Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2018/ШЦТ/133

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Батбаяр,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ад холбогдох 1814001350082 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-15-17 тоотод 2017 оны 08 сараас 2018 оны 03 сарын 10-ны өдрийн хооронд химийн хорт, аюултай бодис болох мөнгөн усыг худалдан авч, алтны баяжмалтай шороо угааж зориулалтын бусаар ашиглан, хууль бусаар эргэлтэнд оруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд:

Иргэний нэхэмжлэгч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Химийн онцгой хортой бодис болох мөнгөн ус нь Монгол улсад ашиглахыг ямар ч тохиолдолд хориглосон химийн онцгой хорт бодисын жагсаалтанд ордог юм. Химийн хорт бодис болох мөнгөн усыг Монгол улсад бүр мөсөн хориглосон байдаг юм. Тиймээс химийн хорт бодис болох мөнгөн усыг Монгол улсад иргэн аж ахуй нэгж байгууллага хууль бусаар ашиглах, хадгалах, тээвэрлэх, худалдах, худалдан авах зэргийг хориглосон байдаг ... Химийн хорт бодис болох мөнгөн усыг хууль бусаар, зохих зөвшөөрөлгүй ашигласан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулна гэсэн хуультай ... Би шинжээчийн дүгнэлтэй танилцлаа шинжээчийн дүгнэлтээр байгаль орчин хүнд хохирол учраагүй байх тул ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. *******  хэргийн материалтай танилцана харин шүүх хуралд суухгүй гэж бодож байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 51 -52/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 19 цагийн үед би тээврийн бирж орчихоод явж байсан чинь манай төрсөн дуү *******ын эхнэр ******* надруу утсаар яриад манайд цагдаа нар ирчихээд байшин граж шалгана гээд байна хүрээд ирээч гэхээр нь яваад очсон чинь цагдаа нар ирсэн надаас уг байшин гражны түлхүүр байгаа юу гэхээр нь байхгүй дүү ******* хөдөө аваад явсан гэсэн чинь тэнд байсан цагдаа нь цагдаагийн бүрэлдэхүүн дуудсан байгаа гэсэн удалгүй мөрдөгч, шинжээч нар ирсэн. Мөн Баянхонгор сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч ирсэн тэнд байсан цагдаа нар түлхүүр байхгүй прокурорын зөвшөөрлөөр гражийг онгойлно гэж прокурор дуудсан удалгүй прокурор гэж нэг хүн ирсэн. Удалгүй хөндлөнгийн 2 гэрч гээд 2 залуу авчирч гражид үзлэг хийхээр гражийг онгойлгох үед граж дотор шуудайтай алтны баяжмалтай шлам болон бусад техник хэрэгсэл байсан бөгөөд граж дотор зоорь байсан бөгөөд зоорин дотор шлам шороо бусад хэрэглэл байхыг харсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-57/,

Гэрч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би Баянхонгор аймаг дахь цагдаагийн газарт Жаргалант сум хариуцсан сум дахь сум дундын цагдаагийн тасгийн дарга ажилтай юм. 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 18 цагийн үед би Баянхонгор аймаг Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 15 дугаар гудамжны 17 тоот хашааны гадаа явж байтал уг тоотод сэжиг бүхий алтны баяжмалтай шлам угааж байж болзошгүй харагдахаар нь цагдаагийн 7044102 дугаарын утсанд дуудлага өгсөн бөгөөд тус цагдаагийн газрын бүрэлдэхүүн ирээд хэргийн газарт үзлэг хийх явцад алтны баяжмалтай шлам болон мөнгөн ус илэрсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59/,

Гэрч Ц.*******гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Манайх Баянхонгор аймаг Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 15 дугаар гудамжны 17 тоот хашаа байшинг 2016 онд худалдаж авсан бөгөөд байшингийн хажууд манай нөхөр Б граж барьж газар ухаж зоорь хийсэн юм. 2017 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр би бөөрний хавдар гээд Улаанбаатар хотод эмчилгээтэй байж байгаад 10 дугаар сард хагалаанд орж 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн. Тэрнээс хойш би гэрээс гараагүй тэгтэл манай нөхөр Б нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хүрээмарал сумруу малруугаа явсан бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр би гэртээ 3 хүүхдийн хамт байж байтал цагдаа нар ирээд граж онгойлж үзлэг хийхэд гражид алтны тоног төхөөрөмж болон алтны шороо шлам зэрэг болон мөнгөн ус илэрсэн. Би хойд талын граж болон байшинд нөхөр ******* ыг алт угаах үйл ажиллагаа явуулж байхыг мэдээгүй би хараагүй би 2017 оны 09 сараар 2018 оны 01 сар хүртэл эмнэлгийн хяналтанд байсан тул нөхөр ******* ыг иймэрхүү үйл ажиллагаа явуулж байхыг мэдээгүй. Цагдаа нар ирэх үед нөхрийн ах ******* бид 2 мэдсэн юм. Манай нөхөр надад байшингийн хажуу талын граж дотор алт угааж байгаа талаар юу ч яриагүй .. гэсэн мэдүүлэг /хх-ийн 60- 64/,

Шүүгдэгч ******* ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Манайх 2017 оны 08 дугаар дундуур байхаа Баянхонгор аймаг Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 15 дугаар гудамжны 17 тоотод байх хашаа байшинг 10 сая төгрөгөөр худалдаж авч тэр зунаа байшингийн зүүн талд газар ухаж зоорь хийгээд дээр нь граж барьсан юм. Тэрнээс хойш 2017 оны 10 дугаар сарын дундуур Цагаан цахир гэх газрын ойр орчмоос алтны баяжмалтай чулууг түүж тээрэмдүүлж өөрийн байшинд би ганцаараа авчирсан. Мөн Улаанбаатар хотын Гурвалжин барилгын материалын дэлгүүрээс төмөр диск гэх алтны баяжмалтай шлам шороог нарийн буталдаг тоног төхөөрөмжийг худалдан авч Баянхонгор аймгийн ачааны машинд ачуулж Баянхонгор аймаг Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 15 дугаар гудамжны 17 тоотод байх шинээр барьсан гражны зооринд суурьлуулсан юм. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын эхээр буюу 5, 6-ны үеэр Улаанбаатар хотын Нарантуул зах дээрээс 70 грамм орчим мөнгөн усыг үл таних эрэгтэй хүнээс 50.000 төгрөгөөр худалдан авч жижиг шилэн саванд хийж Баянхонгор аймаг руу авчирсан юм. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байшингийн хажууд байх граж дотор мөнгөн ус гэх бодисоор нарийсгасан шороог ашиглаж угаах гэтэл ашиглаж болохгүй байсан тул хувин дотор мөнгөн усыг ялгаж авалгүй хувин дотор үлдээчихээд шороотой 7 хувин гэрийн ар дээр гаргаж тавиад мартаад хөдөө 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр би Хүрээмарал сумруу явсан юм. Тэгтэл 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр цагдаа нар ирж алтны баяжмалтай шлам угааж байгааг илрүүлсэн байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 88-90/,

Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хими, нян судлалын нэгдсэн лаборатороос гаргасан шинжээчийн ... эхний 1,2 дугаар савнаас цуглуулсан гэх шилтэй ус бүхий мөнгөлөг саарал шингэн нь үнэргүй, хөдөлгөөнтэй, хүнд, шингэн шинж чанартай байгаа нь мөнгөн усны физик чанартай таарч байна. ... Эхний 1,2 дугаар савнаас цуглуулсан гэх шилэн дотор мөнгөн ус илэрсэн ... гэсэн дүгнэлт /хх-ийн 78/,

Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хими, нян судлалын нэгдсэн лаборатороос гаргасан шинжээчийн ... Баянхонгор сумын 3-15-17 тоот хашаа байшингаас 14, 15 дугаар дээжийг тус тус авч шинжиллээ. Дээрх байшингийн агаар болон шал, гадна агаар, газрын хөрсөнд химийн хорт бодис мөнгөн ус тархаагүй. Баянхонгор сумын 3-15-17 тоот хашаа байшингаас авсан хөрсний дээжинд мөнгөн ус тархаагүй илрээгүй. Мөнгөн ус тархаагүй учир байгаль экологи, газрын хөрс, ургамал, мал амьтан болон хүний эрүүл мэндэд хохирол учруулах боломжгүй ... гэсэн дүгнэлт /хх-ийн 83/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 7-22/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 27-33/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тухай прокурорын тогтоол /хх-ийн 35-46/,

Шүүгдэгч ******* ын иргэний үнэмлэхний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас хувийн байдалтай холбоотой бусад баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч ******* нь 2017 оны 08 сараас 2018 оны 03 сарын 10-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-15-17 тоотод химийн хорт, аюултай бодис болох мөнгөн усыг худалдан авч, хадгалж зориулалтын бусаар ашигласан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас шүүгдэгч *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******ыг химийн хорт, аюултай бодисыг худалдан авч хадгалсан, зориулалтын бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч *******ын химийн хорт болон аюултай бодис буюу мөнгөн усыг худалдан авч хадгалсан, зориулалтын бусаар ашигласан гэм буруутай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд болон байгаль орчинд хор уршиг болон хохирол учраагүй, хэргийн газрын үзлэгээр дээж авсан объектуудад хийсэн Баянхонгор аймгийн Мэргэжпийн хяналтын газрын Хими, нян судлалын нэгдсэн лабораторийн 2018 оны 03 сарын 29-ний өдрийн шинжилгээний дүнгээр тухайн обектуудад мөнгөн ус илрээгүй гэх дүгнэлт хэргийн 83 дугаар хуудсанд авагдсан байх тул экологи-эдийн засгийн хохирол тооцсон шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч ******* үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт хадгалагдаж байгаа 1-7 хүртэл дугааралсан 7 ширхэг төмөр, хуванцар хувин дотор талдаа шороо устай 8-12 хүртэл дугааралсан 5 ширхэг гялгар ууттай алтны баяжмалтай шороо, 13 дугаараар дугаарлагдсан жижиг шилэн сав болон эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн бүтэн шуудайтай шороо 20 ширхэг, хагас шуудайтай шороо 36 ширхэг, төмөр, хуванцар хувин дотроо бага зэргийн шороотой хувин 4 ширхэг зэргийг тус тус устгаж, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн алтны баяжмалтай чулуу нарийсгаж буталдаг төхөөрөмж 1 ширхэг, пяалник 2 ширхэг, ус татдаг насос 1 ширхэг, цахилгаан гаргадаг мотор 1 ширхэг, газар ухдаг мулдок багаж 1 ширхэг зэрэг зүйлүүдийг тус тус гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн байх тул хурааж, улсын орлого болгож, дээрхи эд зүйлүүдийг битүүмжилсэн 2018 оны 04 сарын 25-ны өдрийн 182 дугаар прокурорын тогтоолыг хэвээр үлдээв.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн TCL маркийн телевезор, Самсунг маркийн гар утас зэргийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн 2018 оны 04 сарын 25-ны өдрийн 183 дугаар прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******ыг химийн хорт, аюултай бодисыг худалдан авч хадгалсан, зориулалтын бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар шүүгдэгч *******ын засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******ад мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн чулуу нарийсгаж буталдаг төхөөрөмж 1 ширхэг, пяалник 2 ширхэг, ус татдаг насос 1 ширхэг, цахилгаан гаргадаг мотор 1 ширхэг, газар ухдаг мулдок багаж 1 ширхэг зэрэг зүйлүүдийг тус тус хурааж, улсын орлого болгосугай.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн TCL маркийн телевезор, Самсунг маркийн гар утас зэргийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн 2018 оны 04 сарын 25-ны өдрийн 183 дугаар прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт хадгалагдаж байгаа 1-7 хүртэл дугааралсан 7 ширхэг төмөр, хуванцар хувин дотор талдаа шороо устай 8-12 хүртэл дугааралсан 5 ширхэг гялгар ууттай алтны баяжмалтай шороо, 13 дугаараар дугаарлагдсан жижиг шилэн сав болон эд хөрөнгө битүүмжлэх 2018 оны 04 сарын 25-ны өдрийн 182 дугаар прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн бүтэн шуудайтай шороо 20 ширхэг, хагас шуудайтай шороо 36 ширхэг, төмөр, хуванцар хувин дотроо бага зэргийн шороотой хувин 4 ширхэг зэргийг тус тус устгасугай.

7. Эд хөрөнгө битүүмжлэх 2018 оны 04 сарын 25-ны өдрийн 182 дугаар прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА