Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 489

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч, 

улсын яллагч П.Нямцэцэг,  

         шүүгдэгчГ.Б

        шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон цогт овгийн Ганболдын Батбилэгтэд холбогдох эрүүгийн 1811002960417 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Боржигон цогт овгийн Ганболдын Батбилэгт, 1981 оны 03 сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 10 дугаар гудамжны 299 тоотод оршин суух,

2009 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Хан-уул дүүргийн шүүхийн 249 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж 2009 оны 07 сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулинд зааснаар 3 жилийн хорих ялыг өршөөн хасаж 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2011 оны 01 сарын 31-ний өдөр эдлээгүй үлдсэн 4 сар 24 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдсан,

 2018 оны 03 сарын 21-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ШД81031270

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;

 Шүүгдэгч Г.Батбилэг нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний орой 19-22 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалант 36-629 тоотод оршин суух Д.Алтантуяагийн эзэмшлийн байрны цонхийг эвдэж буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч 47 инчийн Philips маркийн телевиз хулгайлж 407.396 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Батбилэгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв өөр нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв.

Шүүгдэгч Г.Батбилэг нь 2018 оны 01 сарын 19-ний орой 19-22 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалант 36-629 тоотод оршин суух Д.Алтантуяагийн эзэмшлийн байрны цонхийг эвдэн орж 47 инчийн Philips маркийн телевиз хулгайлж 407.396 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Алтантуяагаас нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-22/ “..Би 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 21 цагийн үед гэрээсээ гараад 2018 оны 01 сарын 19-ний өдрийн 22 цагийн үед гэртээ ирэхэд хулгайч орсон байсан. Манай гэрийн үүдний амбаарын цонхоор орсон байсан. Гэрийн дотор талын хаалга үүд бүгд онгорхой байсан. Харин гадна талын хаалга цоожтой байсан. Гэр дотор эд зүйл хөдлөөгүй ганцхан зурагт аваад гарсан байсан..”, Мөн “..хулгайч байшингийн маань зүүн талд байрлах машины граж байрласан цонхны шил хагарсан байсан. Үүнийг гялгар уутаар хаалт хийж бөхөлсөн байсныг хуулж хаяж дотогш байшин руу нэвтэрдэг цонхоор байшингийн үүдний хэсэг рүү дамжиж орсон байсан. Тэгээд байшингийн үүдний таамбарын гадна хаалга л цоожтой байсан. Байшин руу дотогш ордог хаалга онгорхой байсан учир хулгайч байшин руу орж телевизор хулгайлан авсан байсан. Би анх телевизороо хулгайд алдсан даруйдаа байцаалт өгөх үедээ 42 инч гэж буруу хэлсэн байсан. Тэрнээс биш 47 инчийн Philips маркийн телевиз юм.” Гэсэн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Б.Өлзийжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-36/ “..2018 оны 01 сарын 19-ний орой манай дэлгүүрийн ойролцоо байнга архи уугаад яваад байдаг Бөө гэх Батбилэг гэх залуу орой 22 цаг болж байхад манай дэлгүүр дотор ганцаараа хар өнгийн “47 инчийн PHILIPS” маркийн зурагт барьчихсан орж ирээд танихгүй хүнд 200.000 төгрөгөөр зарна гэхээр нь би юун зурагт юм гэхэд таньдаг хүний зурагт мөнгөний хэрэг гарчихлаа гэхээр нь байлгаж байя гээд 40.000 төгрөг өгч явуулсан. 2018 оны 01 сарын 19-ний 5 дахь өдөр байсан болохоор сайн санаж байна. 1 сарын 20-ны өдөр согтуу ирээд надаас 20.000 төгрөг, 1 сарын 23-ны өдөр 38.000 төгрөг нийт 98.000 төгрөг авсан. Энэ хугацаанд Батбилэгээс хулгайн эд зүйл биш биз гэхэд хулгайн эд зүйл биш гэж хэлж байсан ба 2018 оны 02 сарын 06-ны өдөр Хэсгийн байцаагч Амгаланбаатар надтай уулзаад наадах чинь хулгайд алдагдсан зурагт байна, авчирч хураалга гэсний дагуу уг зурагтыг хураалгасан юм. Уг зурагт нь хар өнгийн PHILIPS маркийн SR1А034001399 сериал дугаартай, дээд талын хүрээ нь цуурсан мөн зурагтны оролтны залгуур нь тасарчихсан зурагттай цуг байсан..” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ц.Батбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-42/ “..Би 2018 оны 01 сарын 19-ний өдөр гэртээ орой 19 цагийн үед гэртээ ороод гарахад  манай гэр зүгээр гэр дотор зурагт болон бусад эд зүйл байсан. Тэр орой эхнэр 22 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрт хулгайч орчихсон зурагт алга болсон байсан. Манай гэрт хулгай орохоос 3 хоногийн өмнө Бөө хочтой Билгээ гэгч нь манай хашаанд орчихсон цонхоор харчихсан зогсож байгаад надад хөөгдөөд гарсан..Би манай гэрт хулгай орсны дараа тэр хавиар явж хүмүүстэй уулзаж ярилцахад Батбилэг Өлзий нэртэй дэлгүүрээс зурагтын мөнгө авна гээд зогсож байхад нь харсан гэж нэг хүн надад хэлсэн..” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Г.Батбилэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-87-88/ “..би гэртээ харьж унтаж байгаад гэгээ тасарч харанхуй болж 19 цаг өнгөрч байхад Батбаатарын гэрлүү ганцаараа алхаж очоод эзэнгүй байсан учир би харанхуйд өдөр орсон машины гражийн хэсгээр дамжин ороод зурагт байсан өрөөнд орж зурагтыг шууд татан авч гарч яваад Өлзий хүнсний дэлгүүрт зарна гэж явахад нь Өлзийжаргал гэгч худалдагч эмэгтэйд 100.000 төгрөгөөр зарна гэтэл одоо 40.000 төгрөг байна гэхээр нь би зурагтыг өгөөд архи авч уусан. Дараа нь 2-3 удаа очиж 68.000 төгрөг авсан гэсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10/, эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-15/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-16/, шүүгдэгч Г.Батбилэгтийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-103/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-156/, Эд зүйлийн үнэлгээ /хх-152/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгч Г.Батбилэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал болж байна. Иймд шүүгдэгч Г.Батбилэгийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Батбилэг нь хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан, түүний хувийн байдал зэргийг харгалзавч Эрүүгийн хуульд заасан “хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байна. Харин дээрхи нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Батбилэг нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 21-ний өдрийн 202 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж, 56 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлсэн байх бөгөөд түүний эдлээгүй үлдсэн 184 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн 1 хоногт шилжүүлэн хорих ялаар сольж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулах ял дээр нэмж нэгтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Батбилэг нь хулгайлсан 47 инчийн Philips маркийн зурагтыг хохирогч Д.Алтантуяад хүлээлгэн өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролыг төлж барагдуулсан байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Батилэгийн шүүх хуралдаан болохоос өмнө 54 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэсэн хугацаанд оруулан тооцох, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон цогт овогт Ганболдын Батбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Г.Батбилэгийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан Г.Батбилэгийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 184 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн 1 хоногт шилжүүлэн хорих ялаар сольж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 23 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батбилэгтэд оногдуулсан 1 жил 23 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батбилэгийн цагдан хоригдсон 54 /тавин дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Г.Батбилэг нь бусдад төлөх төлбөргүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Батбилэгтийн урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.МӨНХБАЯР