| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2509014010723 |
| Дугаар | 2025/ДШМ/1384 |
| Огноо | 2025-12-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2025/ДШМ/1384
Г.А-эд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Мөнгөнцэцэг,
хохирогч Э.Г-ын өмгөөлөгч У.Төгсжаргал,
шүүгдэгч Г.А-,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/2220 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.А-, түүний өмгөөлөгч С.Болорчулуун нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.А-эд холбогдох 2509014010723 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Ш овгийн Г-гийн А, 1990 онд Увс аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух, (РД:...), урьд:
-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/1557 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн;
Шүүгдэгч Г.А- нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их наяд” худалдааны төвийн гаднаас хохирогч Э.Г-ын эзэмшлийн “Lexus HS250” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг “барьцаанд тавьж зээл авч өгнө” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, Э.Г-од 30,000,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,
мөн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Д-ий “Iphone XR” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 425,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан гэмт хэргүүдэд холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газар: Г.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г.А-ийг “Хулгайлах”, “Залилах” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял тус тус шийтгэж, ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жилийн хорих ялаар тогтоон, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Г.А-ийн бага насны хүүхдийн асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Баянгол дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Болорчулуун давж заалдах гомдолдоо: “... Шүүгдэгч Г.А- нь энэ хэрэгт анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон бөгөөд залилах гэмт хэргийн хохирлыг бүрэн барагдуулсан, хулгайлах гэмт хэрэгт учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь сонгох санкцтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 5 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр 5 жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” талаар заасан бөгөөд шүүхээс Г.А- нь гэм буруугаа хүлээн гэмшсэн, хохирогчид хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлэн төлсөн зэргийг харгалзан үзнэ үү. Иймд Г.А-эд оногдуулсан 1 жилийн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Г.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би Э.Г-од учруулсан хохирол болох 30,000,000 төгрөгийн үнэлгээтэй машиныг өгсөн, О.Д-д гар утасны төлбөр 425,000 төгрөгийг төлж барагдуулсан. Миний бие 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бусдад хутгалуулж, дээрэмдүүлсэн ба 250500068 дугаар хавтаст хэрэгт хүнд гэмтэл гэснийг нотолсон шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар-Дархан чиглэлийн замд гэр бүлийн 3 гишүүний хамт авто осолд орж, гэмтэл авсан. Иймд энэ 2 хэрэгт хохирогчоор тогтоогдсон ба хууль ёсны эрх ашгаа хэрэгжүүлж чадахгүй байгаа тул тус 2 шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох нь гэр бүл, өөрийн биеийн байдалтай шууд холбоотой тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Өөрийнхөө тоомжиргүй байдлаас хүний юм авсандаа гэмшиж, үр хүүхдээ өсөж том болоход ёс зүй, зан чанар, ертөнцийг танихад нь нөлөөлж чадахгүй, жигшүүртэй үйлдэл хийсэндээ харамсаж байна. Хүүхдүүддээ гэр бүлийн хайр халамжийг мэдрүүлж чадаагүй боловч эх байх эрх, үүргийг эдлүүлж, нэг удаа боломж олгож өгнө үү. Би анхнаасаа гэм буруугаа хүлээж, хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Би хохирогчоор оролцож байгаа 2 хэргээсээ сэтгэл санаа, эрүүл мэндийн өөрчлөлт авсан. Миний нөхцөл байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж, цаашид алдаагаа засах боломжийг олгож өгнө үү. ...” гэв.
Хохирогч Э.Г-ын өмгөөлөгч У.Төгсжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нь хохирогч Э.Г-ын хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй. Анхан шатны шүүхэд хохирогчид учирсан 570,000 төгрөгийн хохирол, банк бус санхүүгийн байгууллагын зээлтэй холбоотой нэхэмжлэл гаргасан боловч үүнийг “хохирол төлбөр гэж үзэхгүй” гээд өөрөө тусгай мэдлэгтэй этгээд мэтээр дүгнэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэсэн. Гэтэл шүүгдэгч гэм буруу дээрээ маргаж, ялын бодлогыг буруутгаж байгаа мэтээр хандаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Анхан шатны шүүх хуралдаан болоход шүүгдэгч хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байсан. Одоо болохоор “төлж барагдуулахыг илэрхийлсэн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан баримт байгаа” гэж ярьж байна. Миний бие тухайн баримттай танилцаагүй. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх хүртэл жилийн хугацаа болсон ба хурлын өмнөхөн хохирогч Э.Г- машинаа авч, засвар, үйлчилгээ хийлгэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд зөвхөн цаасан дээр хохирогчийн эрхийг хангасан талаар хэлж байсан. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг прокурор, шүүх дээрдүүлсэн байхад оногдуулсан ялыг хөнгөрүүлэхээр гомдол гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүгдэгч “гэмтэл учирсан, биеийн байдал хүнд” гэж байна. Хавтаст хэрэгт тухайн хэргүүдэд Г.А-ийг хохирогчоор тогтоосон, эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд авагдаагүй. Шүүгдэгч нэг зүйл, ангид заагдсан 2 гэмт хэрэг үйлдсэн. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Мөнгөнцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.А- нь урьд 2023 онд хулгайлах гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан. Урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж байсан мөртлөө өөрийн үйлдэлдээ гэмшихгүй, дахин гэмт хэрэг үйлдэж байгаад зорчих эрхийг хязгаарлах боломжгүй. Мөн хохирогч нарын хохирол төлбөрийг төлсөн гэж ярьж байна. Энэ хэрэгт хохирогч нараас гадна иргэний нэхэмжлэгчид 5,000,000 төгрөгийн хохирол учирсныг төлж барагдуулаагүй. Тиймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/2220 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх учир хууль дээдлэх зарчмын хүрээнд шийдвэр бүр нь Монгол Улсын Үндсэн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан хуульд бүрэн нийцэж байж хууль ёсны байх шаардлагыг хангадаг.
Эрүүгийн хууль нь нийтлэг үндэслэл, зарчмуудыг тусгасан ерөнхий анги, тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүн, ялын төрөл, хэмжээг тогтоосон тусгай анги гэсэн хоёр хэсгээс бүрддэг нэгдмэл, төрөлжсөн хууль юм.
Уг хуулийн тусгай ангийн хэм хэмжээг хэрэглэхэд удирдлага болговол зохих ерөнхий ангийн нийтлэг хэм хэмжээг зохицуулж буй үүргийн зэргээр нь үүрэг болгосон, эрх олгосон гэж ангилдаг. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үүрэг болгосон хэм хэмжээг аливаа нэгэн урьдач нөхцөлгүйгээр, ямар ч тохиолдолд заавал хэрэглэх үүрэгтэй.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээ юм.
Шүүгдэгч Г.А- нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/1557 дугаар шийтгэх тогтоолоор хулгайлах гэмт хэрэгт 1 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн. Улмаар уг ялыг эдэлж дуусаагүй байхдаа 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шинээр гэмт хэрэг үйлдсэн байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 10-01/06 дугаар “тус өдрийн байдлаар 5 сар 8 хоногийн үлдэгдэлтэй байна” гэсэн албан бичиг хэрэгт авагджээ.
Гэтэл анхан шатны шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг хэрэглэх эсэх асуудлын талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” буюу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.
Ийнхүү давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Г.А-, түүний өмгөөлөгч С.Болорчулуун нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдлийг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Эдгээр үйлдлүүд нь тус тусдаа гэмт хэргийн шинж болох ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тохиолдолд шүүх дээр дурдсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн аль шинжээр нь гэм буруутайд тооцож буйгаа тодорхой бичих ёстой.
Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.А-ийг “Хулгайлах”, “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь эдгээр гэмт хэргүүдийн аль шинжээр гэм буруутайд тооцсон нь тодорхойгүй байгааг буруутган дүгнэж байна.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/2220 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Шүүгдэгч Г.А-эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН