| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/01465/И |
| Дугаар | 192/ШШ2026/01528 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2026/01528
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: **** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **** холбогдох,
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 135,909,078 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Манай компани барилгын материал борлуулах, нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2023 оны 10 сарын 11-ний өдөр “***” ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр барилгын материал худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 2023 оны 12 сарын 13-ны өдөр *** маркийн 69 ширхэг коридор өрөөний хулдаас, **маркийн 80 ширхэг коридор өрөөний хулдаас, **** маркийн 75 ширхэг коридор өрөөний хулдаас, **** маркийн 76 ширхэг коридор өрөөний хулдаас, ****маркийн 79 ширхэг коридор өрөөний хулдаас, **** * маркийн 14 ширхэг ханын хулдаас, **** маркийн 15 ширхэг ханын хулдаасыг “***” ХХК-ийн захиалга, зөвшөөрлийн дагуу “***” ХХК-д хүлээлгэн өгч бараа материал хүлээлцэх акт үйлдсэн. Гэрээний дагуу “***” ХХК нь төлбөрт 351,856,077.6 төгрөгийг 2023 оны 12 сарын 31-ний өдрийн дотор манай компанид бүрэн төлж барагдуулах ёстой байсан ч нийт 4 удаагийн гүйлгээгээр 261,250,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 90,606,076 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Иймд тухайн мөнгийг, алданги 45,303,039 төгрөгийн хамт нийт 135,909,078 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагч тал чанарын шаардлага хангаагүй доголдолтой бараа нийлүүлсэн, мөн гэрээнд заасны дагуу бидэнд хүлээлгэн өгч акт үйлдээгүй, өөрсдийн дур зоргоор өөр этгээдэд барааг хүлээлгэж өгсөн, бид хариуцахгүй гэдэг ч тэдний хэлсэн гуравдагч этгээдэд барааг хүлээлгэж өгсөн, чанар байдлын талаар шалгаад хүлээж авсан, татгалзал үндэслэлгүй. Эвлэрэх нөхцлийг хүлээн авах боломжгүй” гэжээ.
2. Хариуцагч тал хариу тайлбартаа:
“…2023 оны 10 сарын 11-ний өдөр *** ХХК-тай 351,725,000 төгрөгийн үнийн дүн бүхий бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу нийт 16,110 м2 чанарын доголдолгүй шалны хулдаас хүлээлгэн өгөх үүрэг нэхэмжлэгч тал хүлээсэн. Бид гэрээнд заасан төлбөрийн хуваарийн дагуу нийт 261,250,000 төгрөгийг урьдчилан төлж үлдэх төлбөрийг барааг бүрэн хүлээлцэх акт үйлдсэний дараа шилжүүлэн өгөх нөхцөлтэй байсан. Гэсэн хэдий ч *** ХХК нь бидний зөвшөөрөлгүйгээр манай харилцагч *** ХХК-ийн агуулахад хулдаасыг буулгасан, тус агуулахын нярав тухайн бараа нь аль захиалга, аль гэрээний хүрээнд ирснийг мэдээгүй тул ачааг тоолж гарын үсэг зурж хүлээн авсан байдаг. Гэрээний дагуу манайд барааг хүлээлгэж өгөх үүрэгтэй, гуравдагч этгээдэд хүлээлгэн өгсөн үйл баримтыг зөвшөөрөхгүй.
Мөн дээрх шалны хулдаасыг задлах үед нийт барааны 15 орчим хувь нь гэмтэлтэй, хөлдсөн, хагарсан байсан тухай гомдлыг “***” ХХК гаргаж акт үйлдсэн, албан бичгийг бидэнд ирүүлсэн. Иймд хариуцагч нь гэрээний дагуу барааг манайд хүлээлгэж өгөөгүй, нийлүүлсэн бараа нь чанарын доголдолтой байсан тул гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзнэ. Үлдэгдэл төлбөр 90,606,078 төгрөг, алданги 45,303,039 төгрөг, нийт 135,909,078 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэсэн хэдий ч бид гэрээтэй холбоотой үүссэн маргааныг эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэж, 2025 оны 4 сарын 9-ний өдөр албан захидлаар тодорхой санал хүргүүлсэн. Чанарын шаардлага хангаагүй нийт барааны 15 хувийн хорогдлыг тооцож, үлдэгдэл төлбөрөөс суутган 2025 оны 4 сарын 30-ны дотор үлдсэн төлбөрийг шилжүүлэх боломжтой болохыг мэдэгдсэн” гэв.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн баримт – Улсын тэмдэгтийн хураамж 838,000 төгрөг төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, бараа материал худалдах худалдан авах гэрээ, бараа материал хүлээлцэх акт, 04/23, 03/23 дугаартай нэхэмжлэх.
3.2. Хариуцагч талаас ирүүлсэн баримт – Итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, тодорхойлолт, 2025 оны 04 сарын 09-ний өдрийн “***” ХХК-д хүргүүлсэн албан бичиг, 2025 оны 03 сарын 30-ны өдрийн “***” ХХК-иас ирүүлсэн албан бичиг, тоо хэмжээ болон барааны гэрэл зураг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан.
3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт – Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, гэрч ****нарын мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургууд, тохирлын гэрчилгээ, баталгаажуулалтын гэрээ, туршилтын тайлан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “***” ХХК-иас хариуцагч “***” ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 135,909,078 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас 56,964,330 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 78,944,748 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч тал нь шаардлага, үндэслэлээ “...бараа материал худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, хулдаасыг захиалагч талын нэрлэн заасан гуравдагч этгээдэд хүлээлгэн өгсөн, төлбөрийн зарим хэсгийг төлөөд үлдэх хэсгийг төлөөгүй тул төлбөрийг алдангийн хамт гаргуулна” гэж тайлбарласныг хариуцагч талаас эс зөвшөөрч “...Бидний зөвшөөрөлгүй барааг өөр этгээдэд хүлээлгэн өгсөн, гэрээнд заасны дагуу бидэнд хүлээлгэж өгөөгүй, нийлүүлсэн бараа нь чанарын шаардлага хангаагүй, доголдолтой байсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэсэн татгалзсан тайлбар гарган маргадаг
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон үйл баримтын талаар:
3.1. Шүүх хариуцагч “***” ХХК-д холбогдуулан гаргасан “***” ХХК-ийн нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 02 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Хариуцагч нь нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авсан, талууд хуульд заасан хэргийн оролцогчийн эрх үүрэгтэй, хэргийн материалтай танилцсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд шаардлага, татгалзлаа нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн бөгөөд нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах, үзлэг хийлгэх, шинжээч томилуулах, өмгөөлөгч авах зэрэг хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой хүсэлт гаргах талуудын эрхийг шүүхээс хязгаарлаагүй болно.
3.2. Нэхэмжлэгч “***” ХХК, хариуцагч “***” ХХК нар нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэг талаас хулдаас нийлүүлэх, нөгөө тал худалдан авсан барааны үнэ 351,725,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож “Барилгын бараа материал худалдах, худалдан авах” гэрээг байгуулсан, гуравдагч этгээд болох “***” ХХК нь барилгын материал болох хулдаасыг хүлээн авсан, хариуцагч нь барааны төлбөрөөс 261,250,000 төгрөгийг төлсөн үйл баримт нотлох баримтуудаар нотлогддог, хэн аль нь хүлээн зөвшөөрдөг.
3.3. Харин хариуцагч тал гэрээнд заасны дагуу барааг захиалагчид хүлээлгэж өгөөгүй, нэхэмжлэгч тал нэрлэн заасан газар, компанид нь барааг буулган хүлээлгэж өгсөн гэж, мөн нийлүүлсэн бараа чанарын шаардлага хангаагүй, гологдолтой бараа нийлүүлсэн, нөгөө талаас чанар, доголдол үгүй, шаардлага хангасан бараа нийлүүлсэн гэх үйл баримтын талаар маргадаг.
4. Шаардлага, татгалзал нотлогдож буй талаар:
4.1. Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн барилгын материал худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасантай нийцсэн, тэдний хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн тусгагдсан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Тодруулбал Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд тэдний хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд захиалагч тал гэрээнд заасны дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол нийлүүлэгч буюу нэхэмжлэгч тал уг төлбөрийг шаардах эрхтэй.
4.2. Дээрх шаардах эрхийн хүрээнд нэхэмжлэгч тал нь гэрээний төлбөр 351,725,000 төгрөгөөс төлөгдсөн 261,250,000 төгрөгийг хасч үлдэх 90,606,078 төгрөгийг, гэрээнд заасан алданги тооцох тохиролцооны дагуу 45,303,039 төгрөгийн хамт шаардсаныг хариуцагч тал эс зөвшөөрч ...доголтой бараа нийлүүлсэн, барааг захиалагчид хүлээлгэж өгөөгүй гэх тайлбарыг гаргасан.
4.3. Нэхэмжлэгч тал нь ...*** бараа материал хүлээлцэх акт, 2023 оны 12 сарын 26-ны өдрийн 351,856,077.6 төгрөгийн 04/23 дугаартай нэхэмжлэх, мөн өдрийн 90,606,077.2 төгрөгийн 03/23 дугаартай нэхэмжлэх гэсэн баримтуудаар гэрээний үүргээ биелүүлсэн, доголдолгүй бараа нийлүүлсэн гэдэг.
4.4. Хариуцагч тал нь ...бараа доголдолтой байсан гэх гэрэл зураг, бичлэг, гуравдагч этгээдээс ирүүлсэн албан бичиг, 2025 оны 4 сарын 09-ний өдрийн “...Бидэнд мэдэгдэлгүй, зөвшөөрөлгүй авалгүй манай харилцагч *** ХХК-ийн талбайд 2023 оны 12 сарын 13-ны өдөр нийт 16,114 м2 хулдаас буулгасан байсан. Барааг хүлээн авсан *** ХХК-ийн зүгээс хүлээлгэн өгсөн барааны чанартай холбоотой гомдол гаргаж, хүлээн авах боломжгүй гологдлын тоо хэмжээг бидэнд ирүүлсэн байна. ...Харилцагчийн зүгээс ирүүлсэн чанарын гомдлыг харгалзан үзэж танай нийлүүлсэн барааны тоо хэмжээний 15% буюу 2,417.1 м2 гологдлыг хүлээн зөвшөөрч гэрээний нийт үнийн дүнгийн 15 хувь буюу 52,804,627.17 төгрөгийн хорогдлыг үндсэн төлбөрөөс хасч 2025 оны 4 сарын 30-ны өдрийн дотор үлдэгдэл 37,976,220.65 төгрөгийн төлбөрийг манай зүгээс барагдуулах саналыг хүргүүлж байна” гэх маргаан шийдвэрлэх тухай албан бичиг, *** ХХК-иас *** ХХК-д ирүүлсэн 2025 оны 3 сарын 30-ны өдрийн 25-0001/0038 дугаартай албан бичиг гэсэн баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, нийлүүлэгч буюу нэхэмжлэгч тал гологдолтой бараа нийлүүлсэн гэдэг.
4.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх үйл баримтын талаар гэрч **** “...*** ХХК-ийн агуулахад бараа материалын нярваар ажиллаж байсан, 2023 оны 12 сарын 07-нд аж ахуйн хашаанд хулдаас хүлээж авсан. Боодол бүрээр нь задалж үзээгүй, 20, 20-оор нь багцалсан байсан, дээд хэсгийг нь аваад 20 байна уу үгүй юу гэдгийг тулгаж авсан, өвөл байсан болохоор задлаагүй. 2024 оны 3,4 сард Дарханд баригдаж байсан барилга руу хулдаасыг явуулсан. *** ХХК-иас бол утсаар болон мсж-ээр надад мэдэгдсэн зүйл байхгүй. Манай санхүүгийн албанаас мэдэгдээд надаас гадна 3 хүн хүлээж авсан. Дээд талын модыг авахад метр нь хүрэхгүй байсан, дээд хэсэгт нь 11 дээр нэмэх нь 9 гэх тоон тэмдэглэгээ байсан. Үлдэгдэл бараа юм биш үү, агуулахын доголдолтой бараа байсан юм биш үү гэж захиралдаа хэлж байсан”,
Гэрч ****“...*** ХХК-д барилгын талбайн инженерээр ажиллаж байгаа, Дарханд хулдаас буухад хүлээж авсан. 120 орчим хулдаас буусан, үүнээс 20 гаруй боодол хулдаас 2 талын ирмэг ташраараа урагдсан, гэмтэлтэй байсан. Гэмтэлтэй хулдааснаас 40% нь хаягдсан, бусад ашиглаж болохыг нь ашигласан. Задалж байж л урагдаж гэмтсэнийг нь мэдсэн, 3 барилгын талбай дээр байсан хулдааснаас 1-2, 5 ширхэг доголдолтой хулдаас байсан гэж мэдээлэл авч байсан. Хулдаас урлондоо хэмжээндээ хүрэхгүй, тасархай бас гарч ирж байсан, бага хэмжээтэй байсан бол ачаа тээвлэлтээс гэж үзэж болох юм, гэвч их хэмжээтэй байсан тул үйлдвэрийн доголдол байх. Доголдолтой хулдаасыг зүсвэр нарийн хэсэгт ашиглаж байсан, тухай бүр удирдлагад мэдэгдэхэд удирдлагаас хэр гэмтэлтэй байна, ашиглаж болохоорыг нь ашиглаад бүр болохгүйг нь нааш сайн хэлж байгаарай гэж байсан. Хаясан хулдаасны тоо хэмжээ, акт бол байхгүй”,
Гэрч **** “...*** ХХК-д дэд захиралаар ажиллаж байсан. *** ХХК-тай хулдаас худалдаж авах гэрээг байгуулсан. Хулдаасыг хүлээлгэж өгсөн компани бол *** ХХК. 22 агуулах дээр урдаас ирсэн барааг хүлээж авдаг. Талбай дээр очсон хойшно хэрэглэгдэх хүртлээ задлагддаггүй. Хэрэглэх үедээ задлахад хулдаас цуурсан, хагарал их байсан, зарим нэг нь байх хэмжээндээ хүрэхгүй богино байсан. Гадаа хураалттай байсан хулдаасыг дотор оруулж гэсгээгээд 4-5 хоногийн дараа дэлгэж задалж хэвшүүлдэг, тэр үед доголдлыг мэдсэн. Уг доголдлыг 2 компанид мэдэгдэж байсан, зураг бичлэгээр баталгаажуулж явуулсан. Доголдолтой хулдаасны боломжтойг хэрэглэсэн, боломжгүй устгасан. Устгасан акт баримт байхгүй. *** ХХК-иас *** ХХК бараа аваачиж өгнө гэж хэлж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба хариуцагч талаас тухайн худалдан авсан гэх хулдаасны доголдлыг харуулсан гэрэл зургуудыг шүүхэд ирүүлсэн, тэдний хүсэлтээр хулдаасны чанар байдлын талаарх дүрс бичлэгт үзлэг хийж “...хуйлаастай хулдаас задлахад зах ирмэг нь урагдаж сэтэрсэн байдалтай байна” гэх нөхцөл байдлыг дүрслэн буулгаж тэмдэглэл үйлджээ.
4.6. Дээрх баримтууд, гэрч ****** мэдүүлэг, төлбөр төлж байсан үйл баримт зэргээс үзэхэд захиалагч буюу хариуцагч *** ХХК нь гэрээний зүйл болох хулдаасыг нийлүүлэгч буюу нэхэмжлэгч *** ХХК-иас хүлээн авсанд тооцох бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдан авагч худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийн хүрээнд, мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно”, 248 дугаар зүйлийн 248.2-т “Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно” гэж заасантай нийцнэ гэж үзэв.
Хариуцагч тал гуравдагч этгээд үүргийг хүлээн авахыг зөвшөөрөөгүй, үүрэг гүйцэтгэгч зөвшөөрөлгүй хүлээлгэн өгсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй.
4.7. Харин хариуцагч талын ...нийлүүлэгч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, доголдолтой хөрөнгө шилжүүлсэн байсан гэх тайлбар үндэслэл бүхий байна. Тодруулбал:
4.7.1. 2023 оны 10 сарын 11-ний өдрийн гэрээнд “...захиалагчид нийлүүлж байгаа бараа нь чанар стандартын шаардлагыг хангасан байна, нийлүүлсэн барааны хэмжээ болон чанарын баталгааг хариуцах ба нийлүүлсэн барааны гарал үүслийн гэрчилгээг захиалагчид өгнө, нийлүүлэгч тал дутуу буюу буруу, чанаргүй бараа нийлүүлсэн тохиолдолд бараа материалыг хүлээн авахаас татгалзах, үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байх эрхтэй” гэж заасан бөгөөд худалдан авагчийн нэрлэн заасан этгээд акт үйлдэж барааг тоо, ширхэгээр хүлээн авсан хэдий ч чанарыг шалгаагүй, шалгах боломжгүй нөхцөл байдалд хүлээн авсан үйл баримт тогтоогдоно.
4.7.2. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ”, 251.2-т “Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж заасан ба талуудын хооронд байгуулагдсан гэрээнд хулдаасны чанарын талаар заагаагүй, захиалсан хулдаасны тоо, хэмжээ зөрүүтэй, хүлээн авсан цаг хугацаа, нөхцөл байдал болон уг барааг зориулалтын дагуу ашиглахаар задлах үед чанар, доголдол илэрсэн үйл баримтаас үзэхэд худалдан авагч тухайн хөрөнгийг хүлээж авахдаа доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэх нөхцөл байдал, мөн тээвэрлэх, хадгалах, ашиглах журам зөрчсөнөөс доголдол үүссэн гэх нөхбөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
4.7.3. Түүнчлэн хариуцагч тал гэрээний 4.3-т заасан эрхийн хүрээнд нэхэмжлэгчид хүргүүлсэн албан бичигт дурдсан ...нийт нийлүүлсэн барааны 15% буюу 2,417.10 м2 гологдолтой байсан гэх үндэслэлийг нэхэмжлэгч тал няцаагаагүй, чанарын шаардлагатай холбогдох гарал үүслийн гэрчилгээг хүлээлгэн өгсөн гэх үйл баримт нотлогдоогүй бөгөөд хариуцагч талын “...гаалийн хилээр оруулж ирсэн гэх хулдаасны тоо хэмжээ нь захиалагчид хүлээлгэн өгсөн нийлүүлсэн гэх хулдаасны тоо хэмжээнээс бага, үлдэх хэсгийг хаанаас хэрхэн нийлүүлсэн нь тодорхойгүй, үлдэгдэл тоо хэмжээ дутуу хулдаасаар орлуулсан байж болох“ гэх тайлбарыг нэхэмжлэгч тал баримтаар үгүйсгээгүй, нотлоогүй, 2024 оны баталгаажуулалтын гэрээ, тохирлын гэрчилгээг нотлох баримтаар шүүхэд ирүүлж 2023 оны 10 сард нийлүүлсэн хулдаас чанар стандартад нийцнэ гэх тайлбарыг нэхэмжлэгч тал гаргасан нь үндэслэлгүй байна.
5. Хариуцагч талын нийт нийлүүлсэн барааны 15% нь гологдолтой тул үлдэгдэл төлбөрөөс 52,804,627 төгрөгийг хасч зөрүү 37,976,220 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх саналтай байна гэх тооцоо баримт, тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан үнэн зөв, бодит үнэнд нийцсэн гэж үзэх ба тухайн үлдэх төлбөрийг хариуцагч нэхэмжлэгчид төлөх үүрэг үүснэ.
Гэвч хариуцагч дээрх төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэгч талын алданги шаардах эрх хуулийн дагуу бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш нэхэмжлэл гарах хүртэлх хугацааны алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасныг үндэслэн тооцох нь зүйтэй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3%-иар, хугацаа хэтэрсэн 2023 оны 12 сарын 31-ний өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэлх 1 жил 1 сар 14 хоногийн хугацаагаар тооцоход гүйцэтгээгүй үүрэг болох 37,976,220 төгрөгийн 50 хувиас хэтрэх тул алдангийг 18,988,110 төгрөг гэж тооцлоо. Энэхүү дүгнэлтийн хүрээнд бараа материал худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч талд үндсэн төлбөрийн зарим хэсгийг, уг хэсэгт тооцогдох алдангийн хамт хариуцуулахаар тогтов.
6. Иймээс шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж дүгнээд хариуцагч “***” ХХК-иас 56,964,330 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 78,944,748 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу “***” ХХК-иас 56,964,330 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “***” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 78,944,748 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 838,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 442,772 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “***” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ