Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2025/ДШМ/1340

 

Г.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Г.Т-, түүний өмгөөлөгч Э.Мягмардорж,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/1977 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Т-, түүний өмгөөлөгч Э.Мягмардорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Т-д холбогдох 2211017732032 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж овгийн Г-ын Т, 2003 онд Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “А С” компанид түгээлтийн жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух, (РД:...), урьд:

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1443 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн;

Шүүгдэгч Г.Т- нь Б.Э-тэй бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Хуучин автобусны эцсийн буудал орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Л.Б-ын араас тэвэрч, хэвлий орчим цохин, биед нь халдах явцдаа түүний халааснаас нь “Huawei Y8” загварын гар утсыг хүч хэрэглэн авсан,

ганцаараа 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж хохирогч С.Г-той маргалдаж, улмаар цаасны хутгаар нүүр хэсэг, ам орчим зүсэж биед нь хоёр хацар, уруул баруун завжинд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газар: Г.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г.Т-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, довтолж дээрэмдсэн”, “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэж, 2 жилийн хорих ялд 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солин нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жилээр тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

шүүгдэгч Г.Т-гээс 2,971,563 төгрөгийг гаргуулан хохирогч С.Г-од олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, тогтсон ажилтай. Эхнэр 2 хүүхдээ харж гэртээ байдаг. Надад хулгай, дээрэм хийх хүсэл байхгүй. Энэ хэрэгт миний оролцоо байхгүй гэдгийг нотлох хөндлөнгийн гэрч байдаг ба түүнээс огт мэдүүлэг аваагүй. Намайг дээрэмдэх гэмт хэрэгт оролцсон гэх гэрч байдаггүй. Иймд хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мягмардорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1.Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд: Анхан шатны шүүх хүнийг хүнд гэмт хэрэгт нотлох баримтгүйгээр гэм буруутайд тооцож, эрх зүйн байдлыг нь дордуулсан. Хэрэгт Г.Т-г Б.Э-тэй хамт гар утсыг авсан гэсэн баримт байдаггүй. Хохирогч Л.Б- түргэн үйлчилгээний цэгт Г.Т-, Б.Э- нар хамт орж ирснийг харсан, Б.Э-ийн үйлдлийг Г.Т-д хамааруулан мэдүүлсэн байх магадлалтай. Л.Б- анх мэдүүлэг өгөхдөө согтуу байсан, Л.Б-ын мэдүүлэг нь шүүгдэгч Б.Э-, гэрч Ө.Э-, Г.М-, Х.Н- нарын мэдүүлгээр үгүйсгэгддэг. Тийм байхад шүүх хэргийн бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийж, өмгөөлөгчийн үгүйсгэсэн тайлбарт дүгнэлт хийхгүйгээр зөвхөн субьектив байдлыг хийсвэрээр дүгнэж шийдвэрлэсэн.

Шүүх хохирогч С.Г-ын Г.Т-гийн эрх чөлөө, эрүүл мэндэд халдсан үйлдэлд огт дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Маргааныг анх хохирогч С.Г- эхлүүлж, Г.Т-г зодсоныг гэрч нар мэдүүлдэг. С.Г-од учруулсан хохирлыг шийдвэрлэхдээ тухайн гэмтлийн улмаас 52 хоног ажлаас чөлөөлөгдсөн баримт байхгүй, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан гэмтэлд тооцогдохгүй гэсэн шинжээчдийн дүгнэлтийг анхаарахгүйгээр хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, нийт хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Г.Т- нь С.Г-ын довтолгооноос зугтаж, машинд орсны дараа С.Г- араас нь ирж машин дотор цохиж, чирч гаргах гэсний улмаас хүчинд автагдаж гарт дайралдсан цаас зүсэгчээр довтолгоог сааруулах гэж гараараа савчсанаас зүсэгдсэн гэмтэл учирсан.

2.Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйл нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд зайлшгүй хохирол учирсан байхыг шаарддаг. Гэтэл шүүгдэгч Г.Т- болон Б.Э-ийг яллагдагчаар татах үед гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй, тухайн утсыг авсан Б.Э- маргааш өглөө нь хохирогчид аваачиж өгсөн. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн тухайд хохирол бодитой учраагүй нь энэ төрлийн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл болно. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийг буруу тайлбарлаж Г.Т-г гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй.

Дээрэмдэх гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь хүний амь нас, эрүүл мэндэд аюултай хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн довтолгоон бүхий үйлдлээр илэрдэг. Энэ гэмт хэргийг үйлдэх үед хийгддэг “заналхийлэл” нь гэмт этгээд хохирогчид шууд хүч хэрэглэх биеийн хүчний нөлөө үзүүлээгүй боловч түүний эрх чөлөө, эрүүл мэндэд нь халдаж, нэн даруй хор аюул учруулна гэсэн үг хэлээр айлган сүрдүүлж, энэ нь биелэх боломжтой гэдгийг хохирогчид ойлгуулсан үйл ажиллагаа байдаг. “Довтолгоон” нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэж буюу хүч хэрэглэсэн хохирогчийн эсэргүүцэл үзүүлэх боломжийг алдагдуулсан хүчтэй, шууд санаатай идэвхтэй үйлдлээр илэрдэг. Хохирогчийн биед гэмтэл учруулсан буюу учруулж байсан, зэвсэг хэрэглэсэн, хохирогчийн эсэргүүцлийг дарж хүч хэрэглэж үйлдсэн тохиолдолд дээрмийн гэмт хэрэг болно. Гэтэл Г.Т-гийн хувьд довтолсон, айлган сүрдүүлсэн, эрүүл мэндэд аюултай байдлаар хохирол учруулахаар заналхийлсэн гэх үйлдэл байхгүйг шүүгдэгч Б.Э- мэдүүлдэг. Харин Б.Э- хохирогчийг барьж аваад ноцолдох үеэр энгэрийн халаасанд байсан утас нь унах үед авсан талаараа мэдүүлсэн. Нэгэнт Г.Т- дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт, нотолгоо байхгүй тул тухайн гэмт хэргийн үйлдэл, хохиролд шалтгаант холбоогүй, гэмт хэргийн субьектив шинжийг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тухайд: Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар шүүгчийг хуульд заасан эрхийнхээ дагуу татгалзсан байхад 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж, уг асуудлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулан шийдвэрлүүлэх талаарх хуулийг ноцтой зөрчиж, татгалзал гаргаагүйд тооцон шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчиж, хохирогч Л.Б-ын мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй байхад зөвхөн тухайн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шүүгдэгч Г.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан байхад шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх талаарх хуулийн заалтыг зөрчсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй шийдвэрийг шүүх гаргасан ба өмгөөлөгчийн саналыг үгүйсгэсэн үндэслэлийн талаар огт дурдаагүй учир шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болох хуулийн заалт хангагдаагүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Г.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг анхан шатны шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

1.Шүүгдэгч Г.Т- нь Б.Э-тэй бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Хуучин автобусны эцсийн буудал орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Л.Б-ын араас тэвэрч, хэвлий орчим цохин, биед нь халдах явцдаа түүний халааснаас нь “Huawei Y8” загварын гар утсыг хүч хэрэглэн авсан болох нь:

-хохирогч Л.Б-ын: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө 01 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Хуучин эцсийн автобусны буудлын түргэн үйлчилгээний цэгээс тамхи аваад гэр рүүгээ алхаж байхад автобусны буудлын зогсоол дээр хар өнгийн “Prius-30” загварын машин зогсож байсан. Машинаас 20 орчим насны 2 залуу бууж ирээд, нэг нь “барилдах уу ах аа” гэж хэлээд нөгөөх нь миний араас тэвэрсэн. Тэгээд “барилдах уу” гэж хэлсэн залуу нь миний хэвлий тус газар нэг удаа цохисон. Би доош тонгойход миний куртикний халааснаас “Huawei Y8” загварын утсыг авсан...” (1хх 17-18, 21-22, 25-27),

-гэрч Ө.Э-ы: “...Би унтаад явж байсан учраас хаана зогссоныг нь мэдэхгүй байна. Нэг сэрэхэд Г.Т- ах орж ирээд араас нь Б.Э- ах орж ирж байсан. Нэг хүн муудалцаад түргэн үйлчилгээний цэгийн эгчийг загнаад байсан гээд ярьж байсан...” (1хх 41-43),

-гэрч Х.Н-ийн: “...Хайлаастын зам дагуу түргэн үйлчилгээний цэгээс тамхи авахаар зогсоход Г.Т- бууж, араас нь Б.Э- буусан. Г.Т- удалгүй ороод ирсэн. Тэгтэл түргэн үйлчилгээний цэгийн гадаа замын хажууд Б.Э- нэг ахтай ноцолдож барьцалдаад, зууралдаад байсан. Гэхдээ тэр хоёр бие биеэ зодож цохиогүй...” (1хх 45-47),

-Б.Э-ийн гэрчээр өгсөн: “...Хайлаастын хуучин эцэст байрлах түргэн үйлчилгээний цэгээс тамхи авахаар Г.Т-гийн хамт орсон. түргэн үйлчилгээний цэгийн худалдагч 40 гаруй насны согтуу эрэгтэй хүнийг гар гээд хөөж байсан. Би араас нь Г.Т-тэй гараад нөгөө ахыг “хоёулаа барилдъя” гэж хэлээд газар унагахдаа өмднийх нь халааснаас “Huawei Y8” загварын гар утсыг авсан...” (2хх 38-39) гэх мэдүүлгүүд,

-“Huawei Y8” загварын гар утасны зах зээлийн дундаж үнэлгээг 296,000 төгрөгөөр тогтоосон “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (1хх 51-52) зэрэг нотлох баримтуудаар;

2.Шүүгдэгч Г.Т- нь ганцаараа 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж хохирогч С.Г-той маргалдаж, улмаар цаасны хутгаар нүүр хэсэг, ам орчим зүсэж, биед нь хоёр хацар, уруул баруун завжинд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

-хохирогч С.Г-ын: “...Г.Т- “ундаа аваад өг” гэж агсраад бид хоёр маргалдсан. Би Г.Т-г түлхсэн чинь Г.Т- гараа атгаж байгаад миний нүүрний зүүн хэсэгт 1 удаа цохисон. Тэгэхээр нь би Г.Т-г машинд суулгаад хаалгыг нь хаасан чинь намайг “чаддаг юм бол ороод ир” гэсэн. Би цонхоор нь толгойгоо оруулсан чинь миний баруун, зүүн хацрын хэсэгт зүссэн...” (1хх 124-125),

-гэрч Б.Х-ын: “...Г.Т-, С.Г- нар хоорондоо хэрэлдээд байсан. А.Т- бид хоёр “болиоч” гэж хэлээд байж байтал А.Т- дэлгүүр орсон ба энэ үед С.Г- Г.Т-гийн нүүрэнд цохисон. Тэр хоёр бие биеэ цохиж, зодолдож эхэлсэн. Би С.Г-ыг Г.Т-гээс холдуулахад Г.Т- машиндаа орж суусан. С.Г- очоод цонхоор нь түүнийг цохиод байсан. Гэтэл Г.Т- машинаасаа өндийгөөд С.Г-ыг алгадах шиг болсон ба ам, хацрыг нь зүссэн байсан...” (1хх 127),

-гэрч А.Т-гийн: “...Г.Т-, С.Г- нар хоорондоо хэрэлдээд зогсож байсан. Би Г.Т-г “за болио” гэж хэлээд С.Г-ыг түлхэхэд уурлаад Г.Т-г нүүр, бие, толгой руу нь олон удаа цохисон. Б.Х- бид хоёр салгаж, Г.Т- машиндаа суусан. Би дэлгүүр ороод ирэхэд Г.Т- С.Г-ын амыг зүссэн байсан. Сүүлд Г.Т- “цаасны хутгаар зүссэн” гэж ярьсан...” (1хх 129-130) гэх мэдүүлгүүд,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын бүрэлдэхүүнтэй 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 80 дугаар: “...Шарх эдгэрэлт нь тухайн хүний биеийн эсэргүүцэл, анхны тусламжийг хэрхэн үзүүлсэн байдал, шархны цэгцлэлт, байрлал, шархны хэмжээнээс хамаарч хугацаа нь харилцан адилгүй байна. 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр С.Г-ын биед хийсэн үзлэгээр хацар, ам, уруул, завжны шарх нь сорви тогтож эдгэсэн ба нүүрний тэгш хэм алдагдаагүй, ам ангайлт чөлөөтэй, уруулын хэлбэр алдагдаагүй байна. С.Г-ын нүүрний сорви нь бүр мөсөн арилахгүй, бүдгэрэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (2хх 41-44) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 Нотлох ажиллагааны явцад цугларсан дээрх нотлох баримтууд нь нэг нэгнээ нөхсөн, харилцан уялдсан байдлаараа хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Т- нь Б.Э-тэй бүлэглэн хохирогч Л.Б-ын гар утсыг хүч хэрэглэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, ганцаараа хохирогч С.Г-той маргалдах явцдаа түүний нүүр хэсэгт зүсэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

1. Дээрэмдэх гэмт хэрэг нь аливаа этгээдийн эд хөрөнгө, түүнийг эзэмшиж, хамгаалж байгаа иргэдийн эрүүл мэнд, эрх чөлөөнд нэгэн зэрэг халдан, заналхийлж довтолдгоороо өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн дотор аюултай, хүнд гэмт хэрэгт тооцогддог.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй”,  Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” хэмээн тус тус хуульчилсан.

Тиймээс “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” үйлдлийг Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцон, ял шийтгэхээр заасан.

Гэмт этгээд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор довтолгоон эхэлж, эзэмшигч болон бусад хамгаалж байгаа этгээдийн эсрэг халдлага эхэлснээр бусдын амь нас, эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон нийгэмд аюултай үйлдлээр энэ гэмт хэрэг төгсдөг.

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэдэг нь гэмт этгээд бусад этгээдийн эд хөрөнгийг өөрийн эзэмшилд хууль бусаар авах шунахай зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хохирогчийн эсэргүүцлийг дарах, түүнд өөрийгөө хамгаалах боломжийг алдагдуулахад чиглэгдсэн биеийн хүч хэрэглэн халдсан (зодох, айлгах, эсэргүүцлийг нь дарах зэргээр хөдөлгөөнийг нь хязгаарлах)-ыг ойлгоно.

Ийнхүү хүч хэрэглэн халдсан үйлдлийн улмаас хохирогчийн бие махбодод хохирол учирсан байхыг шаардахгүй ба бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд оруулж авснаас үл хамааран, дээрх зорилгоор довтолсон довтолгоогоор төгсгөл болдог хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Гэм буруу нь гэмт үйлдлийн хохирол, үр дагавар нь гэмт этгээдийн хийсэн үйлдэлтэй шууд холбогдсон байх сэтгэхүйн холбогдол, ухамсарт зан үйлийн объектив талтайгаа уялдсан байх ёстой.

Дээрэмдэх гэмт хэргийн субъектив талын шинжүүд нь:

-бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авах гэсэн зорилго,

-бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөл, эзэмшилд түргэн хугацаанд шилжүүлэх гэсэн шунахайн сэдэл,

-хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсноор бусдын амь нас, эрүүл мэндэд аюултай буюу гэмтэл, хохирол учрахыг ухамсарласан байдал,

-хүний амь биед аюултай байдал бий болохыг болон бий болох боломжтойг урьдчилан мэдсэн,

-энэхүү үр дагавар, хохирол, хор уршгийг зориуд хүсэж үйлдсэн байдаг.

Тиймээс дээрэмдэх гэмт хэргийн субъектив заавал байх шинж нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэж, шунахай сэдэлтэй байхыг шаарддаг.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэвэл, шүүгдэгч Г.Т- нь хохирогч Л.Б-ын гар утсыг дээрэмдэх зорилгоор түүний араас тэврэх байдлаар өөрийн эд хөрөнгийг хууль бус халдлагаас хамгаалах хүсэл зориг бүхий хөдөлгөөнийг хязгаарласан үед Б.Э- нь хохирогчийн хэвлий хэсэгт хүч хэрэглэн цохиж, улмаар халаасанд нь байсан  “Huawei Y8” загварын гар утсыг авсан байна.

Г.Т-, Б.Э- нар анхнаасаа гар утсыг дээрэмдэх зорилготойгоор хохирогчид хүч хэрэглэсэн болох нь “2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Хуучин автобусны эцсийн буудал дээр байрлах түргэн үйлчилгээний цэгээс тамхи авахаар орохдоо хохирогч Л.Б-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөн гар утастай байгааг мэдсэн” нь үйл баримтаар нотлогдоно.

Түүнчлэн, Б.Э- хохирогчийн гар утсыг маргааш нь аваачиж өгсөн эсэх нь гэмт хэргийн шинжийг үгүйсгэх, хэргийг зүйлчлэхэд нөлөөлөхгүй.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан.

Хэдийгээр шүүгдэгч Г.Т- нь мөрдөн шалгах ажиллагааны эхнээс “дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй” хэмээн мэдүүлж ирсэн боловч тэрээр үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүргийг хуулиар хүлээгээгүй тул түүний мэдүүлгийг туйлын үнэн гэж үнэлэх боломжгүй. Харин хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэсний эцэст Г.Т-г Б.Э-тэй бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

2.Гэм буруугийн шууд санаатай хэлбэр гэдэг нь хохирогчид гэмтэл учруулна гэдгийг ухамсарлаж, хор уршигт хүргэхийг хүсэж үйлдсэн байдаг бол шууд бус санаа нь тухайн гэмтэл учирч болзошгүй гэдгийг урьдаас ухамсарлаж, уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн байдаг.

Гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг шууд учирсан бол шалтгаант холбоотой хэмээн үздэг. Тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл явцаар, гадны өөр ямар нэг нөлөөгүйгээр тэр хохирол, хор уршгийг бодитойгоор учруулж, түүнд шууд хүргэсэн үйлдлээр илэрнэ.

С.Г-, Г.Т- нар харилцан зодолдсон, ингэхдээ С.Г- эхэлж Г.Т-г цохисон үйл баримтын талаар гэрч Б.Х- (1хх 127), гэрч А.Т- (1хх 129-130) нар мэдүүлжээ.   

Хэргийн хүрээнд тогтоодсон нөхцөл байдлаас дүгнэвэл, С.Г- түрүүлж Г.Т-гийн биед халдсаны улмаас хохирогч, шүүгдэгч нар харилцан зодолдсон боловч Г.Т- нь уг нөхцөл байдлаас зугтаан машиндаа орж суусан байна. Ийнхүү тэдгээрийн хоорондын зодоон бүхий нөхцөл байдал таслан зогсоогдсон байхад Г.Т- нь өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бус тухайн үед үүссэн уур хилэнгийн сэтгэл хөдлөлөөр машины цонхоор С.Г-ын нүүрийг цаасны хутгаар зүсэж, гэмтэл учруулсан байна.   

Иймд хохирогч С.Г-ын биед учирсан хоёр хацар, уруул баруун завжинд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь шүүгдэгч Г.Т-гийн шууд санаатай хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул түүний гэмт үйлдлийн санаа зорилго нотлогдсон болно.

3.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлд Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх ... эрх эдлэх ба улмаар бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй байхаар баталгаажуулан заажээ.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох ба ийнхүү бусдын хууль бусаар учруулсан гэм хорыг арилгуулах эрхийг Иргэний хуулиар зохицуулсан.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” хэмээн хуульчилсан.

Шүүх хэрэг маргааныг гагцхүү хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд, нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд “А” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 22/105 дугаар “С.Г- нь тус компанид үндсэн цалин 1,200,000 төгрөгийн цалинтай, Түгээгч-Хүнс бус албан тушаал эрхэлдэг. 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл өвчтэй, чөлөөтэй нийт ажлын 52 хоног ажиллаагүй” гэсэн тодорхойлолт хэрэгт авагджээ.

Иймд анхан шатны шүүхээс хохирогч С.Г-ын эрүүл мэндийн шалтгаанаар ажиллаж чадаагүй хугацааны цалин хөлсийг хэрэгт авагдсан баримтад тулгуурлан гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

4.Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх нь шүүгчийн нэн тэргүүний үүрэг болохын хувьд, шүүгч нь хэрэг, маргааныг Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн хэнээс ч хараат бусаар бие даан шийдвэрлэхээ илэрхийлж, тангараг өргөдөг ба шүүгч хуулиар хүлээсэн үүргээ хараат бусаар бие даан хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлөх бодитой хүчин зүйлсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч оролцож болохгүй үндэслэлүүд хэмээн хуульчилсан.

Шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах нь шүүгч шүүн таслах чиг үүргээ тухайн хэргийн хувьд хэрэгжүүлэх боломжгүй болох үр дагавартай тул шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хуульд заасан үндэслэл нь объектив шалгууртай байдаг.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан аль ч нөхцөлийг шүүх шалгахдаа түүний объектив байдлыг харгалзан үзэх, тухайн нөхцөлд, хүсэлтэд дурдсан үндэслэл нь бодитой байх шаардлагыг хангах ёстой.

Иймд хуульд заагаагүй үндэслэлээр шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд ийм хүсэлтийг хэлэлцэхээс татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах шүүн таслах ажиллагааны зарчимд нийцнэ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мягмардорж анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “Шинжээчийн дүгнэлт удаа дараа хөнгөн гэмтэл гэж гарсан байхад шүүгч М.Түмэннаст хэргийг прокурорт буцаасны дараа хүндэвтэр гэмтэл гэж гарсан. Хэргийг прокурорт буцаасан захирамжид заасан ажиллагаа хийгдээгүй байхад яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн. Иймд өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байна” хэмээн тус хэргийг хянан шийдвэрлэж буй шүүгч М.Түмэннастийг татгалзан гаргах хүсэлт гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “Шүүгч өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байвал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй” гэх үндэслэлийг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг зөв хэрэглэх талаарх албан ёсны тайлбарын 1 болон 3 дахь хэсэгт зааснаар ойлгоно.

Тус тайлбарт зааснаар “хувийн харилцаатай”, “хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байх” гэх ойлголтуудыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 5293 дугаар захирамжид дэлгэрэнгүй тайлбарлаж, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүгч М.Түмэннаст нь Г.Т-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хэргийн оролцогч, өмгөөлөгчтэй хувийн харилцаа үүсгэсэн, шууд ба шууд бусаар тусламж, хөнгөлөлт гэх мэт зүйлс авсан, шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг аливаа этгээдэд мэдээлсэн зэрэг хууль, албан ёсны тайлбарт заасан үндэслэл тогтоогдоогүй байна.

Тиймээс шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шийдвэртэй нь холбогдуулан “шударгаар шийдвэрлэнэ гэдэгт эргэлзээ үүсэж байна” гэх үндэслэлээр татгалзаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлд хамаарахгүй юм.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан шүүгчээс татгалзах хүсэлт нь хуульд заасан үндэслэлд тооцогдохгүй учраас шүүх хуралдааныг хойшлуулж, уг хүсэлтийг мөн хуулийн 10.4 дүгээр зүйлд заасан журмын дагуу хэлэлцэж шийдвэрлэх үндэслэл болохгүй тул татгалзал гаргаагүйд тооцож, шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн нь хуульд нийцжээ.

Иймд шүүгдэгч Г.Т-, түүний өмгөөлөгч Э.Мягмардорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх Г.Т-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч С.Г-ын нүүр хэсэгт цаасны хутгаар зүсэж, түүний эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулан, гоо сайханд нь эдгэшгүй сорви үлдээсэн хор уршиг, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хувийн байдлыг харгалзан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

-бусдын биед хүч хэрэглэн халдаж, дээрэмдсэн гэмт хэргийн нийгмийн аюул, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэгт дүгнэлт хийсний эцэст 2 жилийн хорих ял тус тус оногдуулан, зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 жилийн хорих ялаар тогтоох нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэснийг буруутгах, өөрчлөх үндэслэл тогтоогдсонгүй.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Т- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 99 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/1977 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Т-, түүний өмгөөлөгч Э.Мягмардорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-гийн цагдан хоригдсон нийт 99 (ерэн ес) хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН