Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2025/ДШМ/1338

 

Т.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхзул,

хохирогч Г.А-гийн өмгөөлөгч О.Анхбаяр,

яллагдагч Т.М-, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЗ/6048 дугаар захирамжийг эс зөвшөөрч хохирогч Г.А-, түүний өмгөөлөгч Х.Билгүүн нарын хамтран, мөн түүний өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.М-д холбогдох 2509008400732 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

С овгийн Т-гийн М, 1994 онд Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүрэгт оршин суух, (РД:...), урьд:

-Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн;

Яллагдагч Т.М- нь хохирогч Г.А-тай 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, “барьцаалан зээлдүүлэх газарт хөрөнгө оруулна” гэж хуурч, гэрээгээр халхавчлан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан хохирогч Г.А-г Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Тусгаар тогтнолын ордонд байхад нь 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөг, 10 дугаар сарын 23-ны өдөр 90,000,000 төгрөг, 12 дугаар сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг, 12 дугаар сарын 27-ны өдөр 47,000,000 төгрөг,

мөн “эхнэр, хүүхдийн эмчилгээнд зарцуулах шаардлагатай, мөнгө зээлээч” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж, хохирогч Г.А-г Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Шангри-Ла” худалдааны төвд байхад нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 50,000,000 төгрөг, нийт 200,000,000 төгрөгийг 5 удаагийн гүйлгээгээр өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ... тоот дансаар шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр, бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газар: Т.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “Т Х” ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагааг гаргуулан авч хэрэгт хавсаргах, гэмт хэрэг гарсан цаг хугацаанд Т.М-ийн эхнэр мэдүүлэгт дурдсан эмчилгээ хийлгэсэн эсэх, үүнтэй холбоотой төлбөр хийгдсэн эсэхийг тогтоох зэргээр хохирогч Г.А-н өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг шалгах, мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудын үндэслэн түүнээс дахин мэдүүлэг авах ажиллагааг мөрдөн байцаалтаар нөхөн гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Хохирогч Г.А-, түүний өмгөөлөгч Х.Билгүүн нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Т.М- нь “барьцаалан зээлдүүлэх газарт хөрөнгө оруулна” гэж 4 удаагийн гүйлгээгээр хохирогч Г.А-гаас 150,000,000 төгрөг авсан. Энэ мөнгийг “Т Х” ХХК-ийн ажиллуулдаг барьцаалан зээлдүүлэх газарт ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулаагүй, оруулсан талаар баримт хэрэгт авагдаагүй байхад “Т Х” ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагааг гаргуулж, хэрэгт хавсаргах нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй. Мөн “Т Х” ХХК-ийн захирал А.Б- гэрчээр “Т.М- нь манай “Т Х” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт 2021-2024 онд гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж байсан” гэж мэдүүлсэн байхад тус компанийн хуулийн этгээдийн лавлагааг гаргуулж, хэрэгт хавсаргах нь ямар ач холбогдолтой, болох нь ойлгомжгүй, энэ талаар шүүгчийн захирамжид тусгаагүй.

Гэрч О.Ц-ын мэдүүлэг болон хэрэгт авагдсан дансны хуулгаар Хаан банк дахь ... тоот дансанд ... тоот данснаас 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд 1622 удаагийн гүйлгээгээр 1,633,035,000 төгрөг шилжүүлсэн, мөн хугацаанд 413 удаагийн гүйлгээгээр 1,240,893,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж мөрийтэй тоглосон нөхцөл байдал тогтоогдож байхад шүүгчийн захирамжид дурдсан Т.М-ийн эхнэр мэдүүлэгт дурдсан эмчилгээ хийлгэсэн, үүнтэй холбоотой төлбөр хийгдсэн эсэхийг тогтоох ажиллагаа хийлгэх нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хэрэгт цугларсан нотлох баримтаар Т.М- нь дээрх мөнгөөр мөрийтэй тоглож, мөнгийг зориулалтын дагуу ашиглаагүй үйл баримт тогтоогдож байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч Г.А-н өмгөөлөгч О.Анхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллагдагчийн өмгөөлөгчөөс “хохирогчийг хэдэн төгрөгийн хохирол, хүү, алданги нэхэж байгааг шалгах ёстой” гэх агуулгаар ярьсан. Хохирогчийн өмгөөлөгчдөөс “эрүүгийн хэрэгт хүү, алданги зэрэг нь хохиролд тооцогдохгүй” талаар мэтгэлцэж, хохирогч дутуу мөнгөө нэхэмжилж байгааг тодорхой хэлсэн. Өөрөөр хэлбэл, хохирогч хэдэн төгрөгөөр хохирсон, цаашид хэдэн төгрөгийг нэхэмжлэх эрхтэй болохыг гэм буруугийн шүүх хуралдаанаар нотлох баримтыг шинжилж, талууд мэтгэлцэх замаар тогтоох бүрэн боломжтой. Холбогдох нотлох баримтууд буюу банкны дансны хуулга зэрэг хэрэгт авагдсан.

Хохирогч талаас буцааж авсан мөнгийг хүү хэмээн тооцох боломжгүй, энэхүү буцаан авсан мөнгийг хохирол төлсөн төлөлт хэмээн дүгнэж, одоо үлдэгдэл мөнгийг нэхэмжилж байгааг тайлбарлаж, эрүүгийн хэрэгт зээлийн хүүг хохиролд багтаан тооцдоггүй болохыг хохирогч ухамсарлан ойлгож байгааг өмгөөлөгчид нь давтан хэлж мэтгэлцсэн. Хохирогч Г.А-, яллагдагч Т.М- нарын хооронд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний зорилго, хэн хэдэн төгрөг оруулсан болох, ямар байдлаар ашгаа хуваах зэргийг гэм буруугийн хуралдаанд хохирогч, яллагдагч нараас асуулт асуух замаар тогтоох бүрэн боломжтой бөгөөд заавал хэргийг прокурорт буцаах шаардлагагүй. “Хамтран ажиллах гэрээ”-нд яагаад ломбард ажиллуулах гэж байгаа чиглэлийг гэрээний талууд бичээгүй, Т.М- зээлж авсан мөнгийг захиран зарцуулах эрхтэй гэж заасныг тодруулах шаардлагатай зэрэг асуудлыг гэм буруугийн хуралдаанаар оролцогч нараас асуулт асуух замаар тогтоох бүрэн боломжтой.

Дээрх бүгдээс дүгнэхэд, яллагдагчийн өмгөөлөгчөөс хэргийг прокурорт буцаах талаар ямар ч үндэслэл бүхий урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргаагүй. Улсын бүртгэлийн газар “opendata.burtgel.gov.mn” цахим хаягаар хуулийн этгээдийн мэдээллийг нийтэд ил болгоод удаж байгаа тул заавал лавлагаа авах шаардлагагүй. Дурын сонирхогч этгээд хуулийн этгээдийн нэрээр хайгаад бүхий л мэдээллийг сайтаас авч болно. Т.М-ийн эхнэр мэдүүлэгт дурдсан эмчилгээг хийлгэсэн эсэх, үүнтэй холбоотой төлбөр хийгдсэн эсэх нь яллагдагчийн хувийн байдалтай холбоотой нөхцөл байдал бөгөөд яллагдагчаас гэм буруугийн хуралдаан дээр эхнэрийнхээ эмчилгээ хийлгэсэн эсэх талаарх баримтыг шүүхэд гарган өгөх боломжтой. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч нэг сар, нэг өдөр алгасалгүй, хамтран ажиллах гэрээнд заасан хувь, хэмжээний дагуу төлбөрөө төлж байсан бөгөөд төлбөрийн 50 хувийг төлж, “цаашид хүү төлж чадахгүй, үндсэн зээлийн төлбөрөө төлье” гэж хэлсний дараа цагдаад залилсан гэж гомдол гаргасан. Гэмт хэрэг мөн эсэхийг шалгахын тулд эдгээр асуудлыг шалгах нь зүйтэй гэж үзэж байна. Гэтэл одоо шүүхээр хэргийг хэлэлцүүлж, шүүх дээр баримт гаргаж өгч, шүүх хуралдаан дээр тайлбар, мэдүүлэг авч, шүүх бүх зүйлийг тодруулахгүй. Миний үйлчлүүлэгчийг 200,000,000 төгрөг залилсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “төлсөн 100,000,000 төгрөгийг юу гэж үзэх вэ, энэ залилах юм уу” гэж асуухаар юм хэлдэггүй. “Хохирогч цаашид хүү, алдангийг хэрхэх талаар тохирсон” гэж хэлэхээр “хохирогчийн байр суурийг бид нар ярихаас та ярихгүй” гэж хэлсэн. Гэмт хэрэг мөн эсэхийг шалгаж, нотлохын тулд нэмэлт ажиллагаа хий гэж шийдвэрлэсэн болохоос биш шүүгчийн захирамж ойлгомжгүй эсэхийг ярьж байгаа нь үндэслэлгүй. Зээл авах үндэслэл нь эмчилгээнд зарцуулагдсан уу, юу байсан бэ гэдгийг ярьж байгаа болохоос шаардлагатай нотлох баримтыг цуглуул гэдэг шүүхийн үндсэн санаа биш гэж үзэж байна. Хохирогч ганцхан удаа мэдүүлэг өгсөн ба “4,500,000 төгрөгийн хүү авсан, би баримтаа гаргаж өгнө” гээд дахиж нэг ч баримт, мэдүүлэг өгөөгүй. Энэ талаар хохирогчоос тодруулж, асуух шаардлагатай. Үүнийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгах ёстой. Хуульд заасны дагуу нотолбол зохих бүх ажиллагааг хийж, шүүх хэргийг шийдвэрлэх ёстой. Гэтэл энэ 2 хүн танилын хувьд мэдэж байсан асуудлыг шалтаг болгож тавьсан. Яллагдагч зарцуулалтыг өөрөө хариуцна гэж хэлж, гэрээний дагуу хүүгээ төлж байсан. Хэрвээ гэмт хэрэг байвал шүүхээр шийдвэрлэж, иргэний маргаан бол мөрдөн шалгах ажиллагаагаар нотолж тогтоох ёстой учраас шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв.

Яллагдагч Т.М- тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Прокурор С.Энхзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулсан боловч, түүний гаргасан хүсэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэхээс татгалзаж, 3 нэмэлт ажиллагааг хийх талаар шүүгчийн захирамжид заасан. Прокуророос шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийх нь яллагдагчийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн асуудалд холбоотой гэж үзэн эсэргүүцэл бичээгүй. Хохирогч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдолд тусгайлсан тайлбар байхгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Т.М-ийг хохирогч Г.А-тай 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, “барьцаалан зээлдүүлэх газарт хөрөнгө оруулна” гэж хуурч, гэрээгээр халхавчлан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан хохирогч Г.А-гаас 2023 оны 10 дугаар сарын 22-ноос12 дугаар сарын 27-ны өдрийн хооронд 4 удаагийн гүйлгээгээр нийт 150,000,000 төгрөг,

мөн “эхнэр, хүүхдийн эмчилгээнд зарцуулах шаардлагатай, мөнгө зээлээч” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж, хохирогч Г.А-гаас 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 50,000,000 төгрөг, нийт 200,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “...“Т Х” ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагааг гаргуулан авч хэрэгт хавсаргах, гэмт хэрэг гарсан цаг хугацаанд Т.М-ийн эхнэр мэдүүлэгт дурдсан эмчилгээ хийлгэсэн эсэх, үүнтэй холбоотой төлбөр хийгдсэн эсэхийг тогтоох зэргээр хохирогч Г.А-н өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг шалгах, мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудын үндэслэн түүнээс дахин мэдүүлэг авах шаардлагатай...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Учир нь, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хянахад, мөрдөгч, прокурор хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шаардагдах нөхцөл байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан ба ач холбогдолгүй ажиллагааг дахин явуулах шаардлагагүй.

Мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ шүүх хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байх ба хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэж шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхийн шатанд шийдвэрлэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нөхөн эсхүл нэмж хийлгэх, процесс ажиллагааны засах боломжгүй зөрчил, эсхүл хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх шалтгаантай бол хэргийг прокурорт буцаах бөгөөд бусад асуудлыг шүүх хэргийг оролцогчдын мэтгэлцээнийг ханган хэлэлцүүлж, хөндлөнгийн байр сууринаас хандан, эрүүгийн хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах замаар үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэх байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцүүлэн шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Дээрх үндэслэлээр хохирогч Г.А-, түүний өмгөөлөгч Х.Билгүүн, О.Анхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, нэмэлт мөрдөн байцаалт хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан яллагдагчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЗ/6048 дугаар захирамжийг хүчингүй болгож, хохирогч Г.А-, түүний өмгөөлөгч Х.Билгүүн нарын хамтран, мөн түүний өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авсугай.

2.Яллагдагч Т.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН