П.Э миний нэр дээр шилжүүлэхээр шийдвэрлэсэн. 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2322 дугаартай шүүгчийн хүчин төгөлдөр захирамжийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 24-ны өдрийн А/113 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг П.Э миний нэр дээр шилжүүлж миний бие маргаж буй обьект болон газрыг шүүхийн хүчин төгөлдөр захирамжийн дагуу шилжүүлэн авсан болно. Иймд “С*******” ЗБН-ийг төлөөлж Д.А*******ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд П.Э нь “Б*******” ХХК-иас Нийслэлийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжийн хавсралт 40-д зааснаар 985 м.кв талбай бүхий конторын зориулалттай барилгын газрын эзэмшлийг шилжүүлэн авч 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг Нийслэлийн газрын албаар баталгаажуулан авсан. Уг газрыг шилжүүлсэн “Б*******” ХХК нь 2005 оноос уг газрыг эзэмшиж, түүн дээрх конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн байсанд үндэслэн талуудын хоорондын тохиролцоогоор эрх бүхий байгууллагаар баталгаажин өмчлөл, эзэмшил шилжсэн.
Нэхэмжлэгч “С*******” ЗБН-ийн хувьд уг газар болон үл хөдлөх эд хөрөнгийг зөвхөн түрээсийн гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд ашиглаж байсан гэсэн хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна. Хэрэв тус ЗБН-ийн хувьд уг газар болоод объектын тодорхой хэсгийг ч болов өмчлөх, эзэмших эрхийг нь баталгаажуулсан эрх бүхий байгууллагын шийдвэр, захирамж байсан бол түүний эрх ашиг хөндөгдсөн гэж үзэх боломжтой бөгөөд энэ талаар шаардах эрх үүсэх юм. Гэтэл хэргийн баримт, түүний өөрийн тайлбар болон нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар зөвхөн түрээсийн гэрээний нэг тал учраас дээрх захирамжийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх бүхий этгээд биш юм. Түүний нэхэмжлэлийн агуулгаас үзвэл харин ч эрх бүхий этгээдтэй байгуулсан түрээсийн гэрээний хугацаа дууссан атал тухайн газар болон объекгийг эзэмшиж, ашиглаж байгаа нь хууль бус гэж үзэж байна. “Б*******” ХХК болон иргэн П.Эгийн хувьд харилцан хүсэл зоригоо илэрхийлж хууль ёсны дагуу холбогдох байгууллагаар баталгаажсан эрхийн актын үндсэн дээр газар болон үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлснээр “С*******” ЗБН-ийн эрх ашиг зөрчигдөөгүй харин ч гуравдагч этгээд П.Эгийн эрх ашиг зөрчигдөж болзошгүй гэх үндэслэлээр шүүх энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байна.
“Б*******” ХХК-ийн захирал иргэн П.Э нарын хооронд эвлэрлийн гэрээ байгуулагдаад шүүхээс уг гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гарсан. Уг хөрөнгийг дээд шүүхийн тогтоолоор улсын өмчид шилжүүлэх ёстой гэдэг тайлбарыг хэлж байна. “Б*******” ХХК-иас иргэн П.Эд шилжүүлсэн асуудал нь хууль ёсны улсын бүртгэлтэй байсны үндсэн дээр П.Э нь газрыг өмчилсөн. Хэрвээ улсын өмчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн бол уг эд хөрөнгийг битүүмжлэх ёстой байсан. Бүртгэлийн байгууллага зохих шаардлагын дагуу иргэн П.Эгийн нэр дээр бүртгэсэн. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй тайлбар хэлж байна. Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн А/113 дугаар захирамжтай холбоотой л тайлбар гаргах ёстой. Энэ талаар мэдэх ёстой байсан. Энэ битүүмжилсэн хөрөнгө нь өөр асуудал. Өнөөдрийн бол Нийслэлийн Засаг даргын А/113 дугаар захирамжтай холбоотой зүйл л ярих ёстой. Нэхэмжлэгч нь эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж хэлж байгаа боловч энэ нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Уг газрыг нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний дагуу л үйл ажиллагаагаа явуулж байсан. Өмчлөгч нь эд хөрөнгөө захиран зарцуулах эрхтэй ба энэ эрхийн дагуул иргэн П.Эд шилжүүлсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт, шүүх хуралдааны үед талуудаас хэлсэн тайлбараас дүгнэж үзвэл уг маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэдэг нь тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч талд эрх бүхий байгууллагаас хуулийн дагуу газар олгосон тухай эрх олгогдоогүй. Хууль ёсны эзэмшигч нь өөрийн эзэмшлийн эд хөрөнгөө хэнд шилжүүлэх эсэх тухайн этгээдийн хүсэл зориг. Нэхэмжлэгч нь тухай газарт түрээсийн гэрээний дагуу үйл ажиллагаа явуулдаг байсан ба энэ талаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд. Нэхэмжлэгч талаас эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж тайлбарлаж байгаа ч уг асуудал дээр гуравдагч этгээд П.Эгийн эрх ашиг сонирхол хөндөгдөж байна. Мөн нэхэмжлэгчийн түрээсийн гэрээний хугацаа дуусан болохоор одоо гэрээ гэх зүйл байхгүй гэв.
Дүгнэхэд өмчийн эзэн өмчлөлийн зүйлээ хууль ёсны дагуу бусдад шилжүүлж, шилжүүлэн авсан этгээдийн хувьд өөрийн өмчлөлд бүртгүүлсэн, энэхүү улсын бүртгэл хүчинтэй байгаа тохиолдолд “С*******” ЗБН-д ямар ч хамааралгүй тул тус ЗБН нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд байх боломж болон хууль зүйн ямар ч үндэслэлгүй. Иймд “С*******” ЗБН нь нэхэмжлэх эрхгүй этгээд, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэсэн хариуцагчийн татгалзал, гуравдагч этгээдийн тайлбарыг шүүх хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
“С*******” ЗБН /зохион байгуулалттай нөхөрлөл/ нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулж “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамж хүчингүй болгуулах, С******* эмнэлэг нь 16 жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа барилгаа хувьчилж авах давуу эрхтэй гэдгийг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 6909 захирамжаар “С*******” ЗБН-ийн нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдээс нэхэмжлэл гаргасан гэж анх хүлээн авахаас татгалзсан /хх 6/ боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 28 тогтоолоор уг захирамжийг хүчингүй болгосон тул /хх 155/ “С*******” ЗБН-ийн нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хэргийг хянан шийдвэрлэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “С******* эмнэлэг нь 16 жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа барилгаа хувьчилж авах давуу эрхтэй гэдгийг тогтоолгох” нь тусгайлсан нэхэмжлэлийн шаардлага биш харин нэхэмжлэлтэйгээ уялдуулан гаргасан, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхтэй холбоотойгоор гаргаж байгаа тодруулга гэж тайлбарласан /хх 3-р хавтас 39/ тул “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагын хүрээнд хэргийг шүүх шийдвэрлэв.
Маргаан бүхий акт буюу Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/113 дугаар захирамж /хх 1-р хавтас 4-5, 202-206/-аар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасан Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрх болон мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэрлэх тухай заалтыг тус тус үндэслэн гуравдагч этгээд “Б*******” ХХК-ийн эзэмшлийн 985 м2 конторын зориулалттай газрыг П.Эд түүний хүсэлтийг үндэслэн эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “С*******” ЗБН нь дээрх актын үндэслэл болсон Газрын тухай хуулийн заалттай маргаагүй, харин хариуцагчийн тайлбар /хх 1-р хавтас 174-175/-т дурдсан “Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2322 тоот “Зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийн дагуу “Б*******” ХХК-нд олгосон газар эзэмших
Тодруулбал, “С*******” ЗБН нь “нэхэмжлэгч ЗБН нь төрийн өмчийн барилгыг 1997 оноос хойш түрээслэн үйл ажиллагаа явуулсны хувьд хувьчлан авах, обьектын эзэмшил өөрчлөгдөхтэй холбоотой асуудалд давуу эрхтэйгээр оролцох эрхтэй байхад гуравдагч этгээд иргэн П.Эд уг барилгын доорх газрыг эзэмшүүлэхээр хариуцагч шийдвэрлэсэн нь хууль бус, мөн хариуцагчийн тайлбарт дурдсан маргаан бүхий газрыг П.Э шилжүүлэн авах үндэслэл болсон Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2322 захирамж нь хүчингүй болсон.” гэж маргажээ.
1. Нэхэмжлэгч “С*******” ЗБН нь Нийслэлийн өмчийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар амаржих газрын дэргэдэх барилгын зарим өрөөг 1997 оноос өнөөдрийг хүртэл түрээслэж байгаа гэдэг нь нэхэмжлэгчийн тайлбар /хх 1-р хавтас 1-2/, хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, мөнгө тушаасан баримт, албан бичгүүд /хх 1-р хавтас 12-138 /зэргээр тогтоогдож байна.
2. Харин “Б*******” ХХК нь Нийслэлийн өмчийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар амаржих газрын хуучин ашиглаж байсан зөвлөх амбулаторийн 305 м2 талбай бүхий барилгыг найман орон сууцны төлбөрт өмчлөгчөөс шилжүүлэн авсан, уг барилгыг шилжүүлэн авсныг үндэслэн барилгын доорхи 985 м2 газрыг эзэмших эрхийг тус компанид баталгаажуулан олгосон гэдэг нь хариуцагчийн хариу тайлбарууд /хх 1-р хавтас 174, 2-р хавтас 134/, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2005 оны 154 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 319 дүгээр захирамж, Өмч харилцааны газрын даргын 2005 оны 270 дугаар тушаал /хх 2-р хавтас 135-137/, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 461 дүгээр захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ /хх 1-р хавтас 186-189, 192-194/ зэргээр тогтоогдож байна.
Дээрх байдлаар Нийслэлийн өмчийн харилцааны газраас “Б*******” ХХК-нд /2005 онд/ маргаан бүхий газрын дээрх барилгыг шилжүүлэн шийдвэрлэсэн. Ингэснээр уг барилгын өмчлөгч нь өөрчлөгдөж, улмаар уг барилгыг шилжүүлсэнтэй холбоотойгоор түүний доорхи газар эзэмших эрхийг мөн “Б*******” ХХК-нд /2006 онд/ шилжүүлсэн зэрэг эрх бүхий захиргааны байгууллагын үйл ажиллагаатай нэхэмжлэгч өмнө нь болон өнөөдөр маргаагүй гэдэг нь шүүхээс нотлох баримт гаргуулах энэ үйл баримтын талаар тодруулга, лавлагаа авах агуулга бүхий албан бичиг /хх 2-р хавтас 11-120/, түүнд нэхэмжлэгч бичгээр хариу ирүүлээгүй байдал, мөн энэ талаар шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэгч талын тайлбарууд /хх 2-р хавтас 238-240, 3-р хавтас 37-39/ зэргээр тогтоогдож байна.
3. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2322 захирамж /хх 1-р хавтас 237-238/-аар нэхэмжлэгч П.Э, хариуцагч “Б*******” ХХК-ны эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Захирамжийн тогтоох хэсгийн 1.2-д “Сүхбаатар дүүргийн 5-р хороо, ...985 м2 талбайтай газар түүн дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн барилга /үл хөдлөх эд хөрөнгө/ 350,000,000 төгрөгийн үнээр тооцож П.Эд шилжүүлэх”-ээр шийдвэрлэжээ.
Уг шүүхийн шийдвэрийг үндэслэн маргаан бүхий актаар “Б*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг гуравдагч этгээд П.Эд шилжүүлсэн гэдэг нь хариуцагчийн тайлбар, “Б*******” ХХК-ийн хүсэлт, П.Эгийн хүсэлт, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Нийслэлийн өмчийн харилцааны газарт явуулсан албан бичиг, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн 2013 оны 11 дүгээр сарын 7175 захирамж /хх 1-р хавтас 174, 178, 179, 196-198, 2-р хавтас 152-153/ зэргээр тогтоогдож байна.
4. Мөн гуравдагч этгээд П.Эд газар эзэмших эрхийг шилжүүлэх үндэслэл болсон дээрх Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 2322 захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хэлэлцүүлэхээр буцааж, шүүгчийн 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 7175 захирамжийн дагуу биелэгдсэн шийдвэрийг цуцалсан гэдэг нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШТ2015/00843 тогтоол /хх 2-р хавтас 213-215/-оор нотлогдож байна.
5. П.Эгийн нэхэмжлэлтэй, “Б*******” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 681,876,578 төгрөг гаргуулах, “С*******” ЗБН бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдтэй иргэний хэргийг “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №184/ШЗ2016/05111 захирамжаар хэрэгсэхгүй болгосон нь нотлогдож байна. /хх 3-р хавтас 8, 9/ Захирамжийн үндэслэх хэсэгт “...Б******* ХХК-ийн хөрөнгийг улсын орлого болохыг тогтоолгох... тухай бие даасан шаардлагыг хэлэлцэх боломжгүй болсон тул С******* зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл нь бие даасан шаардлагаа жич иргэний журмаар нэхэмжлэл гаргах замаар шийдвэрлүүлэх боломжтой байна. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй, хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна...” гэжээ.
Нийслэлийн Засаг дарга нь газрын харилцааны талаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 38 дугаар зүйлийн 38.4-д заасны дагуу газар эзэмшүүлэх эрх олгох, мөн газар эзэмших эрхийг шилжүүлэх бүрэн эрхтэй. Түүнчлэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.”, 32.2-д “Шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ.”, 11.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга биелүүлэх үүрэгтэй.
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуульд заасан өөрийн бүрэн эрх, дээрх хуульд заасан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргий дагуу “Б*******” ХХК-ны газар эзэмших эрхийг гуравдагч этгээд П.Эд Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/113 дугаар захирамжаар шилжүүлсэнийг хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй.
Нэхэмжлэгч “С*******” ЗБН нь “эд хөрөнгө үндэслэлгүйгээр бусдад шилжсэн ба хэрвээ шилжээгүй байсан бол уг эд хөрөнгийг 1997 оноос хойш түрээсэлж ирсэн учир хувьчлах, дуудлага худалдаанд оролцох давуу эрхтэй учир маргаан бүхий газрыг эзэмших боломжтой байсан” гэж маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тайлбарлажээ.
Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна” гэжээ. Газар эзэмших эрхийг олж авах давуу эрхтэй талаар нэхэмжлэгч маргаж байгаа учир төрийн өмчийн газрыг эзэмших эрхийг олж авах харилцааг зохицуулсан Газрын тухай хуульд өөрөөр заагаагүй тохиолдолд энэхүү Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасан нөхцөлийн дагуу маргаан бүхий газрыг эзэмших эрхийг нэхэмжлэгч давуу эрхтэйгээр олж авах боломж бүрдэнэ.
Гэвч төрийн өмчийн газрыг эзэмших хүсэл сонирхол, хууль ёсны ашиг сонирхолтой аливаа этгээдээс энэхүү газар эзэмших эрхийг олж авахын тулд Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан журмын дагуу хүсэлт гаргах, уг хүсэлтийг үндэслэн мөн хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмшүүлэх шийдвэрийг эрх бүхий этгээдээс гаргах, мөн аливаа этгээдээс газрыг шилжүүлэн авахтай холбоотой харилцааг уг хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 38 дугаар зүйлийн 38.4 зэрэг заалтуудаар нарийвчлан зохицуулжээ.
Нэхэмжлэгч өөрийн түрээслэж байгаа обьектын доорх төрийн өмчийн газрыг эзэмших эрхийг олж авахын тулд дээр дурдсан Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрх олгох эрх бүхий этгээдэд хүсэлт гаргасан, уг хүсэлтийг шийдвэрлэсэн, түүнчлэн бусад этгээдээс маргаан бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогдохгүй нөхцөлд нэхэмжлэгч нь түрээслэж байгаа обьектын доорх төрийн өмчийн газрыг эзэмших эрхтэй, хууль ёсны ашиг сонирхолтой этгээд гэж үзэх үндэслэлгүй юм.
Мөн маргаан бүхий газрын дээрх барилгыг өмчлөгч Нийслэлийн өмчийн харилцааны газраас “Б*******” ХХК-нд шилжүүлэн шийдвэрлэснээр уг барилгын өмчлөгч нь өөрчлөгдсөн болон уг барилгыг шилжүүлсэнтэй холбоотойгоор түүний доорхи газар эзэмших эрхийг /2005 онд/ шилжүүлсэн зэрэг захиргааны байгууллагын үйл ажиллагаатай нэхэмжлэгч маргаагүй, маргаж байгаагүй, нэхэмжлэгчийг уг барилга болон газрыг хууль ёсны дагуу өмчлөх, эзэмших /өмчлөгч, эзэмшигч/ эрхтэй гэдгийг тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэр, өмчлөгч, эзэмшигчтэй хийсэн гэрээ бусад баримт байхгүй байхад маргаан бүхий газрын эзэмшигч өөрчлөгдсөн, газар эзэмших эрхийг шилжүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн 1997 оноос хойш түрээсэлж байгаа үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөгчөөс тэргүүн ээлжинд олж авах давуу эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
Маргаан бүхий актаар гуравдагч этгээд П.Эд газар эзэмших эрхийг шилжүүлэх үндэслэл болсон шүүхийн шийдвэр хүчингүй болсон, биелэгдсэн шийдвэрийг цуцлахаар шүүх шийдвэрлэсэн нь тогтоогдож байх боловч нэхэмжлэл гаргасан /2014.11.14/ цаг хугацаанаас хойш буюу 2015 оны 10 дугаар сарын 07-нд шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр гарсан, мөн уг маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэдэг нь тогтоогдохгүй байхад энэхүү үндэслэлээр маргаан бүхий актыг шүүх хууль бус гэж хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг,” хэлэхээр заажээ. Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”-ийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ заахаар тусгажээ.
Үүний учир маргаан бүхий захиргааны акт нь хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгч “С*******” ЗБН-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 38 дугаар зүйлийн 38.4, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С*******” ЗБН-ийн “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, С******* эмнэлэг нь 16 жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа барилгаа хувьчилж авах давуу эрхтэй гэдгийг тогтоолгох” гэсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ