Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2025/ДШМ/1383

 

Г.Г-эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Г.Г-,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/2409 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Г-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2411025470365 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Г-гийн Г, 1983 онд Дорнод аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүрэгт оршин суух, (РД:...), урьд:

-Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ял,

-Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял,

-Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хорих ял,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 377 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял,

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 260 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 11 сарын хорих ял,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 290 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 26 хоногийн хорих ял,

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 189 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ял,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 265 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 870 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгэгдсэн;

Шүүгдэгч Г.Г- нь 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Ш.Ц-гийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, ... тоот хашаанд байх амбаарын цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч, хохирогчийн эзэмшлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 604,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газар: Г.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г.Г-ийг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Энэ хэрэгт ял шийтгүүлэхдээ Сүхбаатар дүүргийн 2 дугаар хэлтэст ижил төстэй зүйл ангиар шалгагдаж байсан. Одоо Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжсэн байгаа. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмж нэгтгэн, эрх зүйн байдлыг минь дээрдүүлж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах үед тухайн асуудал нь тогтоогдоогүй байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэх боломжтой учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Г.Г-эд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

-хохирогч Ш.Ц-гийн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, ... тоот гэрээсээ сонгуулийн сурталчилгаа хийхээр 10 цаг 30 минутын орчимд гарсан. Өдөр 15 цагийн үед гэртээ ирэхэд урд амбаарын хаалга онгорхой байхаар нь хулгай орсон юм байна гэж бодоод шалгаж үзтэл хамаг эд зүйлс эмх замбараагүй болсон, цоожийг нь хөшөөд онгойлгосон байсан. Амбаараас 1 ширхэг цагаан тогоо, 150 метр орчим урттай кабель утас, хүүхдийн пүүз, хавар намрын түрүүтэй гутал, жижиг цагаан тогоо зэрэг эд зүйл алдагдсан байсан...” (хх 17-18),

-Г.Г-ийн сэжигтнээр өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 03-ны өглөө Чингэлтэй дүүргийн 32-н автобусны буудал дээр архи ууж байгаад ... ард байх нийтийн байрны урд талын хашааг давж ороод тасарсан байсан. Тэгээд сэртэл хашааны баруун хойд талд амбаар байхаар нь ороод нэг хос пүүз, 2 хөнгөн цагаан тогоо, 2 шанага зэрэг эд зүйл авч, төмрийн хаягдал авдаг газарт 18,000 төгрөгөөр зарсан...” (хх 45-46) гэх мэдүүлгүүд,

-“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ЧД2-24-535 дугаар хөрөнгийн үнэлгээний дүгнэлт (хх 27-30),

-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх 10-13, 100-103),

-таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хх 104-105) зэргийг харьцуулан шинжлэн судлахад:

шүүгдэгч Г.Г- нь 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Ш.Ц-гийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, ... тоот хашаанд байх амбаарын цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч, хохирогчийн эзэмшлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийн үйл баримт нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Г-ийн хохирогч Ш.Ц-гийн эзэмшлийн амбаарын цоожийг эвдэн, эд зүйл хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

Шүүгдэгчийн гэмт хэргийн нийгмийн аюул, үйлдсэн арга, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд юм.

Г.Г- нь урьд 9 удаа ял шийтгэгдэж байсан ба хамгийн сүүлд 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 870 дугаар шийтгэх тогтоолоор “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэрэгт 1 жил 1 сарын хорих ял шийтгэгдэж, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр суллагдсан боловч 3 сар гаруй хугацааны дараа дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлджээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нь урьд удаа дараа энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдсэн ч засрал хүмүүжлийг олоогүй хувийн байдал, хохирол төлбөр төлөгдөөгүй зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Г.Г- “ижил төстэй өөр хэрэгт шалгагдаж байгаа тул хэргээ нэгтгэж шийдүүлэх хүсэлтэй байна” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

Түүнд холбогдох 2411025470365 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн асуудлыг хэлэлцэн, ял оногдуулж, шийтгэх тогтоол гаргасныг буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Хууль тогтоогчоос шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох буюу “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” асуудлыг Эрүүгийн хуульд хуульчилсан.

Өөрөөр хэлбэл, шүүх хэрэг маргааныг гагцхүү хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд, нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэх үүрэгтэй ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Г-эд холбогдох яллагдагчаар татагдсан өөр гэмт хэрэг байгаа гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул түүний гомдолд дурдсанаар хэрэг нэгтгэж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй юм.

Иймд шүүгдэгч Г.Г- өөрт нь холбогдох гэмт хэргийн шинжтэй бусад үйлдэл байгаа бол энэ хэргээс тусад нь шалгуулах боломжтой гэж үзэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 48 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/2409 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийн цагдан хоригдсон нийт 48 (дөчин найм) хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ОДОНЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН