Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2017/00472

 

                                                  Г.Норлохсүрэнгийн нэхэмжлэлтэй,

                                                             иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 302 дугаар шийдвэр,

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 204/МА2017/00006 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Г.Норлохсүрэн,

Хариуцагч : Өвөрхайнгай аймгийн Хархорин сумын Сум дундын шүүхийн Тамгын газар,

Нэхэмжлэлийн шаардлага : Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: .нэхэмжлэгч Г.Норлохсүрэн, түүний өмгөөлөгч Б.Отгонтуяа, хариуцагчийн төлөөлөгч Д.Ганбат, нарийн бичгийн дарга Э.Боролдой  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: Хархорин сум дахь Сум дундын шүүхэд 20 жил бичиг хүргэгчээр ажилласан. Тус шүүхийн тамгын газрын дарга Д.Ганбат нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016.01.13-ны өдрийн 03/50 дугаартай албан бичгийн дагуу 2016.5.02-ны өдөр төлөвлөсөн мэдэгдлийг 2016.5.31-нд надад өгсөн. 2016.6.21-ний өдрийн 45 тоот тамгын газрын даргын тушаалыг 2016.7.05-нд авсан. Манай шүүхэд 9 төрийн үйлчилгээний албан хаагчдаас намайг цомхотголд оруулж ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн гэрээг цуцлагдсаны дараа 2016.7.20-нд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд гомдол гаргасан ба 2016.8.24-ний өдрийн 03/899 тоот албан бичгээр ирсэн гомдлын хариуг 2016.8.29-ний өдөр авсан. Тэгээд Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016.9.07-ны өдөр нэхэмжлэл гаргаж, захиргааны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг 2016.9.08-ны өдөр гардан аваад 2016.9.13-ны өдөр Хархорин сум дахь Сум дундын шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2016.01.13-ны өдрийн 03/50 дугаартай "...Төсөв, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал, шүүхийн төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх, зардлын үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын 2016 оны урсгал төсвийн хуваарь, 2016 оны бүтэц, орон тооны дээд хязгаар буюу төрийн үйлчилгээний албан хаагчийн орон тоог 8 хүртэл тогтоож 1, 2 дугаар хавсралтаар тус тус баталсан. Үүнд: Тамгын газрын дарга 1, шүүгчийн туслах 4, мэдээлэл технологийн мэргэжилтэн 1, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга 2, төрийн үйлчилгээний албан хаагч 8, нийт 21 орон тоо баталж, төрийн үйлчилгээний албан хаагчийг цалингийн санд багтаан тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй, хавсралтаар хүргүүлсэн төсвийн хуваарь, бүтэц, орон тооны хязгаарыг баримтлах  чиглэлийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс  өгсөн. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс батлагдсан бүтэц, орон тооны дагуу Тамгын газрын дарга Шүүхийн захиргааны тухай хуулийн 22 дугаар зүйл, Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмын 9 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд бүтэц орон тоог нягтруулах замаар төрийн үйлчилгээний албан хаагчийн 9 орон тооноос 1 /бичиг хүргэгч/ орон тоо хассан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д зааснаар үндэслэлээр Г.Норлохсүрэнгийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, үүрэгт ажлаас нь 2016.7.04-ний өдөр чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухайгаа Г.Норлохсүрэнд сарын өмнө буюу 2016.5.31-ний өдөр бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Г.Норлохсүрэн нь 2016.01-02 дугаар сарыг дуустал ажилгүй байсан хугацааны цалин 645,854 төгрөг, 2016.3 сараас 2016.7 дугаар cap хүртэл ажиллахдаа нийт 2.902.177 төгрөгийн цалин, болон ээлжийн амралт, бодогдож шимтгэл суутгалыг хасаад цэвэр цалин 1.983.402 төгрөг нийт 2.629.256 төгрөг гар дээр авч байсан. Харин ч Г.Норлохсүрэнд 2016.3- 2016.7 дугаар саруудын цалинг илүү олгож, бичиг хүргэгчээр ажиллуулсан, ажлаас халагдсаны 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж 563.580 төгрөг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Г.Норлохсүрэн удаа дараа дээрх тэтгэмжийг авах талаар тус шүүхийн Тамгын газрын нягтлан бодогч болон Шүүхийн ерөнхий зөвлөлд бичгээр хандсан байдаг. 2016.7.05-ны өдөр гардуулан өгсөн бөгөөд Г.Норлохсүрэн нь шүүхэд 2016.9.13-ны өдөр гомдлоо гаргасан. Г.Норлохсүрэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т заасан  хугацааг хэтрүүлсэн.  Мөн аж амьдрал зэргийг харж  45 дугаар  тушаалыг зөрчин  3 сараас 7 cap хүртэл ажиллуулж , Шүүхийн ерөнхий зөвлөлөөс төсөв батлагдснаас илүү цалин олгоод байна гэж шаардлага тавьсан учраас тушаал гаргаж  ажлаас нь халсан. Тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн баталсан бичиг манайд ирээгүй ба  баталсан төсвийн хүрээнд  ажлаас чөлөөлсөн.  Шүүхийн ерөнхий зөвлөл рүү гомдол гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 302 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Норлохсүрэнг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн бичиг хүргэгчийн ажилд эгүүлэн тогтоож,  нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 204/МА2017/00006 дугаартай магадлал гаргаж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 302 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ажлаас чөлөөлөх тушаал авсаны дараа Тамгын газрын даргад ажилд эгүүлэн орох хүсэлтэй байгаагаа хэлэхэд “...таниас өөр цомхотголд орох хүн байхгүй. Та 50 нас хүрсэн, 4 хүүхэд төрүүлсэн” гэсэн учир би шүүхийн ерөнхий зөвлөлд гомдол гаргасан. 2016.8.24-ний өдөр 03/399 тоот албан бичгийн дагуу гомдлоо гаргасан тул хугацаанд нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д зааснаар гаргасан тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                    ХЯНАВАЛ:

Г.Норлохсүрэн нь бичиг хүргэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг  Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт холбогдуулан гаргасан /хх 1/  байна.  Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй /хх 17-18/ маргажээ.

Анхан шатны шүүх “...хариуцагч тушаалын үндэслэлээ нотлоогүй... нэхэмжлэгч гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй... цалин хөлстэй холбоотой баримтыг гаргаагүй...” гэсэн үндэслэл зааж Г.Норлохсүрэнг бичиг хүргэгчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

Давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлсэн...” гэсэн дүгнэлт хийж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан боловч зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Талуудын хооронд  2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан  “Эвлэрлийн гэрээ”-нд “...Нэхэмжлэгч Г.Норлохсүрэн, хариуцагч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулав.  Нэхэмжлэгч Г.Норлохсүрэн би тус шүүхийн 2016.6.21-ний өдрийн 45 тоот тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай хариуцагчтай эвлэрэн тохиролцож бусад нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, Хариуцагч тал нь Г.Норлохсүрэн намайг 2017.6.01-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн бичиг хүргэгчийн албан тушаалд томилохоор харилцан тохиролцов...” гэжээ.

Зохигчид нь 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ байгуулж, “...хариуцагч нь Г.Норлохсүрэнг 2017.6.01-ний өдрөөс Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн бичиг хүргэгчээр ажиллуулах, нэхэмжлэгч нь 2017.6.01-ний өдрөөс бичиг хүргэгчээр ажиллах талаар тохиролцон, нэхэмжлэлийн бусад шаардлагаас татгалзаж...” талууд эвлэрсэн нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Иймд, шийдвэр болон магадлалыг тус тус хүчингүй болгож, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Эвлэрлийн гэрээ”-г баталж, Г.Норлохсүрэнгийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4- т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 302 дугаар шийдвэр, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 204/МА2017/00006 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, зохигчдын  хооронд 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан “Эвлэрлийн гэрээг” –г баталж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт холбогдох “...Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай...” Г.Норлохсүрэнгийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ