2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 192/ШШ2026/01155

 

 

 

 

 

 

 

 

   2026             01              26                                            192/ШШ2026/01155

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч*******,******* нарт холбогдуулан 210,470,528.46 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Тус банк нь зээлдэгч*******,******* нартай 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 2102036889 тоот Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ байгуулан 275,200,000.00 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2022 оны 07 дугаар сараас эхлэн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн толборт зөрчил үүсгэсэн. Энэ талаар банкнаас удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийг төлж барагдуулаагүй байна. Зээлдэгч нар 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 18,000,000 /Арван найман сая/ төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 10,000,000 /Арван сая/ төгрөгийг тус тус төлж байсан байна. Зээлдэгч Д.Арвинбуян,******* нарын зээлийн төлбөрийн үлдэгдэл 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Үндсэн зээл 195,811,353.95/Нэг зуун ерэн таван сая найман зуун арван нэгэн мянга гурван зуун тавин гурван төгрөг ерэн таван мөнгө/ төгрөг, Зээлийн үндсэн хүү 14,100,303.97 /Арван дөрвөн сая нэг зуун мянга гурван зуун гурван төгрөг ерэн долоон мөнгө/ төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 558,870.54 /Таван зуун тавин найман мянга найман зуун далан төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөг, Нийт 210,470,528.46 /Хоёр зуун арван сая дөрвөн зуун далан мянга таван зуун хорин найман төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч Д.Арвинбуян,******* нараас 210,470,528.46 төгрөг гаргуулах, Үүргийн гүйцэтгэлийг 2102036889 тоот барьцааны гэрээний дагуу Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэр /17043/, Чингисийн өргөн чөлөө гудамж, 92А дугаар байр, 6 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206082636 дугаарт бүртгэгдсэн, 58,34 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө Лианг Шан СХҮ9408 загварын LA9CKTZPINHCXY032 арлын дугаартай,******* улсын дугаартай, 2022 онд үйлдвэрлэсэн, шар өнгийн тавцант чиргүүл, Лианг Шан СХҮ9408 загварын LA9CKTZPXNHCXY051 арлых дугаартай,******* улсын дугаартай, 2022 онд үйлдвэрлэсэн, шар онгийн тавцант чиргүүл, Шванки SX42555V344 загварын LZGJL5V45NX016089 арлын дугаартай,******* улсын дугаартай, 2022 онд үйлдвэрлэсэн, цэнхэр өнгийн зүтгүүр зэрэг хөрөнгүүдээр хангуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч*******,******* нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн*******,******* бид нар хүнд даацын ачааны машин буюу чирэгч, 2 ширхэг чиргүүлийн хамтаар худалдан авах болоод “*******” ХХК-аас зээл авах болсон. Ингээд “*******” ХХК-тай харилцан тохиролцож 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 275,200,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээ, барьцааны гэрээг байгуулсан. Барьцаанд өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэр /17043/, Чингисийн өргөн чөлөө гудамж, 92А дугаар байр, 6 тоотод дахь 58,34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг, зээлээр худалдан авсан чирэгч болон 2 ширхэг чиргүүлийн хамтаар барьцаалсан. Чирэгч болон чиргүүлийн эзэмших эрхийг нэрийг “*******” ХХК-д шилжүүлэн өгсөн.  Зээлийн гэрээний үүргээ биелүүлж байхад машиныг бусдын буруутай байдлаас онхолдуулж засварлах хугацаанд, мөн тээвэрлэлтийн мөнгөн төлбөр орж ирэхгүй удсан зэрэг шалтгаанаар зээлийн эргэн төлөлт тасалдсан тул тээврийн компанийг 2024 оны 09 дүгээр сараас сольсон тул одоо хэвийн байдалдаа орж эргэн төлөлт графиктаа орж байна. Энэ талаар банк сайн мэдэж байгаа болно. Гэрээ цуцлагдаагүй учир, зээлийн гэрээний дагуу үүргээ цаг тухайд нь биелүүлэн ажиллах ба зээлийн гэрээг гэрээний хугацаандаа бүрэн төлж барагдуулах тул “*******” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

 

            Нэхэмжлэгчээс итгэмжлэл, хуулийн этгээдийн гэрчилгээ хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, барьцаалбар, фидуцын гэрээний хуулбар, барьцаа хөрөнгийн гэрчилгээний хуулбар, мемориалын баримт хуулбар, зээлдэгч хүсэгчийн анкет, хамтран зээлдэгч нарын анкет хуулбар, зээлийн дансны хуулга, 2023 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай баримт, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай баримт, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлийн дансны хуулга, итгэмжлэл ирүүлсэн.

 

Хариуцагчаас 1712 дугаартай итгэмжлэл, Депозит дансны харилцагчийн монгол хуулга, тээврийн хэрэгсэлийн осолд орсон үеийн фото зураг, цагдаагийн хэлтсийн тодорхойлолтын хуулбар, зээлийн дансны хуулгыг ирүүлсэн. 

 

Шүүхийн журмаар Номин даатгал ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 4-2/326 дугаартай албан бичиг, *******ны албан бичгийн хуулбар, Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримт, 3486 УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн даатгалын гэрээний хуулбар, Мастер үнэлгээ ХХК-ийн хохирлын үнэлгээ гаргасан тайланг гаргуулан авсан.

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч*******,******* нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцлаж, зээлийн гэрээний үүрэгт 210,470,528.46 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нар нь гэрээг цуцлах үндэслэлгүй тул зээлийг хуваарийн дагуу  төлж барагдуулна, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалздаг.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч ******* ХХК  нь хариуцагч*******,******* нарт харилцан тохиролцож, 275,200,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлэхээр 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 2102036889 дугаартай Зээлийн гэрээ байгуулсан.(хавтаст хэргийн 8 – 10 дахь тал) 

 

3.2. Нэхэмжлэгч ******* ХХК  нь хариуцагч*******,******* нарт харилцан тохиролцож, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 2102036889 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 2102036889 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 2102036889 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан.(хавтаст хэргийн 11 – 15 дахь тал)

 

3.3. 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 2102036889 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу улсын бүртгэлийн Ү-2206082636 дугаартай, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэр /17043/, Чингисийн өргөн чөлөө гудамж, 92А дугаар байр, 6 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө дээр барьцаалбар үйлдсэн.(хавтаст хэргийн 17 дахь тал)

 

3.4. 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 2102036889 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу 3486 АР улсын дугаартай, Liang shang CXY9408 маркийн тавцант чиргүүл, 3487 АР улсын дугаартай, Liang shang CXY9408 маркийн тавцант чиргүүл, 3486 УАО улсын дугаартай Shaanxii SX42555V344 маркийн зүтгүүрийн өмчлөх эрхийг ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн.(хавтаст хэргийн 16 дахь тал)

 

3.5. Нэхэмжлэгч ******* ХХК нь 2022.06.21-ны өдөр “2102036889 тоот зээлийн гэрээний дагуу олголт хийв” гэсэн гүйлгэний утгатайгаар” гэсэн утгатайгаар 275,200,000 төгрөгийг ******* ХХК дахь зээлдэгч*******гийн 2102036802 тоот дансанд тоот дансанд шилжүүлсэн байна. (хавтаст хэргийн 19 дэх тал)

 

3.6. Зохигчид нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, фидуцын гэрээ байгуулагдсан эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх, зээлийн гэрээний дагуу 275,200,000 төгрөгийг зээлсэн эсэх, зээлийн төлбөрт төлсөн дүнгийн хэмжээ, зээлийн үлдэгдэл төлбөрийн дүн 210,470,528.46 төгрөг эсэх, барьцааны болон фидуцын гэрээний зүйл нь хариуцагч талын эзэмшилд байгаа эсэхэд маргаангүй.

 

Харин зээлийн гэрээ цуцлагдсан эсэхэд маргаантай.

 

4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.“Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан тул зохигчдын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

 

5. Иргэний хуулийн 225 дугаар зүйлйин 225.1. “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”  225.2. “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” заасан.

 

Мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5.2-т “Дараах нөхцөлд Банк гэрээг өөрийн санаачлагаар цуцалж, зээл, түүний хүү, холбогдох бусад зардлыг Зээлдэгчээр төлүүлнэ”, 5.2.3. “Зээлдэгч зээлийн гэрээ болон түүний бүрэлдэхүүн хэсэг болох зээл, түүний төлөх хуваарь, гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт, барьцааны болон батлан даалтын гэрээний заалтыг зөрчсөн”  заасан байна.

 

2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 2102036889 дугаартай Зээлийн гэрээний хугацаа 2027 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дуусахаар тохиролцсон байх боловч нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдлийг бүхэлд нь хариуцагчаас шаардаж 2024 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр нэхэмжлэл гаргаснаас үзэхэд зээлийн гэрээг цуцлах шаардлага гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

 

Талуудын тайлбар болон 2102036889 тоот зээлийн дансны хуулгаас үзэхэд хариуцагч нар нь 2022 оны 07 дугаар сараас эхлэн зээл төлөх хуваарийн дагуу төлөөгүйн улмаас нэмэгдүүлсэн хүү төлж байсан, шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 16,625,073 төгрөг, зээлийн хүү 13,904,689.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 102,655,96 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр буюу нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн үеийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 49,539,223 төгрөг, зээлийн хүү 14,100,303.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 558,970.54 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.

 

Хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээг цуцлах эрхтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь гэрээг цуцлаж, хариуцагч нараас зээлийн  үндсэн төлбөр 195,811,353.95 төгрөг, зээлийн үндсэн хүү 14,100,303.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 558,970.54 төгрөг, нийт 210,470,528.46 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

6. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1. “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар  зүйлийн 175.1. “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заасан.

 

 Хариуцагч Л.Арвинбуянгийн өмчлөлийн, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэр /17043/, Чингисийн өргөн чөлөө гудамж, 92А дугаар байр, 6 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206082636 дугаартай, 58,34 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, барьцаалбар үйлдэн, холбогдох бүртгэлд зохих журмын дагуу бүртгүүлсэн байх  тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

7. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1. “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний зүйл болох 3486 АР улсын дугаартай, Liang shang CXY9408 маркийн тавцант чиргүүл, 3487 АР улсын дугаартай, Liang shang CXY9408 маркийн тавцант чиргүүл, 3486 УАО улсын дугаартай Shaanxii SX42555V344 маркийн зүтгүүр нь хариуцагч талын эзэмшилд байгаа тухайд зохигчид маргаангүй тул уг шаардлагын хангаж шийдвэрлэв.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нараас  210,470,528.46 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө, фидуцийн гэрээний зүйлээр хангуулахаар шийдвэрлэв.

 

8. Нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,592,867 төгрөгийн 1,280,503 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 312,364 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч*******,******* нараас 1,280,503 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******,******* нараас зээлийн гэрээний үүрэгт 210,470,528.46 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Арвинбуян,******* нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл, хариуцагч*******гийн өмчлөлийн Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэр /17043/, Чингисийн өргөн чөлөө гудамж, 92А дугаар байр, 6 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2206082636 дугаартай, 58,34 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг баримтлан, 3486 АР улсын дугаартай, Liang shang CXY9408 маркийн тавцант чиргүүл, 3487 АР улсын дугаартай, Liang shang CXY9408 маркийн тавцант чиргүүл, 3486 УАО улсын дугаартай Shaanxii SX42555V344 маркийн зүтгүүрээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,592,867 төгрөгийн 1,280,503 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 312,364 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д буцаан олгож, хариуцагч*******,******* нараас 1,280,503 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ОТГОНБАЯР