Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2020/01678

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2020/01678

 

 

 

 

 

Ц.Тнэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/01745 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Тхариуцагч Ө М ГХХК-д холбогдуулан гаргасан 64 427 125 төгрөг гаргуулах үндсэн, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 63 813 844 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Одончимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хулангоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие өөрийн ихэр ах Ц.Тхамт Ө М ГХХК-тай плита чулууны ажил хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож 2019 оны 06 дугаар сарын дундуур шатны маршын ажил эхэлж 07 дугаар сарын 08-ны өдөр дууссан бөгөөд захиалагч талын плитаны ажлыг шууд үргэлжлүүлэн хийж эхэлсэн. Тус компанид нийт 96 061 000 төгрөгийн ажил хийж өгсөн ба ажил гүйцэтгэж байх хугацаандаа урьдчилгаа төлбөрт 2019 оны 07 дугаар сарын 8, 9-ний өдөр 8 000 000 төгрөг, 8 дугаар сард 25 000 000 төгрөг, нийт 33 000 000 төгрөг авсан, үлдэгдэл 63 000 000 төгрөгийг авч чадахгүй. Ажлаа хийх явцад гэрээнд гарын үсэг зурахыг шаардаж эхэлсэн бөгөөд хэт нэг талыг барьсан гэрээ байна гэхэд хариуцагч компанийн захирал энэ бол зүгээр нэр төдий зүйл ямар ч байсан нэг цаастай байхгүй бол болохгүй байна гэхэд нь гэрээнд гарын үсэг зурсан. Гэтэл ажлыг хийж дуусах үед ажлын хөлсөө төлөхгүй байснаас болж ажилчид ажил хаяж явсан. 63 000 000 төгрөгт тохирох ажлыг хийсэн гээд захиалагчийн ажлыг хийхээ түр зогсоосон. Үлдэгдэл хөлсөө ажлаа шаардахад та нараар хийлгэхгүй мөнгө ч өгөхгүй гэсэн. Хариуцагч компани ажлын хөлсөө бүрэн хийгээгүйгээс болж ажилчдын цалинг өгөхийн тулд ах Ц.Тхарьер маркийн 28-05 УБЦ улсын дугаартай автомашиныг Сайн ломбардад барьцаалан зээл авч нийт 1 427 215 төгрөгийг хүүнд төлөөд хохирч байна. Үлдсэн ажлыг нь хийхгүй болсон болохоор хөлсөө авъя гэхэд өгдөггүй. Иймд ажлын хөлс 63 000 000 төгрөг, Сайн ломбардны 1 427 215 төгрөгийг хүүг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбарт: Иргэн Ц.Т нь Ө М ГХХК-тай нэр бүхий 5 удаагийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан хэдий ч зарим гэрээт ажлыг огт эхлүүлээгүй, гэрээний 7.1-д заасан үүргээ биелүүлээгүй, ажлын гүйцэтгэл нь биет байдлын доголдолтой, чанарын шаардлагад нийцэхгүй, алдаа дутагдалтай байсан. Зөрчилтэй ажлуудыг засаж сайжруулах боломжийг захиалагчаас удаа дараа өгч, инженер техникийн ажилчдын хурлаар холбогдох шаардлагуудыг тавьж байсан хэдий ч засаж сайжруулаагүй маш их хугацаа алдсан. Захиалагчийн зүгээс дуусгаагүй ажлыг өөр байгууллагаар гүйцэтгүүлж их хэмжээний нэмэлт төлбөр төлөх санхүүгийн хүнд нөхцлийг бий болгосон. Ажил гүйцэтгэх гэрээ болон гүйцэтгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг гэрээ тус бүрт тусгасан. Барилгын 1-5 давхрын багана, лифт, хананы плита, чулууны ажил гүйцэтгэх гэрээ, огноо 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр, ажлын үр дүн хүлээлгэн өгөх хугацаа 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр, гэрээний үнийн дүн 12 600 000 төгрөг, ажлын тоо хэмжээ 210 м.кв 1 м.кв=60 000 төгрөг. Дээрх гэрээ хүчин төгөлдөр болсон хэдий ч гүйцэтгэгч ажлыг огт эхлүүлээгүй. Барилгын 1-10 давхрын шатны марш, эргэлтийн чулууны ажил гүйцэтгэх гэрээ, огноо 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, ажлын үр дүн хүлээлгэн өгөх хугацаа 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр, гэрээний үнийн дүн 16 984 800 төгрөг, ажлын тоо хэмжээ 606.6 м.кв, 1 м.кв=28 000 төгрөг. Дээрх гэрээт ажлын хувьд, гүйцэтгэгч нэхэмжлэлдээ гүйцэтгэсэн ажлын нийт тоо хэмжээг 605 м.кв гэж тусгасан. Гэвч хэмжилтээр 6 м.кв талбай бүхий чулууг дутуу наасан, 14.8 метр бүхий 33 маршны тавцан хагарсан, 7.2 метр бүхий 60*60 хэмжээтэй 20 ширхэг чулууг алдаатай зүсч, захиалагчид эд хөрөнгийн хохирол учруулсан гэх мэт зөрчлүүд гарсан. Захиалагч зөрчилтэй ажлыг засахын тулд өөр байгууллагаар гүйцэтгүүлэх, учирсан хохирлын хэмжээ гүйцэтгэсэн ажлын нийт дүнгээс давсан тул захиалагчаас энэхүү гэрээний ажлын гүйцэтгэлийн төлбөрийг нэхэмжлэх үндэслэлгүй. Захиалагчаас ажлын урьдчилгаа төлбөрт 8 000 000 төгрөг өгсөн. Барилгын 1-5 давхрын шалны плита, чулууны ажил гүйцэтгэх гэрээ, огноо 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр, ажлын үр дүн хүлээлгэн өгөх хугацаа 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр, гэрээний үнийн дүн 94 222 500 төгрөг, ажлын тоо хэмжээ 3,695 м.кв 1 м.кв=25 500 төгрөг. Дээрх гэрээт ажлын хувьд, гүйцэтгэгч тус ажлыг тусгай кодтой байгалийн үнэт чулуу ашиглан гүйцэтгэх байсан хэдий ч чулуу нийлүүлэгч байгууллагаас код зөрүүтэй чулуу авч их хэмжээний талбайд наалт хийсэн төдийгүй хүлээж авсан зарим чулуу нь хагаралтай байсан. Иймд гүйцэтгэгчээр чулууг буцаан хуулуулснаар их хэмжээний чулуу хагарч дахин ашиглагдах боломжгүй болсон төдийгүй ажлын хөлс, цемент, хайрга, ус, цахилгаан зэрэг зардал гарснаас гадна зөвхөн чулууны үнэд 54 432 000 төгрөг төлж хохирол учирсан. Дээрх алдаатай ажиллагаанаас шалтгаалж чулууг плитагаар сольж хийсэн. Гэвч энэхүү ажлыг гүйцэтгэгч мэргэжлийн бус хүмүүсээр хийлгэсэн тул ул хайрганд нягтаршуулалт муу хийснээс плитанууд хөндий сул, гадаргууны тэгш байдал болон шовны хэмжээ алдагдсан, зүсвэрийн явцад их хэмжээний плитаны хаягдал үүссэн зэрэг зөрчлүүд гарсан. 1-3 давхрын интерьерийн дагуу эмжээр плитаг хийж гүйцэтгээгүй, плитаны чигжээсний ажлыг 100 хувь орхигдуулсан, булан тохойн зүсвэрийн ажлыг хийгээгүй гэх мэт барилгын норм стандартыг зөрчиж, ажлын гүйцэтгэл чанарын шаардлагыг хангаагүй бөгөөд гүйцэтгэлийг захиалагчид актаар хүлээлгэн өгөөгүй. Иймээс захиалагч өөр байгууллагатай нэмэлт гэрээ байгуулан дээрх ажлыг гүйцэтгүүлснээс учирсан хохирлын хэмжээ нь гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үнийн дүнгээс давсан тул захиалагчаас энэхүү гэрээний ажлын гүйцэтгэлийн төлбөрийг нэхэмжлэх нь үндэслэлгүй. Барилгын 1-5 давхрын гипсэн хана, таазны ажил гүйцэтгэх гэрээ, огноо 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр, ажлын үр дүн хүлээлгэн өгөх хугацаа 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр, гэрээний үнийн дүн 37 550 000 төгрөг, ажлын тоо хэмжээ 200 м.кв, 1 м.кв=1 250 төгрөг, 1 м.кв=27 000 төгрөг. Дээрх гэрээ хүчин төгөлдөр болсон хэдий ч гүйцэтгэгч нь энэхүү ажлыг огт эхлүүлээгүй. Захиалагчаас энэхүү ажлын урьдчилгаа төлбөрт 4 000 000 төгрөг өгсөн.

Барилгын 1-5 давхрын 00-н хана, шалны плита, пантус, гадна шат, давжооны чулууны ажил гүйцэтгэх гэрээний хувьд гүйцэтгэгч 00-ын хана, шалны плита наагаагүй, пантусны ажлыг огт хийгээгүй, зөвхөн гадна довжооны чулууны ажлыг гүйцэтгэсэн бөгөөд ажил гүйцэтгэх явцдаа туршлагагүйгээс төвшин бариагүй, хэмжилт алдсанаас болж ажпын үр дүнд ноцтой зөрчлүүд илэрсэн. Ингэснээр захиалагчид зөрчилтэй ажлыг засаж сайжруулахын тулд бусад байгууллагаар ажлыг гүйцэтгүүлж нэмэлт ажлын хөлс, хайрга цемент шинээр авах, хагарч цуурсан чулууг шинээр авах зэрэг эд хөрөнгийн хохирол бий болсон. Гүйцэтгэгч шалтгаангүйгээр ажлыг зогсоож өдийг хүртэл актаар ажлыг хүлээлгэн өгөөгүй. Иймд захиалагчийн учирсан хохиролын хэмжээ гүйцэтгэсэн ажлын үнийн дүнгээс давсан тул захиалагчаас энэхүү гэрээний ажлын гүйцэтгэлийн төлбөрийг нэхэмжлэх нь үндэслэлгүй болно. Захиалагчаас энэхүү ажлын урьдчилгаа төлбөрт 25 000 000 төгрөг өгсөн. Дурьдсан нэр бүхий ажлуудыг эхлүүлэхийн өмнө иргэн Ц.Т болон Ц.Т нь ЦТЭНТЭН гэх хуулийн этгээдийн нэр дээр үнийн санал ирүүлсэн бөгөөд тус ажлуудыг БНСУ-д 20 жилийн хугацаанд хийж байсан арвин туршлагатай, чанарын өндөр түвшинд биечлэн хийж гүйцэтгэнэ хэмээн захиалагчид итгэл үнэмшил төрүүлснээр зах зээлийн ханшаас харьцангуй өндөр үнээр гэрээ байгуулагдсан. Гэрээ байгуулахад гүйцэтгэгчийн зүгээс хяналтын инженерээр Жаргал гэх хүнийг томилон ажиллуулах байсан хэдий ч ажилд хяналт тавьж ажиллаагүй.  Ө М ГХХК нь аливаа гэрээ хэлцэл хийхдээ Иргэний хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын харилцан ойлголцол, зөвшилцлийг удирдлага болгодог бөгөөд энэ ч утгаараа гүйцэтгэгчтэй ажлын цар хүрээ, онцлогоос хамааран нэр бүхий 5 төрлийн ажилд тусдаа гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон. Иргэн Ц.Т, түүний ихэр ах Ц.Т нь гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас хариуцагчид цаг хугацааны болон эд хөрөнгийн асар их алдагдал хүлээлгэсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

  Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байдаг. Ц.Т, Ц.Т нар ажлаа актаар хүлээлгэж өгөөгүй, ажлын дундуур хаяад явсан. Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1, 350 дугаар зүйл 350.1-т заасны дагуу гүйцэтгэгч нь ажлын үр дүн бий болохоос гадна тухайн ажлын үр дүнд ямар нэгэн доголдолгүйгээр хүлээлгэн өгөх ёстой. Энэ бол гүйцэтгэгчийн гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэг юм. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т гэрээнд заасан тоо хэмжээнд тухайн ажил нь тохирч байвал ажлыг биет байдлын доголдолгүй гэж үзнэ. Хэрвээ гүйцэтгэгчийн зүгээс доголдолтой гэж үзвэл хүлээн авахаас татгалзах буюу хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Мөн хүлээн авах эсэхээс үл хамаараад доголдлыг арилгахыг заавал шаардах эрхтэй. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.5, мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасны дагуу 63 810 840 төгрөгийг нэхэмжилж байна. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т зааснаар доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж түүнтэй холбоотой зардлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байгаа. Мөн Ө М ГХХК-ийн зүгээс доголдлыг арилгах хугацаа өгсөн. Хугацаандаа арилгаагүй бусдаар гүйцэтгүүлсэн тул гарсан хохирлоо шаардаж байна гэжээ. 

Нэхэмжлэгч хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагын 1, 2 дугаарт заасан гэрээний хувьд талууд хэн нэг нь ажил гүйцэтгэж, нөгөөх нь төлбөр төлөөгүй тул эрх зүйн үр дагавар үүсээгүй гэж үзэж байна. 2019 оны 06 сарын 25-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулагдсан гэрээний дагуу 6 м.кв бүхий талбайн чулууг дутуу наасан гэж нэхэмжилсэн нь огт үндэслэлгүй бөгөөд 1 м.кв газрын чулууг шугамын хоолой гаргана гэсэн үндэслэлээр захиалагчийн даалгавраар дутуу орхисон. Мөн 14.8 м.кв бүхий 33 маршийн тавцан хагарсан гэсэн байна. Энэ бидний буруугаас хагараагүй бөгөөд тухайн компанийн туслан гүйцэтгэгч барилгачид болох Б.Мөнхбат тэргүүтэй хүмүүс бэхжээгүй талбай дээгүүр явж чулууг хагалсан, тухайн хагарсан өдөр нь тус компанид мэдэгдэж Фэйсбүүк группэд зургийг дарж оруулсан ба тэдгээр хүмүүст арга хэмжээ авч акт тавина гэж компанийн зүгээс хэлсэн. 60*60 гэсэн хэмжээтэй чулуу нь цаанаасаа стандарт бус хэмжээтэй. 60*60 биш 59.5-59.8 гэх мэт хэмжээндээ хүрэхгүй янз бүрийн хэмжээтэй ирсэн бөгөөд бид тайрч зүссэн зүйл огт байхгүй. 1-5 давхрын шалны плита чулууны ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 53 355 640 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Чулууг нийлүүлэгч компани өнгөний зөрүүтэй чулууг захиалагчийн хүссэн харьцаатайгаар нийлүүлсэн, чулуу нийлүүлэгч компани болон Ө М ГХХК-ийн захирлууд уулзаж байхад ах Ц.Т очиж уулзан өнгөний зөрүү гардаг шүү гэхэд зөрүүгүй гэж хэлсэн байдаг, мөн захиалаад байгаа чулууны харьцаа хэмжээ багадахгүй юу гэхэд захиалагч талын захирал үгүй гэж захиалгаа өгсөн байдаг. Ингээд чулуу талбайд бууж бид 185 м.кв газрын чулууг наасан байхад өнгөний зөрүү гарч харьцах хэмжээ нь багадаж байгаа нь харагдсан тул наасан чулууг 2 хоногийн дараа буцаан хуулуулж талбайг цэвэрлүүлсэн. Ингэж 2 хоногийн дараа бэхжиж хатсан чулууг хуулахад бараг 50 хувь нь хагардаг ба харин манай ажилчид ур чадвартай байсан тул 30 орчим м.кв чулууг багахан хагаралтай хуулж чадсан. Эндээс харахад бид хуулах гэж биш сайн наалттай байлгах гэж чулууг чанартай наасан нь харагдана. Чулуунууд анх нийлүүлэгчээс ирэхдээ олон ширхэг хагарсан байгааг тухай бүрт зургаар баталгаажуулж компанийн чатад зураг оруулж хариуцагч хүлээн зөвшөөрч байсан. Чулууг наалгаж хуулуулж байгаа нь өөрсдийнх нь буруу гэдгээ тухайн үед хүлээн зөвшөөрч хуулж цэвэрлэх ажлын хөлсийг наахтай нь ижил хөлсөөр төлье гэж амаар тохирч биднээр хийлгүүлсэн. Мөн дутуу ажлыг Батсүрэнтэй дахин гэрээ байгуулж 39 815 440 төгрөг төлсөн гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Бидний хийгээгүй үлдээсэн ажлыг бид хийсэн, Батсүрэн хийсэн яг адилхан 30 000 000 гаруй төгрөгийн ажил үлдсэн. 8 513 804 төгрөг үндэслэлгүй бөгөөд хэмжилтээр тооцно гэсэн байх ба ямар хэмжилт, хэн хийж, яаж тооцоод нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд тус ажлыг хийж дуусахад ямар нэгэн доголдол огт байгаагүй, компанийн зүгээс мөн ямар нэг зүйл болохгүй байгаа талаар ярьж байгаагүй. Бидний хийсэн энэ ажил 6 500 000 төгрөг байхад яаж тооцож доголдол гээд байгааг ойлгохгүй байна. Бидний хувьд ажил гүйцэтгэх бүртээ хэмжилтээ хийж тооцон гаргасан. Иймд тус компанийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:   Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө М ГХХК-аас 44 761 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Тт, нэхэмжлэгч Ц.Тээс 14 338 395 төгрөг гаргуулан хариуцагч Ө М ГХХК-д тус тус олгож, үндсэн нэхэмжлэлээс 19 665 625 төгрөгт холбогдох хэсгийг болон сөрөг нэхэмжлэлээс 49 475 449 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн 480 086 төгрөг, хариуцагч Ө М ГХХК-ийн 477 019 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас илүү төлсөн 1 054 төгрөг, хариуцагч Ө М ГХХК-аас 381 757 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Тт, нэхэмжлэгч Ц.Тээс 229 642 төгрөг гаргуулан хариуцагч Ө М ГХХК-д тус тус олгож, зохигч талууд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрчээ. 

Нэхэмжлэгч Ц.Тэнгисийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9 дүгээр нүүрний эхэнд Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь ажил гүйцэтгүүлэхээр захиалагчийн шилжүүлсэн материал, ажил гүйцэтгэх аргын талаар захиалагчийн өгсөн зааварчилгаа нь ажлын чанар үр дүнд муугаар нөлөөлөхөөр, ажил гүйцэтгэгчээс үл хамаарах ямар нэгэн нөхцөл байдал бий болсон тохиолдолд захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй тул барилгын 2,3 дугаар давхарт зөрүүтэй код бүхий чулуу наасан асуудалд ажил гүйцэтгэгчийг буруугүй гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч шаардах эрхгүй. гэж шүүх үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нөхцөл байдал бий болсон тохиолдолд нэн даруй гэдэг нь формат буюу хэмжээ, өнгө код зөрүүтэй байхыг мэдмэгц гэж ойлгож байгаа бөгөөд гүйцэтгэгч тал 185 м.кв газрыг мэдсээр байж наасан үйлдэл биш бөгөөд шөнийн тасалгааны гэрэлд нааж өнгөний зөрүүтэй байгааг өдрийн гэрэлд харсны үндсэн дээр захиалагч компанид мэдсэн даруйдаа дуулгасан бөгөөд үүнийг нэн даруй гэж үзнэ. Чулууны формат буюу хэмжээ том талбайтай шаланд жижигдэж байгаа, ирсэн чулуу их хэмжээний хагаралтай байсан гэдгийг талууд болон талуудын дуудсан гэрчүүд мэдүүлдэг ба хариуцагч нь хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа энэ тухай чулуу нийлүүлэгч компанийн алдаатай үйлдэл гэж тодорхой бичсэн байдаг. Гэтэл энэ талаар шүүх нотлох баримтыг үнэлэлгүйгээр шийдвэрээ гаргасан ба ажил хийсэн бидэнд 7 617 500 төгрөгийг олгохоос татгалзаж бусдын хөдөлмөрийг үгүйсгэж байгаа хариуцагч компанид 1 843 395 төгрөг олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийн дээрх хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Мөн шүүх 7 617 500 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй шийдвэрлэхдээ нийт хангаж шийдвэрлэгдсэн үнийн дүнгээс дахин хасч бичсэнийг засч өгнө үү. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... 350 000 нэхэмжилж байх боловч эдгээр ажпыг хэрхэн гүйцэтгэсэн нотлох баримт авагдаагүй гэж шүүх үзэн нэхэмжлэлийн шаардлагын 3 065 000 төгрөгийг олгохоос татгалзсан нь үндэслэлгүй. Дээрх ажлыг хийж буулгаж байгаа фото зургуудыг хавтаст хэрэгт хавсаргасан бөгөөд тус ажпыг хийгээгүй гэж хариуцагч тал маргаагүй. Үнэ хөлсөө өгөхгүй бичгээр гэрээ байгуулаагүй гэснээс биш уг ажлыг нэхэмжлэгч хийгээгүй, эсвэл өөр хүнээр хийлгэсэн гэж хариуцагч талаас огт маргаагүй байхад олгохгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагад дурдсан ажлын хөлсийг олгож өгнө үү. Сайн ломбардаас 10 000 000 төгрөгийн зээлдэн авсан зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, 1 427 125 төгрөг хүүнд төлсөн баримтыг хавсарган өгсөн боловч нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй нь үндэслэлгүй. Зээлийн хүү төлсөн тооцооны хуудас нь тухайн зээлдэгч компанийн албан ёсны тамгатай бөгөөд эх хувь баримтыг шүүхэд өгсөн. Шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс 12 495 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч талын хүсэлтээр өөр хийгдэх ёстой ажлаас шалтгаалж дээрх хэсгүүд бага зэрэг дутуу хийгдсэн ба бид хийсэн эсвэл өөр хэн ч хийсэн дээрх дутуу ажлын хөлсийг авах тул хийгдээгүй ажлын хөлсийг биднээс хасч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Дутуу хийсэн ажпын хөлсийг хамт шаардаагүй бөгөөд зөвхөн хийсэн ажлын хөлсийг нэхэмжилсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлд хангасан хэсгийг хүчингүй болгож өгнө үү. 44 761 500 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин чулуу нааж хуулж цэвэрлэсэн 7 617 500 төгрөг, ачаа буулгаж хураахтай холбоотой 3 065 000 төгрөг, ломбардын хүүнд зээлийн гэрээний дагуу төлсөн 1 427 125 төгрөг нийт 12 109 625 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг болон сөрөг нэхэмжлэлээс 14 338 395 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан нийт хийж гүйцэтгэсэн ажлын хөлс болох 96 061 000 төгрөгөөс 60*30 хэмжээтэй чулууг нааж, хуулж цэвэрлэсэн 7 617 500 төгрөг, 2 хово машин хайрга буулгасан 2 000 000 төгрөг, ариун цэврийн өрөөний хана буулгасан 500 000 төгрөг, хөнгөн блок хаяж цэвэрлэсэн 215 000 төгрөг, 2 шланз плита гараар буулгасан 350 000 төгрөг, нийт 10 682 000 төгрөгийг хасч 85 000 000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна. 33 000 000 төгрөгийг ажлын хөлсөнд авсан гэж шүүх үзсэн ч үүнээсээ мөн дээр хассан 7 615 500 төгрөгийг ахин хассан нь тооцооллын алдаа гарсан гэж үзэж байгаа тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хангасан 44 761 500 төгрөг дээр 7 615 500 төгрөгийг нэмж 52 377 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хулангоогийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. 1-10 давхрын шатны марш, эргэлтийн чулууны ажил гүйцэтгэх гэрээний хувьд, ажлын гүйцэтгэлийн актыг үндэслэн нэхэмжилсэн 16 940 000 төгрөгийг бүхэлд нь хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг акт нь хэлбэрийн шаардлага хангахгүй байхын зэрэгцээ ил, далд ажлыг баталгаажуулаагүй, зурган тайлбар байхгүй, гарын үсэг дутуу, үйлдсэн огноо тодорхойгүй байхад тус актыг үнэлэн шийдвэр гаргах үндэслэл болгосон. Барилгын 1-5 давхрын плита, чулууны ажил гүйцэтгэх гэрээний хувьд шүүхээс, хариуцагч нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн доголдолтой ажлыг засахаар иргэн Д. Батсүрэнтэй байгуулсан гэрээ, тус гэрээт ажлын актууд, доголдлыг засахад шаардлагатай материалыг хариуцагчаас хүлээн авсан шаардах хуудас болон Д.Батсүрэнд ажлын хөлс төлсөн бэлэн мөнгөний зарлагын баримтууд, ажлын доголдлуудыг харуулсан фото зургуудыг нотлох баримтаар авсан хэдий ч шийдвэр гаргахдаа үндэслэл болгоогүй, тодорхой бус, хамааралгүй гэж дүгнэж нотлох баримтыг дутуу үнэлсэн. 1-5 давхрын 00-хана, шалны плита, пантус, гадна шат, довжооны чулууны ажил гүйцэтгэх гэрээний хувьд, шүүх, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн доголдолтой ажлыг засахаар хариуцагч болон иргэн Э.Отгонбаатартай байгуулсан засаж сайжруулах ажил гүйцэтгэх гэрээ, ажлын хөлс авсан баримтуудыг нотлох баримтаар авсан, мөн шүүхээс хийсэн үзлэгийн үеэр Э. Отгонбаатар нь засаж сайжруулсан ажлуудаа биечлэн тайлбарлаж, уг тайлбаруудыг үзлэгийн тэмдэглэлд тусган, фото зургуудаар бэхжүүлсэн хэдий ч шийдвэр гаргахдаа тус гэрээт ажилд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгөн дүнг бүхэлд нь хангасан нь нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэж байна. Нэхэмжлэпн Ц.Т нь хариуцагчаас урьдчилгаа төлбөрт 4 000 000 төгрөгийг өөрийн бригадын ажлыг хариуцсан Жаргалсайхан гэх инженерээр дамжуулан хариуцагчаар өөр хүний данс руу хийлгүүлж уг мөнгийг ажилчдынхаа хоол, унааны зардалд зарцуулсан хэдий ч аваагүй гэж мэдүүлсэн. Иймээс шүүхээс тус мэдүүлэг болон Иргэний хуулийн 211.2 дах заалтыг үндэслэн хариуцагчаас авсан 4 000 000 төгрөгийг хариуцагчийн гэрээний үүрэгт тооцоогүй болохыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд төлбөр хүлээн авагчийн мэдээлэл байхгүй бөгөөд гэрчүүд уг ажлыг Жаргалсайхан гэх инженер ахлан гүйцэтгэж байсныг мэдүүлсэн. Иймд Иргэний хуулийн 211.2 дах заалтад дурьдсан хүлээн авах эрхгүй этгээд гэдэгт бригадыг ахлаж ажил гүйцэтгэж байсан н.Жаргалсайхан гэх инженерийг хамааруулах нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн хариуцагч Ө М ГХХК-аас 44 761 500 төгрөг гаргуулах хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Тээс 14 338 395 төгрөг гаргуулах хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Т нь ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 63 000 000 төгрөг, барьцаалан зээлдүүлэх газрын хүүнд төлсөн 1 427 215 төгрөг, нийт 64 427 215 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч Ө М ГХХК эс зөвшөөрч 63 810 840 төгрөг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Анхан шатны шүүх гэрээний талуудын гүйцэтгэх үүргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээний төлбөрийн талаар тооцооллын алдаа гаргасныг зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Зохигчид 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр барилгын 1-5 давхрын шалны плита, чулууны ажил гүйцэтгэх, барилгын 1-5 давхрын багана, лифт, хананы плита, чулууны ажил гүйцэтгэх, барилгын 1-5 давхрын 00-ын өрөөний хана, шалны плита, пантус, гадна шат довжооны чулууны ажил гүйцэтгэх, 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр барилгын 1-10 давхрын шатны марш, эргэлтийн чулууны ажил гүйцэтгэх, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр барилгын 1-5 давхрын гипсэн хана, таазны ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулжээ. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй үйлчилгээний цогцолбор бүхий барилгын 1-5 давхрын шалны плита, чулууны ажлыг 94 222 500 төгрөгөөр, 1-5 давхрын 00-ын өрөөний хана, шалны плитаны ажлыг 1м.кв нь 25 500 төгрөг, пантус, чулууны ажлыг 1 м.кв нь 60 000 төгрөг, гадна шат довжооны ажлыг 1 м.кв 28 000 төгрөг, 1-10 давхрын шатны марш, эргэлтийн чулууны ажлыг 16 984 800 төгрөгөөр чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, хариуцагч нь ажлын хөлс төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1хх8-28/

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсч, нэхэмжлэгч барилгын шатны марш, эргэлтийн чулуу, 1-3 давхрын шалны плита, чулууны ажил, гадна довжооны ажил зэргийг хийж гүйцэтгэсэн нь баримтаар тогтоогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Дээрх 5 гэрээнээс нэхэмжлэгч нь 3 гэрээний ажлыг дутуу гүйцэтгэсэн, 2 гэрээ нь хэрэгжээгүй талаар зохигчид маргаагүй.

 

Шүүх зохигчдын үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан ажил гүйцэтгэлийн акт, захиалагчийн хохирлын хэмжээг тогтоосон актууд, ажлын долголдлыг арилгах гэрээ, ажил хүлээн авсан акт, төлбөрийн нэхэмжлэх, шаардах хуудас, кассын зарлагын ордер, шүүхээс барилгын талбарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, ажлын гүйцэтгэлийн талаарх гэрэл зураг, гэрчийн мэдүүлэг, гүйцэтгэсэн ажлын тайлан зэрэг нотлох баримтуудад үндэслэсэн байна. /1хх 227-232, 233, 235-236, 247, 2хх 12-20, 109, /

Барилгын 1-10 давхрын шатны марш, эргэлтийн чулууны ажлын тухайд хэргийн 1 дүгээр хавтасны 35, 2 дугаар хавтасны 109 дугаар тал дахь талуудын баталгаажуулсан ажил гүйцэтгэлийн акт, ажлын гүйцэтгэлийг харуулсан гэрэл зургууд, гэрч Ц.Тмэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч 605 м.кв талбайд гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүх ажлын хөлсийг нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр гаргуулсан нь зөв. /2хх195-204/

Барилгын 1-5 давхрын шалны плита, чулууны ажил болон ариун цэврийн өрөөний хана, шалны плита, пантус, гадна шат, довжооны чулууны ажлын тухайд, ажлыг 94 222 5000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд үүнээс 62 475 000 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн гэж нэхэмжилсэн байна. Хэрэгт энэ гэрээний дагуух ажлын гүйцэтгэлтэй холбоотой талуудын харилцан баталгаажуулсан акт байхгүй, зохигчдын хэн аль нь ажлын гүйцэтгэлтэй холбоотой шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаагүй байх ба тэрээр анхан шатны шүүх маргаан бүхий объектод үзлэг хийж нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг тогтоосон, уг үзлэгийн тэмдэглэл нотолгооны хэрэгсэл болох нь Иргэний хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасантай нийцэж байна. Дээрхээс гадна ажлын гүйцэтгэлийн явцыг баталгаажуулсан гэрэл зураг, 1-3 давхрын плитаны ажлыг гүйцэтгэсэн ............. нараас авсан гэрчийн мэдүүлэг зэргийг харьцуулан дүгнэж 3 695 м.кв талбайд плита, чулууны ажил хийсэн гэж үзсэнийг буруутгах хуулийн үндэслэлгүй байна.

Мөн гадна довжооны 213 м.кв ажлыг 5 964 000 төгрөгөөр тооцсон нь шүүхийн журмаар хийгдсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг зэрэг баримтад үндэслэгдсэн байна. Дээр дурьдсанаар нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ тогтоогдож байх тул Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар хариуцагч ажлын хөлсийг төлөх үүрэгтэй. Хариуцагчийн төлбөл зохих ажлын хөлсний хэмжээ нь шатны марш эргэлтийн чулууны ажлын хөлс 16 940 000 төгрөг, барилгын 1-3 давхрын шалны плита чулууны ажлын хөлс 62 475 000 төгрөг, гадна довжооны ажлын хөлс 5 964 000 төгрөг нийт 85 379 000 төгрөг болно. Энэ дүнгээс хариуцагчийн төлсөн 33 000 000 төгрөгийг хасахад 52 379 000 төгрөг төлөхөөр байна.

Шүүх талбайд чулуу наасан, хуулсан, цэвэрлэсний хөлс 7 617 500 төгрөгийг уг дүнгээс хасч тооцооны алдаа гаргасныг залруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн, хариуцагч ажлын төлбөр тооцоо хийгээгүйгээс болж ажилчдынхаа цалинг өгөхийн тулд барьцаалан зээлдэх газарт автомашинаа барьцаалан зээл авч, хүү төлж хохирсон гэж 1 427 215 төгрөг нэхэмжилснийг шүүх зээлийн хүү төлсөн баримт хэрэгт авагдаагүй, зээлийн болон фидуцийн гэрээ байгуулагдсанаар зээлийн хүү төлсөн гэж үзэхгүй, барьцаат зээлийн тооцооны хуудас нотлох баримтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасантай нийцсэн байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас барилгын 1-3 давхрын шалны плита чулууны ажлын доголдолтой холбоотой зардалд гэрээт ажлын гүйцэтгэлийн байдлыг харгалзан нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгийн 20 хувиар тооцоолон 12 495 000 төгрөг, зөрүүтэй кодтой чулуу нааснаас үүссэн хохиролд 13 540 200/66 м.кв*9 гэж тооцоолон 1 843 395 төгрөг, нийт 14 338 395 төгрөг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлсэн байна гэж үзэв.

Тэрээр доголдолтой ажлыг засуулахаар хариуцагч талаас иргэн Д.Батсүрэн, Э.Отгонбаатар нартай байгуулсан гэрээ, ажлын хөлс төлсөн баримтуудыг маргаан бүхий ажлын гүйцэтгэлтэй хамааралтай гэж үзэхэд эргэлзээтэй байх ба энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхой тусгагджээ.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас урьдчилгаа төлбөрт 4 000 000 төгрөгийг өөрийн бригадын ажлыг хариуцсан н.Жаргалсайхан гэх инженерээр дамжуулан өөр хүний данс руу хийлгэж уг мөнгийг ажилчдынхаа хоол, унааны зардалд зарцуулсан гэж тайлбарлах боловч хэрэгт баримтгүй. Шүүх Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дах хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж уг төлбөрийг хариуцагчийн гэрээний үүрэгт тооцох үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/01745 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 44 761 500 төгрөг гэснийг 52 379 000 төгрөг гэж, 19 665 625 төгрөг гэснийг 12 048 125 гэж өөрчилж, 2 дах заалтын 381 757 төгрөг гэснийг 419 845 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381 757 төгрөгийг улсын орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328 328 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

А.МӨНХЗУЛ