Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00936

 

 

 

Т.Энхбатын нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2020/00703 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгчТ.Эхариуцагч Г Т ЛТӨҮГ-т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамж төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчТ.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие 1993-2006, 2015-2019 онуудад нийт 19 жил Г Т ЛТӨҮГ-т химийн шинжилгээний аргачлал хяналтын инженерийн ажлыг нэр төртэй гүйцэтгэж ирсэн. 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 467 тоот тогтоолоор Г Т ЛТӨҮГ-ын захирлаар Э.Ттомилсныг эсэргүүцэн тэмцсэн шалтгааны улмаас Э.Тэгшжаргал нь намайг ажлаас чөлөөлөх тухай хууль бус тушаалыг гаргасан. 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шуурхай хуралдаан дээр би химийн шинжилгээний аргачлал хяналтын инженерийн үндсэн ажлын хажуугаар бүтэн жилийн туршид хавсран гүйцэтгэж байсан Стандартчилсан загвар, ур чадварын сорилтын тасгийн /СЗУЧСТ/ даргын ажлыг хийхгүй, хавсран гүйцэтгүүлж байсан даргын ажлаа аваарай, харин миний үндсэн ажил болох химийн шинжилгээгээр хийх ажил их байгаа талаар хэлсэн. Миний бие хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэснийг тус байгууллагын 2018 оны 4.2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогын 50 хувь, 2019 онд 4.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогын 60 хувийг миний арга аргачлал, чанарыг нь хяналтын хариуцан ажилласан дан химийн шинжилгээний төрлөөр гүйцэтгэсэн. 2008 оны байгууллагын хөдөлмөрийн аваргаар шалгарч байсан нь миний амжилттай ажиллаж ирснийг гэрчилнэ. Би ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй, зөвхөн хавсран гүйцэтгэж байсан тасгийн даргын ажлаа аваарай, удирдлагын багт ажиллаж чадахгүй гэж л хэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ноцтой зөрчил гаргаж байгаагүй, байгууллагатай нууцын гэрээ байгуулаагүй, байгууллагын нууц задруулаагүй. Иймд намайг урьд ажиллаж байсан химийн шинжилгээний аргачлал хяналтын инженерийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Химийн шинжилгээний аргачлал, хяналтын инженер албан тушаалтайТ.Эыг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шуурхай хурлын үеэрТ.Э нь ажлаа аваарай чи за юу, чамтай бол ажиллахгүй, тэртээ тэргүй надад ажил олдоно, чамаар удирдуулахгүй гэсэн байдаг. ҮүгээрээТ.Э нь тухайн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэж үзэж болно. Захирлын хувьд байгууллагын дотоод журам, контрактад зааснаар ажилтныг ажлаас чөлөөлөх, томилох бүрэн эрхтэй. Мөн нэхэмжлэгч нь байгууллагын нууцыг задруулсан ноцтой зөрчил гаргасан. Г Т ЛТӨҮГ-ын дотоод журмын 4.18 дугаар зүйлийн  Д хэсэгт байгууллагын нэр хүндийг унагасан, байгууллагын нууц задруулсан тохиолдолд ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан. ГэтэлТ.Э нь Г Т ЛТӨҮГ-ын захирал Э.Тэсэргүүцэн байгууллагын дотоод асуудлыг гадагш задруулсан. Байгууллагын нэр хүндийг унагаах зорилготой нотлох баримтгүй албан бичгийг төрийн байгууллагуудад илгээсэн, байгууллагын ажилчдыг талцуулан худал мэдээ, мэдээлэл тарааж, Өдрийн сонин болон сайтуудад байгууллагын нэр хүндийг унагасан худал мэдээлэл тараасан. Байгууллагын нэр хүндийг унагаасан үйлдлийн улмаас байгууллагын орлого, нэр хүнд буурах сөрөг үр дагавартай. 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шуурхай хурлын үеэрТ.Э нь ажиллаж чадахгүй, надад ажил олдоно, чамаар удирдуулахгүй гэж хэлэхдээ би ажиллаж чадахгүй гэдгээ амаар илэрхийлэн гаргасан байдаг. Уг амаар илэрхийлсэн байдал нь өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээгээ цуцлах саналаа илэрхийлж байна. Иймд ажлаас халах тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

  Шүүх:  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Чорос овогт Т-ийн Э-г Г Т ЛТӨҮГ-ын Чанар хяналтын албанд химийн шинжилгээний аргачлал хяналтын инженер ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 816 104 төгрөгийг хариуцагч Г Т ЛТӨҮГ-аас гаргуулж нэхэмжлэгчТ.Эад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаарТ.Эажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Г Т ЛТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамж 76 007 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Э.Тэгшжаргалын давж заалдах журмаар гаргасан гомдолд:Т.Э нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шуурхай хурлын үеэр ажлаа аваарай чи за юу, чамтай бол ажиллахгүй, надад ажил олдоно, чамаар удирдуулахгүй гэснээрээ ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэж үзсэн. Мөн хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн дотоод журмын 4.18-д зааснаар байгууллагын нэр хүнд унагаасан, байгууллагын нууц задруулсан ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн. Байгууллагын нэр хүндийг унагах зорилготой нотлох баримтгүй албан бичгийг төрийн байгууллагуудад илгээж, байгууллагын ажилчдыг талцуулан өдрийн сонин болон сайтуудад байгууллагын нэр хүндийг унагасан худал мэдээ, мэдээлэл тараасан талаар анхан шатны шүүхэд нотлох баримт гаргаж өгсөн бөгөөд шүүх энэхүү нотлох баримтуудыг үнэлээгүй, баримтаар нотолж чадаагүй гэж дүгнэсэн тул шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

 

 

НэхэмжлэгчТ.Э нь хариуцагч Г Т ЛТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамж төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

 

 

НэхэмжлэгчТ.Э 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс тус байгууллагын Аргачлал, хяналт, маркетингийн албанд химийн аргачлал-хяналтын инженерээр, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс Стандартчилсан загвар, ур чадварын сорилтын тасгийн даргын ажил үүргийг хавсран гүйцэтгэж байгаад хариуцагч Г Т ЛТӨХК-ийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/188 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Хөдөлмөрийн дотоод журмын 4.18 дугаар зүйлийн Д хэсэг, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэл зэргийг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх6, 15-16, 83/

 

 

 

Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ байгууллагын дотоод асуудлыг гадагш задруулсан, байгууллагын нэр хүндийг унагах зорилготой нотлох баримтгүй албан бичгийг төрийн байгууллагуудад илгээсэн, шуурхай хуралдааны үеэр ажиллахгүй гэдгээ амаар илэрхийлж өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээ цуцлах санал гаргасан гэж тайлбарласан нь үндэслэлгүй болно.

 

 

 

Хэргийн 63-74 дүгээр талд авагдсан хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.18.д хэсэгт байгууллагын нэр хүндийг унагасан, байгууллагын нууц задруулсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлана гэжээ. Нэхэмжлэгч байгууллагын нэр хүндийг унагааж, байгууллагын нууцыг задруулсан нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдохгүй байна. Тухайлбал, хэргийн 25 дугаар тал дахь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Өдрийн сонинд нийтлэгдсэн ТӨБЗГ-ын дарга З.М эрүүгийн хэрэгт шалгагдаж буй Э.ТГеологийн төв лабораторийн даргаар томилсон нь ямар том ашиг сонирхол нуугдаж байна вэ гэх гарчигтай нийтлэл, Г Т ЛТӨҮГ-ын хэмжээнд дэг журам тогтоож, сахилга хариуцлагыг сайжруулах шаардлагатай арга хэмжээг авах агуулга бүхий Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн ХЭГ/3522 тоот албан бичиг зэргээр нэхэмжлэгчийг байгууллагын нэр хүндийг унагаасан, улмаар байгууллагын нууцыг бусдад задруулсан гэж үзэхэд учир дутагдалтай байна. Дээрх мэдээ, мэдээллийн аль хэсэг нь нэхэмжлэгчтэй холбоотой болох, уг мэдээгТ.Э өгсөн эсэх нь баримтаар нотлогдохгүй байна.

 

 

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн хувьд байгууллагын нууцыг хариуцсан ажилтан мөн эсэх, ажил олгогчтой нууцын гэрээ байгуулж ажиллаж байсан эсэх, тухайн мэдээ нь байгууллагын нууцад хамаарах эсэх нь тодорхойгүй, албан байгууллагын ямар үйл ажиллагаа, баримт нь нууцад хамаарах талаар хөдөлмөрийн гэрээнд нарийвчлан заагаагүй. Байгууллагын нууцын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 5.2-т заасны дагуу дүгнэлт хийх баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй байна.

 

Хариуцагч байгууллагын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шуурхай хуралдааны үеэр нэхэмжлэгчийн ажил байдлын талаар яригдсан байх ба шүүх тус хуралдааны явцад хийгдсэн аудио бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч ................ нарын мэдүүлгийг харьцуулан дүгнэж нэхэмжлэгчийг үндсэн ажил үүргийн талаар бус харин хавсран гүйцэтгэж байсан Стандартчилсан загвар, ур чадварын сорилтын тасгийн даргын албан ажлыг цаашид гүйцэтгэхгүй гэх агуулгаар хэлсэн гэж дүгнэсэн нь зөв.

 

 

 

Ажилтан санаачилсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан зохицуулалт нь тухайн ажилтан гадны болон ажил олгогчийн зүгээс ямар нэгэн дарамт шахалтгүйгээр өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ цуцлах өргөдлөө бичгээр ажил олгогчид гаргасан нөхцөлд хэрэглэгдэнэ. Хуралдааны явцад яригдсан дээрх яриаг хуульд заасан журмын дагуу ажилтнаас ажил олгогчид гаргасан хүсэлт гэж үзэхгүй, ажилтны зүгээс ажлаас чөлөөлөгдөх өөрийн хүсэл зоригоо ажил олгогчид бичгээр гаргасан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Дээрх нөхцөл байдал нь талуудын Хөдөлмөрийн тухай хуулийн 5, 6 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн харилцааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийн хүрээнд зөрчил үүссэнээс үүдэлтэй гэж үзэхээр байна. Иймд хариуцагчийн шуурхай хурлын үеэр нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэх гомдол үндэслэлгүй.

 

 

 

Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 816 104 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалд нийцжээ.

 

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2020/00703 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76 007 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

 

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

 

 

А.МӨНХЗУЛ