| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 2310019350151 |
| Дугаар | 2025/ДШМ/1246 |
| Огноо | 2025-10-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Е.Хулан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2025/ДШМ/1246
2025 10 30 2025/ДШМ/1246
Х.Д-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
прокурор Е.Хулан /цахимаар/,
хохирогч Г.Т-,
шүүгдэгч Х.Д-ын өмгөөлөгч Г.Энхболд,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЗ/5338 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Е.Хулангийн бичсэн 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 28 дугаар эсэргүүлцлээр Х.Д-т холбогдох 2310019350151 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигин овгийн Хонгорын Дарханбаяр, ТА98032215 регистрийн дугаартай, Монгол улсын иргэн, 1998 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, “Гүн эрдэмт хүч” ХХК-д захирлын жолооч ажилтай, ам бүл 7, эмээ, дүү, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 72 дугаар байр, 3 тоотод оршин суух, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 161 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэж байсан,
Шүүгдэгч Х.Д- нь 2023 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Буянт-Ухаа 2” хорооллын гадна хохирогч Г.Т-ийг “араас барьж хөдөлгөөнийг хязгаарлалаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь ар дагз хэсгээрээ нэг удаа мөргөх, гараараа нэг удаа цохих, хавирч унагаах зэргээр зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн тохой, зүүн өвдөгт зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокуророос Х.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч Г.Т- гомдол гаргаснаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Д-т холбогдох хэргийг хянаад 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 867 дугаартай магадлалаар “... хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг тогтоох ажиллагаа гүйцэт биш хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны өрөнхий нөхцөлийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчин хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд илэрхий саад болох нөхцөл байдлыг анхааралгүй, хэргийг үндэслэлгүй тусгаарласан байхад шүүх хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн нь гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, улмаар Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд ноцтой нөлөөлж болох нөхцөлийг бүрдүүлжээ. ...” гэсэн үндэслэл зааж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биөлүүлнэ” гэж заасан тул шүүгдэгч Х.Д-т холбогдох хэрэгт анхан шатны шүүхээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр эрүүгийн 2310019350151 дугаартай, 2 хавтас хэргийг прокурорт буцаав.
Тодруулбал, Давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтыг биөлүүлэх хийгээд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй, хэргийг буруу тусгаарласан, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр байгаа яллагдагчид ял нэмж сонсгохоор байгаа тохиолдолд анхан шатны шүүхээс дээрх ажиллагаануудыг хийж гүйцэтгэх боломжгүй, энэ байдал нь “... шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэсэн “хэргийг прокурорт буцаах” үндэслэлд хамаарна гэсний дагуу шүүгдэгч Х.Д-т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр эрүүгийн **** дугаартай, 2 хавтас хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж,
Х.Д-т урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Е.Хулан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Анхан шатны шүүх 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүгчийн 2025/ШЗ/5338 дугаар захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасан үндэслэлээр Х.Д-т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан. Шүүгчийн захирамжийг 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Тус шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/5292 дугаар шүүгчийн захирамжаар “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоох тухай” шүүгчийн захирамж гаргасан атлаа хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэж заасныг зөрчсөн байна. Анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн учраас гэм буруугийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу талуудын хүсэлтийн дагуу эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор хуульд зааснаар эрхээ хэрэгжүүлэн шаардлагатай бол нотлох баримт гаргуулах, шинжээч, гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох боломжтой. Тухайн хэргийн хувьд, прокуророос шүүгдэгч Х.Д-ыг анх эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа “хохирогч Г.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэж үзэж яллагдагчаар татсан боловч, мөрдөн шалгах ажиллагаагаар яллагдагч Х.Д- нь хохирогч Б.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь нотлогдоогүй тул түүнд холбогдох зарим хэргийг прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож, харин хохирогч Б.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэх хэргийг прокурорын 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор тусгаарласан. Тодруулбал, хохирогч Б.Г- нь яллагдагч Х.Д-ын үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдоогүй болно. Анхан шатны шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр тохиолдолд шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахыг прокурорт даалгаж, прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой. Иймд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЗ/5338 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гэмт хэрэг болсон. Шүүгдэгч Х.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулж яллагдагчаар татсан. Мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар Х.Д- хохирогч Г.Т-ийн биед хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдсон. Харин Б.Г-ийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан нь нотлогдоогүй. Гэрч, хохирогчийн мэдүүлгийг үндэслэж Х.Д-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэргийг тусгаарлаж уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокурор хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан талаар прокурор эсэргүүцэлдээ дурдаж байна. Х.Д- болон Э нарын холбогдсон хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас Эрүүгийн хуульд зааснаар яллагдагчаар татах боломжгүй нөхцөл байдал бүрдсэн. Дээрх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан зүйлчлэлээр анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогч Г.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж байгаа нь үндэслэлгүй. Х.Д- хэргийн газраас оргон зайлсан. Найзтайгаа хамт зодуулсан учраас хэргийг хамт хянан шийдвэрлүүлэх нь зөв гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
1. Анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан захирамжид “...2025 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 867 дугаартай магадлалаар “... хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг тогтоох ажиллагаа гүйцэт биш хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны ерөнхий нөхцөлийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчин хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд илэрхий саад болох нөхцөл байдлыг анхааралгүй, хэргийг үндэслэлгүй тусгаарласан байхад шүүх хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн нь гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, улмаар Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд ноцтой нөлөөлж болох нөхцөлийг бүрдүүлжээ. ...” гэсэн үндэслэл зааж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасан тул ...хэргийг прокурорт буцаав. ...” гэх үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагагүй байна.
Тодруулбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар анхан шатны шүүх прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.
2. Шүүгдэгч Х.Д-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тодорхой харагдах ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх дүгнэлт өгч болохуйц хэмжээнд хийсэн байна.
3. Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Д-т холбогдох **** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЗ/3689 дүгээр шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шийтгэл тогтоол гарсаныг “нэг цаг хугацаанд хоёр хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирсантай холбоотой асуудлыг тус тусад нь шалгаж шийдвэрлэхээр тусгаарлаж, Х.Д-ын холбогдсон нэг үйлдэлд яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад шүүх хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу байна” гэх үндэслэлээр давж заалдах шатны шүүх 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ДШМ/867 дугаар магадлалаар хүчингүй болгосны дараа 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2356 дугаартай прокурорын хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоол гарчээ.
Уг тогтоолд “Б.Г- нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн дугаар хороо нд бусдад зодуулж хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрч, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татах хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон” гэж хэргийг хааж шийдвэрлэжээ.
Мөн давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгосноор анхан шатны шүүхийн яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЗ/3689 дүгээр шүүгчийн захирамжийг мөн хүчингүй болсон гэж үзэх хууль зүйн боломж байхгүй юм.
Иймд анхан шүүхээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг хийж хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зөрчсөн байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийн үндэслэлтэй гэж үзлээ.
4. Шүүгдэгч Х.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЗ/5338 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Х.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ