Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2025/ДШМ/1228

 

 

 

 

 

 

 

2025           10            28                                         2025/ДШМ/1228

 

 

 

Б.А-, Т.Б- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

прокурор Ж.Баянжаргал /цахимаар/,

шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч Н.Болортуул,

шүүгдэгч Т.Б-, түүний өмгөөлөгч Н.Дашдулам,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/2043 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Б-гийн гаргасан давж заалдах гомдлоор Б.А-, Т.Б- нарт холбогдох **** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б.А- нь 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 21 цаг 50 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Цы 206 дугаар байрны 801 тоотод Т.Б-тэй “дуу чимээ гаргасан” гэх шалтгааны улмаас маргалдаж үснээс зулгаах, толгой, баруун гарын шуу хэсэг рүү удаа дараа цохих, нүүр рүү хумсаараа самардах зэргээр зодож биед нь уруулын дээд, доод хэсэгт шарх, баруун чамархайн хуйх, бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Т.Б- нь 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 21 цаг 50 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Ц-ы 206 дугаар байрны 801 тоотод байх гэртээ Б.А-тай “дуу чимээ гаргаж, амгалан тайван байдал алдагдуулсан” гэх шалтгааны улмаас маргалдаж үснээс зулгаах, нуруу руу цохих зэргээр зодож, түүнийг шалан дээр савж унагаасны улмаас биед нь ахар сүүлний Со 1 нугалмын хугарал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокуророос Б.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Т.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-, Т.Б- нарт оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Си Ди 3 ширхэг, хэргийн хамт хавсарган ирүүлсэн Си Ди 4 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Т.Б- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Ц-ы 206 дугаар байрны 801 тоотод оршин суух гэртээ халдлагад өртсөн. Тус орой гэрийн камертай хонх ажиллуулахгүй, хаалганы дуранд харагдах өнцөгт зогсохгүй хүн хаалга хүчтэй тогшсон. 8 настай охин маань унтаж байсан болохоор утасны камераа асааж хаалгаа нээтэл тус байрны 901 тоот байрыг түрээслэн суудаг иргэн Б.А- “та сая хэмхлэх гэж байна шүү дээ, хамт сонсъё” гэж хэлсээр гар утас руугаа заан, зогсож байсан. Юу сонсгох гэсэн юм бол, за ороод ир гэж хэлээд хаалгаа нээтэл, араас хаалга хүчтэй саван хааж, зүүн гараараа үсдэж, барьж орж ирсэн гар утас, багц түлхүүрээрээ нүүр, баруун чамархай толгой, баруун гарын шуу руу удаа дараа хэд хэдэн удаа цохин, утас доош унагаан гарч явсан. Гэтэл хэрэг явдал болсноос хойш 5 хоногийн дараа буюу 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “ахар сүүл“ хугарсан гэх шинжээчийн дүгнэлт гаргуулсан байсан. Тус орой хаалга нээн орж ирснээс гар руу цохиж утас унагааж, гараад явах хүртэл 18 секунтын бичлэг, гараад эрүүл саруул алхаж гишгэж яваа бичлэг 32 секунт тус тус миний утасны бичлэгт үлдсэн бөгөөд тус бичлэгийг нотлох баримтаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хэлтсийн зөрчлийн байцаагч Мөнхзулд 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр, 15 дугаар хорооны байцаагч Мөнхбаярт 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр, Эрүүгийн мөрдөгч Норовсүрэнд 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр, Эрүүгийн мөрдөгч Ч.Анхсанаад 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тус тус “Viber” утасны сүлжээгээр өгсөн. /хх 2-23-24/ Гэтэл дээрх мөрдөгчид хэн нь ч дээрх бичлэгт үзлэг хийж тэмдэглэл хөтлөөгүй, мөн хавтаст хэрэгт бэхжүүлээгүй улмаар тухайн өдрийн давхрын камерын бичлэгийг шалгаагүй, болсон хэрэг явдлын бодит байдлыг шалгаж тогтоогоогүй. Өнгөрсөн 1 жил гаруй хугацаанд би хэргийн бодит байдлыг үнэн зөв шалгаж тогтоолгохоор холбогдох байгууллага, дээд шатны албан тушаалтанд нийт 5 удаа гомдол хүсэлт гаргасан. Энэ асуудалтай холбоотой надаас нэг ч тайлбар мэдүүлэг аваагүй талаар,  хэрэгт хяналт тавьж байгаа прокурор хайнга, хайхрамжгүй ажилдаа хандаж байгаа талаар тусгаж өгсөн ч нэг ч хүсэлт гомдлыг хангаж өгөөгүй. Намайг холбогдуулан хилсээр ялласан хэрэгт хяналт тавьсан прокурор Ж.Баянжаргал тус хэрэгт ашиг сонирхлын зөрчилтэй улмаар ажил мэргэжлээ ашиглан бусдад давуу байдал олгож ял завших боломж нөхцөлөөр хангаж миний эрх зүйн байдлыг дордуулж хилсээр яллаж анхан шатны шүүхээр орсон. Анхан шатны хоёр удаа болсон хуралд би өөрийнхөө учир байдлыг хэлж энэ талаар тайлбарласан боловч хүлээж аваагүй. Б.А-г би гэр бүлийн хүчирхийлэлд амьдарч байсныг мэднэ. Б.А- манай гэрээс гарч явтлаа ямар ч унасан асуудал байхгүй гэтэл яагаад ингээд худал ярив гэдэгт гайхаж байна. Магадгүй өөрт байсан гэмтлээ дахин үзүүлж, ахар сүүлний хугарал гэх онош гарсан байж магадгүй. Гэтэл би хүн зодоогүй байж хүний өмнөөс гэмт хэрэгтэн болчхоод ял сонссонд гомдолтой байна. Дээрх асуудлууд бүгд миний холбогдох хэргийн материалд нотлох баримтаар авагдсан байгаа болно. Үүнд 1. Яллах дүгнэлтийн талаар гаргах гомдол. 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр прокурор Ж.Баянжаргалтай уулзахад та яллах дүгнэлтээ гардаж авах уу гэж асуусан, ямар ч бичиг өгөөгүй ба би яллах дүгнэлт гардаж авахаас татгалзаж байна, дээд шатны прокурорт чинь гомдлоо гаргах гээд бэлдээд ирсэн гэж хариултал та цаасан дээр наадхаа бичээд гарын үсгээ зураад өг гэж юу бичих талаар өөрөө хэлж өгч бичүүлэн авсан болно. Би гомдлоо бичиг хэрэгт өгсөн. Гэтэл 1 хх-234 талд яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл хөтөлж намайг яллах дүгнэлт гардаж авсан болгож худал тэмдэглэл хөтөлсөн. Тус тэмдэглэлд миний гарын үсэг байхгүй болно. Би прокурор Ж.Баянжаргалаас яллах дүгнэлт гардаж авахаас татгалзсан ба дээд шатны прокурорт гомдлоо өгсөн. Хэрэгт нотлох баримтаар миний өгсөн Си ди бичлэгийг шүүхэд шинжлэн судлуулахаас татгалзаж, урьдчилсан хэлэлцүүлэг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр болсон. Бичлэгүүдийг прокурор Ж.Баянжаргал шүүх хуралд шинжлэн судлах шаардлагагүй, тасалсан, цөөн минутын бичлэг гэж илт худал гүтгэж миний эрхийг маань ноцтой зөрчсөн. 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдөр анхан шатны шүүх хурал дээр дахин гүтгэж “Шүүгчид энэ тасалсан бичлэг” гэж шүүхэд нөлөөлж, худал тайлбар хэлж буруутай этгээдийг ял завших боломжоор хангаж намайг хилсээр яллуулсан гэж үзэж гомдол гаргаж байна. Миний хувьд нотлох баримтаар өгсөн бичлэгүүдийг хассан, тасалсан зүйл огт байхгүй. Уг хэрэг болох үед 8 настай охин маань бүх зүйлийг харсан. Өгсөн мэдүүлэг нь насанд хүрээгүй гэх үндэслэлээр шүүхэд нотлох баримт болоогүй, мөн мэдүүлэг авахад мөрдөгч намайг оролцуулаагүй. Миний охин бүх болсон зүйлийг харснаа тодорхой ярьж чадаагүй байсан. Түүнийг ч мэдүүлэгт тусгаагүй, тулгаж асууж мэдүүлэг авсан. Ганц нотлох гэж өгсөн бичлэгүүдийг хяналтын прокурор Ж.Баянжаргалын гүтгэлгээр шүүх шинжлэн судлаагүй асуудалд маш их гомдолтой байна. 3. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой. 2025 оны 1 дүгээр сарын 13-ны  өдөр дахин шинжээч томилуулан нэмэлт дүгнэлт гаргуулсан. Гэтэл шинжээч С.Энхцэцэг шинжээчийн дүгнэлтэд намайг нас барсан улмаар миний цогцост үзлэг хийсэн талаар бичсэн байдаг. Гэтэл прокурор нь уг асуудлыг хянаагүй зөрчил арилгуулах ямар ч тэмдэглэл хөтлөөгүй миний амьд явах эрхэд бүдүүлгээр халдаж гутаан доромжилсон асуудалд маш их гомдолтой байна. Мөн Б.Энхцолмонгийн 11374 дугаартай шинжээчийн дүгэлтэд эргэлзээтэй олон зүйл тусгагдсан байгааг үл тоомсорлон хяналтаа бүрэн тавиагүй намайг хохироосон. Үүнд дүгнэлт гаргасан эмч нарын дүгнэлтүүд зөрөөтэй, Си ди-1 рентген зураг үндэслэж гаргасан дүгнэлтийн Си ди хавтаст хэрэгт байхгүй нотлох баримтыг хэн хэзээ, хаана, устгасан талаарх тэмдэглэл байхгүй, Б.А-гийн “Мөнгөн гүүр” эмнэлэгт үзүүлсэн төлбөрийн ямар ч баримт хэрэгт авагдаагүй. Б.А-гийн хадам эцэг ....., хадам эх .......... нар Эх нялхсын эрүүл мэндийн төвд ажилладаг шинжээчийн дүгнэлт авчирч өгсөн рентген зураг, Си ди-ний гарал үүсэл хаанаас авч ирсэн талаар шалгаж хянаагүй. Гэтэл Б.А- нь 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Эх нялхсын эрүүл мэндийн төвд үзүүлсэн эмнэлгийн түүхтэй байгааг ямар шалтгаанаар тус эмнэлэгт үзүүлсэн талаар хянаж шалгаагүй. Мөн шинжээч эмчээс мэдүүлэг авсан байдаг. /хх1-129 тал/ Уг мэдүүлэг ч эргэлзээтэй, өөр хүнд зодуулсан асуудлаа надад тохох гэж гүтгэж цагдаагийн байгууллагад худал мэдүүлэг өгсөн байхыг үгүйсгэхгүй, энэ асуудлыг шалгаагүй. Ийм олон зөрүүтэй, эргэлзээтэй нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байхад шалгаагүй, хянаагүй ажилдаа хайнга, хайхрамжгүй хандсан, зөвхөн намайг яллах гэсэн зорилготой энэ хэрэгт ашиг сонирхлын зөрчилтэй оролцож байна гэж үзэн гомдол гаргаж байна. Иймд гомдлыг хүлээн авч үнэн зөв, шударга шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин шалгуулж өгнө үү. ...” гэв.   

Шүүгдэгч Т.Б-гийн өмгөөлөгч Н.Дашдулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, энэ талаар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо шүүгдэгч Т.Б- тодорхой тайлбарласан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” гэж, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох” гэж тус тус заасны дагуу хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч Н.Болортуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Шүүгдэгч Т.Б-гээс мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн сидиг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан. Шүүх хуралдаанд оролцогчид болон шүүх бүрэлдэхүүн, прокурор бүгд танилцсан. Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Шүүгдэгч Т.Б- шинжээчийн дүгнэлтэй холбоотой удаа дараа хүсэлт гаргасан учраас шинжээч эмчийг анхан шатны шүүх хуралдаан биечлэн оролцуулсан. Шүүх хуралдаанд шинжээч эмч хэргийн оролцогчдын асуултад тодорхой ойлгомжтой тайлбар өгсөн. Гэрч Батцэнгэлийн мэдүүлэгт “Орон сууц түрээсэлсэн айл бүртэй шүүгдэгч Т.Б- маргаан үүсгэдэг учраас түрээслэгчид тун удахгүй нүүдэг гэж” мэдүүлсэн. Мөн гэрч Хулан, гэрч Батцэнгэл нарын мэдүүлэг авагдсан. Шүүгдэгч Т.Б- орон сууцны хамгаалалтын хүнтэй цуг Б.А-г тагнаж, мөрдөж хууль бус үйл ажиллагаа явуулж, хүний эрхийг ноцтой зөрчсөн. Мөн насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг няцаагдаж байгаа талаар шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан. Харин нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй, насанд хүрээгүй гэрчийн эрхийг зөрчсөн талаарх асуудал байхгүй. Шүүгдэгч Б.А-гийн тухайд үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрдөг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан учир шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ж.Баянжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Яллагдагч яллах дүгнэлтийг гардаж авахаас татгалзвал энэ тухай тэмдэглэл үйлдэж, шаардлагатай бол дуу-дүрсний бичлэгээр баримтжуулж хэргийг шүүхэд шилжүүлнэ” гэж заасан. Шүүгдэгчид яллах дүгнэлт гардуулах явцад яллагдагч Т.Б- “би яллах дүгнэлтийг хүлээж авахгүй, гомдол гаргана” гэх байр суурьтай байсан учраас прокуророос тайлбар бичүүлж, гарын үсэг зуруулж авсан талаарх баримт хэрэгт авагдсан. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлаар шүүгдэгч Т.Б- удаа дараа гомдол гаргасан. Иймд Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар дахин дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж прокурор үзсэн. Мөн дээд шатны прокурорт удаа дараа гомдол гаргасан. Шинжээч эмчийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулсан. Шүүгдэгч Т.Б- мөрдөн шалгах ажиллагааны шатанд 3 Си Ди, гомдол хүсэлттэй холбоотой 4 Си Ди буюу нийт 7 ширхэг сидийг хэрэгт хавсаргуулахаар өгсөн. Уг Си Ди-г хэргийн оролцогчид болон шүүх нэг бүрчлэн үзэж танилцсан. Шүүгдэгч Т.Б- хэрэгт ажиллагаа явуулсан албан хаагч бүрд гомдол гаргадаг. “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгчийг хууль зөрчсөн, шинжээч эмчийг дүгнэлтээ үндэслэлгүй гаргасан, давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурорыг хууль зөрчсөн” гэх байдлаар удаа дараа гомдол гаргаж байна. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Т.Б-гийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол хууль зүйн шаардлага хангахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.   

Шүүгдэгч Б.А-, Т.Б- нарт холбогдох **** дугаар эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. 

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.

1. Б.А- нь 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 21 цаг 50 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Ц-ы 206 дугаар байрны 801 тоотод Т.Б-тэй “дуу чимээ гаргасан” гэх шалтгааны улмаас маргалдаж үснээс зулгаах, толгой, баруун гарын шуу хэсэг рүү удаа дараа цохих, нүүр рүү хумсаараа самардах зэргээр зодож биед нь уруулын дээд, доод хэсэгт шарх, баруун чамархайн хуйх, бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Т.Б нь 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 21 цаг 50 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Ц-ы 206 дугаар байрны 801 тоотод байх гэртээ Б.А-тай “дуу чимээ гаргаж, амгалан тайван байдал алдагдуулсан” гэх шалтгааны улмаас маргалдаж үснээс зулгаах, нуруу руу цохих зэргээр зодож, түүнийг шалан дээр савж унагаасны улмаас биед нь ахар сүүлний Со 1 нугалмын хугарал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас “...дуудлагын утас ****, ...дуудлагын утга: дээд давхрын 901 тоот айлын эмэгтэй хүн манай гэрийн хаалгыг нүдэж байгаад орж ирээд намайг өшиглөөд, нүүр маажаад гарлаа гэх дуудлага өгсөн огноо: 08/21/2024 22:4:14...” (1 дүгээр хавтаст хэргийн 12 дугаар хуудас),

-2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шүүгдэгч Т.Б-гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 18-21 дүгээр хуудас),

-хохирогч Т.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 8 дугаар сарын 21-ний орой 21 цаг 50 минутын үед манай гэрийн хаалгыг хүчтэй балбаад байлаа. Гадна камерын тусламжтай хүн таних боломжтой байдаг ч 7 настай хүүхэд унтаж байсан учир би аргагүй хаалгаа тайлж, утсаараа бичлэг хийхэд 901 тоотод түрээслэн суудаг охин гарч ирсэн. Би хаалгаа хааж оруулахгүй гэж оролдсон ч охин сонсмоор байна гээд байхаар нь оруулж, араас нь хаалга хааж орж ирсэн. Үүний улмаас би өөрийгөө хамгаалахаар охиныг түлхэж, гарын ар тал руу чиглүүлэн түлхсэн бөгөөд охин миний гар, толгой, нүүр рүү гар утас, хумсаараа цохиж, самардсан. Би бичлэгийг үргэлжлүүлж авсан. 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр дээд айлд гэр бүлийн хүчирхийлэл болж, аяга таваг хагарч эмэгтэй хүн уйлж, эрэгтэй хүн орилж байсан учир би цагдаад дуудлага өгсөн. Үүнээс хойш Б.А намайг залхаан цээрлүүлэх, паарны төмрийг хусах, шөнийн 2-3 цагт хаалга нээх, дээрээс үсэрч орох зэрэг зүйлүүд хийсэн. Би олон удаа мессеж бичиж эв зүйгээ олохыг хичээсэн. 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдөр гэр рүү нь ороход намайг давс цацаж, цавь руу өшиглөсөн. Би Б.Агийн биед гар хүрээгүй, зөвхөн биеэ хамгаалахын тулд зүүн гараараа гарын ар тал руу нь түлхэж цохисон. Энэ бүх үйл явдалд би маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 104-105 дугаар хуудас),

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 11154 дугаартай шинжээчийн: “Т.Б-гийн биед уруулын дээд, доод хэсэгт шарх, баруун чамархайн хуйх, бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон, уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой ба эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 дэх хэсэгт зааснаар хохирлын хөнгөн зэрэг, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 121-122 дугаар хуудас),

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн ЕГ0525/208 дугаартай шинжээчийн: “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11154 дугаартай дүгнэлт өөрчлөгдөхгүй, “Орбита” эмнэлгийн нүдний эмч ойрын харалган гэж оношилсон нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй байна...” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 141-142 дугаар хуудас),

-шүүгдэгч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...“2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр би Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Цы 206 дугаар байрны 901 тоотод найз Хулан, 3 настай хүү Марс нартай сууж байтал манай хүү тоглоомын машин унагачихсан бөгөөд ойролцоогоор 21 цаг 40 минут болж, доод айлаас паар нүдсэн тул миний хүү уйлаад нөгөө өрөөнд орж нуугдсан. Би доод айл руу очиж хаалга тогшин,  эгчээс паар яагаад нүдэж байгааг асуухад түүнийг камераараа бичиж байсан ба гэрт ороод үүд хэсэгт нь зогссон. Т.Б- хаалгаа дотроос нь хааж түгжсэн ба намайг ардаас хоёр удаа нуруу хэсэг рүү цохиж, би эргэж харсныхаа дараа хаагаад зогсоход тэр намайг дайран хоёр гараараа сарвалзаж, нэг гараараа утас барьсан. Би өөрийгөө хамгаалж Т.Б-г түлхсэн боловч тэр миний үснээс чангаар татаад би унасан, унасан үедээ өвдөлт мэдэрсэн ба дараа нь Т.Б- над руу дахин цохих гэж оролдсон. Орцонд зогсоход Т.Б- над руу хашгирсан, би гэртээ орсны дараа нуруу эвгүй байсан тул цагдаад дуудлага өгсөн. Магадгүй санаатай маажаагүй ч байж болно. Би өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрч, үйлдсэндээ харамсаж байна.”...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 177-178 дугаар хуудас),

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 740 дугаартай шинжээчийн “Т.Б-гийн 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинж нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас)

-хохирогч Б.А-гийн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан “...Хаалгыг нь цохиод онгойлгохоор нь та бас яагаад паар нүдээд эхлэв ээ, яг яаж нүдээд байдаг юм бэ, эвдэрч хагарлаа шүү дээ, хоёулаа орж сонсъё гэж хэлтэл намайг гэртээ оруулаад хаалгаа хааж цоожпоод шууд нуруу тус газар 2 удаа цохиж, үснээс зулгаагаад хана мөргүүлж, түлхэж унагаад гэрийн футволкны захнаас заамдаад чи хаалга яаж байгаа юм бэ гээд үл ойлгогдох юм яриад байсан, би босохдоо тэр эгчээс зуураад боссон. Энэ эмэгтэй нь ганц манай гэр бүлийг биш, яг энэ байрыг түрээсэлж байсан бүх айлд ийнхүү гомдол гаргаж, эсвэл дарамталж мөнгө авдаг гэж түрээслүүлэгч эгч хэлж байсан. Мөн айлуудыг шөнө гэрэл нь асаалттай байвал энэ айл үйлдвэрлэл явуулж байна, эсвэл хүүхэд харах үйлчилгээ явуулж байна гэх мэтчилэн худал дуудлага өгдөг байсан гэдгийг түрээслүүлэгч Б.Мажигсүрэн эгч хэлдэг. Миний бие гэртээ хүүхдээ хардаг, нөхөр ажил хийдэг, одоо толгой, сав байнга өвдөж сэтгэл зүйн хүнд дарамтад байна. Гэртээ буюу төлбөрөө төлөөд амьдарч байгаа газраа амьсгалах ч эрхгүй байгаа тул уг эмэгтэйд хуулийн дагуу сануулж, хариуцлага тооцож өгнө үү..." гэх гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 13 дугаар хуудас),

-гэрч Д.Хулангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...901 тоотод Б.А болон түүний хүүхэд Марс бид гурав байж байсан. Тэгээд Б.А бид хоёр зочны өрөөний буйдан дээр юм ярилцаад сууж байтал Марс хажууд өөрийн тоглоомон машинаараа тоглоод байж байсан ба Марс нь тухайн машинаа шалан дээр унагахад бага зэргийн чанга чимээ гарсан. Удалгүй тухайн айлын паарыг доод айлаас маш хүчтэй нүдээд цохиод байхыг Б.А бид хоёр сонссон. Би тухайн үед маш их цочоод айгаад гайхаад сууж байтал Марс унтлагын өрөө рүүгээ уйлаад цочоод гүйгээд явсан. Б.А 22 цаг болоогүй байхад яагаад ингэж паар нүдээд байгаа юм бол доод айлын эмэгтэй намайг байнгын доошоо буугаад сонс гээд байдаг, намайг залгахаар чи дээрээс Марсын саяны тоглоомыг унагаагаарай би сонсъё гэж надад хэлээд гэрээсээ шууд гэрийнхээ хувцастайгаа гараад явсан. Түүнээс хойш миний санаж байгаагаар 3 минут орчим би Б.А-г залгахыг нь хүлээж байсан. Удалгүй 3 минутын дараа Б.А гаднаас орж ирсэн бөгөөд түүнийг харахад маш их айж сандарсан байдалтай байсан ба надад хэлэхдээ би сая доод айл руу орсон чинь миний өөдөөс бичлэг хийж байсан, би манай гэрт хүн байгаа, би ямар чимээ гараад байгааг сонсъё гэж тухайн эгчид хэлээд гэр рүү нь орсон чинь намайг гар утсаараа бичиж байгаад шууд гар утасныхаа бичлэгийг зогсоогоод шууд нуруу руу маань гараараа цохихоор нь би эргэж харахад намайг хүчтэй түлхээд би арагш бөгсөөрөө эвгүй уначихлаа гэж надад хэлсэн. Би буйдан дээр нь сууж байсан ба Б.Агийн нурууг бага зэрэг илсэн. Удалгүй цагдаа хаалга тогшиж, орж ирээд Б.Атай уулзаж байгаад явсан. Түүнээс хойш Б.А-тай уулзаагүй байж байтал 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Б.А над руу залгаад чи завтай байна уу, хоёулаа өнөөдөр эмнэлэг хамт оръё гэж надаас гуйж “Мөнгөн гүүр” гэх нэртэй эмнэлэгт үзүүлэхэд Б.А-гийн ахар сүүл нь хугарсан байх магадлалтай гэж үзсэн. ...Б.А-гийн биед ил харагдах шарх гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудас),

 -Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 11374 дугаартай шинжээчийн “Б.А-гийн биед ахар сүүлний Со 1 нугалмын хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, дарах механизмаар үүснэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1 дүгээр зүйлд зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 127-128 дугаар хуудас),

-шинжээч Б.Энхцолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.А-гийн биед үүссэн дээрх Со 1 нугалмын хугарал гэмтэл нь хүчтэй уналтын улмаас үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 129-130 дугаар хуудас),

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 344 дугаартай шинжээчийн “Хохирогч Б.А-гийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинж илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 156-157 дугаар хуудас),

-шүүгдэгч Т.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2024 оны 8 дугаар сарын 21-ний орой 21 цаг 50 минутын үед 901 тоот айлын хаалга хүчтэй балбаад, манай 7 настай хүүхэд унтаж байсан тул би аргагүй хаалгаа тайлж гар утсаараа бичлэг хийж эхэлсэн. Энэ үед дээд айлын Б.А миний араас орж ирээд, намайг үснээс зулгааж доош суулгасан бөгөөд гар утас, толгой, нүүр рүү цохиж, хумсаараа самардсан. Би өөрийгөө хамгаалахаар зүүн гараараа түүний гарын ар тал руу түлхэж, цохисон боловч санаатай биед нь халдаагүй. Мөн би 2024 оны 2 дугаар сараас 08 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 901 тоот айлд гэр бүлийн хүчирхийлэл, шил шаазан хагалах, шөнө дуу шуугиан гаргах зэрэг үйлдэл байнга гарсныг мэдэрч, хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахаар олон удаа анхааруулсан ч үр дүнд хүрээгүй. 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүүхдийн өрөөний хүрээ мод нурж унаж, 05-ны өдөр давс, паар, төмрөөр халдаж, над руу өшиглөж, гар самарсан үйлдлүүд гарсан. Эдгээр үйл явдал нь миний эрүүл мэнд, сэтгэл санаанд мөн 7 настай хүүхдэд маань сэтгэл зүйн цочрол учруулсан. Би Б.Агийн биед санаатайгаар халдаагүй бөгөөд зөвхөн биеэ хамгаалахаар үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Мөн уг явдалтай холбоотой бичлэгийг гар утсаараа баримтжуулсан бөгөөд үйл явдлыг нарийн цаг хугацаатайгаар бичсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 170-173 дугаар хуудас, 181-182 дугаар хуудас) зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Т.Б- нь ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн бөгөөд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн шаардлагын дагуу яллах болон өмгөөлөх талуудыг шүүх хуралдаанд тэгш эрхтэйгээр оролцуулж, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн зөв дүгнэлт хийжээ.

Тодруулбал: шүүгдэгч Т.Б- нь Б.А-тай “дуу чимээ гаргаж, амгалан тайван байдал алдагдуулсан” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний үснээс зулгаах, нуруу руу цохих зэрэг бие махбодод халдсан үйлдлээр шалан дээр унагаж улмаар Б.А-гийн ахар сүүлний Со1 нугалам хугарах гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан болохыг тогтоосон байна. Анхан шатны шүүх уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зөв зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг өөрчлөх эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.  

3. Шүүгдэгч Т.Б- “...анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагаа болон прокурор, шинжээчийн дүгнэлт хуульд нийцээгүй, шүүгдэгч Б.А- худал мэдүүлэг болон нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэн өгсөн, миний эрхийг хязгаарласан тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.  

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...миний бөгсөн хэсэг халуу дүүгээд өвчин ороод ахар сүүлний хавиар эвгүй болоод өвдөөд эхэлсэн..." гэх мэдүүлэг, гэрч Д.Хулангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.А надад хэлэхдээ миний нуруу өвдөөд байна эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй болчихлоо гэж хэлэхэд нь бид хоёр эмнэлэгт үзүүлсэн бөгөөд эмнэлгээс онош тавьсан...” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 11374 дугаартай шинжээчийн “...1 .Б.А-гийн биед ахар сүүлний Со 1 нугалмын хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, дарах механизмаар үүснэ. З.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт, шинжээч Б.Энхцолмонгийн “...Б.А-гийн биед үүссэн дээрх Со 1 нугалмын хугарал гэмтэл нь хүчтэй уналтын улмаас үүсэх боломжтой, бөгсөн биеэрээ унахад тус гэмтлийг авч болно. Хугарал авсан хүн огт хөдөлгөөн хийхгүй байна гэж байхгүй, идэвхтэй хөдөлгөөн хийж болно, мөн хавтаст хэрэгт зураг нь авагдсан хүмүүсээс таних хүн байхгүй, ямар нэгэн байдлаар бусдын нөлөөнд автаж дүгнэлт гаргаагүй...” гэх мэдүүлэг зэрэг бусад бичгийн нотлох баримтуудтай тохирсон ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бэхжүүлж, үнэлэх ажиллагааны явцад хуульд заасан журмыг зөрчөөгүй байна. Мөн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэл хэргийн баримтуудаар тогтоогдоогүй болно.  

Түүнчлэн, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд Б.А-г худал мэдүүлсэн, хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэж дүгнэх нөхцөл байдал тогтоогдохгүй, энэ талаар дахин шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлэхдээ насанд хүрээгүй гэрчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг үнэлээгүй байгаа нь үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

4. Иймд шүүгдэгч Т.Б-гийн гаргасан “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/2043 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.МӨНХТУЛГА

                                               ШҮҮГЧ                                         П.ГАНДОЛГОР

                                               ШҮҮГЧ                                         Л.ОДОНЧИМЭГ