| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 188/2017/0348/Э |
| Дугаар | 444 |
| Огноо | 2018-06-12 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 444
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч,
улсын яллагч А.Ганзориг,
Шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овгийн А.С-д холбогдох эрүүгийн 201626012631 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Очирваань овгийн Аминчимэгийн Сундуй, 1992 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаватрын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59а-14з тоотод оршин суух хаягтай,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 304 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,
- Төв аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 7 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,
- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 557 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 3 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч А.С нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 30-20 тоотод оршин суух иргэн Ц.Мишигсүрэнгийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг буюу хохирогчийн иж бүрэн хуучны төв халх хийцтэй 12 цагаантай, жирмэн угалзтай хуучны хув хар дөрөөтэй эмээл 1 ширхэг, битүү ороолттой мөнгөн хазаар 1 ширхэг, суман хар модтой, мөнгөн дугтуйтай ташуур 1 ширхэг, эртний тархи манан, алтан нуухтай, ясан халбагатай дунд гарын хөөрөг 1 ширхэг, чүнчиг толгойтой мөнгөн нуухтай, мөнгөн халбагатай дунд гарын бондгор хийцтэй хөөрөг 1 ширхэг, 17 см орчим амсартай, 20 лангийн хуучны ноён Сэрвээ хийцтэй их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, 2 литрийн виски 1 шил, 8 мм-ийн өргөнтэй 50-55 см-ийн хэмжээтэй, 585 сорьцтой Турк монетон гинж 1 ширхэг, 8 мм-ийн өргөнтэй цулгуй эрэгтэй алтан бөгж 1 ширхэг, Солонгос улсад үйлдвэрлэсэн бөөрөнхий хавтгай хэлбэртэй цацарсан хээтэй монетон ээмэг бөгж, гинжний хослол 1 ширхэг, 585 сорьцтой угалзан хээтэй Турк монетон бөгж 1 ширхэг, 585 сорьцтой бөмбөлөгтэй урт гинжин хэлхээтэй Турк монетон хослол ээмэг 1 ширхэг, 999 сорьцтой Солонгос алтан кольцо бөгж 1 ширхэг, гар хийцийн жимсэн хэлбэртэй шигтгээтэй 585 сорьцтой хүүхдийн хос ээмэг 1 ширхэг, чигчий хурууны монетон бөгж 1 ширхэг, 55 мм-ийн өргөнтэй, 55 см-ийн урт мөнгөн гинж 1 ширхэг, Ирвэсийн толгойн хийцтэй Турк монетон бөгж 1 ширхэг, хүүхдийн Турк монетон ээмэг 1 ширхэг, биет 550.000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, 47.100.000 төгрөгийн хохирол учруулсан,
-Мөн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Б.Хулансамбуутай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-559 тоотод оршин суух иргэн Л.Мөнхсайханы эзэмшлийн байшингийн цонхны төмөр хаалтын төмрийг мод, отверка зэрэг зүйлүүдийг ашигласан буюу учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн эвдэн, улмаар вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг буюу хохирогчийн мөнгөн эмээл 1 ширхэг, мөнгөн бүс 1 ширхэг, арьсан дээл 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, Самсунг Жи 7 маркийн гар утас 1 ширхэг, замагт манан хөөрөг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл санаатай хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй буюу хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдаж, 3.748.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч А.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Ц.Мишигсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр...Хархорин зах дээгүүр явж байгаад 16 цаг 30 минутын орчим эхнэр бид хоёр замаараа хүүхдээ сургуулиас нь аваад гэртээ ирээд хашааны хаалгыг кодоор нь онгойлгож ороод, байшин руугаа ороход үүдний хаалга цоож эвдрэл, гэмтэлгүй зүгээр байсан. Тэгсэн чинь ванны өрөөний хаалга, граж руу ордог хаалга нь онгорхой байсан. Эхнэр маань яагаад хаалга онгорхой орхив гээд надаас асуусан. Би онгорхой орхиогүй гэж хэлээд том өрөө лүүгээ харсан чинь зочны өрөөний стенкний хажуу талд байсан мөнгөн эмээл, хазаар, ташуур байхгүй байсан ба том өрөөний цонхны салхивч нь онгорхой байдалтай, буйдан дээр үүдний хувцасны шкафанд дотор байсан улаан өнгийн цүнхийг тавьсан, дотор нь байсан хувцаснуудыг цонхны урд талд шалан дээр тарааж хаясан байдалтай байсан. Тэгээд бид нар гэрт хулгай орсныг мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...Даваахүү яриад манай ажил дээр хүрээд ир гэхээр нь яваад очсон чинь Даваахүү өрөөндөө сууж байсан бөгөөд "одоо танай гэрээс алдагдсан эмээлийг үзүүлье, та эмээлээ хараад танина биздээ гэхээр нь би хараад танина гэсэн. Тэгээд байж байтал гаднаас 2 залуу шуудайтай зүйл барьж орж ирээд шуудайнаас миний эмээлийг гаргаж ирсэн. Тэгээд би эмээлээ шууд хараад таньсан. Миний эмээл, хазаар ташуур яах аргагүй мөн байсан...” гэжээ /1-р хх 90-92/.
Хохирогч Ц.Мишигсүрэн нь дахин мэдүүлэхдээ: “...Манай гэрээс алдагдсан 2 хөөрөгний алтан нуухтай, ясан халбагатай, эртний тархи мана дунд гарын хөөрөг мөн байна. Хөөрөгний маань алтан нуух нь алга болсон байна...” гэжээ /2-р хх 244/,
Хохирогч Л.Мөнхсайхан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 13 цагийн үед эхнэр хүүхдийн хамт Эмээлт рүү хонь авахаар яваад 14 цаг 40 минутын үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо ХГ-559 тоот гэртээ ирээд...хаалга онгойлгох гээд байж байсан чинь 2 цагдаа машинтай ирсэн байсан тэгээд надаас танайд хүн байгаа юу гэж асуухаар нь байхгүй гэсэн чинь нөгөө 2 цагдаа манай гэр рүү гүйсэн араас нь манай эхнэр бид 2 гүйгээд очсон чинь гал тогооны цонхны төмөр хамгаалалтыг аваад хаячихсан байсан нөгөө 2 цагдаа цонхоор хараад хулгайч нь дотроо байна шүү гээд анхааруулаад нэг цагдаа нь гадна байж байгаад нөгөө цагдаа нь дотогшоо ороод 2 хулгайч байсныг барьж авсан юм...” гэжээ /3-р хх 220/.
Гэрч Д.Гэрэлтунгалаг мэдүүлэхдээ: “...Нөхөр бид хоёр гэрийнхээ хаалгыг түлхүүрээр нь онгойлгоод гэртээ яваад ороход угаалгын өрөөний хаалга дэлгээтэй, шкафны хаалга дэлгэгдчихсэн онгорхой байхаар нь том өрөө рүүгээ ортол гэрийн хамаг эд зүйлс эмх цэгцгүй болчихсон, том өрөөний цонхны поорчиг онгойчихсон байсан ба буйдан дээр хөөрөгний гадуурх даалимбан уутнуудыг нь гаргаад тавьчихсан байсан. Ингээд гэрт хулгай орсныг мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгч бүртгүүлсэн...” гэжээ /1-р хх 95-96/.
Гэрч Х.Бекболат мэдүүлэхдээ: “...Миний таньсан уг залуу болохоор тухай үед саравчтай малгай өмсөөд, хөмсөг хүртлээ дараад тавьчихсан байсан залуу мөн, түүний царай нь бор ч биш, цагаан ч биш нэг тийм цэвэрхэн царайтай залуу байсан. Би тухайн үед яагаад ингэж сайн харсан гэхээр тэр залууг ойролцоогоор 7-8 метрийн зайнаас харсан, их ойрхон зайнаас харсан болохоор сайн таньж байна...” гэжээ /1-р 110-111/.
Гэрч Л.Ууганбаяр мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн үед ажлаа тараад машинаа халаагаад байж байтал Мишигсүрэнгийн хашааны өнцөгт 20 гаран насны цагаан царайтай, туранхайвтар биетэй, ойролцоогоор 165-170 см өндөр нуруутай, гадуураа хар бараан өнгийн куртик өмссөн, ардаа хар өнгийн үүргэвч үүрсэн, сээткэн бараан өнгийн саравчтай малгайтай залуу нааш, цааш холхиод байхаар нь надад тухайн үед сэжигтэй санагдаад байсан ба Мишигсүрэнгийн утас руу нь залгах гэсэн чинь байшингийнх нь цонхны поорчиг нь онгорхой харагдахаар нь хүн байгаа л юм байна гэж бодоод тайвшраад утастаж хэлээгүй юм...” гэжээ /1-р хх 125-126/.
Гэрч Э.Баяр-Ялалт мэдүүлэхдээ: “...Сундуй над руу 2016 оны 10 дугаар сарын сүүлээр яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. Өдөр 14-16 цагийн үед миний тухайн үед барьж байсан...утас руу залгаад хаана байгаа юм бэ? гэхээр нь би түцэн дээрээ байна гэсэн. Тэгсэн чинь таксины мөнгө аваад 21-р хорооллын уулзварын наана хүрээд ир гэж дуудсан. Тэгээд би 21-р хорооллын уулзвар дээр байдаг бензин колонкийн наана очоод таксинаас буугаад Сундуй руу залгасан чинь чи гудамж руугаа ороод хүрээд ир гэсэн. Тэгээд би зааж өгсөн гудамж руу алхаад яваад орсон чинь миний өөдөөс Сундуй хар өнгийн костюм пиджакийн даавуун уутан дотор овор ихтэй нэлээн том зүйл урдаа барьчихсан алхаж ирээд хөгшөөн цаанаасаа такси барьчих гэсэн. Тэгээд бид хоёр таксин дотор суусан чинь Сундуй таксины жолоочид шууд Баянхошуу 112-ын тийшээ явчих гэж таксины жолоочид хэлсэн. Таксин дотор явж байхад Сундуйгийн куртикны 2 халаас нь эд зүйлс хийгээд түнтийлгэчихсэн харагдсан. Би таксинд дотор явж байхдаа Сундуйгийн авч явсан хар өнгийн ууттай зүйлийг наадах чинь юу юм бэ гэсэн чинь чи мэдэх хэрэггүй ээ гэсэн. Тэгэхээр нь би онцолж цаашаа ямар нэгэн юм асууж шалгаагаагүй...” гэжээ /1 -р хх 131-133/.
Гэрч Э.Уянга мэдүүлэхдээ: “...Ажлын бээлий өмссөн 2 залуу Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-559а тоот айлын цонхны хаалт төмрийг банз модоор хөшөөд байгаа дүрс дуранд харагдсан. Тэгэхээр нь би Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн авто машинт эргүүл рүү утасдаж энэ тухай хэлсэн. Удалгүй цагдаа нар ирээд тухайн 2 хулгайчийг бариад авсан юм...” гэжээ /3-р хх 237/,
Гэрч Т.Бауржан мэдүүлэхдээ: “...эргүүл утсаар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын г-595 тоот хашаанд байх байшингийн цонхыг 2 хүн хөшөөд байна яаралтай ирж шалгана уу гэсний дагуу уг тоотод очиход бидэнтэй хамт гэрийн эзэн ирж таарсан ба хашааны хаалгыг онгойлгуулан дотогш ороход байшингийн гал тогооны цонхны хамгаалалтын сараалжин төмрийг аваад хажууд нь тавьсан мөн байшингийн буланд хар хөх өнгийн үүргэвчтэй эд зүйл тавьсан байсан.Тэгээд би цонхыг нь онгойлгоход бээлийн өмссөн биеийн тамирын хувцастай 2 залуу гэрт нь гал тогооны өрөөнд зогсож байсан. Тэгээд би тэр 2 залууд доошоо хэвтэхийг шаардахад бидний шаардлагыг үл биелүүлэн үг авахгүй урдаас эсэргүүцэх үйлдэл хийх гээд байсан тул хийн буугаар нэг удаа анхааруулах буудлага хийхэд уг 2 залуу газар өвдөглөөд суусан ба гэрийн эзнээр хаалгыг онгойлгуулаад гэрт ороод уг залуучуудыг гавлаж газар хэвтүүлээд биед нь үзлэгийг хийж холбогдох ажиллагааг хийсэн...” гэжээ /3-р хх 241-242/.
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /3-р хх 205-208/,
Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн хяналтын дурангаас авсан зургууд /3-р хх 211-212/,
Эд мөрийн баримтаар хураагдсан бээлий, овтерка зэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, уг эд зүйлүүдийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /3-р хх 216-218/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан фото зургууд /1-р хх 13-24/,
Нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан фото зургууд /1-р хх 201-208/,
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, хураан авсан эд зүйлд үзлэг
хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан фото зургууд /1-р хх 53-56/,
Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /1-р хх 57/,
Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, тэмдэглэл хавсаргасан фото
зургууд /1-р хх 62-65/,
Хүн таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд
хавсаргасан фото зургууд /1-р хх 113-117/,
Шүүгдэгч А.Сгаас сайн дураараа гаргаж өгсөн эд зүйлийг хураан
авч үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан фото зургууд, хохирогч
Ц.Мишигсүрэнд эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хавтас, 233-236/,
Шүүгдэгч А.Сн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан фото зургууд /2-р хх 237-243/,
Шинжилгээ хийх шинжээч томилох мөрдөгчийн тогтоол, "Итгэлт-эстимэйт" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан/1-p хх 97-105, 2-р хх 245-249/,
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3-р хх 222-224, 230-233/.
Шүүгдэгч А.С нь урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /4-р хх-31, 59-98/, иргэний үнэмлэхийн лавлагаа /4-р хх-28/ болон түүний сэтгэцийг шалгасан Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт/2-р хх-22-23/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч А.С нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 30-20 тоотод оршин суух иргэн Ц.Мишигсүрэнгийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг буюу хохирогчийн иж бүрэн хуучны төв халх хийцтэй 12 цагаантай, жирмэн угалзтай хуучны хув хар дөрөөтэй эмээл 1 ширхэг, битүү ороолттой мөнгөн хазаар 1 ширхэг, суман хар модтой, мөнгөн дугтуйтай ташуур 1 ширхэг, эртний тархи манан, алтан нуухтай, ясан халбагатай дунд гарын хөөрөг 1 ширхэг, чүнчиг толгойтой мөнгөн нуухтай, мөнгөн халбагатай дунд гарын бондгор хийцтэй хөөрөг 1 ширхэг, 17 см орчим амсартай, 20 лангийн хуучны ноён Сэрвээ хийцтэй их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, 2 литрийн виски 1 шил, 8 мм-ийн өргөнтэй 50-55 см-ийн хэмжээтэй, 585 сорьцтой Турк монетон гинж 1 ширхэг, 8 мм-ийн өргөнтэй цулгуй эрэгтэй алтан бөгж 1 ширхэг, Солонгос улсад үйлдвэрлэсэн бөөрөнхий хавтгай хэлбэртэй цацарсан хээтэй монетон ээмэг бөгж, гинжний хослол 1 ширхэг, 585 сорьцтой угалзан хээтэй Турк монетон бөгж 1 ширхэг, 585 сорьцтой бөмбөлөгтэй урт гинжин хэлхээтэй Турк монетон хослол ээмэг 1 ширхэг, 999 сорьцтой Солонгос алтан кольцо бөгж 1 ширхэг, гар хийцийн жимсэн хэлбэртэй шигтгээтэй 585 сорьцтой хүүхдийн хос ээмэг 1 ширхэг, чигчий хурууны монетон бөгж 1 ширхэг, 55 мм-ийн өргөнтэй, 55 см-ийн урт мөнгөн гинж 1 ширхэг, Ирвэсийн толгойн хийцтэй Турк монетон бөгж 1 ширхэг, хүүхдийн Турк монетон ээмэг 1 ширхэг, биет 550.000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, 47.110.000 төгрөгийн хохирол учруулсан,
-Мөн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Б.Хулансамбуутай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-559 тоотод оршин суух иргэн Л.Мөнхсайханы эзэмшлийн байшингийн цонхны төмөр хаалтын төмрийг мод, отверка зэрэг зүйлүүдийг ашигласан буюу учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн эвдэн, улмаар вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг буюу хохирогчийн мөнгөн эмээл 1 ширхэг, мөнгөн бүс 1 ширхэг, арьсан дээл 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, Самсунг Жи 7 маркийн гар утас 1 ширхэг, замагт манан хөөрөг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл санаатай хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй буюу хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдаж, 3.748.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.С-г бусдын эд хөрөнгийг бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгч А.С-д холбогдох “…хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан…” їйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар, мөн “… бусадтай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан…” үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д тус тус зааснаар зүйлчилж ирүүлснийг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэг болгон зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т “…энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно…” гэсэн байх тул шүүгдэгч А.Сн үйлдсэн хоёр удаагийн хулгайн гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна.
Хохирогч Л.Мөнхсайхан нь “...Гомдол санал байхгүй, хэргийн материал танилцсан, шүүх хуралдаанд суухгүй...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч А.Сг хохирогч Л.Мөнхсайханд төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Харин Ц.Мишигсүрэнд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 47.110.000 төгрөгийн хохирлоос эмээл/15 сая төгрөг/, хазаар 1.800.000 төгрөг/, ташуур/2 сая төгрөг/, 1 ширхэг хөөрөг/ алтан нуухыг хасаад 11.750.000/ бүхий 30.550.000 төгрөгийн эд зүйлийг буцаан олгосноос үлдэх 16.560.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна. Үүнээс гадна хөөрөгний алтан нуухны үнэ 250.000 төгрөг, мөн хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирлын үнэлгээг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний байгууллагад төлсөн 200.000 төгрөгийн төлбөр, цонхны үнэ 10.000 төгрөг, мөнгөний гахайны үнэ 10.000 төгрөг буюу нийт 220.000 төгрөгийн хор уршиг хохирогчид учирсан болох нь баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч А.Сгаас нийт 17.030.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Мишигсүрэнд олгох нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч А.Сд эрүүгийн хариуцлага буюу хорих ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн ажлын бээлий 3 ширхэг, 20 см урттай отверка 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.
Шүүгдэгчийн цагдан хоригдсон нийт 561 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокуророос шүүгдэгч А.С-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч О овгийн А.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч А.Сг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С нь нийт 561 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч А.Сгаас нийт 17.030.000 төгрөгийг гаргуулан хохирогч Боржигон овгийн Цагааны Мишигсүрэн /РД: ЧП80062319/-д олгосугай.
7. Шүүгдэгч А.С нь хохирогч Л.Мөнхсайханд төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн ажлын бээлий 3 ширхэг, 20 см урттай отверка 1 ширхэг зэргийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн тамгын газарт даалгасугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН