| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/12277/И |
| Дугаар | 192/ШШ2026/02467 |
| Огноо | 2026-03-04 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2026/02467
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *****************, өөрийн байранд байрлах, Ж ХХК /рд: ****************/,
Хариуцагч: ****************** тоот хаягт оршин суух, О овогт Д-ийн М /рд: ************/,
Нэхэмжлэлийн шаардлага: 74,981,957 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Г.Н,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Т хөтлөв.
/Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Д.М-т холбогдуулан 74,981,957 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Ж ХХК нь Г.М-тай 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр №211027 дугаартай “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”-г байгуулж өөрийн компанийн барьсан Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хос даль хотхоны” В байр Г блок, 58,61 м,кв 2 өрөө орон сууцыг м.кв нь 3,200,000 төгрөгөөр тооцож нийт 187,552,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон. Нэхэмжлэгч талаас орон сууцны төлбөрийг бартераар болон бэлэн мөнгөөр гэсэн уян хатан нөхцөлөөр буюу төлбөрийг Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасан хугацаагаар төлөхөөр тохиролцсон байдаг. Үүнд: 56,265,600 төгрөгийг “Эко ТВ”-д олон ангит кино, хүүхэлдэйн кино, контект нийлүүлэх бартерийн нөхцөлөөр, 31,287,000 төгрөгийг Группийн маркетинг албан Телевизуудын зар сурталчилгааны бартер нөхцөлөөр, 20,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөх нөхцөлөөр, 79,999,400 төгрөгийг 24 сарын хугацаанд сарын 0,8 хувийн хүүтэй хувь лизингийн нөхцөлөөр гүйцэтгэгчид саадгүй төлөхөөр заасан. Хариуцагч Г.М-ын хувьд 56,265,600 төгрөгийг “Эко” ТВ-д кино контент нийлүүлэх ёстойгоос нийт 37,560,000 төгрөгийн ажил хийсэн, 2021.11.25-ны өдрөөс 2024.02.29-ний өдрийг хүртэл нийт 108,248,237.04 төгрөг, нийт 145,808,237.04 төгрөг төлсөнөөс 0,8 хувийн 8,244,208.13 төгрөгийг хасаж 137,564,028.ы91 төгрөгийг үндсэн төлбөрөөс төлсөн ба үлдэгдэл 49,957,971.09 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Өнөөдрийн байдлаар хариуцагч нь үндсэн төлбөрт 49,987,971.09 төгрөг, Барилгад хөрөнгө оруулалт хийх 2021.10.27-ны өдрийн №211027 дугаар гэрээний 2.2-т заасны дагуу 633 хоног нь 31,642,385.70 төгрөг болж байгаа ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу 24,993,986 төгрөг, нийт 74,981,957 төгрөг гаргуулна гэжээ.
2. Хариуцагчаас хариу тайлбар ирүүлээгүй.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-3/, итгэмжлэл /хх 4, 64/, Ж ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 6/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх 7/, Хос даль Б блок 1-р орц *** тоот М-ын график төлөлтийн тооцоо, алданги тооцоолол /хх 8/, Ж -н борлуулалтын албанд /хх 9/, Ж ХХК-д хүсэлт гаргах нь /хх 10/, Ж ХХК-ийн 1095/24 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх 11/, Ж ХХК-ийн 23/149 тоот Гэрээ цуцлах тухай /хх 12/, Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ хавсралт /хх 13-18/, Д.М-ын хүсэлт /хх 19/, “Контент медиа менежмент” ХХК-иас “Хатрек” ХХК-д нийлүүлсэн киноны жагсаалт /хх 20/, Кино нийлүүлэлтийн тооцоо /хх 22/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 22-38/, Хамтран ажиллах гэрээ /хх 39-41/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 192/ШЗ2025/45874 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хх 42/, Хос даль Б блок 1-р орц *** тоот М-ын график төлөлт болон үндсэн зээлийн хүрээнд тооцоо нийлсэн акт /хх 49/,
4. Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Нэхэмжлэгч Ж ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Д.М-тай 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр №211027 дугаартай “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ” байгуулсан тул гэрээний үндсэн төлбөрт 49,987,971.09 төгрөг, алданги төлбөрт 24,993,986 төгрөг, нийт 74,981,957 төгрөг гаргуулна.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заасан.
Хариуцагч Д.М- нь дээрх нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар түүний хариу тайлбар гаргах хугацаа 2026 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр байжээ. Гэвч хариуцагч, хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаараа ямар нэг бичгийн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.
4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч Ж ХХК болон хариуцагч Д.М- нар 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр №211027 дугаартай “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”-г байгуулжээ. Уг гэрээгээр гүйцэтгэгч буюу Ж ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Хос даль хотхон В байрны 1 дүгээр орц 11 давхарт Г блок 2 өрөө 58,61 м.кв орон сууцыг хүлээлгэн өгөх, захиалагч буюу Д.М- нь орон сууцны үнэ 187,552,000 төгрөгийг төлөх, гэрээний үнийн дүнгийн 56,265,600 төгрөгийг Эко ТВ-д олон ангид кино, хүүхэлдэйн кино, контент нийлүүлэх бартерын нөхцөлөөр, 20,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөх нөхцөлөөр, 79,999,400 төгрөгийг 24 сарын хугацаанд сарын 0,8 хувийн хүүтэй хувь лизингийн нөхцөлөөр тус тус төлөх, захиалагч нь гэрээний 2.1-д заасан төлбөрийг графикийн дагуу хугацаандаа төлөөгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн төлөгдөх ёстой төлбөрийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлөхөөр тохиролцсон байна.
Хавтаст хэргийн 49 дүгээр талд Хос даль Б блок 1-р орц *** тоот М-ын график төлөлт болон үндсэн зээлийн хүрээнд тооцоо нийлсэн акт гэх бичгийн нотлох баримт авагдсан. Уг баримтаас үзвэл, хүснэгтийн үндсэн зээлийн үлдэгдэл хэсэгт 49,987,971.09 төгрөг гэжээ.
4.2. Талууд дээрх гэрээг “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ” гэж нэрлэсэн хэдий ч гэрээний агуулгыг хэрэгт цугларсан баримтууд, зохигчийн шүүхэд гаргасан тайлбартай харьцуулан судлахад тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч Ж ХХК, хариуцагч Д.М- нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.
4.3. Нэхэмжлэгчийн “...Хариуцагч Г.М-ын хувьд 56,265,600 төгрөгийг “Эко” ТВ-д кино контент нийлүүлэх ёстойгоос нийт 37,560,000 төгрөгийн ажил хийсэн, 2021.11.25-ны өдрөөс 2024.02.29-ний өдрийг хүртэл нийт 108,248,237.04 төгрөг, нийт 145,808,237.04 төгрөг төлсөнөөс 0,8 хувийн 8,244,208.13 төгрөгийг хасаж 137,564,028.91 төгрөгийг үндсэн төлбөрөөс төлсөн ба үлдэгдэл 49,957,971.09 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна” гэх тайлбар, Хос даль Б блок 1-р орц *** тоот М-ын график төлөлт болон үндсэн зээлийн хүрээнд тооцоо нийлсэн акт гэх нотлох баримтыг хариуцагчаас эсэргүүцээгүй, мөн үгүйсгэсэн тайлбар өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Д.М-аас худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 49,957,971.09 төгрөгийг шаардах эрхтэй.
4.4. Талууд гэрээний 2.2-д захиалагч нь гэрээний 2.1-д заасан төлбөрийг графикийн дагуу хугацаандаа төлөөгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн төлөгдөх ёстой төлбөрийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт нийцсэн, үүрэг гүйцэтгэх хугацааг хариуцагч хэтрүүлсэн буруутай байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар тооцож алданги шаардах эрхтэй бөгөөд гэрээний алданги төлбөрт 24,993,986 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасантай харшлаагүй байх тул хариуцагчаас 24,993,986 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэв.
5. Дээрх үндэслэлээр хариуцагч Д.М-аас нийт 74,981,957 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
6. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 532,860 төгрөгийг нөхөн төлүүлнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.М-аас 74,981,957 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 532,860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М-аас 532,860 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН