| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2025/00004/И |
| Дугаар | 192/ШШ2026/01236 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Тогтоол
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2026/01236
2026 01 27 192/ШШ2026/01236
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Энтүшиг нь хариуцагч*******д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “******* миний бие*******тай 2015 онд анх танилцаж байсан бөгөөд 2016 оноос хамтран амьдрах болсон. Ингээд бидний дундаас 2017 оны 12 дугаар сарын 21 -ны өдөр хүү Б.Мандала төрсөн. Бид 2016 оноос 2022 онд хүртэл нэг гэрт хамт амьдарсан бөгөөд түүнээс хойш салж сүүлийн хоёр жилийн хугацаанд тусдаа амьдарч байна.******* нь хамт амьдарч эхэлсэн цагаасаа л эхлэн архи согтууруулах ундааг байнга хэтрүүлэн хэрэглэдэг байсан. Эхэндээ гадуур архи уудаг байсан бол сүүлдээ гэртээ уудаг болсон. Архи уухаараа элдэв зүйл шидэж, хэл амаар элдвээр доромжилдог, хөөж туудаг, гэр орондоо эмэгтэй хүн авчрах, согтуудаа гэртээ бөөлжих хүндрэх зэргээр зүй бус үйлдэл ихээр гаргах болсон тул таарч тохирохгүй бол салж тусдаа амьдарсан. Одоо миний хувьд цаашид*******д дахин итгэж амьдрах боломжгүй бөгөөд хүүгээ албан ёсоор өөрийн асрамжид авч эцгээс нь хуульд заасан тэтгэлгийг тогтоолгох хүсэлтэй байна. Бид амьдран амьдрах хугацаандаа гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан. Харин хүүхэд эцэг*******гаар овоглодог. Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Гэрлэгчид бие биеэ. эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан бол мөн хуулийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй’’ гэж тус тус заасан. Иймд 2017 оны 12 дугаар сарын 21-ны өдөр төрсөн хүү Б.Мандалаг эх миний асрамжид үлдээж эцэг*******гаас тэтгэлэг гаргуулж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч******* нь хариу тайлбартаа: “Бидний дундаас 2017 оны 12 сарын 21-ны өдөр хүү Баярмагнай овогтой******* төрсөн. Нэхэмжлэгч Э. Энхтүшиг нь удаан хугацаагаар гадаадад ажиллаж амьдрах зорилгоор хүүхдээ орхиод гадаадад явсан. Тэр хугацаанд *******ийн ээж нь Б.Мандалаг асарч байсан. Б.Мандалатай уулзуулахгүй байгаа. Хүү Б.Мандала ээжийнхээ асрамжинд байхыг зөвшөөрсөн бол нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрнө” гэжээ.
Хариуцагч******* нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:. Бидний дундаас 2017 оны 12 сарын 21-ны өдөр хүү Баярмагнай овогтой******* төрсөн. Нэхэмжлэгч Э. Энхтүшиг нь удаан хугацаагаар гадаадад ажиллаж амьдрах зорилгоор гадаадад явсан байх ба хүү******* нь одоогоор бусдын асрамжид байгаа болно. Иймд гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхэд төрсөн эцэг эхийн асрамжид байх шаардлагатай тул хүү Б.Мандалаг миний асрамжид өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу хүү Б.*******г миний асрамжид өгч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч ******* нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хүүхэдтэйгээ уулзах боломжтой байсан. Хариуцагч******* нь хүүхэдтэйгээр удаан уулздаггүй, ажилтай болчлоо гээд нэг цаг болоод буцаагаад авчираад өгдөг. Хүүхэдтэйгээ хамт гадаад явах гэсэн боловч******* зөвшөөрөөгүй учраас хүүгээ хамт гадаад авч явж чадаагүй. Гадаадад сургалтанд хамрагдаж байгаад ирсэн” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эрүүл өсөж бойжиж байгаа талаарх тодорхойлолт, сургуулийн тодорхойлолт, 0819 дугаартай итгэмжлэл, төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *******ийн иргэний үнэмлэхний хуулбар, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан захирамж, *******ийн бакалаврын дипломын хуулбар, *******ийн магистрын дипломын хуулбар, Мэргэшсэн эдийн засагчийн гэрчилгээ, Гэгээ сургуулийн тодорхойлолтыг ирүүлсэн.
Хариуцагчаас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг ирүүлсэн.
Шүүхийн журмаар хүүхдийн санал асуух ажиллагаа хийсэн.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч******* эс хүлээн зөвшөөрч, Б.Мандалаг өөрийн асрамжид тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч******* нь хүү Б.Мандалаг эхийн асрамжинд үлдээхийг зөвшөөрсөн тайлбар гаргажээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1. Зохигчдын дундаас 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүү Б.Мандала төрсөн болох нь талуудын тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.(хавтаст хэргийн 6 дахь тал)
3.2. Хүү Б.Мандала нь Нийслэлийн Ерөнхий боловсролын Гэгээ сургуулийн 3 дугаар ангид суралцдаг.(хавтаст хэргийн ... дахь тал)
3.3. Зохигчид хүү Б.Мандала нь эх *******тэй хамт байгаа болон хүүхдийн асрамж, тэтгэлийг тухайд маргаангүй.
Хариуцагч******* нь хүү Б.Мандалаг өөрийн асрамждаа авахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдааны явцад хариуцагч нь хүү Б.Мандалаг эх *******ийн асрамжинд үлдээхийг зөвшөөрсөн.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5. “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж заасан тул хүү Б.Мандалаг эх *******ийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.2. “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй” гэж заасан тул эцэг******* нь хүү Б.Мандалатай уулзах, дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх *******т даалгах нь зүйтэй.
6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү Б.Мандалаг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг*******гаар сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
7. Нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.Мандалаг эх *******ийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Б.Мандалаг өөрийн асрамжид тогтоолгох тухай хариуцагч*******гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг мэдэгдсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг******* нь хүү Б.Мандалатай уулзах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх *******т даалгасугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү Б.Мандалаг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг*******гаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР