| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0110/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/134 |
| Огноо | 2018-06-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2018/ШЦТ/134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Д.Цогжавхлан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа,
Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Цогжавхлангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******эд холбогдох 1814002120094 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,Хадныхан овогт *******,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...
Хохирогч *******ийн...Би 2018 оны 03 дугаар сарын 28-ны орой хадам ээжийн гэрийн гадаа унтаж байсан чинь Г гэр лүү чирж оруулаад орилоод зодоод байсан гэсэн. Би тухайн үед ухаанаа алдтал согтсон байсан. Маргааш өглөө нь архи гараад сэрсэн чинь хамаг бие өвчин болсон байхаар нь эхнэрээсээ асуусан чинь Г чамайг зодсон. Би салгах гээд дийлээгүй гээд манай эхнэр ******* хэлсэн. Манай эхнэр шөнө эмч дуудаж үзүүлсэн гэсэн би ерөөсөө мэдээгүй. Тэгээд маргааш өглөө нь эмнэлэгт хэвтсэн. Г бид хоёр тухайн үед хоёулаа согтуу байсан. Гтэй урьд өмнө нь хэрүүл маргаан хийж байгаагүй. Г манай төрсөн дүүгийн хүүхэд байгаа юм. Би зодуулж байгаагаа ерөөсөө мэдээгүй. Манай эхнэр хажууд байсан гэсэн, толгой болон цээж рүү өшиглөөд байсан гэсэн. Өглөө сэрсэн чинь толгой цээжээр нэлээн өвчтэй байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-19/,
Гэрч Г.*******ын ... Манай нөхөр хашаандаа ээжийн гэрийн гадаа унтаж байсан чинь манай хашаа руу манай нөхрийн дүүгийн хүүхэд болох Г гэдэг залуу орж ирээд манай нөхрийг чирээд гэр лүү оруулж байгаад зодсон. Нүүр нүд рүү нь болон толгой цээж рүү нь өшиглөөд зодоод байсан. Салгах гэтэл би дийлэхгүй байсан. Тэгэхээр нь би *******, *******,******* нарыг дуудсан. Тэгээд тэд нартай хамт нийлж байж салгасан. Тэгээд нөхрөө харсан чинь цусандаа холилдсон байхаар нь эмнэлэг дуудсан. Дараа нь цагдаа дуудаж Гийг бариулсан. Г нь манай нөхрийн цээж болон толгой руу нь дэвсээд байсан, бас өшиглөөд гараараа цохиод байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26/,
Гэрч Т.*******гийн ... Би гэртээ байж байсан чинь Б ахын эхнэр ******* эгч манай хаалгыг цохиод Г ахыг чинь зодоод байна гэхээр нь би та нар салгахгүй яасан юм бэ гэсэн чинь ах дүү хүмүүс өөрсдөө мэдэж байгаа байх гээд байсан. Гэрт нь орсон чинь манай ах ******* орон дээрээ хэвтэж байсан. Гийг******* нөхөртэйгээ газар дараад сууж байсан. Тэгээд би Гийг авч гэртээ оруулж ирээд байж байтал цагдаа ирээд Гийг аваад явсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-31/,
Гэрч гийн ... 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр эмнэлэг дээр байж байсан чинь эгч ирж намайг аваад Б ахынд очиход Б гуай орон дээрээ хэвтэж байсан, согтуу өвчин зовиураа мэдэхгүй байсан, даралт нь өндөр байсан, толгойны арын хэсэгт язралт үүссэн байсан, тариа хийсэн шингэн залгасан, өвчин намдаах тариа хийсэн, тэгээд гэрт нь үлдээгээд явсан. Маргааш нь эмнэлэгт хэвтсэн, аймгаас 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Эрчулуун эмч ирж үзсэн. 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр эмч ирээд үзээд явсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-37/,
Шүүгдэгч *******ийн ... Би 2018 оны 03 дугаар сарын 28-ны 20 цагийн үед Б ахын хашааруу ороход Б ах согтуу хашаандаа унтаж байхаар нь би гэрлүү нь чирч оруулаад зодчихсон юмаа. Би тухай үед согтуу байсан. Б ахыг архи уугаад байхаар нь уур хүрээд зодсон. Б ах байнга архи уудаг болохоор зодож загнавал гайгүй болж магадгүй гэж бодоод зодсон. Намайг Б ахыг зодож байхад ******* эгч *******, ******* эгч, ,******* нар салгасан. Тэгээд удалгүй байж байсан чинь цагдаа ирж авч явсан. Цагдаагийн газар байж байгаад хөдөө гэрлүүгээ явсан. Маргааш нь Б ах эмнэлэгт хэвтсэн байсан. Б ах согтуу байсан. Би нэлээн согтуу байсан Намайг Б ахыг зодож байхад ******* эгч л байсан гэрт нь өөр хүн байгаагүй. Тэгээд******* нар орж ирээд намайг салгаад байж байсан чинь ******* эгч ******* ******* нарыг дуудсан байсан. Тэд нараас өөр хүн байгаагүй, би хохирогч *******ийн эмчилгээний зардал болон Баянхонгор аймаг авч явж үзүүлсэн бүх зардлыг нь төлсөн нийт 700 орчим мянган төгрөгийг төлж барагдуулсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 сарын 16-ны өдрийн 264 дугаартай шинжээчийн ... *******ийн биед тархи доргилт, дагзны шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй гэмтэл болно. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ... гэсэн дүгнэлт /хх-ийн 52-53/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч ******* шүүгдэгч ******* нар эвлэрч, эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 104 дүгээр талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч овогт *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******эд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******эд мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА