2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Тогтоол

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 192/ШШ2026/01154

 

 

 

 

 

 

 

 

     2026            01               26                                          192/ШШ2026/01154

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                                                                    

Нэхэмжлэгч Д.Батчойж нь Д.Бат-оньсыг сураггүй алга болсонд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Миний дүү Дүгэрсүрэнгийн Бат-Оньс нь гэмт хэрэг хийсний улмаас ял эдэлж байгаад 1981 онд ээж, аавд ялын дээд хэмжээ авсан гэж утсаар мэдэгдсэн бөгөөд шүүхээс ямар ч тогтоол шийдвэр өгөөгүй. Улсын бүртгэлтийн газраас нас барсны лавлагаа авах гэж 2024 онд хандахад төрснөөс өөр ямар ч бүртгэлгүй байсан. Иймд Цагдаагийн Ерөнхий газрын архив, Архивын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн архив Прокурорын эрүүгийн хэргийн архив зэргээр явж шүүхийн тогтоолыг олох гэсэн боловч бүгд байхгүй гэсэн. Иймд цаашид тодруулах газаргүй болсон тул Д.Бат-Оньсийг сураггүй алга болсонд тооцож өгнө үү. Манай ээжийн нэр дээр байдаг газрын өв залгамжлалийн асуудлыг шийдвэрлэх гэтэл дүү Д.Бат-оньс байхгүй учраас шийдвэрлүүлж чадахгүй байгаа.” гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, оршин суугаа газрын тодорхойлолт, Д.Батжаргалын тодорхойлолт, Д.Батжаргалын иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Батцэцэгийн тодорхойлолт, Д.Батцэцэгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Бат-Оньсын ээждээ хандаж бичсэн захидал, Бат-Оньсын төрсний бүртгэлийн лавлагааг ирүүлсэн.

 

Шүүхийн журмаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс Дүгэрсүрэнгийн Бат-Оньстой холбоотой баримт, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас Дүгэрсүрэнгийн Бат-Оньстой холбоотой лавлагаа болон оршин суух хаягийн мэдээлэл, үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа, Хил хамгаалах Ерөнхий газраас Дүгэрсүрэнгийн Бат-Оньсын 1981 оноос  2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Монгол Улсын хилээр орж, гарсан лавлагаа, Авто тээврийн үндэсний төвөөс Дүгэрсүрэнгийн Бат-Оньсын нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлтэй эсэх лавлагаа, Арилжааны банкуудаас Дүгэрсүрэнгийн Бат-Оньсын зээлийн, харилцах, хадгаламжийн данс эзэмшдэг эсэх баримт, Нийгмийн даатгалын Ерөнхий газраас Дүгэрсүрэнгийн Бат-Оньсын нийгмийн даатгал төлдөг эсэх лавлагаа, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Дүгэрсүрэнгийн Бат-Оньсын хорих ял эдэлж байсан эсэх баримтуудыг, хорих ял эдлүүлэх албаны 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02-03/245 тоот албан бичиг, Эрүүгийн хэргийн тусгай архивын 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 641 тоот албан бичиг, Улаанбаатар хивс ХК-ийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2 тоот албан бичиг, Архивын Ерөнхий газар Үндэсний төв архивын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03/1351 тоот албан бичиг, лавлагаа, Хивсний үйлдвэрийн даргын тушаал, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 6/142 тоот албан бичиг хуулбар, Д.Бат-Оньсын төрсний болон иргэний паспорт олголтын баримтын хуулбарыг гаргуулан авсан. 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Д.Батчойж нь өөрийн дүү Д.Бат-оньсыг сураггүй алга болсонд тооцуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1. “Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ”, 133.1.2 “хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах”, 137.1-т “Иргэнийг сураггүй алга болсонд тооцуулах буюу нас барсан гэж зарлуулах тухай хүсэлтийг уг иргэний сүүлчийн оршин сууж байсан газрын шүүхэд, хэрэв сүүлчийн оршин сууж байсан газар нь мэдэгдэхгүй бол сүүлчийн ажиллаж байсан газрын харьяалах шүүхэд гаргана”, 137.2-т “Сураггүй алга болсонд тооцуулах буюу нас барсан гэж зарлуулахыг хүсч байгаа зорилго, түүнчлэн иргэнийг сураггүй алга болсныг батлах байдал, эсхүл түүнийг нас барсан буюу амь үрэгдсэн гэж үзэх үндэслэлээ хүсэлтэд зааж, нотлох баримтыг хавсаргана” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлт нь хуулийн дээрх заалтад хамаарах тул шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

4.1 Дүгэрсүрэнгийн Бат-Оньс нь 1957 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотын 24-р хороо, төрөх тасагт төрсөн.(хавтаст хэргийн 29 дэх тал)

 

4.2. Дүгэрсүрэнгийн Бат-Оньс нь Улаанбаатар хотын Сүхбаатарын район 7-р хороо, 2-р 40000-тын 22-р байр 25 тоот хаягт оршин суудаг байсан.(хавтаст хэргийн 50  дахь тал)

 

4.3. Ноосны үйлдвэрийн нэгдлийн Вильгелм Пикийн нэрэмжит Хивсний үйлдвэрийн даргын 1981 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 15 дугаартай тушаалаар Д.Бат-Оньс нь хивс эргүүлэгчийн ажилд, Ноосны үйлдвэрийн нэгдлийн харьяа Хивсний үйлдвэрийн захиргааны 1981 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 112 дугаартай тушаалаар Д.Бат-Оньс нь хивс огтлох машин баригчийн ажилд томилогдож ажилласан.(хавтаст хэргийн ... дэх тал)

 

4.4. 1981 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатарын Районы цагдан сэргийлэх хэлтсээс Д.Бат-Оньст УБ064060 дугаартай паспорт олгосон.(хавтаст хэргийн 51 дэх тал)

 

4.5. Ноосны үйлдвэрийн нэгдлийн харьяа Хивсний үйлдвэрийн захиргааны 1981 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 138 дугаартай тушаалаар Д.Бат-Оньс нь хатуу донгодуулах арга хэмжээ авагдсан.(хавтаст хэргийн ... дэх тал)

 

5. Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.Оршин суугаа газраасаа алга болсноос хойш хоёр жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй, сураг чимээгүй болсон иргэнийг сонирхогч этгээдийн хүсэлтээр, шүүх сураггүй алга болсонд тооцож болно” гэж заасан.

 

“Сураг чимээгүй болсон” гэж байнга амьдарч байсан газраасаа тухайн иргэн өөрийн хүсэл зоригийн дагуу санаатайгаар алга болоогүй, байнга амьдарч байсан газраасаа алга болсноос хойш 2 жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй, сураг чимээгүй байгаа” тохиолдолд тухайн иргэнийг сураггүй алга болсонд тооцох хууль зүйн үйл явдал бий болсон гэж үзэх бөгөөд Д.Бат-Оньс нь ямар нэгэн хөрөнгө өмчилдөггүй, арилжааны банкуудад данс эзэмшдэггүй, хилээр зорчсон мэдээлэл байхгүй, гэмт хэрэг зөрчилд холбогдож, ял шийтгэгдсэн талаар мэдээлэлгүй, оршин суугаа газар нь тодорхойгүй, хамгийн сүүлд 1981 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн байдлаар Хивсний үйлдвэрт ажиллаж байсан зэргээс үзэхэд Иргэний хуулийн 23 дугаар зүйлйин 23.1 дэх хэсэгт заасны дагуу Дүгэрсүрэнгийн Бат-Оньсыг сураггүй алга болсонд тооцох үндэслэлтэй байна.

 

6. Д.Бат-Оньсын нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө байхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 1957 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн Дүгэрсүрэнгийн Бат-Оньсыг сураггүй алга болсонд тооцсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигч хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                         Ш.ОТГОНБАЯР