| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2018/0370/Э |
| Дугаар | 393 |
| Огноо | 2018-05-28 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Б.Байгалмаа, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 393
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Т.Солонго,
Улсын яллагч Б.Байгалмаа,
Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Д.Бт холбогдох эрүүгийн 1811001460080 дугаартай хэргийг 2018 оны 05 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Олхонууд овогт Дашцэрэнгийн Батбаяр, 1981 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, Хан-уул дүүргийн 13-р хороо, 5б хэсэг 12б тоотод бүртгэлтэй боловч тодорхой оршин суух хаяггүй, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:РЙ81022016/
Шүүгдэгч Д.Б нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ согтуугаар 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 18-1033 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хохирогч Ж.Ононг алхаар удаа дараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “..Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг дээр нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хохирогч Ж.Ононгоос мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-29-31, 35-36, /, Д.Бын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-37-38, 51-52/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №1149 дүгээр дүгнэлт /хх-45/, Д.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-66/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-60/, Д.Бын гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан талаарх Цагдаагийн газрын АСАП сангийн мэдээлэл /хх-57-59/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Д.Б согтуугаар 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 18-1033 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу эхнэр Ж.Ононг “хаагуур яваад ирсэн банзал вэ” гэх зэргээр хардаж гараар болон алхаар удаа дараа цохиж, түүний зүүн талын эрүүг их биеийн хэсгээр хугалж, өвтгөн шаналгасан болох нь:
Хохирогч Ж.Ононгоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн /хх-29-31/: “..Миний хувьд 2017 оны 12 сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо, Яргайтын 18-1033 тоотод гэртээ байж байгаад орой 20 цагийн үед нөхөр Батбаярын хамтаар гадагш гарч ойр байдаг бааранд орж суугаад архи хувааж уусан. Тэгээд Батбаяр намайг гэнэт орхиод явчихсан тул би 23 цаг өнгөрч байхад ганцаараа гэрлүүгээ харьсан. Гэтэл Батбаяр гэртээ ирчихсэн хаагуур яваад ирсэн банзал вэ гэж хэлээд намайг зодсон. Ингэж зодох үед манай гэрт 3 хүүхэд маань байсан бөгөөд бага 2 нь унтаж байсан. Батбаяр намайг зодохдоо миний нүүрлүү цохиод унагаасан ба газар унасан байх үед жижиг алхаар зүүн талын шилбэ рүү нэг удаа цохьсон. Тэгээд би зодуулсан учир цагдаа дуудна гэтэл намайг гэрээс гаргалгүй унтуулсан. Тэгээд гэртээ бараг 7 хоносон. Сүүлд нь нүүрний хавдар буухгүй байсан тул эмнэлэгт үзүүлэхэд хамар болон эрүүний яс хугарсан гэмтэлтэй байсан. Нэгдүгээр эмнэлэгт 7 хоног хэвтээд хагалгааны мөнгөгүй учир эмнэлэгээс гарч 2018 оны 01 дүгээр сарын 04-нд цагдаад өргөдөл өгсөн. Цагдаа нар шүүх эмнэлэгт үзүүл гэж хэлсэн учир албан ёсоор цохолт хийлгэж шалгуулсан юм. Би Батбаяртай хамтран амьдраад 11 жил болж байна. 2007 оноос хойш хамтран амьдраад одоо 3 хүүхэдтэй боловч хүүхдүүд маань надаар овоглодог. 2015 оны 04 дүгээр сарын 26-нд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах зочид буудалд намайг зодож цагдаад шалгуулаад хэрэгсэхгүй болж байсан. Батбаярт гомдол санал байхгүй. Учир нь Батбаяр хэрэгт холбогдвол 3 хүүхдээ тэжээх асуудал хэцүү болно. Би шүүх эмнэлэгт хөлийн гэмтлээ үзүүлээгүй. Зөвхөн нүүрний гэмтлээ үзүүлсэн. Дахин эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй..” гэсэн мэдүүлэг,
Д.Бын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-37-38, 51-52/ “..2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ж.Ононг аваад найзууд дээрээ очоод пиво уусан. Тэгээд 22 цаг өнгөрч байхад ганцаараа гараад гэрлүүгээ явсан. Ононг тэр газарт үлдээчихсэн юм. Би гэртээ хариад унтаж байхад Онон ирсэн. Яг хэдэн цагт ирснийг мэдэхгүй байна. Онон гэрт ирээд буцаад явлаа гэхээр нь би гэрийн хаалган дээр барьж аваад явуулахгүй гээд тэвэрсэн. Онон намайг тэврээд авсан чинь гарна гээд зүтгээд байсан. Тэгэхээр нь би газар унасан байсан алхаар зүүн талынх нь хөлийнх нь өвдөг шилбэ хоёрын хооронд хоёр удаа цохьсон. Тэгээд оруулж ирээд орон дээр тавьсан чинь муухай орилоод байхаар нь эрүү рүү нь нэг удаа алгадсан чинь аман дотроо үгэлж байгаад унтаад өгсөн. Тухайн үед эрүү хугарсан гэдгийг мэдээгүй. Маргааш өглөө боссон чинь хацар нь хавдсан, алхаар цохьсон хэсэгт хөхөрсөн байсан. 3-4 хоног харсан чинь хавдар нь буухгүй байхаар нь гэмтлийн эмнэлэгт очоод үзүүлсэн чинь эрүү нь хугарчихсан байсан..” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 сарын 05-ны өдрийн №1149 дүгээр дүгнэлтэнд: “..Ж.Ононгийн биед эрүүний зүүн талын их биеийн хугарал гэмтэл, орчны зөөлөн эдийн идээт нэвчээст үрэвсэлт байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй..” гэсэн дүгнэлт, зэрэг мөрдөн шалгах явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б нь хохирогчийг зодож гэмтэл учруулсан талаараа мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹1149 дүгээр шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ж.Ононд учирсан гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж дүгнэсэн бөгөөд үүнийг хохирогчид хүндэвтэр хохирол учруулсан гэж үзлээ. Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Д.Б, хохирогч Ж.Онон нар 2007 оноос хойш 11 жилийн хугацаанд хамт амьдарч 3 хүүхдийн эцэг, эх болсон нь тэднийг эхнэр, нөхөр буюу гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж үзэх бөгөөд хохирогчид учирсан гэмтлийг шүүгдэгч гараар болон зэвсэг /алх/ хэрэглэж учруулсан, ясны хугарал нь өвдөлт зовиуртай байдаг бөгөөд түүнийг гэрээсээ гаргаагүй, эмнэлэгт очуулаагүй болох нь тогтоогдож байна. Шүүгдэгч Д.Бын үйлдэл эхнэрийнхээ эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулж, бие махбодын зовиур үүсгэсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэн түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт хорих ял оногдуулж, эдлэх ядыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Ж.Онон гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Б нь шүүх хуралдаан болохоос өмнө 33 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялд оруулан тооцох, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, гэмт хэрэг үйлдсэн зэвсэг болох 33 см урттай төмөр алхыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Олхонууд овогт Дашцэрэнгийн Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодын зовиур үүсгэж хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар Д.Быг 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Д.Бт оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бын шүүх хуралдаан болохоос өмнө цагдан хоригдсон 33 /гучин гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 33 см урттай төмөр алхыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөөлөгч, гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР