Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2025/ДШМ/1339

 

Б.Ц-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ганчимэг,

шүүгдэгч Б.Ц-, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2125 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ц-ын гаргасан давж заалдах гомдлоор Б.Ц-т холбогдох 2206040382689 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

З овгийн Б-гийн Ц, 1993 онд Дорнод аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Баянгол дүүрэгт оршин суух, (РД:...), урьд:

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 780 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж, нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 240 цагийн ажлыг 30 хоногийн хорих ялаар сольж ял эдэлсэн,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 485 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон;

Шүүгдэгч Б.Ц- нь 2022 оны 08 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод Ц.Э-гийн эзэмшлийн хашаанд майхан барьж хоноод, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 08 цагийн орчимд майханд байсан Ц.Э-гийн эзэмшлийн “Iphone 13 pro max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 3,525,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2023 оны 03 дугаар сард Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, ... тоот буюу Н.М-ийн гэрээс “Samsung A-53” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 1,171,920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газар: Б.Ц-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Ц-ыг “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ялаар шийтгэж,

урьд оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 24 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 24 хоногийн хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ц- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 1 сар 6 хоногийн ялыг цахим гав зүүж эдэлсэн. 2021 онд тус ялыг авснаас хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас огт холбогдоогүй бөгөөд тухайн үед намайг очиход “эргээд холбогдъё” гэсэн хариу өгсөн. 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж, 07 дугаар сарын 16-ны өдрөөс цагдан хоригдсон. Намайг “оргон зайлсан” үндэслэлээр зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольсон. Би оргон зайлаагүй. Иймд надад оногдуулсан ялуудыг тусад нь эдлүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 485 дугаар шийтгэх тогтоолоор Б.Ц-т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас үлдсэн 10 сар 24 хоногийн ялыг 2025 оны 09 дүгээр сарын 10-ний өдрийн 2125 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас тусад нь эдлүүлж өгнө үү” гэсэн шүүгдэгч Б.Ц-ын гаргасан гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 485 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар тус хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 4/20815 дугаар албан бичгээр шүүгдэгчийн эдлээгүй үлдсэн ялын тооцоог хавсаргаж ирүүлсэн. Үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхэд шүүгдэгч оргон зайлсан учир оргодол эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Анхан шатны шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар ялыг нэмж нэгтгэн, хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж, ял биелүүлэхгүй оргон зайлсан байхад зорчих эрх хязгаарлах ял, хорих ялыг тусад нь эдлүүлэх боломжгүй гэж дүгнэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Б.Ц-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг анхан шатны шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

1.Шүүгдэгч Б.Ц- нь 2022 оны 08 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод Ц.Э-гийн эзэмшлийн хашаанд майхан барьж хоноод, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 08 цагийн орчимд майханд байсан Ц.Э-гийн эзэмшлийн “Iphone 13 pro max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 3,525,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-хохирогч Ц.Э-гийн: “...Би Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, ... тоотод байхад 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 22 цагийн үед манай хүүхэд Э.Г-тай “хамт ажил хийж байгаа” гэх танихгүй залуу ирсэн. Орой болсон тул хоноод явна гэж ярьж байсан ба түүнийг Ц- гэж дуудаж байсан. Миний “Iphone 13 pro max” загварын гар утсыг манай хүү Э.Г- майханд оролдож байгаад унтсан. Өглөө нь Ц- гэх хүн аваад явсан байсан...” (1хх 22-23),

-насанд хүрээгүй гэрч Э.Г-ын: “...Надтай хамт ажиллаж байсан ах Б.Ц- “хонох газаргүй, танайд хоноод маргааш явъя” гэж гуйхаар нь зөвшөөрч, манай хашаанд майханд хонохоор болсон. Би тухайн үед ээжээр “Iphone 13 pro max” загварын гар утас шинээр авахуулсан байсан бөгөөд би утсаараа тоглож, юм үзэж байгаад унтсан. Өглөө сэрэхэд миний гар утас байхгүй, Б.Ц- явсан байсан...” (1хх 33-34) гэх мэдүүлгүүд,

-“Дамно” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 719 дүгээр “Iphone 13 pro max” загварын гар утсыг 3,525,000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт (1хх 28-29) зэрэг нотлох баримтуудаар;

2.Мөн шүүгдэгч нь 2023 оны 03 дугаар сард Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, ... тоот буюу Н.М-ийн гэрээс “Samsung A-53” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 1,171,920 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-хохирогч Н.М-ийн: “...2023 оны 03 дугаар сарын эхээр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, ... тоот гэртээ байхад зүс таних Б.Ц- өглөө 09 цагийн үед орж ирээд миний “Samsung A-53” загварын гар утсыг намайг зөвшөөрөл өгөөгүй байхад авч явсан байсан...” (1хх 177),

-Б.Ц-ын яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 03 дугаар сарын эхээр ах Н.М-ийн гэрт нь ортол согтуу байсан. Буйдан дээр байсан “Samsung A-53” загварын гар утсыг аваад гарсан. Тэгээд гэрээс нь гараад таксины жолоочид 300,000 төгрөгөөр зарсан...” (1хх 196-198) гэх мэдүүлгүүд,

-“Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Samsung A-53” загварын гар утсыг 1,171,920 төгрөгөөр үнэлсэн ЧД2-23-854 дүгээр дүгнэлт (1хх 184-189) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх ба шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Нотлох ажиллагааны явцад цугларсан дээрх нотлох баримтууд нь харилцан уялдсан байдлаараа хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Ц-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Б.Ц-аас “зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаас тусад нь эдлэх” хүсэлтэй байгаагаа илэрхийлэн давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан шүүхээс оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө дахин гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, хуульд заасан журмын дагуу хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлнэ.

Үүнээс үзэхэд, хэд хэдэн төрлийн ялыг нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал ба зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих эсэх асуудлыг нээлттэй орхисон болно.

Ийнхүү шүүх шүүгдэгчид хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан өөр төрлийн ялуудыг хэрхэн оногдуулах асуудлыг шийдвэрлэхдээ үйлдсэн гэмт хэргүүдийн шинж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байдал болон өөртөө дүгнэлт хийж, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байхад эрмэлзэж буй хувийн байдал зэргийг харгалздаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд, тэрээр урьд хулгайлах гэмт хэрэг үйлдэж, оногдуулсан хорих ялыг 2021 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон боловч уг ялыг эдлэх явцдаа дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байгаагаас үзвэл, өөрийн хууль бус үйлдэлд дүгнэлт хийж, гэмшээгүй, нийгмээс тусгаарлагдахгүйгээр хорихоос өөр төрлийн ялыг ухамсарлан биелүүлж чадаагүй байна.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Ц- нь анхан шатны шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйгээс болоод шүүх хуралдаан 2 удаа хойшилж, улмаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн дээрх хувийн байдал болоод шүүн таслах ажиллагаанд саад учруулсан байдлыг харгалзан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн ялыг хорих ялаар сольж, нэмж нэгтгэснийг буруутган дүгнэх, өөрчлөх үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд “зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаас тусад нь эдлүүлэх” талаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Б.Ц-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хохирол төлбөрийг бүрэн барагдуулаагүй, нөгөө талаас анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу дээр маргаагүй оролцсон байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг сонгон хэрэглэж, 1 жил 2 сарын хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 78 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2125 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ц-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ын цагдан хоригдсон нийт 78 (далан найм) хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН