Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2019/0596/з |
Дугаар | 101 |
Огноо | 2020-03-27 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 101
Ч.А-н нэхэмжлэлтэй,
Гаалийн ерөнхий газарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/240 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, албан тушаал буурсан тухайн үеийн цалингийн зөрүүг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0728 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г нарыг оролцуулж,
Хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0728 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 13 дугаар зүйлийн 13.1.6, Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.А-ийн гаргасан “Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/240 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урд эрхэлж байсан Шивээхүрэн дэх Гаалийн газарт гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, албан тушаал буурсан тухайн үеийн цалингийн зөрүүг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0728 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 44 дүгээр зүйлийн 44.3, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.А-ийн Гаалийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэд нь хангаж, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/240 дугаар тушаалыг хүчингүй болгон, Ч.А-ийг урд эрхэлж байсан Шивээхүрэн дэх Гаалийн газарт гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх цалингийн зөрүүг зохих журмын дагуу тооцон гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг тус тус нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... магадлалыг дор дурдсан хууль зүйн болон бусад үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Үүнд,
4. Нэгдүгээр үндэслэл, маргаан бүхий захиргааны акт болох “Албан тушаалаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай” 2019 оны 05 дугаар сарын Б/240 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлж, ажилд томилсон шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс сэлгэн ажиллуулах шийдвэр гэж үзэн, сэлгэн ажиллуулахтай холбогдох хууль тогтоомжийн хууль, журмын зохицуулалтуудыг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн давж заалдах гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь илт буруу хууль хэрэглэсэн гэж үзэхээр байна.
5. Апбан тушаалд сэлгэн ажиллуулах гэдгийг холбогдох хууль тогтоомжид зааснаар, эрхэлж байгаа албан тушаал, цалин хөлс ижил албан тушаалд ажиллуулахыг ойлгохоор заасан бөгөөд энэ харилцаа нь албан тушаалд томилох, чөлөөлөхтэй холбогдсон харилцаанаас эрх зүйн үр дагаврын хувьд ялгаатай.
6. Гаалийн тухай хуульд томилох, чөлөөлөх, өөр албан тушаалд сэлгэн ажиллуулах харилцааг 2711 дүгээр зүйл /Гаалийн байгууллагын удирдлагын бүрэн эрх/-ийн 2711.1.10 дахь заалтад “гаалийн алба хаагчийг томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, төр засгийн шагналд тодорхойлох” гэж утга агуулгын хувьд давхардахгүйгээр тусгайлан нэг бүрчлэн заасан байна.
7. Гэвч томилж, чөлөөлсөн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс өөр албан тушаалд сэлгэн ажиллуулах шийдвэр гэж үзэн илт өөр агуулгатай зохицуулалт буюу сэлгэн ажиллуулахтай холбогдсон хууль, журмыг баримтлан шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
8. Хоёрдугаар үндэслэл, нөгөөтэйгүүр Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, стандарт, удирдлагыг хэрэгжүүлэх, төрийн албаны шалгалтыг зохион байгуулах, төрийн албан хаагчийн нөөцийн бүртгэлийг хөтлөх чиг үүрэг бүхий Төрийн албаны зөвлөлөөс шүүгчийн шийдвэрээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр ирсэн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/1207, нэхэмжлэгчийн хүсэлтээр ирсэн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 04/1295 тоотоор тус тус анхан шатны шүүхэд ирүүлсэн лавлагаанаас үзэхэд нэхэмжлэгч Ч.Атөрийн албанд анх орох иргэдээс авах төрийн албаны шалгалтад ороогүй, нөөцөд бүртгэгдээгүй байгаа нь тус байгууллагын лавлагаа, анхан шатны шүүхийн шийдвэрээр тус тус нотлогдож байна.
9. Гаалийн тухай хуулийн 273.2 дахь хэсэгт “Гаалийн улсын байцаагч нь төрийн тусгай албан тушаалд хамаарна” гэж заасанчлан тус албан тушаалд ажиллах этгээд Төрийн албаны тухай хуулийн төрийн тусгай албанд томилогдох шаардлага, шалгуурыг хангасны үндсэн дээр тус албанд томилогдсон байх үүрэгтэй.
10. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн “... шударга ёс, хууль дээдлэх ...” зарчим төрийн албанд анх орох иргэний шалгалт өгсөн байх хууль тогтоомжийн шаардлагыг тус тус зөрчиж төрийн тусгай албанд хууль бусаар орсон гэж үзэж байгаа бөгөөд төрийн албанд анх орох шалгалтыг өгөөгүй, нөөцөд бүртгэгдээгүй нь Ч-ын А-ийг төрийн албан хаагч гэж бус, угаас захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах эрх зүйн болоод ёс суртахууны эрхгүй этгээд гэж үзэхээр байна.
11. Төрийн албаны шударга ёс, хууль дээдлэх зарчмыг үл баримтлан дээрх байдлаар төрийн албаны хууль тогтоомжийг зөрчиж байгаа хууль бус үйлдлийг хууль сахиулах байгууллагын хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд цаашид газар авахуулахгүй таслан зогсоох хүртэл арга хэмжээ авахуулах шаардлагатай.
12. Иймд, дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж, зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хууль тогтоомжийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн “Ч.А-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай” Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0728 дугаар шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
13. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
14. Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/240 дүгээр тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10-т заасныг тус тус баримтлан Шивээхүрэн дэх гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Ч.А-ийг үүрэгт ажлаас чөлөөлж, Дорнод аймаг дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилсон, нэхэмжлэгчээс уг тушаалыг эс зөвшөөрч маргасан үндэслэлээ “... Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй, ... Төрийн албаны тухай хууль болон ... Төрийн албан хаагчийг өөр ажил албан тушаалд шилжүүлэх буюу сэлгэн ажиллуулах журам...-ыг зөрчсөн, ... улсын байцаагч болгож албан тушаал, зэрэг дэв бууруулсан нь ... эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн” гэж, хариуцагчаас “...Ч.А-ийг 2017 онд гаалийн улсын ахлах байцаагчаар томилсон шийдвэр ... /хуульд нийцээгүй байсан/, ... 2012 оноос хойш 7 жил Шивээхүрэн дэх гаалийн газар ажиллаж байгаа /тул/ гаалийн улсын байцаагчийг гаалийн газар, хороодод 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно гэж заасныг үндэслэн Дорнод аймаг дахь Гаалийн газарт сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь ... хууль зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.
15. Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана”, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3-т “тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн болон хуульд заасан бусад нэмэгдлээс /бүрдэнэ/”, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т “... /төсвийн шууд захирагч нь/ батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох /эрхтэй/”, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10-т “... /Гаалийн ерөнхий газрын дарга нь/ гаалийн алба хаагчийг томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, төр засгийн шагналд тодорхойлох /эрхтэй/” гэх хуулийн заалтуудаас үзвэл нэхэмжлэгч Ч.А-ийг “Шивээхүрэн дэх гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч”-ийн албан тушаалаас чөлөөлж, “Дорнод аймаг дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагч”-ийн албан тушаалд томилох болсон хууль зүйн үндэслэл тодорхойгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Ч.А нь 2012 онд гаалийн албанд анх томилогдохдоо төрийн албаны шалгалт өгөөгүй, ... 2017 онд ахлан байцаагчийн албан тушаалд томилогдохдоо ... хууль зөрчсөн” гэх тайлбарыг шүүх хүлээж авах боломжгүй, давж заалдах шатны шүүх уг асуудлаар зөв дүгнэлт хийсэн байна.
16. Тодруулбал, нэхэмжлэгчийн “... 2012 онд төрийн албаны шалгалт өгөөгүй”, Гаалийн ерөнхий газрын дарга 2017 онд Ч.А-ийг “... ахлах байцаагчаар томилсон нь буруу байсан” зэрэг нь түүнийг Шивээхүрэн дэх гаалийн газраас Дорнод аймаг дахь гаалийн газарт “шилжүүлэн томилох үндэслэл мөн” гэж шүүх дүгнэх боломжгүй, анхан шатны шүүх уг асуудлаар буруу дүгнэлт хийсэн, гаалийн улсын ахлах байцаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн томилсон захиргааны акттай холбоотой маргаанд “... төрийн албан хаагчийн шалгалтанд тэнцэж, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй /Ч.А-ийн хувьд/... төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг шаардах эрхгүй” гэх дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... Ч.Ань төрийн тусгай албанд хууль бусаар орсон гэж үзэж байгаа бөгөөд төрийн албанд анх орох шалгалтыг өгөөгүй, нөөцөд бүртгэгдээгүй нь /түүнийг/ төрийн албан хаагч гэж бус, угаас захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах эрх зүйн болоод ёс суртахууны эрхгүй этгээд гэж үзэхээр байхад ... давж заалдах шатны шүүх илт буруу хууль хэрэглэсэн, ... шударга ёс, хууль дээдлэх зарчмыг зөрчсөн” гэх гомдол үндэслэлгүй.
17. Түүнчлэн, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10-т заасан “... гаалийн алба хаагчийг томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах... “ талаарх бүрэн эрхээ Гаалийн ерөнхий газрын дарга зөвхөн хуульд заасан үндэслэл, журмыг дагуу хэрэгжүүлнэ, үндэслэл дурдахгүйгээр, “өөрийн үзэмжээр” гаалийн алба хаагчийг томилох, чөлөөлөх, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах эрхтэй гэж үзэхгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Гаалийн ерөнхий газрын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд томилж, чөлөөлсөн” гэх тайлбар, гомдлыг хүлээж авахгүй.
18. Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-т “гаалийн улсын байцаагчийг гаалийн газар, хороодод 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болох”-оор, Гаалийн ерөнхий газрын даргын 2014 оны А/106 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн улсын байцаагчийг сэлгэн ажиллуулах журам”-ын 2.1-д “... гаалийн улсын байцаагчийг хамгийн багадаа 6 жилд зайлшгүй нэг удаа ... сэлгэн ажиллуулах”-аар заасан, уг зохицуулалт нь гаалийн улсын байцаагчид “сахилгын шийтгэл”, “захиргааны хариуцлага” оногдуулах харилцаанд хамааралгүй, “шийтгэх” агуулгагүй, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “... төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй” гэж тусгайлан заасан тул гаалийн улсын байцаагчийг сэлгэн ажиллуулах нь түүний цалин хөлс, албан тушаалыг бууруулах үндэслэл болохгүй, тухайн тохиолдолд “гаалийн улсын ахлах байцаагч” Ч.А-ийг албан тушаал бууруулан “гаалийн улсын байцаагч”-аар томилсон маргаан бүхий захиргааны актын үндэслэл хуульд нийцээгүй гэж үзнэ, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв байна.
19. Эдгээр үндэслэлээр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г-ын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА