| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/06379/И |
| Дугаар | 192/ШШ2026/01013 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Тогтоол
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2026/01013
2026 01 21 192/ШШ2026/01013
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч*******д холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болон илүү цагийн мөнгө гаргуулах, тэтгэмж гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Г.******* миний бие эрүүл мэндийн байгууллагад 1996 оноос эхлэн өнөөг хүртэл нийт 23 жил хүүхдийн эмчээр ажиллаж байна. Эрүүл мэндийн яамны харьяа “Хүүхдийн төв сувилал”-д 2020 оны 10 сарын 05-ны өдрөөс эхлэн амбулаторийн их эмчээр ажиллаж байна. Гэтэл “Хүүхдийн төв сувилал”-ийн захирлаар 2024 оны 12 дугаар сард томилогдон ирсэн Э.Бодьцэцэг нь намайг ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл үүсэхэд удирдах ажилтандаа мэдэгдээгүй, ажлын цагаар удирдах ажилтны зөвшөөрөл авалгүйгээр ажлаа орхин явсан, хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчсөн гэдэг үндэслэлээр 2025 оны 06 сарын 12-ны өдрөөр тасалбар болгон ажлаас үндэслэлгүйгээр халлаа. Миний бие 2025 оны 06 сарын 05-ны өдрийн Пүрэв гарагийн өглөө 08.00 цагаас эхлэн жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж 06 сарын 06-ны өдрийн баасан гарагийн 12.00 цагт жижүүрээс буух байсан боловч байгууллагын вэб сайтны зураг авахуулна заавал байх ёстой гэдэг шалтгаанаар тухайн өдрийн 16 цаг хүртэл ажиллуулсан. Өөрөөр хэлбэл нийт 30 цаг ажиллуулсан бөгөөд жижүүрийн амралтаа биеэр эдэлж чадаагүй. Мөн 2025 оны 06 сарын 10-ний өдрийн мягмар гарагт өглөө 08.00 цагт ажилдаа ирээд 12.00 хүртэл ажилласан. Ингээд тухайн өдөр жижүүрээс буух тухай Эмчилгээ Эрхэлсэн Орлогч захирлыг орлон ажиллаж байгаа Цолмон эмчид хэлэх гэтэл сургалттай байсан тул тухайн өдрийн жижүүр эмч Г.Энхжаргалд “тасагаа хүлээлгэж өгөх гээд очтол******* байхгүй байсан учраас хүүхдийн их эмч*******д тасгаа хүлээлгэн өгөөд ажлаасаа буусан. Гэтэл 13.00 цагийн үед хүний нөөцийн албаны дарга Ариунжаргал гэх хүн утсаар залгаад “...удирдлагын багийн хурал хийх гэж байна. Та хаана байна вэ хүрээд ирээ” гэсэн, тэгэхээр нь би “06 сарын 05-ны өдрийн жижүүрийн амралтаа аваад гэрлүүгээ явж байна буцаж очих боломжгүй байна” гэж хэлсэн. Миний бие 2025 оны 06 сарын 12-ны өглөө ажилдаа ирээд ажлаа хийж байтал 12.30 цагт хүний нөөцийн менежер сонсох хуралтай тул захиргаа хүний нөөцийн өрөөнд ир гэж дуудсаны дагуу очтол хүний нөөцийн албаны дарга Ариунжаргал, мэргэжилтэн*******, ерөнхий ня-бо Болормаа нар намайг оролцуулан хуралдаад “та ноцтой зөрчил гаргасан учраас ажлаас халах тушаал гарч байна” гэж танилцуулсан. Миний бие Хүүхдийн гөв сувилалд ажиллаж байх хугацаандаа ямар нэг зөрчил дутагдал гаргаж байгаагүй хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журамд заасны дагуу эдлэх ёстой амралтаа эдэлж, ажлаас бууж харьсаны төлөө Э.Бодьцэцэг гэх хүн ажилдаа хувийн сонирхлоор хандаж, ашиг сонхирхлын зөрчил гарган намайг үндэслэлгүйгээр ажлаас халлаа.
Иймд Эрүүл мэндийн яамны харьяа “*******”-ын тасгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болон илүү цагийн мөнгө, хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасны дагуу тэтгэмжийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү” гэжээ.
Хариуцагч******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлд ...намайг ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл үүсэхэд удирдах ажилтандаа мэдэгдээгүй, ажлын цагаар удирдах ажилтны зөвшөөрөл авалгүйгээр ажлаа орхин явсан, хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчсөн гэдэг үндэслэлээр 2025 оны 06 сарын 12-ны өдрөөр тасалбар болгон ажлаас үндэслэлгүйгээр халлаа...” гэсэн шаардлагын хүрээнд: Хүүхдийн төв сувиллын захирлын 2025 оны 06 сарын 12-ны Б/115 дугаар тушаалаар иргэн Г.*******ыг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргаснаар Хүүхдийн тасгийн тасгийн эрхлэгч албан тушаалаас чөлөөлсөн. Иргэн Г.*******ыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох, 43.2.10 хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах; 80.1.4 дэх заалт .ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан; Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.1.4 Ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл үүсэхэд удирдах ажилтандаа мэдэгдээгүй, ажлын цагаар удирдах ажилтны зөвшөөрөл авалгүйгээр ажлаа орхин явсан, 8.1.9 Ажилтан эрх мэдлээ хэтрүүлсэн, өөрийн эрхэлсэн ажил, албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашигласан, Байгууллагын Хөдөлмөрийн гэрээний 4.4.5 Албан тушаалаа урвуулан ашиглаж ажил үүргээ гүйцэтгэхдээ бусдаас шан харамж авсан, харилцагчаас зээлээр мөнгө болон аливаа эд зүйлс авсан; гэх шалтгаанаар Тус захирлын 2025 оны 06 сарын 12-ны Б/115 дугаар тушаалаар иргэн Г.*******ыг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргаснаар Хүүхдийн тасгийн тасгийн эрхлэгч албан тушаалаас чөлөөлсөн. Энэ нь иргэн Г.*******ыг ажлаас үндэслэлгүй чөлөөлөөгүйг нотлох бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээ, Байгууллагын дотоод журам болон бусад хууль тогтоомжийг үндэслэн тус захирлын 2025 оны 06 сарын 12-ны Б/115 дугаар тушаал гарсан байдаг.
Манай байгууллагын зүгээс чөлөө хүссэн, гадуур ажиллах үе гарсан тохиолдолд тус сувиллын захирлын 2025 оны 02 сарын 21-ний өдрийн А/08 дугаар тушаалаар батлагдсан Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.2,4,3-д заасан “...Албан хаагч ажилдаа өглөө ирсэн, тарсан цагаа тухай бүр цагийн бүртгэлийн цахим системд бүртгүүлнэ. Ажлын цагийн бүртгэл, ажилтны цаг ашиглалтын байдалд нэгжийн дарга болон албан тушаалын тодорхойлолтоор үүрэг хүлээсэн албан тушаалтан хяналт тавина...”, "... Албан хаагч нь ажлын цагаар хариуцсан ажлын шаардлагаар ажлын байрнаас гадуур ажиллах үед нэгжийн даргад мэдэгдэж, гадагш ажлаар явах тухайгаа цахим бүртгэлийн системд тэмдэглэнэ...” гэж заасан байдаг. Иргэн Г.******* нь 2025 оны 06 сарын 10-ний өдөр нэгжийн даргадаа мэдэгдээгүй, явах тухайгаа цахим цагийн бүртгэлийн системд тэмдэглэж, хүсэлтээ илгээгүй мөн олон удаагийн давтамжтай ажлын байраа удирдлагадаа мэдэгдээгүй орхин явсан тул 2025 оны 06 сарын 12-ны өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.2.10, 80.1.4 дэх заалт, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.1.4, 8.1.9,Байгууллагын Хөдөлмөрийн гэрээний 4.4.5-д заасныг тус тус үндэслэн хууль тогтоомжийн дагуу биелүүлж өнөөдрийн сонсох ажиллагааг хийсэн.
Тус сувиллын захирлын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/06 дугаар тушаалаар баталсан Төлбөртэй тусламж үйлчилгээний болон нэмэлт үйлчилгээний журамд үйлчлүүлэгчийг усанд оруулсны төлбөр авах тухай тусгагдаагүй тул Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.1.9 Ажилтан эрх мэдлээ хэтрүүлсэн, өөрийн эрхэлсэн ажил, албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашигласан, Байгууллагын Хөдөлмөрийн гэрээний 4.4.5 Албан тушаалаа урвуулан ашиглаж ажил үүргээ гүйцэтгэхдээ бусдаас шан харамж авсан, харилцагчаас зээлээр мөнгө болон аливаа эд зүйлс авсан; гэх үндэслэлийн дагуу уулзаж биечлэн мэдэгдсэн. Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 дэх заалт .ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан; гэж тодорхойлсон. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.1.4 Ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл үүсэхэд удирдах ажилтандаа мэдэгдээгүй, ажлын цагаар удирдах ажилтны зөвшөөрөл авалгүйгээр ажлаа орхин явсан, 8.1.9 Ажилтан эрх мэдлээ хэтрүүлсэн, өөрийн эрхэлсэн ажил, албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашигласан, Байгууллагын Хөдөлмөрийн гэрээний 4.4.5 Апбан тушаалаа урвуулан ашиглаж ажил үүргээ гүйцэтгэхдээ бусдаас шан харамж авсан, харилцагчаас зээлээр мөнгө болон аливаа эд зүйлс авсан” гэж ажиллуулах боломжгүй, энэ талаар иргэн Г.*******тай 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр уулзаж биечлэн мэдэгдсэн бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн мэдэгдэх хуудас өгсөн. Иймд Г.*******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, Д.Нансалмаагийн гар өргөдөл, 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/115 дугаартай тушаалын хуулбар, 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/67 дугаартай тушаалын хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/04 дугаартай тушаалын хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, 2025 оны 06 дугаар сарын жижүүр эмч нарын хуваарийн хуулбар, цалингийн мэдээллийн хуулбар, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаартай тэмдэглэлийн хуулбар, мэдэгдэх хуудас, баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн зохицуулалт гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, ажилд орсон тушаал, захиралын тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, жижүүрийн эмчийн хуваарь, өргөдөл зэрэг баримтуудыг ирүүлсэн.
Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 01/200 дугаартай итгэмжлэл, сонсох ажиллагаа хийсэн хурлын 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэл, ирцийн хүснэгт, Ц.Энхтунгалагийн өргөдлийн хуулбар, гүйлгээ хийсэн талаар баримтын хуулбар, Д.Нансалмаагийн өргөдлийн хуулбар, Г.Энхжаргалын гар өргөдөл, 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №2503222 тоот Хөдөлмөрийн гэрээний хуулбар, 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/155 дугаартай тушаалын хуулбар, 2025 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн А/08 дугаартай тушаалын хуулбар, Хөдөлмөрийн дотоод журмын хуулбар, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/06 дугаартай тушаалын хуулбар, Иргэнд үзүүлэх төлбөртэй тусламж үйлчилгээ болон нэмэлт үйлчилгээний журмын хуулбар, төлбөртэй тусламж үйлчилгээний жагсаалтын хуулбар, 01/217 дугаартай итгэмжлэлийг ирүүлсэн.
Шүүхийн журмаар 2025 оны 06 дугаар сарын жижүүрийн эмчийн хуваарь, цалингийн карт, цагийн бүртгэлийн баримт, Д.Нансалмаагийн гэрчийн мэдүүлгийг гаргуулан авсан.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийг бүхэл нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Г.******* нь урьд ажиллаж байсан ажлын байранд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болон илүү цагийн мөнгө гаргуулах, тэтгэмж гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай шаардлага гаргажээ.
Хариуцагч******* нь “ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарлаж, нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж татгалздаг.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч Г.******* нь*******ын захирал Э.Бодьцэцэгтай 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 2503222 тоот Хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулан, Тасгийн эрхлэгчийн ажлын байранд ажиллаж байсан.(хавтаст хэргийн 6 - 10 дахь тал)
3.2. 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сонсох ажиллагаа хийх хурал болж, 02/2025 дугаартай тэмдэглэл гарсан.(хавтаст хэргийн 41 - 46 дахь тал)
3.3.*******ын захирлын 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/115 дугаартай тушаалаар Г.*******ыг 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.(хавтаст хэргийн 5 дахь тал)
3.4. Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж, 35 дугаартай тэмдэглэл үйлдсэн байна.(хавтаст хэргийн 21 дэх тал)
4. Г.*******ыг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Хүүхдийн төв сувилалын тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан тухайд талууд маргаангүй. Харин Г.*******ыг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасанд тооцож, хууль бусаар ажлаас чөлөөлсөн эсэхэд маргаантай.
5. Хүүхдийн төв сувилалын захирлын 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/115 дугаартай тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 8.1.4, 8.1.9, Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/92 дугаар тушаалын 5.1.4 дэх заалтыг тус тус үндэслэсэн байна.
Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 80.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасан.
"Ноцтой зөрчил" гэдэг нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байх ба ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байх ёстой.
Талуудын хооронд байгуулсан 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №2503222 тоот Хөдөлмөрийн гэрээний 4.4-т “Дор дурдсан нөхцөлийг ноцтой зөрчилд тооцон, Гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцална”, 4.4.4-т “Ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл үүсэхэд удирдах ажилтандаа мэдэгдээгүй, ажлын цагаар удирдах ажилтны зөвшөөрөл авалгүйгээр ажлаа орхин явсан”, 2025 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн А/08 дугаартай тушаалын хавсралтаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 8.1. Дараах зөрчлийг “ноцтой зөрчил” гэж үзнэ”, 8.1.4. “Ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл үүсэхэд удирдах ажилтандаа мэдэгдээгүй, ажлын цагаар удирдах ажилтны зөвшөөрөл авалгүйгээр ажлаа орхин явсан” гэж заасан байна.
6. Нэхэмжлэгч нь 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Пүрэв гарагийн өглөө 08.00 цагаас эхлэн жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн баасан гарагийн 12.00 цагт жижүүрээс буух байсан боловч байгууллагын вэб сайтны зураг авахуулна заавал байх ёстой гэдэг шалтгаанаар тухайн өдрийн 16 цаг хүртэл ажиллуулсан. Мөн 2025 оны 06 дугаар сарын 10-ний өдрийн мягмар гарагт өглөө 08.00 цагт ажилдаа ирээд 12.00 хүртэл ажилласан, ...жижүүртэй өдөр 28 цаг ажиллах ёстой байдаг. Би 31 цаг ажилласан учир 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ажиллах ёстой цагаасаа эрт тарж өмнөх амрах ёстой байсан амралтаа эдэлсэн” гэж тайлбарлаж, зохигчид нэхэмжлэгч Г.*******ыг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 12 цагт ажлаас тарсан тухайд маргаангүй байх ба Хөдөлмөрийн дотоод журам, 2025 оны 06 дугаар сарын жижүүр эмч нарын хуваарь, 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн сонсох ажиллагаа хийсэн хурлын тэмдэглэл, гэрч Д.Нансалмаагийн мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч Г.******* нь жижүүргүй буюу ердийн ажлын үедээ 08:30 цагт ажилдаа ирж, тухай өдрийнхөө 16:30 минутад ажлаас буух ёстой байсан боловч 2025 оны 06 сарын дугаар 10-ний өдөр удирдах ажилтны зөвшөөрөлгүйгээр 12 цагт ажлаасаа тарсан байна.
Энэхүү үйлдэл нь Хөдөлмөрийн дотоод журмын 8.1.4, Хөдөлмөрийн гэрээний 4.4-д заасан ажилтныг ажлаас халах ноцтой зөрчилд хамаарч байна.
Нэхэмжлэгч Г.******* нь “Г.Энхжаргалд тасгаа хүлээлгэж өгөх гээд очтол******* байхгүй байсан учраас хүүхдийн их эмч*******д тасгаа хүлээлгэн өгөөд ажлаасаа буусан” гэж тайлбарлаж байх боловч их эмч Д.Нансалмаа нь Г.*******ын удирдах ажилтан биш, мэдэгдсэн, зөвшөөрөл авсан гэж үзэхгүй тул хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.
7. Нэхэмжлэгчээс ирүүлсэн хавтаст хэргийн 11- 12 дахь тал, 14 – 20 дахь тал, Хариуцагчаас ирүүлсэн хавтаст хэргийн 47 – 51 дахь талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин болон илүү цагийн мөнгө гаргуулах, тэтгэмж гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Г.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР