| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 2210005990332 |
| Дугаар | 2025/ДШМ/1254 |
| Огноо | 2025-11-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.2.2., |
| Улсын яллагч | З.Бат-Амгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2025/ДШМ/1254
М.Т-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
прокурор З.Бат-Амгалан,
хохирогч А.А , Э.Т , Э.У , С.Ц- нарын өмгөөлөгч Б.Ууганбаатар,
шүүгдэгч М.Т- /цахимаар/, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн, Ц.Эрдэмбилэг,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/2020 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Т-, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн, Ц.Эрдэмбилэг нарын гаргасан гомдлоор М.Т-д холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч М.Т- нь “one-xbet” нэртэй Олон улсын бооцоо тавих үйлчилгээ үзүүлдэг тоглоомд бооцоо тавих зорилгоор 2022 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч А.А гийн харилцах данс, нууц дугаарыг мэддэг байдлаа ашиглан түүний данснаас 43.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний нэгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, авч хулгайлан А.А д 43.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2022 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гэгээнтэн хотхоны 102 дугаар байр, 45 тоот гэртээ байхдаа А.А ы фейсбүүк хаягаар Э.У-, Ж.Т-, С.Ц- нартай холбогдож, Хаан банкны 0000 дугаар дансандаа 255.000.000 төгрөгтэй мэтээр хуурч, бодит байдлыг нууж, удахгүй буцааж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр Э.У-аас 20.000.000 төгрөг, Ж.Т-аас 93.000.000 төгрөг, С.Ц-ээс 45.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний нэгжийг өөрийн 0000 дугаартай тоглогчийн дансанд тус тус шилжүүлэн авч, бусдад нийт 158.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокуророос М.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч М.Т-г "бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан" гэмт хэрэг үйлдсэн, "бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
М.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ял дээр тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан хоёр жил хоёр сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг хоёр жил найман сарын хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьж, эдлэх ялыг 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолж, хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Т- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хохирогч нэртэй эдгээр агентуудад ямар ч хохирол байдаггүй. Хохирол гээд байгаа зүйл нь мөрийтэй тоглох зориулалттай схем, мөнгө угаах зорилгоор ашигладаг гэж удаа дараагийн шүүх хуралд тайлбарласан. Агент нь “нэгж” гэж нэрлэсэн зүйлээ худалдаж авахын тулд Монгол улсаас мөнгө угаагаад буцаагаад тэр нэгжээ гадаад улсад зарж, мөнгөө гаргаж авах арга зам байдаггүй, зөвхөн Монгол улсын иргэдэд зарж, борлуулан олсон мөнгөө дахин гадаад улс руу хийсгэдэг. Өнөөдрийн байдлаар хуулиар агентуудыг хууль бус гэмт этгээд гэж тодорхойлсон. Ийм байхад Иргэний хуульд мөрий тавих гэж байгааг нь мэдсээр байж мөнгө зээлдүүлбэл хуулийн дагуу мөнгөө нэхэмжлэх эрхгүй байдаг нь өнөөдөр гэмт хэрэг гэж тооцогдон ял эдэлж байгаад маш гомдолтой байна. 2022 оноос өдийг хүртэл Монгол банк, Хөрөнгийн бирж зэрэг хариулт өгөх бүх байгууллага нь энэ нэгж гээд байгаа зүйлийг хий хоосон, мөнгөний шинжгүй гэж тодорхойлсон. Ингэж тодорхойлсон байхад би хүсэл сонирхол, мөрөөдөл, ажил амьдрал, карьер, цаг хугацаа гээд бүх зүйлээрээ хохирч нэмээд ял эдэлж байгаад гомдолтой байна. Иймээс шүүх бүрэлдэхүүн намайг цагаатгаж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.
Шүүгдэгч өмгөөлөгч Ц.Эрдэмбилэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо "...төгрөгөөр цэнэглэгддэг нэгж нь эд хөрөнгийн хохиролд тооцон хэмжиж болохуйц, мөнгөөр илэрхийлэгдэх, нөхөн төлөгдөх шинжтэй..." гэж, мөн "...хохирогч нарын удаа дараа өгсөн мэдүүлэг, дансны хуулга, бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдон тогтоогдож байх бөгөөд..." гэжээ. "Төгрөгөөр цэнэглэгддэг нэгж нь эд хөрөнгийн хохиролд тооцон хэмжиж болохуйц, мөнгөөр илэрхийлэгдэх, нөхөн төлөгдөх шинжтэй" гэж шийдвэрлэсэн талаар дээрх хэргийн улмаас А.А нь 43.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний нэгж, Э.У- нь 20.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний нэгж, Ж.Т- нь 100.600.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний нэгж, С.Ц- нь 45.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний нэгж алдсан гэдэг. Тус үйлчилгээ үзүүлэгчид агентаар ажиллахад серверээс бооцоот таавар тоглох сонирхол бүхий иргэдэд нэгжийг худалдан борлуулдаг байна. Ийнхүү худалдаж буй нэгж нь Монгол улсад бүртгэгдээгүй, Монгол банк зөвшөөрөл олгоогүй хэрэгсэл байх бөгөөд тухайн нэгжийг иргэдэд худалдсан үйл ажиллагааны урамшуулал болгон нэгж үнэгүй авч тухайн нэгжийн борлуулах замаар ашиг олдог байна. Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомжид Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдээс гаргаж буй цахим мөнгө болон төлбөрийн хэрэгсэлд 1=17 гэх шаардлага тавигддаг бөгөөд худалдаж буй цахим төлбөрийн хэрэгсэлтэй тэнцэх хэмжээний санхүүгийн эх үүсвэр, мөнгөн хөрөнгийг төлбөрийн хэрэгсэл гаргагч нь байршуулсан байхыг шаарддаг. Мөн хэрэглэгч өөрийн дансанд байх нэгжийг буцаан авахдаа төгрөг эсхүл доллар зэрэг валют болгон сервер байрлах улсаас/компаниас таталт хийх ямар нэгэн боломжгүй, зөвхөн Агентаар дамжуулан бусад тоглогч/хэрэглэгч нарын худалдан авч буй нэгжээс орж ирэх хөрөнгийг агентаас авах байдлаар мөнгө болгон авдаг. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Монгол улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй, төгрөгөөр илэрхийлэгдэх буюу 1 нэгж 17 гэсэн шаардлагыг хангаагүй, хөрөнгөөр баталгаажаагүй, эргэн төлөглөхдөө гадагш гарган худалдан авсан арга замаар олж авах боломжгүй, зөвхөн толгой серверээс илгээсэн тоон үзүүлэлт бүхий нэгж гэх зүйлийг төгрөгөөр илэрхийлэх боломжтой гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн. Мөн "Хохирогч нарын удаа дараа өгсөн мэдүүлэг, дансны хуулга, бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдон тогтоогдож байгаа” гэж шийдвэрлэсэн талаар хавтаст хэрэгт хохирогч А.А гийн эзэмшлийн Хаан банкны 5057424553, Э.У-ын ****, Ж.Т-ын ****, С.Ц-ийн **** дугаартай дансны хуулгууд нотлох баримтаар авагдсан байна. Хохирогч нар нь өөрсдийн мөнгөн хөрөнгөөр хохирсон болох нь дансны хуулгаар нотлогдож байгаа гэж маргадаг бөгөөд улсын яллагч болон шүүхийн зүгээс дээрх нөхцөл байдал нь дансны хуулгаар нотлогдож байна гэж үзсэн. Хэрэгт авагдсан дансны хуулгуудаас харвал хохирогч нар хэрэглэгч буюу тоглогчдоос мөнгөн хөрөнгө шилжүүлэн авах болон цааш өөр иргэдийн төгрөгийн дансанд гүйлгээ хийсэн үйл баримт тогтоогдож байгаагаас ямар хөрөнгийн эх үүсвэрээр, хэрхэн 1xbet дэх дансанд нэгж цуглуулсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байтал тухайн дансны хуулгаар хохирогч нарын мөнгөн хөрөнгөөр хохирсон болох нь нотлогдож байна гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Дээрх үйл баримтаас үзвэл бооцоот тааврын үйлчилгээ үзүүлэгчийн хувьд ямарваа нэгэн мөнгөн хөрөнгөөр баталгаажаагүй, баталгаагүй эх үүсвэр бүхий хэрэгсэл ашиглан үйл ажиллагаа явуулдаг, нэгжийг толгой серверээс мөнгөн хэлбэрээр буцаан авч болдоггүй зэрэг нь хохирогчид бодитоор хохирсон болохыг хангалттай нотлож чадахгүй байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/2020 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож тус хэргийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Должинсүрэн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоол гаргах цаг хугацаа буюу хэргийг анхан шатны журмаар хэлэлцсэн 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Монгол улс цахим мөрийг хуулиар хориглож, гэмт хэрэгт тооцсон хууль хэрэгжиж эхэлсэн өөрөөр хэлбэл хохирогч гэх агентуудын үйл ажиллагаа нь хууль бус гэмт хэрэгт тооцогдсон цаг үе байсан. Агентын буюу хохирогч гэх эдгээдүүдийн үйлдэлд хууль буцаан хэрэглэж эрүүгийн харицлага хүлээлгэж болохгүй ч тэдний үйл ажиллагааг хууль бус буюу тэдний хохирсон гэх үйлдлийг хууль ёсны эрх ашиг хохирсон, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх боломжгүй. Гэмт хэрэг нь бусад төрлийн маргаанаас нийгэмд аюултай шинжээрээ ялгагддаг. Хохирогч нарын шилжүүлсэн “нэгж” гэх зүйл нь зөвхөн мөрий тавихад зориулагдсан хэрэгсэл буюу энэхүү нэгжээр талх авч болохгүй, хоол авч идэж болохгүй буюу Монгол улсад төлбөр тооцооны хэрэгсэл гэж үзэх боломжгүй зөвхөн 1хВеt цахим тоглоомд мөрий тавихад л зориулсан хэрэгсэл бөгөөд буцаагаад 1хВеt-д нь өгөөд мөнгө болгож авья гэсэн ч мөнгө болгож, доллар болгож өгдөггүй, тийм л хий хоосон зохиомол зүйл байдаг. Энэ талаар хохирогч гэх Э.У-, гэрч Х.Т, гэрч Б.М, гэрч Н.Г зэрэг этгээдүүд тодорхой мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл хохирогч нь өөрсдийн мөнгөөр хохироогүй, эд хөрөнгийн эрхээр хохироогүй, мөн цаад толгой компаний хий хоосон мөрий тавихад зориулсан хоосон үүсгэсэн тоо нь эд хөрөнгө биш, эд хөрөнгийн эрх биш, мөнгө биш юм. Анхан шатны шүүхийн анхны хэлэлцүүлэгээр энэхүү нэгж гэх зүйлийг хохирогчид өөрсдийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, мөнгөөр худалдан авсан гэж үзвэл нотлох шаардлагатай, нотлогдоогүй байна гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс маргасан бөгөөд анхан шатны шүүх уг саналыг хүлээн авч шүүх хурлыг 60 хоногоор хойшлуулж, хохирогч нар нэгжийг мөнгөөрөө худалдан авсан болохоо нотлох ажиллагааг хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан боловч ямар ч ажиллагаа хийгдээгүй, хохирогч нар өөрсдийн мөнгө, эд хөрөнгөөр худалдан авсан болох нь нотлогдоогүй. Энэ талаар прокурорын тэмдэглэл үйлдэж нотлох боломжгүй болохыг тайлбарласан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан байгаа болно. Хэрэгт хохирогч гэх этгээдүүдийн дансны хуулга авагдсан байгаа бөгөөд энэ гүйлгээнээс харахад хохирогч нар өөрсдийн данснаас, өөрсдийн мөнгөөр 1хВеt-ээс нэгж авсан гэх ямар ч гүйлгээ байгаагүй бөгөөд шүүхээс хуралдааныг 60 хоног хойшлуулах хугацаанд мөрдөгч дээрх ажиллагааг хийж гүйцэтгэхээр удаа дараа дуудахад очоогүй, үйлдлээрээ өөрсдийн мөнгөөр нэгж авсан гүйлгээ байхгүй болохыг нотолсон үйлдэл болсон гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 486 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар, жишээлбэл хохирогч гэх А.А нь шүүгдэгч М.Т-д мөрий тавих зорилгоор мөнгө зээлбэл Иргэний хуулиар шаардах эрхгүй гэсэн байна. Гэтэл энэ хэргийн тухайд зөвхөн мөрий тавихад зориулсан нэгж өгсөн гэх боловч энэ нь ч хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байдаг. Хэрэв хохирогчид нэгж шилжүүлсэн нь болон М.Т- авсан болох нь нотлогдсон гэж үзвэл Монгол улсын хүчин төгөлдөр хуулиар шаардах эрх үүсэхгүй байхад яаж нийгэмд аюултай гэмт хэрэг гэж үзэж байгааг өмгөөлөгч би ойлгохгүй байна. Энэхүү асуултанд хууль зүйн үндэслэлтэй хариулт өгч шийтгэх тогтоолдоо бичихийг хүссэн боловч үндэслэл бүхий хариулт өгөөгүй, шийтгэх тогтоолдоо бичээгүй тул үндэслэл бүхий хариултаа олж авч чадаагүй байна. Тус платформд мөнгө байршуулахдаа агентаар дамжуулан төгрөгийг нэгж хэлбэрээр цэнэглэлт хийлгэдэг нь мөрий тавих гол хэмжүүр болдог онцлогтой юм. М.Т- нь “тоглогчийн 0000 дугаартай M.Temuulen нэртэй хаяг руу нийт 158.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний нэгжийг шилжүүлэн авсан үйлдэл нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, цахим хэрэгсэл ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж, хулгайлсан, залилсан нь гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай, шунахайн сэдэлттэй үйлдэгдсэн байна. Цахим бооцоот тоглоомын платформд ашиглагддаг төгрөгөөр цэнэглэгддэг нэгж нь эд хөрөнгийн хохиролд тооцон хэмжиж болохуйц, мөнгөөр илэрхийлэгдэх, нөхөн төлөгдөх шинжтэй, шунхайн сэдэлтээр үйлдэгдсэн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн үр дагавар болсон нийт 201.000.000 төгрөгийг бодит хохирол гэж үзнэ” гэжээ. Дээр дурдсан шүүхийн дүгнэлт дараах байдлаар үгүйсгэгдэж байна. Үүнд 1 дүгээр хавтаст хэргийн 56-59, 61-66 дугаар хуудаст авагдсан хохирогч А.А , Ж.Т- нарын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, 141-145 дугаар хуудаст авагдсан хүснэгтээс өөр нэгж шилжүүлсэн гэсэн талаар хавтаст хэрэгт ямар ч өөр баримт авагдаагүй бөгөөд шүүх уг баримтанд үндэслэн дээрх дүгнэлтийг хийсэн байна. Уг баримтанд дүгнэлт хийвэл “managment.io” гэх апплейкшнд нэвтэрч орсон байх бөгөөд уг нь апп нь 1xBet-ийн апплейкшн эсэх нь тодорхойгүй, app store болон play store-оос хайж үзэхэд ийм апплейкшн байгаагүй бөгөөд өөрөөр хэлбэл программын мэдлэгтэй хэн ч ямар ч апплейкшн зохиож, дурын зохиомол тоогоо шилжүүлсэн гэж харуулах боломжтой зүйл. Учир нь энэ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, баталгаажсан апплейкшн биш байх бөгөөд хаанаас яаж харуулсан нь ойлгомжгүй, тодорхойгүй, нотлох баримт гэж үзэх боломжгүй баримт байна. Мөн M.Tn гэх нэртэй 0000 дугаартай тоглогчийн хаяг руу 158.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний нэгж шилжүүлсэн нь 0000 тоо нь юу болох нь тодорхойгүй, M.Temuulen гэх нэр огт байхгүй, М.Т-тэй холбоотой эсэх нь тодорхойгүй. Хохирогч нар шилжүүлсэн нь тодорхойгүй, А.А , Ж.Т- гэсэн нэг ч үг үсэг байхгүй, агент хийдэг эсэх нь эргэлзээтэй, энэ талаар нотлоогүй. 141-145 дугаар хуудаст авагдсан “Бэлэн мөнгөний урсгалын тайлан” гэх хүснэгтийг хэн ч хийж болох хүснэгт бөгөөд албан ёсны тооцоо тайлан биш байна. Шүүхийн дүгнэлтэнд дэх хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан гэх нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон гэж үзсэн нь тодорхойгүй ямар баримтанд үндэслэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Учир нь хохирогч гэх агентууд нь тухайн нэгжний хууль ёсны өмчлөгч гэдгийг нотолсон ямар ч баримт авагдаагүй, мөн энэхүү нэгж нь өмч хөрөнгө биш, мөнгө биш, эд хөрөнгө биш бөгөөд эд хөрөнгө биш учир өмчлөгч гэж байх боломжгүй юм. Энэ нь Санхүүгийн зохицуулах хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо болон эрх бүхий байгууллагийн албан бичгээр нотлогдох юм. Мөн шүүх дүгнэхдээ “цахим бооцоот тоглоомын платформд ашиглагддаг төгрөгөөр цэнэглэгддэг нэгж нь эд хөрөнгийн хохиролд тооцон хэмжиж болохуйц, мөнгөөр илэрхийлэгдэх, нөхөн төлөгдөх шинжтэй, шунахайн сэдэлтээр үйлдэгдсэн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн үр дагавар болсон нийт 201.000.000 төгрөгийг бодит хохирол гэж үзнэ” гэжээ. Үүнийг дараах байдлаар үгүйсгэж байна. Шүүх эд хөрөнгийн хохирлыг яаж тооцож, хэрхэн хэмжиж байгаа тодорхойгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр 1 нэгжийг хэдэн төгрөгтэй тэнцэхийг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байдаг. Хохирогч гэх этгээдүүд өөрсдөө 1 нэгж 1 төгрөгтэй тэнцэнэ гэсэн мөртөө буцаагаад өөрсдөө мэдүүлгээрээ үгүйсгэсэн байдаг. Монгол улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар Монгол улсад нэгж гэх ойлголт байхгүй, ямар нэгэн төлбөр тооцоо, гүйлгээний хэрэгсэл биш бөгөөд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх боломжгүй гэсэн албан ёсны байгууллагын лавлагаа байхад яаж, хэрхэн мөнгөн дүнгээр илэрхийлж, эд хөрөнгө гэж үзэж, дээр нь нөхөн төлөгдөх шинжтэй гэж үзэж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Учир нь шүүхийн дээрх дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан баримтын эсрэг дүгнэлт байгаа нь энэхүү дүгнэлтэнд хүргэж байна. Дээрх байдлыг дүгнэн үзвэл “Хохирогч гэх этгээдүүдийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх боломжгүй, эд хөрөнгийн хохирол бодитой учирсан гэж үзэх үндэслэлгүй, хохирогчоор тогтоогдсон этгээдүүдийг хохирогч гэж үзэх боломжгүй, нэгж М.Т-д шилжүүлсэн гэх үйлдэл нотлогдоогүй, хохирсон гэх дүнг яаж, хэрхэн тооцсон нь тодорхойгүй” байна. Иймд шийтгэх тогтоол нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтанд тулгуурлаагүй, хэт хохирогч гэх хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа этгээдүүдийг хамгаалсан, дэмжсэн, гэмт хэрэгт тооцсон үйлдлийг хаацайлсан, мөнгө их хэмжээгээр угааж, гадагш гаргасан, олон иргэдийг хохироосон этгээдүүдийн хууль бус үйлдлийг өөгшүүлсэн, Монгол улсаа тонон дээрэмдсэн ажиллагааг дэмжсэн илт хууль бус шийтгэх тогтоол болсон гэж үзэж байгаа тул М.Т-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогч А.А , Э.Т , Э.У , С.Ц- нарын өмгөөлөгч Б.Ууганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс гаргасан шийтгэх тогтоол болон прокурорын дүгнэлтийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нэг нэгж нэг төгрөгтэй тэнцэхгүй, төгрөгт хувирах боломжгүй гэж тайлбарлаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурорын зүгээс нэгжлэг хийсэн. “Оne-xbet” гэх цахим мөрий хэрхэн ажилладаг талаар мөрдөн шалгах ажиллагааг мөрдөгч хийсэн, үүнээс тодорхой харагддаг. Хэргийн бусад үйл баримтын тухайд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдах байх. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нар хий хоосон тоо буюу төгрөг, мөн иргэний журмаар нэхэмжлэх эрхгүй хэмээх тайлбарыг хэлж байна. Гэвч нэгж нь нэгэнт бий болсон хөрөнгө. Уг мөрийний хувьд урьдчилан таамаглах боломжгүй зүйл биш. Урьдчилсан таамаглах боломжтой буюу тодорхой мэдлэг эзэмшсний дээр мөрий тавьдаг. Мөн “one-xbet” нь хууль хэрэгжиж эхлэхээс өмнө үйл ажиллагаагаа эхэлсэн, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр байнга яригддаг байсан. Хий хоосон тоо хэрхэн төгрөг байх боломжтой юм бэ гэх асуудлын талаар ярьж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад хохирогч нар санхүүгийн бүх боломжоо мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгуулсан. Өөрөөр хэлбэл өөрт байсан хөрөнгүүдийг зарж борлуулсны үндсэн дээр тухайн хөрөнгийг босгосон. Энэ талаарх баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор З.Бат-Амгалан шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан нотлох баримтаар М.Т- 2022 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч А.А гийн харилцах данс болон нууц үгийг мэддэг байдлаа урвуулан ашиглаж түүний данснаас их хэмжээний буюу 43,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний нэгжийг хулгайлан авч түүнд 43,000,000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн А.А гийн цахим хаягийг ашиглан үлдэх хохирогч нартай холбогдож нийт 158,000,000 төгрөгийг залилаж авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон гэж үзэж анхан шатны шүүхээр гэм буруугийн хуралдааныг хэлэлцүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Хохирогч нар Оросын холбооны улсын сервертэй спорт бооцооны сайт болох “one-xbet”-рүү олон улсын картаар мөнгө шилжүүлж нэгж авч түүгээрээ тоглогч нарт цэнэглэлт хийдэг үйлчилгээ үзүүлдэг болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Өмгөөлөгч нар нэгж ямар хэлбэрээр ордог болон нэг нэгж нэг төгрөгтэй тэнцдэг талаар мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй хэмээн маргаж байна. 4 дүгээр хавтаст хэргийн 56 дугаар талаас 59 дүгээр талд авагдсан “one-xbet” гэх нэртэй сайтад үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл бий. Тухайн сайтад үзлэг хийхдээ 5,000 төгрөгийн цэнэглэж, түүнийхээ дараа таталт хийх байдлаар ажилласан. Эдгээр баримтуудаар нэг нэгж нь нэг төгрөгтэй тэнцэх боломжтой хэмээн дүгнэж хавтаст хэрэгт авагдсан ба шүүх хуралдааны явцад нотлох баримтаар шинжлэн судлагдсан. Мөн агентууд нь хууль зөрчсөн учраас нэхэмжлэх эрхгүй хэмээн тайлбарлаж байна. Хохирогч болон гэрч нарын мэдүүлгээр М.Т- бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. М.Т-гийн тоглогчийн аккаунт нотлогдоогүй хэмээн тайлбарлаж байна. Гэтэл М.Т- гэх тоглогчийн аккаунт болох нь тогтоогдсон нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Мөн хохирогч нар М.Тэмүүжин гэх хүн рүү нэгжээ шилжүүлсэн талаарх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Анхан шатны шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Мөн нотолбол зохих зүйл хангалттай нотлогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын эрхийг хязгаарласан, Эрүүгийн хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй. Тиймээс хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос М.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан буюу бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд М.Т-г дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж дүгнэв. Үүнд:
Шүүх нотлох баримтын нотлогооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон эх сурвалжийг магадлаж, логик дүгнэлтэд түшиглэн үнэлдэг.
Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан судалж, нягтлан шалгаагүй байна.
Тухайлбал, Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ХШТ/127 дугаар тогтоолд хохирогч А.А , Э.Т , Э.У , С.Ц- нар “1xbet” нэртэй олон улсын хэмжээнд бооцоо тавих үйлчилгээ үзүүлдэг цахим тоглоомын цэнэглэх нэгжийг худалдан борлуулдаг үйл ажиллагааг явуулахдаа тухайн нэгжийг худалдан авахад хэдий хэмжээний төгрөг зарцуулсан болохыг тогтоох талаар дүгнэлтийг хийж 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 206 дугаар цагаатгах тогтоол, 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 583 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгожээ.
Үүнтэй холбогдуулан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 2025/ШЗ/3276 дугаар шүүгчийн захирамжаар “Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолд “...М.Т-д холбогдох бусдын эд хөрөнгийг хулгайлах, залилах гэмт хэрэг хохирогчоор тогтоогдсон А.А , Э.У-, Ж.Т-, С.Ц- нарын эрхэлж байсан “1xbet” нэртэй олон улсын хэмжээнд бооцоо тавих үйлчилгээ үзүүлдэг цахим тоглоомын цэнэглэх нэгжийг бусдад зуучлан борлуулдаг үйл ажиллагаа нь дээр дурдсан хуулийн үйлчлэлд хамаарах хэдий ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийн шинжийг агуулаагүй буюу хуулиас хориглосон мөрийтэй тоглоом гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, дээрхи хүмүүсийн хувьд хуулиар тогтоосон журмын дагуу тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагааг түүнийг авалгүйгээр гүйцэтгэсэн нь хууль зөрчсөн боловч энэ нь хуулиар хориглосон үйл ажиллагаа биш юм.
Тиймээс дээрхи дөрвөн хүний хувьд гэмт хэрэг үйлдэх замаар олсон хөрөнгө, орлогыг эргэлтэд оруулсан нь тогтоогдоогүй тохиолдолд тэдгээр нь шударгаар олж авсан өөрийн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах явцад гэмт халдлагад өртөж өмчлөх эрх нь зөрчигдсөн бол Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу эрхээ хамгаалуулах болон гэм хорыг нөхөн төлүүлэх эрхтэй болно." гэжээ.
Иймээс хохирогч А.А гийн данснаас 43.000.000 төгрөгийн, Э.У-аас 20.000.000 төгрөг, Ж.Т-аас 93.000.000 төгрөг, С.Ц-ээс 45.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний нэгжийг шилжүүлэн авсан гэх М.Т-гийн үйлдэлтэй холбоотойгоор эдгээр нэр бүхий хохирогчид тус тусын цэнэглэлт хийсэн нэгж буюу (төгрөг) нь орлогын ямар эх үүсвэрээс бүрдсэн, тухайн орлого хууль ёсны эсэхийг тодруулах шаардлагатай байх бөгөөд энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчдийн санал дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 дахь заалтад заасан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол гэж үзэхээр байна.
Мөн шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13 дахь хэсэгт заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх ажиллагаа явуулахыг хяналтын прокурорт даалгав. ...” гэж нэмэлт ажиллагааг хийлгэхээр хэргийг хянан шийдвэрлэх хугацааг 60 хоногийн хугацаагаар буюу 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 08 цаг 30 хүртэл хойшлуулж, дээрх ажиллагааг хийхийг прокурорт даалгасан байна.
Гэвч шүүгдэгч М.Т-д холбогдох эрүүгийн **** дугаартай хэрэгт дээрх ажиллагааг огт явуулаагүй буюу хохирогч нарын “1xbet” нэртэй олон улсын хэмжээнд бооцоо тавих үйлчилгээ үзүүлдэг цахим тоглоомыг цэнэглэсэн гэх нэгж, уг нэгжийг худалдаж авсан төгрөг, хохирогч нарын орлогын ямар эх үүсвэрээс бүрдсэн эсэхийг тодруулаагүй байна.
Иймд Улсын Дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ХШТ/127 дугаар тогтоол, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЗ/3276 дугаар шүүгчийн захирамжид заасан ажиллагааг явуулж, хохирогч А.А , Э.Т , Э.У , С.Ц- нарыг орлогын эх үүсвэр болон тухай орлого нь шудрага хөдөлмөрийн үндсэн дээр бий болсон эсэхийг шалган тогтоосны дараа хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шүүгдэгч М.Т-гийн гэм бурууг шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж давж заалдах шатны үзлээ.
Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, 1.2 дах заалтад “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, 1.3 дах заалтад “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол…” шүүхийн тогтоолд заасан дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр тус тус хуульчилсан байдаг.
2. Эрүүгийн хууль нь хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоох бөгөөд тогтоогдсон үйл баримтад нийцэх хууль хэрэглээ буюу ямар хуулийг хэрхэн хэрэглэх талаар Эрүүгийн хуульд заасан субсумци /дүн шинжилгээ/-г хийснээр зүйлчлэлийг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ноцтой зөрчил гарсан эсэхийг шалгаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх ёстой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих “...гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл...”-ийг бүрэн нотолсны эцэст үйл баримт нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг тодорхойлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.
Иймд шүүгдэгч М.Т-, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн, Ц.Эрдэмбилэг нарын гаргасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нотлох нэмэлт ажиллагааг хийх шаардлагатай гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаатай холбогдуулан М.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/2020 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч М.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ