Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00938

 

 

 

КБХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/00609 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч КБХХК дахь банкны эрх хүлээн авагчийн хариуцагч Н ХХК, С.О, Б.Ө, О.Онарт холбогдуулан гаргасан 488 238 939.82 төгрөгийг нотариатын зардлын хамт гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Н ХХК-ийн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Борхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Н ХХК нь К Б2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 820 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, жижиг дунд аж ахуй нэгж хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах төслүүдэд эх үүсгэвэр олгох чиглэлээр 10 жилийн хугацаатай зээлдэн авсан. 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 230 000 000 төгрөг, 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 283 000 000 төгрөг, 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 300 000 000 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 7 000 000 төгрөг Капитал банкны ... тоот дансанд тус тус шилжүүлснээр зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ү-2206008433 тоот дугаарт бүртгэлтэй, С.О, Б.Ө, О.Онарын өмчлөлийн ... 660 м.кв талбайтай, барилга, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хамт, Улсын бүртгэлийн нэгж талбарын 8019/0044 дугаарт бүртгэлтэй С.Оын өмчлөлийн ..., аж ахуйн зориулалттай газар, ...дугаарт бүртгэлтэй, М.Отгонбаярын өмчлөлийн ..., ажилчны гудамж, 185/2 тоотод байрлах 460 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай газар, 3 дугаар давхар хэсгийн үл хөдлөх хөрөнгө, ...дугаарт бүртгэлтэй С.О, Б.Ө нарын өмчлөлийн ... 102-120 тоот хаягт байршилтай, 43.17 м.кв орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Зээлдэгч нь тухайн зээлийн үндсэн төлбөрт 375 034 029.52 төгрөг, зээлийн хүүнд 270 619 315.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 854 751.97 төгрөг төлсөн. Үүнээс хойш зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Зээлийн гэрээний 8.3, 5.1.4, 5.1.8, 8.3.1, 8.3.2 , 8.3.3, 8.4-т заасан хэсэгт талууд гэрээг дуусгавар болгох үндэслэлээ тохиролцсон. Зээлийн өр төлбөр 2019 оны 12 сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 444 965 970.48 төгрөг, хүүгийн үлдэгдэлд 41 716 675.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 556 293.67 төгрөг, нийт 488 238 939.82 төгрөг болсон. Нэхэмжлэл гаргахад шаардлагатай холбогдох баримтуудыг нотариатаар гэрчлүүлсний төлбөр 50 700 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Банкны эрх хүлээн авагч томилогдсоноос хойш С.Отай удаа дараа уулзан, энэ талаар мэдэгдэж, учир байдлыг тайлбарласан. Гэтэл хариуцагч байгууллага төлбөрөө төлөхгүй байгаа. Тэрээр банк нэгэнт татан буугдаж байгаа болохоор төлбөрөө төлөхгүй гэсэн байдлаар хандаад байдаг. Нэгэнт хариуцагч байгууллагын үйл ажиллагаа зогссон тул зээлийн гэрээг цуцалж, 488 238 939.82 төгрөг, нотариатын зардал 50 700 төгрөгийн хамт гаргуулах, үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч талын тайлбарт: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг 2020 оны 11 дүгээр сараас эхлэн график гарган төлөх саналтай байна гэжээ.

 

  Шүүх:   Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н ХХК-аас нийт 488 289 639 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч КБХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н ХХК нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Зээлийн барьцааны гэрээнд заасан улсын эрхийн бүртгэлийн ............... тоот хаягт байрлах, үйлдвэрлэлийн зориулалттай, 660 м.кв талбайтай барилга, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хамт, нэгж талбарын .......... дугаар бүхий, ..................... зориулалттай 1135 м.кв газар эзэмших эрх, улсын эрхийн бүртгэлийн ...дугаартай, ....................185/2 тоотод байрлах, үйлдвэрлэлийн зориулалттай, 3 дугаар давхрын хэсгийн 460 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай, ... 102 байр 120 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 43.17 м.кв талбайтай 2 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Н ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд 2 599 398 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулжээ.

 

Хариуцагч Н ХХК-ийн төлөөлөгч С.Оын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62, 63 дугаар зүйлд нэхэмжлэлийн шаардлагын бүрдүүлбэр, нэхэмжлэлийн үнийг тодорхойлохыг заасан. 63.1.1 дэх хэсэгт зааснаар мөнгө төлүүлэхээр шаардаж байгаа нэхэмжлэлд нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох ёстой. Бид үндсэн зээлийг зөвшөөрнө, харин үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөх боломжгүй. Хэдийгээр гэрээнд хүү төлөхөөр заасан боловч энэ талаарх шаардлага хууль зүйн үндэслэлгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын хариуцагч Н ХХК-аас 488 238 939.82 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэснийг хариуцагч Н ХХК-аас 444 965 970.48 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 43 272 969.32 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

 

 

Хариуцагч Н ХХК, С.О, Б.Ө, О.Онараас үндсэн зээл 444 965 970.48 төгрөг, хүү 41 716 675.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 556 293.67 төгрөг, нийт 488 238 939.82 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, нотариатын зардал 50 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч КБХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэснийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Талууд 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Н ХХК нь жижиг дунд аж ахуйн нэгжийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлийн төслүүдэд урт хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэр олгох чиглэлийн зориулалтаар 820 000 000 төгрөг, жилийн 8 хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатай зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд 2013 оны 04 дүгээр сарын 02, 2014 оны 07 дугаар сарын 28, 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн барьцааны гэрээгээр ................... байрлах Улсын бүртгэлийн .................... дугаарт бүртгэлтэй үйлдвэрлэлийн зориулалттай 660 м.кв барилга, үйлдвэрийн тоног төхөөрөмж, улсын бүртгэлийн Ү-2206030459 дугаарт бүртгэлтэй үйлдвэрлэлийн зориулалттай 460 м.кв талбай бүхий барилга, ...............бүхий 5 жилийн хугацаатай аж ахуйн зориулалтаар эзэмших эрхтэй 1 135 м.кв газар, ..................... 120 тоот хаягт байршилтай Улсын бүртгэлийн .............. дугаарт бүртгэлтэй 43.17 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан байна. Зохигчдын хооронд хийгдсэн зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт нийцжээ. /хх13-33/

 

Хариуцагчийн гэрээний хугацаанд гүйцэтгэвэл зохих үүргийн дүн 1 185 753 455.64 төгрөг бөгөөд үүний 820 000 000 төгрөгийг үндсэн зээлд, 365 753 455.64 төгрөгийг зээлийн хүүд төлөхөөр байсан боловч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Зээлдэгч нь 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл үндсэн зээлд 375 034 029.52 төгрөг, зээлийн хүүд 270 619 315.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 854 751.97 төгрөг, нийт 646 508 097.15 төгрөг төлсөн, үүргийн зөрчил 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс үүссэн нь хэргийн 47-58 дугаар талд авагдсан зээл, зээлийн хүүгийн тооцоолол, зээлдэгчийн дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан үүргээ гүйцэтгээгүй байх тул мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүснэ.

 

Зээлийн гэрээний хавсралтад зааснаар зээлдэгч сар тутамд үндсэн зээлд 7 592 600 төгрөг төлж, үлдэгдэл зээлийн дүнд тохирох хүү төлөх үүрэг хүлээсэн боловч хариуцагч тал 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш үндсэн зээлээс төлөлт хийгээгүй, зээлийн хүүг тогтоосон хэмжээнээс бага дүнгээр төлж байжээ. Зээлдүүлэгч үүргийн зөрчлийг арилгахаар 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдэл хүргүүлсэн байхад зөрчил арилаагүй одоог хүртэл ямар нэгэн төлбөр хийгдээгүй байна.

 

Нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардаж 2019 оны 10 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна. Шүүх 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дахин нэхэмжлэл гаргасан өдрөөр гэрээ цуцлагдсанд тооцож үүргийн зөрчил үүссэн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар хариуцагч талаас үндсэн зээл 444 965 970.48 төгрөг, зээлийн хүү 41 716 675.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 556 239.67 төгрөг, нийт 488 238 939.82 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэгчийн тооцоолол зөв. /хх10/

 

Шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлж холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж хариуцагчаас үндсэн зээл 444 965 970.48 төгрөг, зээлийн хүү 41 716 675.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 556 293.67 төгрөг, нийт 488 238 393.82 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах, нотариатын үйлчилгээний зардал 50 700 төгрөгийг хариуцагч талаас гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг болон талуудын хоорондох гэрээний 3.16, 5.1.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байх тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/00609 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 374 350 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

 

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

 

 

А.МӨНХЗУЛ