Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2017/00471

 

      Ган-Ивээл Хадгаламж зээлийн хоршооны

           нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2016/01582 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017  оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 42 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Ган-Ивээл Хадгаламж зээлийн хоршоо, 

Хариуцагч : Б.Лхагвасүрэн,

Нэхэмжлэлийн шаардлага :  2.498.496 төгрөг гаргуулах тухай,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ганболдын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунцэцэг, хариуцагчийн төлөөлөгч Б.Долгорсүрэн, нарийн бичгийн даргад Э.Боролдой  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Манай гишүүн Б.Лхагвасүрэн нь тус хоршооноос 2015.6.17-нд Хүрэнбулаг баг 4-14-127 тоот орон сууцыг барьцаалан 4 сая төгрөгний зээл авсан. Уг зээлийг бүрэн төлөөгүй өдий хүрсэн. Энэ хугацаанд бид гэрээний дагуу зээл, хүүг төлүүлэх талаар удаа дараа шаардаж  байсан. Иймд зээлийн үлдэгдэл 2.184.000 төгрөг, хүү 262.080 төгрөг,  нэмэгдүүлсэн хүү 52.416 төгрөг нийт 2.498.496 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа: Би  2015.6.17-нд Ган-Ивээл ХЗХ-оос өөрийн байрыг барьцаалан 4 сая төгрөг зээлсэн. Зээлийг би өөрийн төрсөн дүүгийн бизнесийг дэмжих зорилгоор авч өгсөн боловч тодорхой шалтгааны улмаас  зээлийг төлөх чадваргүй болсон. Энэ байдлыг  хоршоог дуудсан цагт нь очиж тайлбарлан хэлж  байсан. Зээл маш өндөр буюу хүүтэй жилийн 72% байсан. Мөн хоршоог хохироохгүйн тулд өөрийн бүх боломжийг ашиглан зээлийг төлөхийг хичээж байна.  Гэрээний хугацаанд 1.480.000 төгрөг буюу авсан зээлийн 37%-тай тэнцэх мөнгийг зээлийн хүүнд төлж, одоогийн байдлаар  нийт 5.480.000 төгрөг төлсөн байгаа. Гэвч уг хоршоо нь миний төлсөн бүх мөнгийг  хүүд тооцон авсан.  Миний хувьд одоо авсан зээлийн үлдэгдэлгүй гэж үзэж байгаа бөгөөд зээлийн хүүний үлдэгдэл дээр тохиролцох  саналтай байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2016/01582 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Б.Лхагвсүрэнгээс 1.452.416 төгрөг гаргуулан Ган-Ивээл ХЗХ-д олгож, нэхэмжлэлээс 1.046.080 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.930 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 38.189 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна. 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017  оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 42 дугаар магадлал гаргаж, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2016/01582 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх  гэрээний 3.3, 3.4,   4.1, 4.3-г судалж уншаагүй. Лхагвасүрэнгийн нийт төлсөн мөнгөний /1.470.000+4.000.000=5.470.000/ дүнг 10.000 төгрөгөөр буруу тооцсон. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлж гүйцэтгээгүй тул зээлийн гэрээний хугацаа хэтэрсэний хүүд 774.000 төгрөгийг гэрээний дагуу авч, гэрээний 4.1-д заасны дагуу 2016.9.23-ны өдрөөс зээлийн үлдэгдэл 2.184.000 төгрөгөөс хүү тооцож сарын 131.040 төгрөг буюу 2 сар төлөөгүй хэтэрсэн хүү 262.080 төгрөг нэмэх эрхтэй. 2 шатны шүүх хэргийг шийдэхдээ Иргэний хуулийн 451, 452, 453.1-ийг баримталж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451.3-д заасан “...Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөх үүрэгтэй” гэснийг буруу хэрэглэсэн.  Мөн зээлийн гэрээний дагуу үүрэг үүсч байгаа бөгөөд үүргээ хугацаа хэтрүүлж гүйцэтгэж буйд хуулийн дагуу үүсч буй үүрэг Иргэний хуулийн 222.5-д заасан хэтрүүлсэн хугацаанд хүү төлөх үүргийн талаар огт дүгнэлт хийсэнгүй. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа: Гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Тус хороо зээлийн гэрээний үүргийн дагуу хугацаандаа төлөөгүй хүүнээс өмнө үндсэн зээлээс төлөлт хийх байтал хугацаа хэтэрсэн хүүд суутгаж тооцож байгаа нь буруу. Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

“Ган-Ивээл” Хадгаламж зээлийн хоршоо /ХЗХ/ нь Б.Лхагвасүрэнд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 2.184.000 төгрөг, хүү 262.080 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52.416 төгрөг нийт 2.498.496 төгрөг шаардсан байна.  Хариуцагч нэхэмжлэлээс 1.452.416 төгрөг зөвшөөрч, үлдэх хэсгийг татгалзжээ.

Анхан шатны шүүх хариуцагч үндсэн зээл 4.000.000 төгрөг, хүү 2.880.000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 5.480.000 төгрөг төлсөн учир үлдэх 1.400.000 төгрөгийг нэмэгдүүлсэн хүү 52.416 төгрөгийн хамт нийт 1.452.416 төгрөг төлөх үүрэгтэй гэж дүгнэн уг мөнгийг гаргуулсныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 3/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх 4/ зээлийн гэрээ /хх 5/ барьцааны гэрээ/хх 5-6/ зээлийн тооцоо /хх 7/, мөнгө төлсөн баримт /14-18/, зарын тасалбар №23 /хх 19/ –с өөр баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх ба давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээхдээ хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-г зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй.

“Ган-ивээл” ХЗХ нь  “...хариуцагчид 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 200 дугаартай зээлийн гэрээгээр 4 сая төгрөгийг 6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлүүлсэн... зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй...” гэж шүүхэд хандсан боловч зээлийг нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний 1.1 болон Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т заасан этгээдэд олгосон тухай баримт хэрэгт байхгүй байна. Хариуцагч нь “Ган-Ивээл” ХЗХ –ны гишүүн биш гэж маргаагүй хэдий ч зээлийн  гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт хийхэд Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-19.3, 19.6 дахь хэсгийн шаардлага хангагдсан эсэх нь тогтоогдсон байхыг шаардна. 

Хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийхэд, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй, шүүх зээлдэгчээс 1.452.416 төгрөг гаргуулсанд хариуцагч гомдоогүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2016/01582 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017  оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 42 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ганболдын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч байгууллага хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 29.654 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.                                         

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ