| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 2510018680981 |
| Дугаар | 2025/ДШМ/1245 |
| Огноо | 2025-10-30 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Г.Хурмандах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2025/ДШМ/1245
2025 10 30 2025/ДШМ/1245
Ж.Л-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
прокурор Г.Хурмандах,
хохирогч Ж.Б-,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 2025/ШЗ/5424 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Хурмандахын бичсэн 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 30 дугаар эсэргүүцлээр Ж.Л-д холбогдох эрүүгийн 2510018680981 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ж.Л- нь 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр **** дүүргийн 25 дугаар хороо, БУА1 хорооллын 714 дүгээр байрны 48 тоотод байхдаа хамтран амьдрагч Ж.Б-тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний гар болон толгой хэсэгт хутгаар хатгах, зүсэх зэргээр биед халдаж, гавлын дух, зүүн зулай, дагз, зүүн лямбда заадсыг дайрсан, баруун хөхлөг сэртэн ясны хугарал, толгойн хуйхны олон тооны зүсэгдсэн шарх, 3 дугаар шивнүүрийн ил хугарал, тэнийлгэгч, шөрмөсний тасрал, хүзүү, нуруу, 2 мөр, дал, зүүн бугалгад зүсэгдсэн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокуророос Ж.Л-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Ж.Л-д холбогдох эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр тодруулбал; мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэргийн сэдэл, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоож чадаагүй гэж шүүх үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасны дагуу хэргийн бодит байдлыг тогтооход нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэмт хэргийн үйл явдлыг сэргээн тогтоох учиртай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 60 хүртэлх хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэх боломжгүй. Тухайлбал, хуулийн дээрх зохицуулалтад мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт хуульд заасан журмыг зөрчсөн, эсхүл хэргийн оролцогчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрхийг хязгаарласан, түүнчлэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх бол гэж хуульчилсан ба шүүх мөрдөх ажиллагаа явуулахгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасантай нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэмт хэргийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтооход мөрдөгч, прокурор нотлох үүрэг хүлээж, хуульд заасан бүх арга хэмжээг авч, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоодог тул хуулийн дээрх зохицуулалтаар мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй.
Хохирогч Ж.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...чи надтай хамт амьдарвал би энэ байр, эд хөрөнгийг бүгдийг шилжүүлж өгнө гэж хэлэхээр нь өндөр настай хүн юм байна асарч байя гэж бодоод хамт амьдарсан. ...Ж.Л-гийн дүү Хадбаатар гэх залуу тухайн байрыг шилжүүлж өгөхдөө Ж.Л- бид хоёрт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн. ...гал тогооны өрөө рүү явснаа маргааш байрны үл хөдлөх салгана шүү гэж хэлэхээр нь маргааш би ажилтай, амжихгүй би ямар байраа аваад явах гэж байгаа биш гэж хэлсэн чинь намайг гар дээрээс татаад шал мөргүүлээд...” гэсэн мэдүүлэг,
Ж.Х мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “... 2016 онд өөрийн төрсөн ах Ж.Л- нь ажилгүй байсан болохоор ахуй амьдралыг нь дэмжих зорилгоор одоо оршин сууж байгаа Хан-Уул дүүргийн 25 дугаар хороо, БУА1 хорооллын 714 дүгээр байрны 48 тоот 1 өрөө орон сууцыг худалдаж авч өгсөн. Энэ оны 02 дугаар сард Ж.Л- нь Ж.Б- гэх эмэгтэйтэй танилцлаа, надтай цаашид хамт амьдарна, үхэн үхтлээ цаашид асран хамгаална гэнэ, орон сууцыг бид хоёрын нэр дээр шилжүүлээд өгчих гэж надад хэлэхээр нь би татгалзаж байсан боловч ахыгаа бодоод Ж.Л- болон Ж.Б- нарын нэр дээр 2025 оны 2 дугаар сард орон сууцны эрхийг шилжүүлэн өгсөн...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бөгөөд Хан-Уул дүүргийн 25 дугаар хороо, БУА1 хорооллын 714 дүгээр байрны 48 тоот 1 өрөө орон сууцыг хэрхэн хэнд шилжүүлсэн, гэрч Ж.Х нь яллагдагч Ж.Л-, хохирогч Ж.Б- нарт тус орон сууцыг хэрхэн шилжүүлсэн, мэдүүлэгт дурдаж байгаа бэлэглэлийн гэрээ байгаа эсэх, холбогдох байгууллагаас үл хөдлөх хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа авч, хэргийн үйл баримтыг тогтоож, хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай. Тодруулбал, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, түүнд тохирох зүйчлэлийг хийж, гэмт хэрэг үйлдсэн этгээд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх ёстой боловч мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийснээс гэмт хэрэг үйлдсэн этгээд тохирсон эрүүгийн хариуцлага хүлээхээс зайлсхийх боломжийг олгож болохгүй ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг зөв тогтоох, гэмт хэргийн сэдэл, зорилгыг заавал тогтоох буюу прокуророос яллагдагч Ж.Л-г Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг нэг мөр шалгах нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах, хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагааr хийлгэхээр яллагдагч Ж.Л-д холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэв.
Хохирогч Ж.Б-гийн өмгөөлөгчийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулах тухай хүсэлтэд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.12 дахь заалтад зааснаар Ж.Л-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү...” гэж гаргасныг шүүх хүлээн авч, яллагдагч Ж.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хэргийг прокурорт очтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.
Прокурор Г.Хурмандах бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамж хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Хохирогч Ж.Б-гийн өмгөөлөгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.12 дахь заалтад заасан таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой санал, хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан боловч тус захирамжид ямар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах талаар тодорхой дурдалгүй “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж хуульчилсныг зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаагүй байхад шүүхээс урьдчилсан дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй, шүүхээс хийсэн дүгнэлт нь зөрүүтэй, ойлгомжгүй байна. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй, нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагааг хийлгүүлэхээр гэсэн нь хавтаст хэргийн хүрээнд ажиллагаа дутуу хэргийг шийдвэрлэх боломжгүй мэтээр дурдсан гэжээ. Мөн Ж.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй гэж ... /хавтаст хэргийн хүрээнд хэргийн бодит байдлыг тогтоосон, харин зүйлчлэл тохироогүй мэт/ тус тус зөрүүтэй дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй буюу бэлэглэлийн гэрээ байгаа эсэх, холбогдох байгууллагаас үл хөдлөх хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа авч хэргийн үйл баримт тогтоох гэсэн үндэслэлээр хэргийн прокурорт буцаасан нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийж, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан.
Тухайлбал, хэрэгт яллагдагч Ж.Л-гийн үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа авагдсан, уг лавлагаагаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт Ухаа, Наадамчдын зам 714 дүгээр байрны 48 тоот байр нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр Ж.Л-д шилжсэн, яллагдагч Ж.Л- 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдэж мөн бэлэглэлийн гэрээгээр хохирогч Ж.Б-г өмчлөгчөөр нэмж бүртгүүлсэн гэх нөхцөл байдал нь Ж.Хадбаатарын мэдүүлэг зэргээр давхар нотлогддог.
Түүнчлэн шүүгчийн захирамжид хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэх боловч хэрэгт авагдсан баримтуудаар яллагдагч Ж.Л- хохирогч Ж.Б-тай эр, эмийн харилцаанаас үүдэлтэйгээр маргалдаж, улмаар хохирогчийн гар болон толгой хэсэгт нь хутгаар хатгах, зүсэх зэргээр биед нь халдаж хохирол, хор уршиг бий болгосон гэх нөхцөл байдал тогтоогддог, харин өөртөө эдийн ашигтай байдал бий болгосон гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Учир нь дээрх үл хөдлөх хөрөнгө нь яллагдагч Ж.Л-гийн өмчлөлийн эд хөрөнгө ба хохирогч Ж.Б-г 2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр өмчлөлд нэмж бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдсон байдаг.
Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд нотлох баримтыг шинжлэн судалж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14 дэх хэсэгт заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэх заалтыг нэг мөр хэрэглэхгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Ж.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Уг орон сууцыг Ж.Л- “миний нэр дээр шилжүүлж өгнө” гэж байсан. Дараа нь өөрийнхөө нэр дээр бэлэглэлийн гэрээ байгуулж буцааж авсан. Энэ асуудлаар иргэний шүүхээр явж байгаа. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар анхан шатны шүүх прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэргийн сэдэл, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаант нөхцлийг бүрэн тогтоож чадаагүй тул Хан-Уул дүүргийн 25 дугаар хороо, БУА1 хорооллын 714 дүгээр байрны 48 тоот 1 өрөө орон сууцыг хэрхэн хэнд шилжүүлсэн, гэрч Ж.Х нь яллагдагч Ж.Л-, хохирогч Ж.Б- нарт тус орон сууцыг хэрхэн шилжүүлсэн, мэдүүлэгт дурдаж байгаа бэлэглэлийн гэрээ байгаа эсэх, холбогдох байгууллагаас үл хөдлөх хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа авч, хэргийн үйл баримтыг тогтоож, хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай буюу гэмт хэргийн сэдэл зорилгыг заавал тогтоох шаардлагатай гэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байх ба дээрх ажиллагааг нэмж хийлгэх шаардлагагүй, хэргийг хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой байна. Тодруулбал, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдагдах үл хөдлөх хөрөнгийн лавлагаа болон бэлэглэлийн гэрээ нь яллагдагч Ж.Л-гийн үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай, улмаар өмчлөгчөөр бэлэглэлийн гэрээгээр Ж.Б-г нэмж бүртгүүлсэн талаар лавлагаа хэрэгт авагдсан нь нотолбол зохих байдлыг шалгаж тодруулсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан ба прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлэхдээ хэргийн зүйлчлэлийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар” зүйлчлэн ирүүлсэн байхад анхан шатны шүүх шүүгчийн захирамжийн удиртгал хэсэгт хэргийн зүйлчлэлийг бичихдээ прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтласныг орхигдуулан бичсэнийг давж заалдах шатны шүүхээс анхааруулан дурдаж байна.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЗ/5424 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Г.Хурмандахын бичсэн 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 30 дугаар эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй байна.
Яллагдагч Ж.Л-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 2025/ШЗ/5424 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Яллагдагч Ж.Л-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ