Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 281

 

В.Н-гийн нэхэмжлэлтэй, Баянхонгор

аймгийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч.   Ч.Тунгалаг

Шүүгчид:                      Г.Банзрагч

                                       Б.Мөнхтуяа

                                       Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:            М.Батсуурь

Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа,

Нэхэмжлэлийн шаардлага: Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/509 дугаартай В.Н-г ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, аймгийн Эрүүл мэндийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, Ажилгүй байсан 12 дугаар сарын цалин 1622000 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 11,5 хувиар бодож Засаг дарга Г.Батжаргалаас хувиас нь нөхөн төлүүлэх, Ажилгүй байсан хугацааны цалинг 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж байгаа Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолоор ТЗ-10 дугаар шатлалын 5 дахь зэрэглэлийн цалин 1088657, төрийн байгууллагад ажилласан хугацааны болон зэрэг дэвийн нэмэгдэл 45 хувь, хоолны мөнгө 110.000 төгрөгөөр тооцож, 1 сарын цалин 1688552 төгрөг, 1 өдрийн цалин 78537 төгрөг болох бөгөөд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 11.5 хувиар бодож шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл Засаг даргаар нөхөн төлүүлэх, Ээлжийн амралттай байхдаа ажлын шаардлагаар ажилласан хугацааны амралтыг биеэр эдлүүлээгүй ажлаас чөлөөлсөн ба амралтын хугацаанд ажилласан ажлын 19 өдрийн цалин 1408356 төгрөгийг нөхөн төлүүлэх,

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 111/ШШ2020/0002 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 275 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч В.Н, түүний өмгөөлөгч С.Д нар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 111/ШШ2020/0002 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч В.Н-гийн гаргасан Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/509 дугаартай В.Н-г ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, Эрүүл мэндийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 12 дугаар сарын цалин 1622000 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 11,5 хувиар бодож Засаг дарга Г.Батжаргалаас хувиас нь нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны цалинг 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж байгаа Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолоор ТЗ-10 дугаар шатлалын 5 дахь зэрэглэлийн цалин 1088657, төрийн байгууллагад ажилласан хугацааны болон зэрэг дэвийн нэмэгдэл 45 хувь, хоолны мөнгө 110.000 төгрөгөөр тооцож, 1 сарын цалин 1688552 төгрөг, 1 өдрийн цалин 78537 төгрөг болох бөгөөд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 11.5 хувиар бодож шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл Засаг даргаар нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 275 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3 дахь заалтуудыг баримтлан Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/509 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч В.Н-г  Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 12 дугаар сарын цалин 1,622,000 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 11.5 хувиар бодож Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, ажилгүй байсан хугацааны цалинг 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж байгаа Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолоор ТЗ-10 дугаар шатлалын 5 дахь зэрэглэлийн цалин 1,088,657 төгрөг, төрийн байгууллагад ажилласан хугацааны болон зэрэг дэвийн нэмэгдэл 45 хувь, хоолны мөнгө 110,000 төгрөгөөр тооцож, 1 сарын цалин 1,688,552 төгрөг, 1 өдрийн цалин 78,537 төгрөгөөр тооцож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 11.5 хувиар бодож шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулсугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, Д.С, М.Д нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-т “Төрийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбогдсон харилцааг энэ хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тус тус зохицуулна.” гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.” гэж тус тус заажээ.

4. В.Н- нь 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 55 насанд хүрсэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэдгээ өөрөө илэрхийлсэн бөгөөд анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхэд “тэтгэвэр тогтоолгох нас”-тай холбоотой гомдол гаргаагүй, маргаагүй. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй.” гэж заасан.

5. Энэ заалтаас харахад “... Төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц ...” гэсэн нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулинд зааснаар 55 нас гэж ойлгогдохоор байна. Харин Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 т заасан “... төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл...” гэж заасан нь мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасан 65 нас байхаар байна.

6. В.Н- нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч үргэлжлүүлэн ажиллах тухай хүсэлтээ 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гаргасан. Аймгийн Засаг дарга Төрийн албаны тухай хуулийн 46.3-т заасны дагуу В.Н-гийн үйл ажиллагааны үр дүн, ажиллаж байх хугацаандаа гаргасан санхүүгийн зөрчил, аймгийн Эрүүл мэндийн газрын улсын болон орон нутгийн хэмжээний статистик тоон мэдээ зэрэг салбарын хэмжээнд “хангалтгүй” буюу сүүлийн байрыг эзэлсэн бодит үзүүлэлтүүдийг харгалзан 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/509 дүгээр захирамжийг гаргасан. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 46.3 дахь заалтаар ажил олгогчид олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан үндэслэлээр гаргасан шийдвэр гэж үзэж байна. Эдгээр баримтууд бүгд хэрэгт авагдсан байгаа.

7. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй.”гэсэн заалтыг, мөн "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэсэн зарчмыг алдагдуулж шийдвэрлэсэн. Учир нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын үндэслэлийн талаар магадлалд огт дурьдаагүй, харин гомдолд тусгаагаагүй үндэслэлээр гомдлоос хальж шийдвэрлэсэн.

9. Мөн Төрийн албаны тухай хуулийн 46.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн шийдвэр гаргасан тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 275 дугаар магадлалыг хянаж, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Давж заалдах шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

11. Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/509 дугаар тушаалаар В.Н-г “Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэж үзэж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн; нэхэмжлэгч В.Н- уг тушаалыг эс зөвшөөрч “Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/509 дугаартай захирамжийг хүчингүй болгох, аймгийн Эрүүл мэндийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 12 дугаар сарын цалин болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж байгаа Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолоор ТЗ-10 дугаар шатлалын 5 дахь зэрэглэлийн цалин 1,088,657 төгрөг, төрийн байгууллагад ажилласан хугацааны болон зэрэг дэвийн нэмэгдэл 45%, хоолны мөнгө 110,000 төгрөгийг тооцож, ээлжийн амралттай байх хугацаанд ажилласан 19 өдрийн цалин 1,408,356 төгрөг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан; нэхэмжлэгч нь 1964 оны 8 дугаар сарын 25-нд төрсөн бөгөөд уг тушаал гарах үед 55 настай байжээ.

12. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна”, 46 дугаар зүйлийн 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө:” гээд 46.2.3-т “төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн;”, 46.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж тус тус заасан.

13. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд: Төрийн албаны тухай хуульд төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаарыг 65 нас гэж; мөн төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлт гаргах бөгөөд уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргах талаар зохицуулсан; харин төрийн жинхэнэ албан хаагчийн тэтгэвэр тогтоолгох насыг шууд заагаагүй, өөрөөр хэлбэл, энэ нь өөр эрх зүйн харилцаа учир бусад хуулийн зохицуулалтуудтай уялдуулан тайлбарлаж хэрэглэх шаардлагатай. 

14. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:” гээд 40.1.3-т “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн;” гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж заасан; хэдийгээр Хөдөлмөрийн тухай болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтуудад тэтгэврийн насыг “60”, “65” гэж зөрүүтэй заасан ч эдгээр нь “хуулийн шаардлага”-аар тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй нас бөгөөд харин 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх нь нээлттэй байна. 

15. Тиймээс Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т заасан “... төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц ...” гэдгийг “өөрийн хүсэлт”-ээр тэтгэвэр тогтоолгон авах нас бус, харин “хуулийн шаардлагаар” тэтгэвэр авах насанд хүрмэгц гэж тайлбарлан хэрэглэх учир Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/509 дүгээр тушаал нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

16. Иймд, энэ үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдол няцаагдаж байх учир гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 275 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, Д.С, М.Д нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                                           М.БАТСУУРЬ