Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01647

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01647

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2020/01844 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:  Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/01629 дугаартай шүүгчийн захирамжаар Үр-Эрдэнэ ХХК, Ж.Соён-Эрдэнэ, Д.Гантулга нараас зээлийн гэрээний үүрэгт 549 977 881.10 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2 978 039 төгрөг, нийт 552 955 849.10 төгрөг гаргуулж, Хасбанк ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг Д.Гантулгын өмчлөлийн, эрхийн бүртгэлийн Ү-2201017715 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамж, 49 дүгээр байрны 3 дугаар давхар болон зоорийн давхар нийт 544 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2201025142 дугаарт бүртгэлтэй 200 м.кв талбайтай эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан. Хасбанк ХХК хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 04 сарын 23-ны өдөр 4/15083 дугаартай албан тоотоор хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр авагч Хасбанк ХХК-д танилцуулсан. Шинжээч хөрөнгийг 1 021 250 000 төгрөгөөр үнэлснийг хэт өндөр үнээр үнэлсэн гэж манай зүгээс гомдол гаргасан. Тухайн хөрөнгийн үнэлгээг хийхдээ өртөг болон зах зээлийн харьцуулалтын аргыг ашигласан ба орлогын хандлагаар үнэлгээ хийгээгүй. Үйлчилгээний объектын үнэлгээг хийхдээ заавал орлогын хандлагыг ашиглах шаардлагатай гэж үзэж байна. Тус хөрөнгийг түрээслэж орлого олох боломжтой хөрөнгө тул өртгийн хандлагаар үнэлснээс орлогын хандлагаар үнэлсэн нь илүү тохиромжтой байсан. Зоорийн давхрын үнэлгээг хийхдээ зах зээлийн мэдээлэл судалгаа хийгдээгүй, 3 дугаар давхрын үнэлгээг шууд 0.7 гэсэн итгэлцүүрээр буулган тогтоосон нь үндэслэл муутай болсон. Газрын үнэлгээг өртгийн хандлагын аргаар үнэлж 200 000 000 гаруй төгрөгөөр үнэлсэн. Гэтэл энэ объект 4 давхар объект бөгөөд объектын зөвхөн 3 дугаар давхар болон зоорийн давхрыг үнэлэх ёстой. Тус объектын 1 болон 4 дүгээр давхар өөр өмчлөгчтэй байдаг. Газар дангаараа ийм өндөр үнэлэгдэх боломжгүй. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн хариу тайлбарт: 2019 оны 10 сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Уг ажиллагаагаар Д.Гантулгын өмчлөлийн, эрхийн бүртгэлийн Ү-2201017715 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамж, 49 дүгээр байрны 3 дугаар давхар болон зоорийн давхар нийт 544 м.кв талбайтай, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2201025142 дугаарт бүртгэлтэй 200 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг хураах үйл ажиллагаа явагдсан. Төлбөр авагч болон төлбөр төлөгч нар төлбөрт хураагдсан хөрөнгийг худалдан борлуулах үнийн санал ирүүлээгүй тул 2020 оны 04 сарын 15-ны өдөр Мөнх-Оргил трейд ХХК-ийн шинжээч Б.Эрдэнэбаатарыг хөндлөнгийн шинжээчээр томилсон. Хөрөнгийн үнэлгээний тайланг 2020 оны 04 сарын 22-ны өдөр хүлээн авч 2020 оны 04 сарын 24-ний өдөр талуудад танилцуулсан. Үнэлгээний тайлангаас харахад хөрөнгийн үнэлгээг өртөг, орлого, зах зээлийн харьцуулалтын гэсэн 3 аргаар хийдэг гэж тусгасан. Гэхдээ энэ 3 аргаас өртөг болон зах зээлийн харьцуулалтын аргыг шинжээч хэрэглэсэн байсан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д дээрх 3 аргын аль нэг аргыг сонгон хэрэглэж, үнэлгээг гаргаж болно гэж заасны дагуу өртгийн болон зах зээлийн харьцуулалтын гэсэн 2 аргыг сонгон авч тухайн үнэлгээг хийсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх:   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2020 оны 04 сарын 22-ны өдрийн №54/Ш дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай Хасбанк ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амартүвшингийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарлахдаа.... захзээлийн үнэлгээнээсхэтөндрөөр үнэлсэн тулугүнэлгээг зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг... гэжээ. Маргааны гол зүйл нь тухайн хөрөнгийг үнэлгээний компани хэт өндрөөр үнэлсэнтэй холбогдож байхад анхан шатны шүүхийн шүүгч хөрөнгийн үнэлгээ үндэслэлтэй эсэхэд огт дүгнэлт өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримт болох Хөрөнгийн үнэлгээний тайлан-д огт дүгнэлт өгөөгүй, зөвхөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн зааптуудыг үндэслэж хөрөнгийн үнэлгээчин үнэлгээг хэрхэн хийхээ өөрөө шийднэ гэдэг байдлаар хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзнэ гэсэн зарчимд нийцэхгүй байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт тус бүрт нь үнэлэлт өгсөн байх шаардлагатай. Гэтэл шүүхийн шүүгч 54/Ш дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайланг бүрэн дүүрэн судалж үнэлээгүй байна. Үнэлгээний компани нь үйлчилгээний зориулалттай 3 болон зоорийн давхарын үнэлгээг хийхдээ өртөг болон зах зээлийн харьцуулан зэрэгцүүлэх аргыг ашигласан /Хөрөнгийн үнэлгээний тайлан 4.1.1/ гэх атлаа зоорийн давхарын үнэлгээг хийхдээ зах зээлийн мэдээлэл судалгаа хийлгүйгээр газраас доорх давхар тул бага үнэтэй гэх хийсвэр байдлаар, өөрийн үзэмжээр үнэлгээг тооцсон болох нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотлогдож байхад шүүгч энэ хэсэгт огт дүгнэлт өгөөгүй. Үүнээс үзвэл хөрөнгийн үнэлгээ үндэслэлтэй байсан эсэхтэй холбоотой хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, эдгээр нөхцөл байдпын талаар анхан шатны шүүх бүрэн бодитой дүгнэлт хийж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Нэхэмжлэгч Хас банк ХХК хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан эд хөрөнгө, эрхийн үнэлгээг илт өндөр тогтоосон гэх үндэслэлээр хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 184/ШШ2019/01629 дугаартай захирамжаар Үр-Эрдэнэ ХХК, Ж.Соён-Эрдэнэ, Д.Гантулга нараас нийт 552 955 849.10 төгрөгийг гаргуулж, Хас банк ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг Д.Гантулгын өмчлөлийн 544 м.кв талбайтай, эрхийн бүртгэлийн Ү-2201017715 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамж, 49 дүгээр байрны 3 дугаар давхар болон зоорийн давхар бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Г-2201025142 дугаарт бүртгэлтэй 200 м.кв талбайтай газар эзэмших эрхээр хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх29-31/

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх бичиг баримтад заагдсан эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд барьцаа хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналын хувьд тохиролцоогүйн улмаас төлбөр авагчийн хүсэлтээр Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилжээ. Энэ ажиллагаанд талууд маргаагүй, шинжээчийн үнэлгээ нь бодитой гарсан эсэхт маргажээ.

 

Шинжээч төлбөрт хураагдсан 544 м.кв талбайтай Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамж, 49 дүгээр байрны 3 дугаар давхар болон зоорийн давхарыг, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2201025142 дугаарт бүртгэлтэй 200 м.кв талбайтай эзэмших эрхийг нийт 1 021 250 000 төгрөгөөр үнэлэхдээ зах зээлийн болон өртгийн хандлагын аргыг хэрэглэсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасантай нийцсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. /хх66-70, 75-107/

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт зааснаас үзвэл үнэлгээчин үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог зориулалтыг харгалзан жишиг үнийн, өртгийн, орлогын аргуудаас бие даан сонгож үнэлгээ хийх эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч тал үйлчилгээний объектийг орлогын хандлагын аргаар үнэлээгүй, зоорийн давхрын үнэлгээг зах зээлийн мэдээлэл судалгаагүйгээр 3 дугаар давхрын үнэлгээний 0.7 гэсэн итгэлцүүрээр буулган тогтоосон, 4 давхар объектын 1, 4 дүгээр давхар өөр өмчлөгчтэй байхад газрын үнэлгээг 200 000 000 төгрөгөөр тогтоосон гэж гомдлоо тайлбарладаг.

 

Шинжээч шүүх хуралдааны явцад үнэлгээний зүйлийг орлогын хандлагын аргаар үнэлээгүй үндэслэлээ түрээсийн зах зээлийн хөгжил сул, мэдээллийн дутуу дулимаг байдалтай холбон тайлбарлажээ. Орлогын хандлагын аргыг хэрэглээгүйгээс хөрөнгийн үнэ бодитоор тогтоогдоогүй, шинжээч үнэлгээ хийх хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж үзэх хуулийн болоод нотлогооны үндэслэлгүй байна.

 

Энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт буруу биш. Нэхэмжлэгч нь орлогын хандлагын аргаар үнэлэгдсэн жишиг баримт ирүүлээгүй байна.

Шинжээч зоорийн давхрын үнэлгээг 3 дугаар давхрын үнэлгээний 0.7 хувиар тохируулга хийж бууруулан гаргасан нь Сангийн сайдын 2018 оны 207 тоот Аргачлал батлах тухай тушаалын хавсралт Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, бүртгэлийг нягтлан бодох бүртгэлийн дансанд тусгах аргачлалтай нийцсэн. Газрын үнэлгээ хийсэн аргачлалыг хөрөнгийн үнэлгээний тайланд ойлгомжтой тайлбарласан байна. /хх88-89/

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03ы өдрийн 184/ШШ2019/01844 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

А.МӨНХЗУЛ