| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 2503003750715 |
| Дугаар | 2025/ДШМ/1229 |
| Огноо | 2025-10-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2025/ДШМ/1229
2025 10 28 2025/ДШМ/1229
Ж.С-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Одонтуяа /цахимаар/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ачиймаа,
шүүгдэгч Ж.С-, түүний өмгөөлөгч Г.Эсэн,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1952 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эсэн давж заалдах гомдол гаргасныг үндэслэн Ж.С-т холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ж.С Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо Баруун салааны 28 дугаар хэсгийн гудамж ****тоотын баруун талын шороон замд 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 09 цаг 15 минутын үед Hyundai HD-120 маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23, Хүн тээвэрлэх. 23.1. Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно. 10. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. 10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй. 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Нэг. Тоормосны систем 1.1. Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх” гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас хохирогч Ж.Мэлсийг дайрч, түүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн Прокурорын газрын прокуророос Ж.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Ж.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс тоолж эдлүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж,
хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эсэн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Ж.С-т оногдуулсан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 2 жил гарахгүй байх” шийдвэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго болох гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирлыг нөхөн төлүүлэх зэрэг бусад зорилгод нийцээгүй, зөвхөн цээрлүүлэх шинжтэй байна гэж үзэж байна. Энэ шийдвэр нь шүүгдэгчийн Үндсэн хууль болон бусад хуульд хамгаалагдсан язгуур эрх, тухайлбал эрүүл мэндийн тусламж авах, хөдөлмөр эрхлэх, гэр бүлээ тэжээх зэрэг эрхийг ноцтойгоор хязгаарласан. Мөн Ж.С- нь “Панголин Дриллинг” ХХК-д автомеханик-инженерийн албан тушаалд 2023 оноос хойш тогтмол ажиллаж, нийгмийн даатгалаа тасралтгүй төлж байгаа нь нотлогдсон боловч шүүхээс энэ нөхцөлийг харгалзан үзээгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй гэж өмгөөлөгч үзэж байна. Түүнчлэн уг хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг арилгасан нь мөн хуулийн 6.5, 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд багтдаг боловч анхан шатны шүүх энэ бүхнийг үнэлээгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан шаардлага хангагдаагүй гэж үзэж, шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж” өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ж.С- тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбаргүй. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хохирол төлбөрөө авч байгаа ...” гэв.
Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтээ “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад
-амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ажил дээрээ байх үедээ бага дүү Мэлс автомашины ослын улмаас нас барсан тухай мэдээ сонсоод Замын цагдаагийн газарт очиход талийгчийн хамт ажилладаг, осол гаргасан жолооч байсан. Түүнээс болсон явдлын талаар тодруулахад “машин шарвах үед дугуйн доор эвээс хийх гэж байгаад халтирч унасан бололтой, нарийн мэдэхгүй” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30/,
-гэрч Б.Амартүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн оройн цагаар ажил дээрээ байх үед Түмэнжаргал надаас маргааш өглөө “Баруун салаа”-д барилгын турба болон хуванцар хоолой буулгах ажлын явцад замыг харж өгөхийг гуйхад зөвшөөрсөн. Маргааш 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өглөө 8 цагт ажлын талбайд ирэхэд талийгаач Мэлс болон Ж.С нар аль хэдийн ирсэн байсан. Бид “Баруун салаа”-нд очиж, машиныг байрлуулан явсан. Цас ороод, зам гулгаатай байсан тул Ж.С ах талийгчийн машинд унахаас хамгаалж замыг гаргах гэж оролдож байсан. Машин зүтгэж гарч чадаагүй тул би өөрийн жолоодож явсан Land Cruiser 105 (Ланд крузер) машиныг Ж.С ахын машины зүүн талд байрлуулж, чирэгчээр холбож туслахыг оролдсон. Бид талийгч болон Ж.С ахтай хамт чирэгч холбож, би чирэгчээ чангалж эхэлсэн боловч машины хөдөлгөөн гулсаж, тогтвор муутай хэвээр байсан. Ж.С ах машиныг зүтгүүлэн замын ховилоос гаргахаар оролдож байхад машин хөдлөж, замын дээд хэсэг рүү гарч, айлын хашаа мөргөсөн. Би машиныхаа хойш хэсгийг ухрааж, Ж.С ахын машины хойд хэсгийг татаж байхад талийгч Мэлс алга болсон байсан тул би түүнийг “Мэлс ах аа” хэмээн дуудахад хариу өгөөгүй тул талбайд эргэн очиж хайсан. Машины доогуур харахад баруун хойд дугуйны урд хэсэгт эвүүр/палк болон цасан дээр куртик/хувцас шиг зүйл үзэгдсэн тул би хурдан гүйж очиж шалгатал талийгчийн бие доошоо харсан, толгой нь нүүрээрээ цас руу шигдсэн байдалтай байсан. Би эхлээд талийгчийн амьсгалыг шалгахаар гарын алгыг мөрөн дээр нь тавихад цээжин хэсэгт цус байсан. Талийгчийн зүүн гар дугуйны гадна талд хавчуулагдсан байсныг олж, би гараар түүнийг татаж гаргахыг оролдсон ч дийлээгүй. Би олон удаа “С ах аа” гэж дуудахад Ж.С ах машинаас бууж ирээд талийгчийн хүзүүний судсыг шалгаад “ахын дүү нас барсан байна” гэж хэлсэн. Талийгчийн гар машин дор хавчуулагдаж гарахгүй байсан тул Ж.С ах машинаа бага зэрэг ухрааж, дор нь байсан палкийг арилгаж, би талийгчийн гарийг сэгсэрч татаж авч чадсан. Дараа нь Ж.С ах цагдааг утсаар дуудсан. Цагдаагийн байгууллагад тухайн үед шууд мэдэгдсэн. Би дээрх үйл явдлыг өөрийн харснаар мэдүүлж байна, ослын талаар өөр нарийн дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58/,
-иргэний нэхэмжлэгч, хариуцагч Н.М-нмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн тээврийн хэрэгслийг манай жолооч Ж.С- байнгын жолоодож ажлаа хийдэг бөгөөд манай байгууллагын дотоод журмаар жолооч нар байгууллагын хашаанаас тээврийн хэрэгсэл авч гарахдаа надад бүртгүүлээд мэдэгдээд ажилдаа гардаг. Тухайн осол болдог өдрийн өглөө Ж.С ах ажил цуглахаас өмнө амжуулаад хүргэж өгөх санаатай надад мэдэгдээгүй жолоодоод гарсан байсан. Ослын улмаас миний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Манай байгууллагын зүгээс амь хохирогчийн ар гэрт оршуулгын зардал, сэтгэл санааны хохирол, мөн талийгаачийн 2 хүүхдийн сургалтын төлбөр, ирээдүйн хадгаламж зэрэгт нийт 65.000.000 төгрөгийг төлж барагдуулахаар гэрээ байгуулан эхнээс нь төлөөд явж байгаа...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 52-55/,
-шинжээчийн 1424 дугаартай дүгнэлтэд: “Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр духны баруун хэсгээс баруун ухархайн дээд хана, турк эмээлийг дайрч, турк эмээл бяцарсан, турк эмээлээс зүүн урагш суурь ясны их далавчийг дайрч зүүн чамархай хүрсэн, арагш зүүн чулуулаг ясны дээд ханаар зүүн чамархай хүрсэн хугаралтай, их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэн, гүүр, уртавтар тархи, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн уушги, гуурсан хоолой, үнхэлцэг хальс, зүрх, элэгний урагдаж бяцарсан шарх, уушгины эдийн няцрал, гол судасны тасрал, голтын цус хуралт, сээрний 4-р нугалмын шахагдсан хугарал, хоёр талын олон хавирганы хугарал, баруун сүүжний тогооны бяцарсан хугарал, эрүү ясны салсан хугарал, дээд уруул, баруун хацар, баруун шанаа, эрүү, зүүн шуу, баруун ташаа, баруун цавинд зулгаралт, зүүн чихний дэлбэн, омог, цээж, зүүн мөр, бугалга, зүүн тохой, зүүн сарвуу, хэвлий, баруун ташаа, баруун гуя, баруун тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь хохирогчид шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь гавал тархи, цээж, хэвлийн аарцаг ясны хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цаг 20 минутын цогцост үзлэг хийх үед нас бараад 8-9 цаг орчим болсон байжээ. Амь хохирогч нь 1-р бүлгийн 7. Цус, ходоодны шингэн, шээсэнд спиртийн агууламж илрээгүй байна. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй”... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 66-73/,
-шинжээчийн ЕГ0325/3015 тоот дүгнэлтэд: “ирүүлсэн дээж цусанд спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Ж.С- 2025.04.11” гэж хаягласан хуруу шилтэй дугаартай цусны дээжээс спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 82-83/,
-Автотээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч Г.Батболдын гаргасан 2025 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 206 дугаартай дүгнэлтэд: Хундай Эйч Ди-120 /Hyundai HD-120/ маркийн 00-00 УУУулсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 9300CD, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 32500CD, зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 4300сб, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 11200CD байна. Зүүн гар талын гэрлийн тусгал чадал стандартын шаардлага хангахгүй байна. Зүүн гар талын гэрлийн тусгал чадал стандартын шаардлага хангахгүй байна. Хийн дамжуулгат тоормосны системтэй. Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 12.72кН, баруун талдаа 12.92кН, зөрүү нь 2% (стандарт <20%), 2-р тэнхлэг дахь дугуйн тоормосны хүч зүүн талдаа 16.48кН, баруун талдаа 0.91 кН, зөрүү нь 944%, Тээврийн хэрэгслийн 2-р тэнхлэгийн тоормос хүч авто тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн стандартын шаардлага хангахгүй байна... Зогсоолын тоормос зогссон. Уг тээврийн хэрэгсэл нь 2022 онд техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй. 2023 онд техникийн хяналтын үзлэгт орсон тэнцсэн байна. 2025.04.25-ны өдөр оношилгооны хугацаа дуусна. Тээврийн хэрэгслийн анхааруулах дуут дохио буюу сигнал ажиллахгүй жолоочийн самбаачлах зайнаас хол механик хэлбэрээр байрлуулсан байна”... гэжээ. /хавтаст хэргийн 115-121/,
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-11/, дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 5/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-14/,
-жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-20/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 21-24/,
-хохирлын баримтууд /хавтаст хэргийн 125-144/,
-тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 145/,
-мөрдөгчийн 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 887 дугаартай магадалгаа / хавтаст хэргийн 152-154/,
-шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 172-180/, зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Ж.С-ын дээрх үйлдлийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн зөв хэрэглэсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ж.С-ын авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Түүнчлэн, шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.С-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эсэнгээс “...шийтгэх тогтоолын зарим хэсэгт өөрчлөлт оруулах, түүнд оногдуулсан ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ял болгон өөрчилж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий болон тусгай ангийн холбогдох заалтыг баримтлан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг цогцоор нь харгалзан үзэж, ялын төрөл, хэмжээг зүй зохистой тогтоох үүрэгтэй. Энэ нь Эрүүгийн хуулийн шударга ёсны болон ял оногдуулах зарчимд нийцсэн байдлаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндсэн шаардлага юм.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд тухайн хуулийн заалтыг хэрэглэх эсэхийг тодорхойлох эрхийг олгосон заалт бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.С-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь гэмт хэргийн шинж чанар, учирсан хохирол, хор уршиг, түүний хувийн байдлыг харгалзан үзсэн, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Гэсэн ч шүүх шүүгдэгч Ж.С-т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа зорчих эрхийг хязгаарлах ялын талаар хуульд тусгайлан заасан ойлголт, уг ялыг хүлээлгэх үндэслэл, журам, зарчмыг үндэслэлтэй тайлбарлан хэрэглэж чадаагүйн улмаас уг ялын хүрээ, хязгаарыг оновчгүй тодорхойлж, Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан шүүгдэгчийн хөдөлмөрлөх эрхэд шууд нөлөөлөхүйц дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ.
Тодруулбал: Уг ялыг оногдуулахдаа Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох байдлаар ялын бүсчлэлийг тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С-т 2 жилийн хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа Сонгинохайрхан дүүрэг болон ажлын байр байрлаж байгаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн хооронд зорчих, гарч явахыг хориглох, шаардлагатай тохиолдолд буюу эрүүл мэндийн тусламж үйчилгээ авахдаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүрэг хүлээлгэхээр өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт буюу тогтоолын 6 дахь талд шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар дүгнэж бичихдээ “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, ...” гэж дүгнэж, тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн атлаа 4 дэх заалтад “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар...” гэж зөрүүтэй байдлаар техникийн шинжтэй алдаа гаргаж бичсэнийг анхан шатны шүүхэд анхааруулан дүгнэж байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.С-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж заасан хугацааны доод хэмжээгээр хасаж шийдвэрлэсэн байх тул давж заалдах шүүхээс шийтгэх тогтоолд гарсан техникийн шинжтэй алдааг зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1952 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эсэнгийн давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1952 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.” гэснийг
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг болон ажлын байр байрлаж байгаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн хооронд зорчих, гарч явахыг хориглох, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр эрүүл мэндийн тусламж үйчилгээ авах зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.” гэж,
- 4 дэх заалтад “...шүүгдэгч Ж.С-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс тоолж эдлүүлэх, ...” гэснийг
“...шүүгдэгч Ж.С-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс тоолж эдлүүлэх, ...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.С-ын өмгөөлөгч Г.Эсэнгийн давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангасугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ