| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/13152/И |
| Дугаар | 192/ШШ2026/00672 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Тогтоол
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 192/ШШ2026/00672
2026 01 14 192/ШШ2026/00672
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1992 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1999 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл*******кон холдинг ХХК-д силесрь, гагнуурчнаар ажиллаж байсан.*******оо групп тогтоолгох гэтэл тухайн үед байгууллагаас олгосон хөдөлмөрийн дэвтэрийг үрэгдүүлсэн. Иймд 1992 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан жилүүд хасагдах болоод байна. Миний 1992 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд “Од” ББХК-д ажиллаж байсан 2 жил 2 сарын хугацааг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Баянгол дүүргийн 1-р хорооны тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын 334 дугаартай албан тоот, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, Нийслэлийн архивын газрын лавлагаа, Б.Баясгалмаагийн тодорхойлолт, Б.Баясгалмаагийн хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, Х.Нэргүйбаатарын тодорхойлолт, Х.Нэргүйбаатарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, фото зураг баримтыг ирүүлсэн байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Х.Нэргүйбаатар, Б.Баясгалмаа нарыг гэрчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Г.******* нь “Од” ББХК-д 1992 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1. “Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ”, 133.1.1. “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, 135 дугаар зүйлийн 135.1. “Иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” 135.2. “Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно” 135.2.6. “Хүний ажиллаж байсан байдал” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлт нь хуулийн дээрх заалтад хамаарах тул шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
4. Хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, гэрч Х.Нэргүйбаатар, Б.Баясгалмаа нарын мэдүүлэг зэрэг баримтаар нэхэмжлэгч Г.******* нь 1992 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд гагнуурчнаар “Од” ББХК-д ажиллаж байсан болох нь тогтоогдож байна. (хавтаст хэргийн 5-15 дахь тал)
Иймд Боржигин ургийн овогтой Гочоогийн **************-ыг 1992 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд “Од” ББХК-д гагнуурчнаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигин ургийн овогтой Гочоогийн ******* 1992 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд “Од” ББХК-д гагнуурчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигч хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР