Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
Хэргийн индекс | 186/2018/0228/Э |
Дугаар | 257 |
Огноо | 2018-04-10 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 257
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн даргаар О.Отгонцэцэг,
улсын яллагч Б.Байгалмаа,
шүүгдэгч П.Н, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж /№2604/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт П.ийн Н.д холбогдох 1811001880143 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1977 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 41 настай, дээд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Шангри-Ла зочид буудалд тогооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогт П.ийн Н /РД- ЧМ77082171/
Холбогдсон хэргийн талаар: П.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 02 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сурагчийн 43 дугаар гудамжинд хохирогч О.Алтангэрэлийг цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
яллагдагчаар П.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би зам дээр бөөлжөөд сууж байхад манай хөрш айлын залуу намайг бос гээд татахад би зөрүүлээд тэр залуугийн хувцасны энгэрээс зууралдаад бид хоёр маргалдаж байгаад салсан. Тэгээд би гэрлүүгээ ороод хувцасаа солиод бөөлжих гээд гарахад манай сул байсан 2 нохой хашаанаас гараад хөрш айлын эрэгтэй эмэгтэй хоёр дээр очсон байхаар нь нохойгоо авах гэж очоод бид хоёр маргалдаж зууралдаж байхад манай нохой хөрш айлын эмэгтэйн зүүн гуянаас нэг удаа урсан. Бид хоёр нэг нэгнийгээ цохилцож байгаад салцгаасан. ...Би баруун гараараа тэр залуугийн уруул орчим нэг удаа цохисон. Алтангэрэлийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32х/,
хохирогч О.Алтангэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө 12 цагийн үед би эхнэр Саруул, найз Цогтбаатарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугaap хороо Сурагчийн 43-506 тоотод байх гэртээ харих гээд өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэйгээ явж байсан чинь Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагч 43 дугаар гудамжинд манай хажуу айлын залуу хэвтэж байсан. Тэгсэн манай эхнэр Саруул тэр залууг очоод сэрээчих гэхээр нь би машинаасаа буугаад тэр залууг сэрээсэн. Тэгсэн тэр залуу шууд намайг нэг удаа баруун гараараа уруул руу цохисон. Тэгээд тэр залуу хашааруугаа гүйгээд орсон. Тэгэхээр нь эхнэр бид хоёр хашааныхаа үүдэнд очоод хашааны хаалга онгойлгох гээд зогсож байсан чинь тэр залуу хашаанаасаа гарч ирээд надтай хэрэлдэж, маргалдаад, миний хувцаснаас зуураад байсан. Тэгсэн манай эхнэр Саруул тэр залууг надаас салгах гэсэн чинь тэр залуутай хамт гарч ирсэн хар өнгийн нохой нь манай эхнэрийн зүүн гуянаас хазсан. Тэгээд тэр залуу нохойгоо аваад хашаа руугаа орсон. Тэр залуу намайг нэг удаа гараараа, миний уруулруу цохисон. Тэр залуу ямар шалтгааны улмаас намайг цохисонг би мэдэхгүй байна. Миний уруул гэмтсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18х/,
гэрч Ц.Саруулын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө 02 цагийн үед би өөрийн нөхөр Алтангэрэлийн хамт Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагч 43 дугаар гудамжинд гэр лүүгээ харьж байхад гудамжинд манай хөрш айлын залуу согтуу хэвтэж байсан. Тэгээд манай нөхөр Алтангэрэл сэрээсэн чинь тэр залуу шууд манай нөхрийг газар унагаагаад цохисон. Тэгээд тэр залуу гүйгээд гэр лүүгээ орсон. ...Тэгээд манай нөхөр хашааны хаалгаа нээх гээд машинаасаа буусан чинь тэр залуу гэнэт хоёр нохойтойгоо гарч ирээд манай нөхөр Алтангэрэлийн нүүрэнд нь хоёр удаа баруун гараараа цохисон. Би тэр залууг нөхрөөсөө салгах гэсэн чинь хар үстэй нохой нь миний зүүн гуянд нэг удаа хазсан. Би шууд цагдаагийн байгууллагын 102 дуудлагын утсанд хандсан. Нөхөр бид хоёр тэр залууг гадаа, хүйтэнд унтаж байхад нь сэрээсэн болохоор тэр залуу манай нөхөр Алтангэрэлийг цохисон байх. Тэр залуу баруун гараараа манай нөхөр Алтангэрэлийн нүүр хэсэгт хоёр удаа цохисон. Манай нөхрийн уруул нь хавдаж, доторх арьс нь язарсан байсан. Тэр залуу манай нөхрийн баруун талын хавирганд цохисон юм шиг байна лээ. Нөхөр баруун талын хавирга өвдөөд байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1242 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...О.Алтангэрэл-н тархи доргилт, дээд уруул дотор салстын язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 25х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч П.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч П.Нд ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг нь харгалзан түүнд шүүхээс тохирох ял шийтгэлийг оногдуулав. Шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоож өгөв.
Хохирогч О.Алтангэрэл мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Гомдол саналгүй. Нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 42/, шүүгдэгч П.Нг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.