Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2025/ДШМ/1260

 

                                  М.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга  даргалж, шүүгч Н.М.Б-, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

прокурор М.Анхбаяр,

хохирогч О.Г-гийн өмгөөлөгч С.Ялалт,

хохирогч Э.Анхболдын өмгөөлөгч Б.Лхагвадорж,

шүүгдэгч М.Б-, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1587 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч О.Г-, түүний өмгөөлөгч С.Ялалт нарын хамтран гаргасан, хохирогч Д.Б, Ч.Д, Г.Т, хохирогч Э.А-н өмгөөлөгч Б.Лхагвадорж, шүүгдэгч М.Б-, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлоор М.Б-д холбогдох эрүүгийн ****  дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч М.Б- нь 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд бусдад мөнгө зээлдүүлбэл хүүнд нь нэг жилийн хугацаанд түрээсийн байранд үнэгүй суулгах боломжтой, мөн өөрийн “Б ” ХХК-ийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт барьж буй байранд 2023 оны дундуур ашиглалтад орох шинэ байранд хүүнд нь байлгах болон урьдчилгаа төлбөрт зээлсэн мөнгөө бодуулан орох боломжтой гэж, мөн газар болон үл хөдлөх хөрөнгөө шилжүүлбэл 2023 онд шинээр ашиглалтад орох байранд зогсоол, байр, үйлчилгээний талбай өгнө гэж хожим биелэгдэх боломжгүй амлалт өгч, нийт 208 хохирогчид 5,986,094,030 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож залилах гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн Прокурорын газрын прокуророос М.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч М.Б-г үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, цахим сүлжээ, баримт бичиг ашиглан зээлийн гэрээгээр халхавчлан, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Б-г 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-гаас шийтгэх тогтоолын хавсралтад заасан хохирлыг тооцон гаргуулж нэр бүхий хохирогч нар болон иргэний нэхэмжлэгч нарт олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б- 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 60 хоног, 2025 оны 4 дүгээр сарын 14-ний  өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 58 хоног, нийт 118 цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Нүхтийн 577Б тоот Э-2гэрчилгээний дугаартай 324 мкв газар, мөн хорооны Нүхтийн 577 тоот хаягт бүртгэлтэй Ү-2 гэрчилгээний дугаартай 240 мкв үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт бүртгэлтэй Ү-2 гэрчилгээний дугаартай 214 мкв газар үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй холбоотой шилжилт хөдөлгөөнийг мөн шүүгдэгчийн эзэмшлийн арилжааны банкнууд дахь мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн JLBM1900P гэсэн 2 ширхэг санах ойтой дэлгэц, 21 ширхэг хавтас бүхий баримт бичиг, 54 хүний хийсэн орон сууц хөлслүүлэх гэрээ 1 хавтас бүхий задгай баримт бичиг, optiplex 380 процессор 2 ширхэг, “Sunyung Pangy” гэсэн 1 ширхэг процессор, “НР” гэсэн процессор 1 ширхэг нийт 4 ширхэг процессорыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “Samsung” гэсэн бичигтэй хар нугас эвдэрсэн 1 ширхэг нөүтбүүк, sandisk 4 GB флаш 1 ширхэг, Spaceloop 16GB флаш 1 ширхэг, Moxom 32 GB флаш 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст, 5 ширхэг дардас тамгыг Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Тамга тэмдгийн үйлдвэрт буцаан олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт тус тус даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийн 63.1.3 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Б-гийн насанд хүрээгүй хүүхэд Б.С , байнгын асаргаа шаардлагатай Б.Э нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд заасан гэм буруу болон зүйлчлэл дээр маргаагүй бөгөөд зөвхөн хохирлыг тооцсон үйл баримт, оногдуулсан ялын талаар гомдолтой байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дуусган, хэргийн бодит байдлыг бүрэн тооцож тогтоосон гэж үзвэл яллагдагч, түүний өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ” гэх болон 3 дахь “...мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ” гэх заалтыг зөрчиж 60 хоногт хийсэн нэмэлт ажиллагаануудтай танилцах боломж олгоогүйд гомдолтой байна. Шүүх хурал 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр товлогдсон тул хэргийн материалтай танилцахаар анхан шатны шүүхээс удаа дараа залгаж асуухад хэргийн материал 6 дугаар сарын 11-ний өдрийн ажлын өдөр дуустал ирээгүй байсан болно. Маргааш нь буюу 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагт хурал эхлэхэд М.Б- болон өмгөөлөгч миний зүгээс шүүх бүрэлдэхүүнд хандан “мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийгдсэн хавтаст хэргийн материалтай танилцах боломж олгож өгөх”-ийг хүсэлт болгон тавихад хүлээн авалгүй хурлыг эхлүүлсэн. Мөрдөн шалгах нэмэлт ажиллагааны үед хийгдсэн хохирлын дүн хэмжээг огт мэдээгүй тул ямар нэг байдлаар огт мэтгэлцэн оролцож чадалгүй хохирлын асуудлыг шүүх, прокурор шийдсэн юм. Шүүгдэгч түүний өмгөөлөгчөөс хохирлын тооцоог үнэн зөв гаргасан гэдэгт эргэлзэж байгаа тул хохирлын талаар үнэн бодитой тооцуулж, шийдвэрлэх хүсэлтэй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Э.Анхболдын өмгөөлөгч Б.Лхагвадорж давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “шүүгдэгч М.Б-гийн хохирогч нарын түрээсийн байранд амьдарч байх хугацаанд түрээсэнд төлсөн 2,529,982,000 төгрөгийг хохиролд төлсөн гэж үзэхээр байна” гээд шийтгэх тогтоолын хавсралтын 186-д миний үйлчлүүлэгч Э.Анхболдын хохирлоос 21,600,000 төгрөгийг хасаж, 18,400,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлаж, гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг буруу тооцож шүүгдэгчид хэт ашигтайгаар хуулийг тайлбарлаж, Э.Анхболдын хохирлоос хасаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. М.Б- нь анхнаасаа залилж авсан мөнгөн хөрөнгийг өгөхгүй байх гэсэн шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн. Тэрхүү шунахайн сэдэлт нь шүүх хуралдаанд хүртэл үргэлжилж байсан. Учир нь М.Б- нь түрээсийн төлбөрийг хохирлоос хасуулна гэж маргаж байсан нь түүний шунахайн сэдэлт нь шүүх хуралдааны явцад үргэлжилсээр байгааг илэрхийлж байгаа болно. Гэвч анхан шатны шүүх нь М.Б-гийн шунахайн сэдэлтийг өөгшүүлсэн дүгнэлт хийж, түрээсийн төлбөрийг хохирлоос хасаж тооцсон нь илтэд үндэслэлгүй юм. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд “...гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино...” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хор уршгийг хэрхэн ямар үндэслэлээр хасаж тооцсон талаар ямар ч дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.  М.Б- нь зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн хүүгийн төлбөрт тооцон Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарлаг өргөө 722 дугаар байрны 84 тоот 2 өрөө орон сууцанд амьдрах зориулалтаар үнэт төлбөргүй суухаар тохиролцсон. Гэвч М.Б- нь уг орон сууцны өмчлөгчдөд түрээсийн төлбөрөө төлөөгүй тул өмчлөгч нарын зүгээс түрээсийн төлбөрөө нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Уг нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2024/836 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2024/797 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 001/ШХТ2024/796 дугаар тогтоол тус тус гарч хүчин төгөлдөр болсон. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Э.Анхболдоос түрээсийн төлбөр болох 10,800,000 төгрөгийг гаргуулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарлаг өргөө гудамж/хороолол, 722-р байрны 84 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчид болох Б.Энхсаран, Ж.Б- нарт олгуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү төлбөр төлөх үүргийг хүлээсэн нь М.Б-гийн хууль бус үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршигт хамаарна. Иймд гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан М.Б-гаас бодит хохиролд 40,000,000 төгрөг, түүний хууль бус үйлдлийн улмаас учирсан хор уршиг болох 10,800,000 төгрөг, нийт 50,800,000 төгрөгийг гаргуулж Э.Анхболд олгож өгнө үү. ....” гэв.

Шүүгдэгч М.Б- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл болон 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дах заалтад заасан хохирлын тооцоог зөв тогтоож шийдвэрлээгүй. 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн болон гэм буруугийн шүүх хуралдааны үеэр хохирогч нарын зөвхөн амаар хэлсэн мөнгөн дүнгээр тогтоолгосон. Амаар өгсөн мэдүүлгийн мөнгөн дүн болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтэй харьцуулалт хийж явуулсан. /5 хуудас хүснэгтийг хавсарган явуулсан/ Шийтгэх тогтоолын 134 дүгээр талд хохирогч Э.А-н өмгөөлөгч Б.Лхагвадорж гэм буруугийн талаарх дүгнэлтэд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлаар нотолсон асуудал биш харин эргээд хохирогчийн эрхийг зөрчсөн асуудал болж байгаа юм. Өнөөдрийн шүүх хуралдаанд байрны түрээсийг хасна гэхэд тэр байрны түрээс яг хэдэн төгрөг байсан юм бэ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоохгүй яасан юм бэ” гэх өгүүлбэр байдаг. Миний хувьд гэм буруудаа маргахгүй, хохирогчдоос авсан мөнгийг би өөрийн “ХААН” банкны дансаар авсан. Хохирогч нарын байрны түрээсийн мөнгийг мөн л өөрийн данс, ажилчдын дансаар шилжүүлэн авдаг байсан. Хохирогч нар 3-36 сарын хугацаанд миний түрээсийг нь төлсөн байранд амьдарч байсан. Үүнээс хэдэн төгрөг орж ирсэн, хэд нь түрээсэнд бодогдсон талаар дэлгэрэнгүй үнэн бодитойгоор харах боломжтой. Хохирлын үндэслэлгүй тооцооны улмаас төлөх төлбөр маш ихээр нэмэгдэж гарсан. Тухайлбал 1 тэрбум гаруй төгрөг байсан бол одоо 3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй болж байна. Иймд миний хавсаргасан хүснэгтэд үзлэг хийлгэж, шинээр танилцуулан хохирлоо үнэн зөвөөр тооцуулан хохирол төлбөрөө төлж, ял багасгах тал дээр боломж олгож өгнө үү. Миний хувьд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад байдаг, Б.Энхболор, охин Б.С  нар байнгын асаргаа шаардлагатай. Хохирол төлбөрөө үнэн зөв тооцуулж, өр төлбөрөө барагдуулах туйлын хүсэлтэй байна. ...” гэв.

Хохирогч О.Г-н өмгөөлөгч С.Ялалт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгчээс гаргуулах хохирлыг шийдвэрлэхдээ шүүгчдэгчийн орон сууцны түрээсийн үнэд урьдчилан төлсөн төлбөрийг гаргуулах хохирлын нийт төлбөрөөс хасаж тооцож үлдэгдлийг гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн /О.Г-гийн тооцоолол шийтгэх тогтоолын хавсралт дахь хүснэгтийн 190 дугаарт бичигдсэн/ байна. Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дах хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэж заасан тул шүүгдэгч М.Б-гийн хохирогч нарын түрээсийн байранд амьдарч байх хугацаанд түрээсэнд төлсөн 2,529,982,000 төгрөгийг хохирол төлсөн гэж үзэхээр байна гэж дүгнэжээ. Энэ дүгнэлтийн дагуу О.Г-гийн шүүгдэгч М.Б-д зээлдүүлсэн 25,000,000 төгрөгөөс түрээсийн төлбөрт төлсөн гэх 14,000,000 төгрөгийг хасан 11,000,000 төгрөгийг гаргуулахаар шийтгэх тогтоолын хавсралтад тусгасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Талуудын байгуулсан зээлийн гэрээ, орон сууцны түрээсийн гэрээнд зээлийг хүүтэй байхаар, зээлийн хүүний оронд орон сууцыг хөлслүүлэхээр харилцан тохиролцсон нь тогтоогддог. О.Г- эхний жил 20,000,000 төгрөгийг зээлдүүлж, хүүний төлбөрт 1 жилийн хугацаанд орон сууцыг хөлслөхөөр харилцан тохиролцсон. 2 дах жилд 25,000,000 төгрөг зээлдүүлж, зээлийн хүүний оронд мөн 1 жилийн хугацаанд орон сууцыг хөлслөхөөр тус тус харилцан тохиролцсон байна. Зээлийн гэрээ болон орон сууцны түрээсийн гэрээ байгуулах үед орон сууцны хөлсний тооцоог М.Б- нь өмчлөгчтэй нь урьдчилан хийж дууссан талаар гэрээнд тодорхой заасан байна. Товчхондоо, М.Б- нь О.Г-гаас зээл авахаас өмнө орон сууцны хөлсний төлбөрийг хийсэн талаар гэрээнд заасан. Мөн гэрээнд үндсэн зээлийн төлбөр болох 25,000,000 төгрөгийг гэрээний хугацаа дуусахад бүхэлд нь эргүүлэн төлөх талаар тохиролцсон байна. Орон сууцны хөлс нь үндсэн зээлийн төлбөрт бус гагцхүү хүүний төлбөрт тооцогдох талаар тодорхой тусгасан байх ба гагцхүү энэхүү нөхцөлийг үндэслэн хохирогч нараас зээл олгохыг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ тохиолдолд зээлийн хүүнд тооцогдсон түрээсийн төлбөрийг гэрээний зохицуулалтыг зөрчиж үндсэн зээлийн төлбөрөөс хасч хохирлын үлдэгдэл хэмжээг тооцоолох нь буруу бөгөөд хэрэгт авагдсан зээлийн болон түрээсийн гэрээний нөхцөлийг үгүйсгэсэн алдааг гаргасан байна. Эхний 1 жилийн хугацааны гэрээний харилцааг дүгнэн үзвэл ямарваа нэгэн асуудалгүй, гэрээ зохих ёсоор хэрэгжсэн гэж үзэхээр байна. 2023 онд шинээр гэрээ байгуулан өмнөх гэрээний нөхцөлийг шинэчлэн 20,000,000 төгрөгийг 25,000,000 төгрөг болгон өөрчилж, 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан байх ба энэ үеэс залилан мэхлэх үйл ажиллагаа явагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Нэгэнт зохих ёсоор хэрэгжээд дуусгавар өмнөх буюу 2022 онд байгуулагдсан зээлийн болон түрээсийн гэрээний иргэний эрх зүйн харилцааг залилан мэхлэх гэмт хэрэгтэй хамаатуулан тухайн хугацааны түрээсийн төлбөрийг шүүгчдэгчээс гаргуулах хохирлын хэмжээнээс хасч тооцсон нь үндэслэлгүй болсон. Учир нь 2023 оны хавар буюу 4 сард төлбөрийн чадваргүй болсон гэдгээ мэдсэн буюу өмнөх гэрээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжгүй гэдгээ мэдсээр байж энэ нөхцөл байдлаа О.Г-гаас нуун дарагдуулж 25,000,000 төгрөгийн гэрээг шинэчлэн хийж мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдэж эхэлсэн гэж үзэх боломжтой. Иймээс энэ үеэс өмнөх түрээсийн төлбөрийг хохирол төлөлт гэж хамаатуулан үзэх нь учир дутагдалтай байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яг хэдий үеэс хохирогч нартай байгуулсан гэрээг цаашид хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн цаг хугацааг нарийн тогтоогоогүй гэдгийг дурдах нь зүйтэй болно. Мөн хохирогч нарт зээлийн үндсэн төлбөрийг бүхэлд нь эргүүлэн төлөх үүрэг хүлээсэн гэдгээ шүүгдэгч М.Б- урьдаас мэдэж байгаа ба түрээсийн төлбөрт төлсөн мөнгөн хөрөнгө нь түүнээс гарвал зохих зардалд хамаарна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт энэ үүргийг хүлээсэн гэдэг талаараа маргаагүй. Иймээс шүүгчдэгчээс гарсан гэх орон сууцны түрээсийн төлбөрийн зардлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дагуу гэмт хэргийн хор уршигт оруулан тооцож, үндсэн зээл болох 25,000,000 төгрөгийг бүхэлд нь хохиролд оруулан тооцож шийдвэрлэх бүрэн боломжтой. Хохирогч нараас зээл авахаас өмнө нь орон сууцны өмчлөгч нарт түрээсийн төлбөрийг 1 жилээр төлж тооцоог хаасан талаар зээлийн гэрээ болон түрээсийн гэрээнд заасан. Зээл аваагүй хэрнээ өөрөөсөө урьдчилан зардал гаргасныг гэмт хэргийн хохирол нөхөн төлсөн гэж үзэхэд учир дутагдалтай байна. Учир нь гэмт хэрэг үйлдэгдэж эхлээгүй байгаа юм. Залилан мэхлэх гэмт хэргийн хувьд мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авснаар төгсдөг буюу материаллаг бүрэлдэхүүнтэй байдаг. Гэмт хэрэг үйлдэгдэж эхлээгүй буюу гэмт хэрэг гараагүй, хохирол учраагүй байх үед хохирол нь түрүүлж төлөгдөнө гэх бодитой боломж байхгүй болно. Товчхондоо, цаг хугацааны хувьд гэмт хэргийн улмаас хохирогчид хохирол учраагүй байх үед хохирол төлбөр урьдчилан төлөгдсөн байх боломжгүй. Энэ тал дээр анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тодорхой тайлбар хэлж мэтгэлцсэн хэдий боловч анхан шатны шүүхээс энэ асуудалд дүгнэлт өгөлгүй, логик дарааллын алдаа гаргасан болно. Хэрэг үйлдэгдэхээс өмнө хохирол төлөгдсөн мэт дүгнэлтийг өгсөн. Орон сууцны өмчлөгчид түрээсийн төлбөрийг урьдчилан төлсөн гэх асуудал нь гэмт хэрэг үйлдэгдэж эхлэхээс өмнө болсон байх тул энэ асуудлаа М.Б- өөрөө иргэний хэргийн журмаар шийдвэрлүүлж болох юм. Эдгээр эрх зүйн тусдаа харилцаануудыг анхан шатны шүүхээс ялгаж салгаагүй байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирлын хэмжээг олгосон зээлийн хэмжээ болох бүхэлд нь буюу 25,000,000 төгрөгийн хэмжээнд гаргуулахаар өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Д.Б- гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хохирлын дүнг хасаж, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүгдэгч М.Б- нь анхнаасаа намайг залилж авсан мөнгийг хөрөнгийг өгөхгүй байх гэсэн шунайхайн сэдлээр гэмт хэрэг үйлдсэн. Анхан шатны шүүхээс түүний үйлдлийг өөгшүүлж, түрээсийн төлбөрийг хохирлоос хасаж шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй байна. Надад учирсан хор уршгийг анх тооцон гаргаж өгсөн 30,000,000 төгрөг дээр нэмээд барьцааны 1,000,000 төгрөг нийт 31,000,000 төгрөгийг гаргуулж олгож өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч Ч.Д-давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд би оролцсон бөгөөд хурал өндөрлөхөд даргалагчаас хохирогчдын тогтоогдсон хохирлын хэмжээг уншиж танилцуулсан. Энэ үед М.Б-д нийт зээлдүүлсэн 20,000,000 төгрөгөөс түрээсийн урьдчилгаа 1,500,000 төгрөг байрны эзэнд олгосныг хасан тооцож 18,500,000 төгрөг олгогдохоор тогтоолыг уншсан. Гэвч цахим шуудангаар шийтгэх тогтоол гардан авч танилцахад 7,500,000 төгрөг хасан 12,500,000 төгрөг олгох шийдвэр ирсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Би М.Б-тай 2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ, түрээсийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөг шилжүүлж, хүүнд нь 1 жилийн хугацаанд сарын 1,000,000 төгрөгөөр түрээсийн төлбөртэй байрыг түрээслэхээр гэрээ байгуулан хугацаа дуусахад 20,000,000 төгрөгийг бүрэн буцаж авахаар гэрээнд тусгасан. М.Б- нь байрны эзэнд барьцааны төлбөр гэх 1,500,000 төгрөгийг барьцаа гэж өгснөөс өөр түрээсийн төлбөрт огт мөнгө өгөөгүй ба байранд сууж эхэлснээс 1 сарын дараа тасралтгүй түрээсийн төлбөрийг өгөхгүй байгаа талаар гомдол ирж сүүлдээ дарамт болон хувирсан. Иймд дээрх худал үндэслэлгүй бичигдсэн хохирлын хэмжээтэй санал нийлэхгүй мөн зээлийн гэрээнд заагдсаны дагуу түрээслэгчид олгосон мөнгөн дүнг хасаж тооцсон нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан 20,000,000 төгрөг гаргуулан надад олгохоор шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Г.Т-гаргасан давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүхээс шүүгдэгчээс гаргуулах хохирлыг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн орон сууцны түрээсийн урьдчилан төлсөн төлбөрийг гаргуулах хохирлыг нийт төлбөрөөс хасаж үлдсэн үлдэгдлийг хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын хавсралтад тусгасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 20,000,000 төгрөгөөс 9 сарын байрны түрээс 11,450,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. М.Б- нь 20,000,000 төгрөг зээлвэл байранд үнэгүй суулгана гэсэн нь гэрээний заалтад тодорхой заасан. Гэтэл мөнгөө өгөлгүй 3 жил гаруй болж залилан хийсэн. Бид байрны урьдчилгаанд 20,000,000 төгрөгөө өгсөн бол 3 жилийн дотор байртай болох байсан. Гэтэл одоо байргүй, мөнгөгүй, түрээсийн төлбөрөө төлөх боломжгүй хэцүүхэн байна. Хамт амьдардаг хүү маань мөнгөний төлөө явж байгаад осолд орж 2 суга таягтай өчнөөн сар эмнэлэгт хэвтэж байна. Би өөрөө өндөр настны тэтгэвэрт байдаг. Одоо түрээсийн байр хайж байгаа боловч түрээсийн төлбөр төлөх мөнгөгүй байна. М.Б-д залилуулсан гэм хохирол 20,000,000  төгрөгөө бүтнээр нь авмаар байна. Мөн М.Б- нь сэтгэл санааны хохирол ч төлөх ёстой гэж бодож байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь М.Б-гийн үйлдлийг өөгшүүлсэн шийдвэр гэж бодож байна. Иймд миний М.Б-д өгсөн 20,000,000 төгрөгийг бүтнээр нь надад олгосон шийдвэр гаргаж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч нарын өмгөөлөгч Т.Хонгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...208 хохирогчоос 21 хохирогч нь төлөөлж “Бидний хүсэл, үеийн нэгдэл” гэсэн төрийн бус байгууллагыг байгуулж, уг төрийн бус байгууллагыг өмгөөлж өмгөөлөгч Б.Баттөр бид хоёр хууль зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байна. 208 хохирогчоос 10, манай байгууллагын 21 хүнээс 6 хүн өнөөдрийн шүүх хуралдаанд ирсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3 хүн нас барж хохирол төлбөрөө авч чадаагүй. Нэг залуу гэр бүл байгаа бөгөөд эхнэр нь жирэмсэн байхдаа залилуулсан тул хүүхдээ амбаарт төрүүлсэн. Энэ мэтчилэн үйлчлүүлэгч нарын эрх зүйн байдал, хувийн байдал, гэр бүл салж сарних гэх зэрэг олон зовлонг энэ цаг хугацаанд амссан. Шүүгдэгчтэй хохирлын асуудлаар маш олон удаа уулзаж, нэхсэн боловч өгье гэсэн бодол байхгүй, зөвхөн “Өгнө” гэсэн албан бичгийг өгч, хуулийн цоорхойг ашиглаж, олон өмгөөлөгчийг сольсон. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн зүгээс хангалттай цаг хугацааг өгч, 60 хоногийн хугацаа авч нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцааж байсан атал хэргийн материалтай танилцаагүй, нэмэлт ажиллагаагаар мэдүүлэг өгсөн гэх хохирогч нарын мэдүүлгүүдтэй танилцаагүй гэх мэтээр тайлбарлаж байгааг гэм буруугийн талаар маргаж байна гэж ойлгож байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх гэх хуулийн заалтыг ашиглаж хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлдэг. Гэтэл хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлэх гэдэг нь төлнө гэсэн баталгаа хууль зүйн хувьд болохгүй. Манай 21 үйлчлүүлэгчид нэг ч төгрөг төлж барагдуулаагүй. Хохирлын тооцоог дахин тогтоож, үнэн зөв гаргуулах байр суурийг илэрхийлж байгаа ч мөрдөгч, прокурор, шүүгч 3 жилийн хугацаанд тооцоо нийлэх боломжийг хангалттай олгосон. Хохирогч нарын зүгээс ч нэлээдгүй цаг зав гаргаж араас нь хөөцөлдсөн. Тийм учраас хохирол төлнө гэдэгт итгэлтэй бус байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна гэдэг хэрнээ мэтгэлцэх боломж олгоогүй гэж байна. Анхан шатны шүүх маш олон хохирогчтой хэргийг “Жанжин” клубт хэлэлцүүлэн, өмгөөлөгч нар хангалттай мэтгэлцсэнийг хэргийн оролцогчид бүгд мэдэж байгаа. Анхан шатны шүүх хохирогч нарын авах ёстой нэхэмжилсэн төлбөрөөс түрээсийн төлбөрийг хасаж тооцсон. Манай үйлчлүүлэгчдийн дундаас хасаж тооцсон төлбөрийг үндэслэлгүй гэж марган гомдол гаргах байр суурьтай хүмүүс байсан ч 3 жил болж байгаа ч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаана гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Практикт буцаах тохиолдол байгаа ч 6 тэрбум төгрөгийн хохирол учирсан, олон хохирогчтой хэрэг дахин 3 жил шалгагдаж 5, 6 жил болно. Тиймээс хохирол хэзээ барагдаж, хохирогч нар хэзээ мөнгөө авах, авсан байлаа ч мөнгө болж чадах уу гэдэг олон талын асуудлыг бодогдуулах нөхцөл байдал үүсээд байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Хохирогч нарын өмгөөлөгч Б.Баттөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэр бүхий 21 хохирогч “Бидний хүсэл, үеийн нэгдэл” гэсэн төрийн бус байгууллагыг байгуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Миний хувьд уг төрийн бус байгууллагын өмгөөлөгчөөр оролцож байна. Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй ч давж заалдах гомдлуудтай холбогдуулан тайлбараа хэлье. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гэм буруугийн хуралдаанд хохирогч нарын өгсөн мэдүүлгийн дагуу шүүх тэдний амаар хохирлын дүнг тогтоосон гэж байна. Гэтэл ийм зүйл огт болоогүй. Энэ хэрэгт 4-5 жил мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн, хохирогч нарын бүх мэдүүлэг хэрэгт авагдсан байгаа. Тэгээд ч бүх хохирогч нар анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй, цөөн хэдэн хүн оролцсон учир шүүгдэгчийн уг тайлбар үндэслэлгүй. Мөн 10 гаруй хохирогч мэдүүлэг өгөөгүй, өргөдөл нь хэрэгт авагдаагүй орхигдсон учраас хэргийг буцаая гэж байгаа ч ийм боломж байхгүй. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүх асуудлыг шийдвэрлэнэ. Магадгүй өөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн, яллагдагчаар татсан бол энэ талаарх баримтаа гаргаж хэргийг нэгтгэх, эсхүл тусгаарлах асуудлыг ярьж болно. Гэтэл огт баримтгүй 10 хүн дурдаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцаагүй, мэтгэлцэх боломжоор хангагдаагүй гэж байгаа ч шүүх ийм боломжийг хангалттай өгсөн. Шүүх хуралдаан 60 хоногоор хойшилж, мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн учир нэмэлт баримттай танилцах хугацааг хангалттай тогтоож, шүүх хурал дахин хойшилж байсан. Тиймээс өмгөөлөгчийн тус гомдлыг хүлээж авах үндэслэлгүй. Мөн өмгөөлөгч хохирлыг бодитой тогтоолгох ёстой гэж байгаа ч анхан шатны шүүх, мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох хэмжээ хязгаарынхаа хүрээнд бодитой тогтоосон. Туйлын бодитой тогтоолгоно гэж ярих бол шүүгдэгчийн хувьд маш ашиггүй нөхцөл байдал үүснэ. Анхан шатны шүүх түрээсийн төлбөрт төлсөн мөнгийг шууд хассан. Хэдийгээр миний хувьд давж заалдах гомдол гаргаагүй ч зарим хохирогч нарын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг зарчмын хувьд дэмжиж байна. Анхан шатны шүүх өөрсдөө амьдарсан учраас зардал гарна гээд хасаж тооцсон. Гэвч энэ хүмүүс огт орон гэргүй, яахаа алдсан хүмүүс биш. М.Б-гийн уран зальд унаагүй байсан бол илүү зардал гарч, орон сууцны түрээс, цахилгаан, дулааны мөнгө төлөхгүй. Давж заалдах шатны шүүх гомдолд заасан үндэслэлээр хязгаарлах бус, хэргийг бүхэлд нь хянаж үзэх учраас боломжтой бол анхан шатны шүүхийн орон сууцны түрээсийн төлбөрийг хасаж тооцсоныг өөрчилж, хохирол дээр нэмж гаргуулж өгнө үү...” гэв.

Хохирогч Г.Д-н өмгөөлөгч Б.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Б-г залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг түүний гэм бурууд тохирсон гэж үзэж байна. 6 тэрбум гаруй төгрөгийн хохирол, 200 гаруй хохирогч дотроос Г.Д  410.000.000 төгрөгийн буюу хамгийн өндөр хохиролтой хохирогч байсан. Шүүх 410.000.000 төгрөгийн хохирол учруулсан нь бодитой байна, хуурамч гэрчилгээ хийж, мөнгө шилжүүлсэн мэтээр өөр дээрээ шилжүүлж авсан болохыг мөрдөн байцаалтын шатанд шалгаж тогтоосон учраас бүх хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн тул гомдол гаргаагүй. М.Б- нь 6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ ямар ч гэмшсэн шинжгүй байдаг. Энэ нь анхан шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн хувийн байдал, 3 жил шалгагдахад нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй байдлаас харагдана. Өндөр настай Г.Д , Ж.Б- нар 1 давхар үл хөдлөх хөрөнгө байхад нь авч, 2 давхар болгоод 15-16 хүнд түрээсэлж амьдарч байсан. Ингэж байтал М.Б- нь Г.Д , Ж.Б- нарыг дуудаж, харааны шилгүй хүнийг нотариат дээр суулган 50.000.000 төгрөг өгөөгүй байхад өгсөн мэтээр, үл хөдлөх хөрөнгийг борлуулсан мэтээр хуурамч гэрээ хийж, гарын үсэг зуруулж амжсан байдаг. Улмаар Баян-Өнжүүл сум явсан хойгуур нь М.Б- түрээсэлж байсан 2 давхар орон сууцыг буулгаж амжсан. Ирэхэд нь юу ч байгаагүй тул “Монголын барилгын үндэсний ассоциаци” төрийн бус байгууллагад гомдол гаргаж, “Б  стеит” ХХК, “БКК” ХХК-д барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл байгаа эсэхийг шалгуулсан. Гэтэл тус байгууллагаас “Эдгээр компаниуд нь 2022 оны 09 дүгээр сарын байдлаар барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл байхгүй” гэсэн хариуг иргэн Г.Д д өгсөн тул маргаан үүсгэсэн. М.Б- өөрийн түрээсэлж байсан газрыг хэд хэдэн удаа сольж, очиж уулзсан. Уулзах бүрт хуурч явуулж байсаар 3 жил болсон, нэг ч хохирол төлөгдөөгүй. Үнэлгээний компаниар үл хөдлөх хөрөнгө болон 0,7 га газрыг нийт 410.000.000 төгрөгөөр үнэлсэн. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын тухайд, гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь, шүүх хэргийг унших нөхцөл бололцоогоор хангасан, хэргийн материал танилцуулахаар тухайн өдрийн хурлыг хойшлуулсан. Өөрсдөө хүлээн зөвшөөрч, хэргийн материалтай танилцаж хуралдаанд орсон. Аль болох шүүх хуралдааныг хийлгэхгүй гэсэн санаа, агуулгатай байсан. Шүүх хуралдаанд оролцож байгаа нөхцөл байдал, давж заалдах гомдол бүгдийг үндэслэлгүй гэж үзэж байна. Тийм учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Хохирогч П.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би шийтгэх тогтоолын хавсралтын 135 дугаарт эрэмбэлэгдсэн хохирогч П.Т  байна. Би М.Б-тай 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 1 жилийн хугацаатай гэрээ байгуулж, түүний данс руу 25.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл 2023 оны 01 дүгээр сар гэхэд М.Б-гийн үйл ажиллагаа доголдож, түрээсийн төлбөрөө төлөхгүй байна гэж тухайн орон сууцны эзэн надад хэлсэн. М.Б- 3 дугаар сар хүртэл арай ядан түрээсээ төлж, би 4, 5 дугаар сарын мөнгө гэж 2.000.000 төгрөгийг орон сууцны эзэнд өгсөн. Нийт 27.000.000 төгрөг өгсөн учраас түрээсийн төлбөр гэж үзсэн 10.000.000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 17.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол надад оройтож гардуулагдсан бөгөөд тус тогтоолоор надад 17.000.000 төгрөгийг тушаасан гээд 7.400.000 төгрөг олгуулахаар заасан байсан. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд 17.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. Хоёрдугаарт, М.Б- гэх эмэгтэй төрийн тамга, тэмдэгтэй компанийн нэр барьж, өрх толгойлсон эмэгтэйчүүд, тэтгэврийн эмэгтэйчүүдийг ашиглаж залилан хийсэн байж сүүлд нь зовлон тоочиж байна. Бид бүгдээрээ адилхан зовж байна. Орон гэргүй болж, энэ асуудлаас болж миний үр хүүхдүүд өвдөж зовсон, салж сарнисан. Тийм учраас хэргийг М.Б-гийн талд өрөвдөх маягаар биш үнэн мөнийг олж шийдвэрлэх хэрэгтэй. Олон хүмүүсийг хохироомооргүй байна. ...” гэв.

Хохирогч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Б-гаас хохирлоо барагдуулахын тулд 21 хүний бүрэлдэхүүнтэй “Бидний хүсэл, үеийн нэгдэл” төрийн бус байгууллагыг байгуулж, хуулийн дагуу тамга, тэмдгээ авч, өмгөөлөгч хөлслөн 3 жил зүтгээд явж байна. Төрийн бус байгууллагын захирлаар Б.А би өөрөө шүүх хуралдаанд оролцож байгаа учраас 21 хүнээ төлөөлж ярья. Өмнөх шүүх хуралдаанд бидэнд үг хэлэх, ярих боломжоор хангаагүй. Нэг ч үг дуугарах, үзэл бодлоо илэрхийлэх боломж байгаагүй. Тийм учраас Монгол Улсын шүүх, төр луйварчингууддаа төмөр нүүрээ харуулж олон хохирогч нарын хохирлыг барагдуулаасай гэж хүсэж байна. Шүүгдэгч М.Б- болон түүний өмгөөлөгчөөс хохирлын тооцоо зөрүүтэй гэж ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөрдөгч, прокурор хэрэгт хийх ёстой  бүхий л ажиллагааг хийсэн. Ямар ч зөрүүгүй, хүмүүсийн өгсөн мөнгө, гарсан зарлага тодорхой байхад юу нь зөрүүтэй, тодорхойгүй байгааг ойлгохгүй байна. Гэтэл М.Б- 3 жилийн турш байнга худал хэлж, хүмүүстэй нийлж олон хоногоор, хэдэн зуун мянган төгрөгөөр шоудаад явж байдаг байсан. Би түүний араас хонон өнжин хөөж, мөрдөж барьж аваад гэрт нь хүртэл 20 гаруй хоног хамт амьдарсан. М.Б- нь маш сайн ярьж чаддаг, хүний өөдөөс нүдээ цавчихгүйгээр харж итгэл үнэмшил төрүүлж, ятгаж чаддаг хүн. Шүүх энэ байдлыг харгалзан үзэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаад байгаа хохирол мөнгийг нь хасаж тооцсон ч хамаагүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хэргийг эцэслэж өгөхийг хүсэж байна. Олон жил зарцуулсан учраас дахин цаг хугацаа алдмааргүй байна. Иймд М.Б-гийн үйлдлийг үнэн зөвөөр шүүж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ч.Д-шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед биднийг мөнгө өгөх үед төгрөг, долларын ханш ямар байсан, одоо ямар болсон зэргийг харгалзаж үзвэл үндсэн өгсөн мөнгөнөөс хасах биш нэмж өгөх ёстой. Гэтэл шүүх хасаж тооцсонд гомдолтой байна. Би тухайн үед амьдралын шаардлагаар нөхрөөсөө салаад хоёр хүүхдээ аваад явж байхдаа долларын хадгаламжаа цуцалж шүүгдэгчид өгсөн. Ийм байтал шүүгдэгчийн өмгөөлөгч шунахайн сэдэлтээр хандаж, амьдарсан орон сууцныхаа түрээсийн төлбөрийг төлүүлэх гэж байна гээд ярьж байгааг гайхаж байна. Өмгөөлөгч хүн ийм зүйл ярьж болохгүй. Миний түрээсийн төлбөр 1.000.000 төгрөг байтал яагаад 1.500.000 төгрөг болгосон нь тодорхойгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг уншиж танилцуулсан байхад хэн, хэзээ, хаанаас ийм зүйл бичиж өгснийг мэдэхгүй байна. Яагаад 7.500.000 төгрөг гэж огт үндэслэлгүй мөнгөн дүн тогтоосныг зөвтгөж шийдвэрлэж өгнө үү. Ял хөнгөрүүлэх талаар давж заалдах гомдол гаргаж байгаа нь байж боломгүй асуудал бөгөөд харин ч ялыг зохих хэмжээгээр оногдуулж, дээд хэмжээгээр нэмэгдүүлээсэй гэж хүсэж байна. Бид энэ танхимд дуугүй сууж байгаа боловч энэ хугацаанд бидний амьдралд маш олон аймшигтай зүйл тохиолдсон. Тийм учраас шүүгдэгчийн өмгөөлөгч ингэж ярих ямар ч үндэслэлгүй, гомдолтой байна. ...” гэв.

Хохирогч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би “Бидний хүсэл, үеийн нэгдэл” төрийн бус байгууллагын холбооны гишүүн. Манайх 200 гаруй хохирогчтой. Шүүх шүүгдэгчийн гэм бурууг нотолж тогтоосоор байхад биднийг эцсээ хүртэл доромжилж, өөрийгөө өмөөрсөн хэвээр байгаа нь таалагдахгүй байна. Хохирсон гэдгээ мэдээд шүүх, цагдаа дээр очих гэхэд “Битгий очооч, миний ажилд жаахан саад учраад байна, үүнийг 3, 4 сар хүлээчих, тэгвэл мөнгийг чинь өгч чадна” гэсэн тул бид итгээд бараг 6 сар хүлээсэн. Манай гэрийн гадна 2 удаа ирж уулзахдаа “Битгий гомдол өгөөрэй, хүлээж байгаарай” гээд надаас гуйж байсан. Энэ байдлаар бүтэн 3 жилийн турш хүн болгоноос гуйж, хуурч байсныг мэдсэн. 3 жилийн дараа шүүхийн шийдвэр гарсан ч одоо хүртэл биднийг доромжилсон байдалтай байна. Тийм учраас шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Хохирогч Г.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гэрэлтогтох шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй гэв.

Прокурор М.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хохирлыг амаар тогтоосон буюу буруу тогтоосны улмаас төлөгдөх ёстой мөнгө өндөр гарсан гэж маргаж байна. Энэ хэргийг 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр анхан шатны шүүхэд шилжүүлэхдээ хохирлын тооцоог шүүгдэгч болон мөрдөгч, прокурор хамт сууж байгаад нийлж гаргасан. Шүүхэд шилжүүлснээс хойш урьдчилсан хэлэлцүүлгээс 1 удаа хойшилж, гэм буруугийн хуралдааны үеэр хохиролтой холбоотой тооцоо яригдсан. Үүнд нэр бүхий 10 хохирогч түрээсийн төлбөрт төлсөн мөнгө зөрж байна гэсэн тул шүүхээс 60 хоногийн хугацаагаар хойшлуулж, маргаж буй хохирогч нараас хэдэн төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн, өөрөө хэдэн төгрөг төлсөн, анх хэдэн төгрөг өгснөөс хэдийг өгөөгүй зэргийг тооцоолж гарга гэсэн. 60 хоногийн хугацаанд нийт маргасан 85 хохирогчоос мэдүүлэгч авч, баримттай нь тулгаад хохирлын тооцоог дахин нарийвчилж гаргасан. Улмаар хохирлын тооцоог танилцуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 5.986.094.030 төгрөг болсон. Үүнээс М.Б-гийн бусдад төлөх ёстой төлбөр 2.529.982.000 төгрөг гэж тогтоосон. Үүний дараа шүүх хуралдаан явагдсан тул хэн нэгний амаар хохирлын тооцоог гаргаагүй. Хоёрдугаарт, У  гэх хүнийг оролцуулах ёстой байсан талаар шүүгдэгч ярьж байна. Гэвч У  энэ хэргийн оролцогч биш. У  нь Г.Д  гэх хүний хүргэн байсан бөгөөд Г.Д  нь охиныхоо нэр дээр үл хөдлөх хөрөнгийн 50 хувийг шилжүүлж өгч байсан. Тиймээс Г.Д  болон охиныг нь хэрэгт асуусан. Шүүгдэгч “Би бизнесээ үргэлжлүүлээд орон сууц барьсан бол хүмүүсийн өрийг төлчих байсан” гэж тайлбарлаж байгаа ч М.Б-д өөрийн гэсэн орлого олдог болохыг нотолсон, татвар төлсөн, Монгол Улсад шударгаар эрхэлсэн бизнес нэг ч байхгүй. Энэ нь эрх бүхий байгууллагуудын лавлагаагаар тогтоогддог. Мөн Г.Д ас авсан газраа барилгын ажил эхлүүлэх гэж байгаа мэтээр нүх ухаж, бусдад итгэл төрүүлж, үүндээ дөрөөлж нийт 206 хохирогчид “Барилгын макет хийн, танилцуулга, зураг гаргана, та надаас мөнгөө авч чадахгүй бол би энэ орон сууцыг барингуут түрээсээр орчихож болно” гэж итгэл төрүүлсэн. Тиймээс У  гэх хүнийг хэргийн оролцогчоор оролцуулах шаардлага байхгүй, У  нь энэ гэмт хэргийн талаар мэдэх хүн биш. Хохирогчоор тогтоогоогүй хүмүүс үлдсэн гэж байгаа ч яг энэ байдлыг хэлж мөрдөн шалгах ажиллагаанд удаа дараа саад учруулж байсан. Анх 48 хохирогч 2022 оны 07 дугаар сард гомдол гаргаж, хэрэг шалгагдсанаас хойш бүх хохирогч нартай М.Б- биечлэн уулзаж “Гомдол гаргавал мөнгийг чинь төлөхгүй” гэсэн зүйлийг ярьж, хохирогч нар гомдол гаргахгүй, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж эхэлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Б-гийн “Б  стеит” ХХК-ийн байрлаж байсан оффист үзлэг, нэгжлэг хийж, хураагдсан нотлох баримтууд болон хийгдсэн гэрээний жагсаалттай холбогдуулж бүх хохирогч нарыг эхнээс нь дуудсан. Үүнтэй холбоотойгоор хохирогч нар ирэхэд 2 хүн нас барсан, 1 хүн гадаад руу эмчилгээнд явсан байсан. Энэ хүмүүс одоо болтол гомдол гаргаагүй, дахин эрхээ сэргээлгэхээр Баянгол дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргаагүй. Одоо хүртэл нэг ч хэрэг бүртгэлтийн нээгдсэн хэрэг байхгүй, яллагдагчаар татсан баримт байхгүй. Хэрэв яллагдагчаар татсан бол М.Б-д гардуулагдсан байх ёстой бөгөөд энэ талаар хэлж, өмгөөлөгч нь баримт гаргаж өгөх ёстой. Гэтэл тийм зүйл тогтоогдоогүй, өмгөөлөгчөөс гаргаж өгөөгүй тул баримтгүй гэж үзэж байна. Хохирлыг буруу гаргасан талаар зарим хохирогч, өмгөөлөгч нар тайлбарлаж байна. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хохирлыг бодитой тогтоосон. Анх гэрээгээр халхавчлан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж төгссөн үе буюу хохирогч нарын шууд төлсөн мөнгөн дүн 5.986.094.030 төгрөг, дээр нь үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний 2 ширхэг тайлан, 206 хохирогчийн гэрээний дүн, санхүүгийн тайлантай хамт гаргасан баримтаар тогтоогдсон дүн. Хохирлыг шүүх нарийвчилж зөв тогтоосон ба гол нь эргээд төлөгдсөн нь хэд болохыг харгалзсан. Зарим хохирогч нарын өмгөөлөгчөөс үйлдэгдээгүй гэмт хэрэгт хохирол төлөгдсөн гэж дүгнэхгүй гэж байна. Гэтэл гэрээ байгуулж, мөнгийг нь шилжүүлж авснаар гэмт хэрэг төгссөн. Улмаар гэмт үйлдлээ үргэлжлүүлэхийн тулд, дараа дараагийн хохирогчоо олж авахын тулд урдах хүмүүсийн мөнгийг төлөхөөс аргагүй болсон. Өөрөөр хэлбэл, 2 дахь хохирогчоос мөнгө авч 1 дэх хохирогчийн мөнгийг төлж байсан асуудал байна. Нөгөө талдаа тухайн орон сууцанд М.Б- амьдраагүй, хохирогч нар өдөр тутмын амьдралаа үргэлжлүүлж, тэнд амьдралынх нь хэвийн өдрүүд өнгөрч байсан тул үүнийг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэх ёстой. М.Б- өөрөө амьдраагүй байж хүний өмнөөс мөнгө төлж болохгүй тул энэ талаар шүүх зөв дүгнэсэн. Шийтгэх тогтоолд хохирлыг тодорхой дурдаагүй гэх гомдлын тухайд, шүүх хохирлын тооцоог хүн нэг бүрээр, анх авсан гэрээний дүн, М.Б-гийн төлсөн дүн, түрээсээр төлсөн дүн, одоо хэн, хэчнээн төгрөг төлөх ёстой зэргийг нэг бүрчлэн дүгнэсэн. Харин хохирогч Ч.Д-нхувьд 1.000.000 төгрөгийн түрээстэй байтал 1.500.000 төгрөгөөр бодогдсон байна, түүний мэдүүлэгт байгаа гэдгийг шүүгчийн туслахад хэлж байсан. Гэвч энэ нь засварлагдаагүй гарсныг үгүйсгэхгүй. Давж заалдах шатны шүүх хохирлын тооцоотой тулгавал өөр гарсан уу, анхан шатны шүүх зөв дүгнэсэн үү гэдэг нь тодорхой гарах байх. Өмгөөлөгч Б.Лхагвадоржоос гаргасан гомдлын тухайд, үйлдлийн арга нь түрээслэх, түрээслүүлэх биш, гэмт хэргээ цааш үргэлжлүүлэх гэсэн хэлбэр. Түүнээс үйлдлийн арга нь Г.Д  гэх хүний үл хөдлөх хөрөнгө дээр барилга барих гэж байгаа гэсэн мэдээллээр халхавчилж гэрээ хийж үйлдлээ төгсгөсөн явдал юм. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан үндэслэлийн алинд ч хамаарахгүй тул хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй байна. Хохирогч Ч.Д-с ял хүндрүүлж өгөөч гэж байгаа боловч давж заалдах шатны шүүхээс эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх хуулийн зохицуулалттай учраас ял хүндрүүлэх асуудал яригдах боломжгүй. Хохиролтой холбоотой нэг хохирогчийн асуудал яригдаж, өөрчлөлт орвол орно. Бусдаар өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч, шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын тус тус гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Прокуророос М.Б-г 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл хугацаанд 208 удаагийн үйлдлээр, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нэр бүхий хохирогч нарт нийт 5,986,094,030 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнээд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал” гэж,

мөн зүйл, хэсгийн 2.3 дахь заалтад “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэж,

мөн зүйл, хэсгийн 2.4 дэх хэсэгт “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт” гэж тус тус тодорхойлон заасан.

Шүүгдэгч М.Б- нь 208 удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд шийтгэх тогтоолд үйлдэл тус бүр нь ямар үндэслэлээр залилах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа, хохирогчид хэдэн төгрөгийг хэрхэн тооцож олгож байгаа, иргэний нэхэмжлэгчид төлбөр хэрхэн олгож байгаа, мөн иргэний хариуцагчаас төлбөр хэрхэн гаргуулж байгаа үндэслэл тодорхой биш, харин залилах гэмт хэргийн шинжийг тайлбарлах байдлаар ерөнхийлсөн  дүгнэлтийг хийсэн байна.

Анхан шатны шүүхийн дүгнэлт тодорхой, ойлгомжтой, эргэлзээгүй байхыг процессын хуулиар тодорхойлсон бөгөөд энэ нь давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянахад тухайн асуудлыг анхан шатны шүүх хэрхэн дүгнэсэн, уг дүгнэлт үндэслэлтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх нөхцлийг бүрдүүлдэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл” гэж,

мөн зүйл, хэсгийн 3.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэл” гэж тус тус заажээ.

 Шүүх нэг талаас гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, нөгөө талаас гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээдийн халдашгүй чөлөөтэй байх эрхийг хязгаарладаг тул шүүхээс тогтоож буй үйл баримт, оногдуулж буй ял зэрэг нь бүхэлдээ нотлох баримт, үндэслэгээнд суурилсан байх учиртай.

Анхан шатны шүүх оролцогчийн гаргасан санал дүгнэлт, тайлбарыг үндэслэл бүхий гэж үзсэн эсхүл няцаан үгүйсгэсэн хууль зүйн үндэслэлд дүгнэлт зайлшгүй өгөх шаардлагатай бөгөөд энэ нь шүүх хуульд захирагдаж, түүнд нийцсэн шийдвэр гаргасныг илэрхийлэх бөгөөд үндэслэл бүхий хариу өгч, шударга шүүхээр шүүлгэх эрх хангагдах баталгаа болдог.

Гэтэл анхан шатны шүүх хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар шийдвэрлэхдээ хохирлоос хассан, гаргуулах үндэслэлээ тодорхой тусгаагүй, нотлох баримтад тулгуурлаагүй нь учир дутагдалтай болсон байна.

Хэрэв дээрх хуулийн шаардлагыг хангаагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж үзэн мөн  хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгоно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан хохирогч О.Г-, түүний өмгөөлөгч С.Ялалт нарын хамтран гаргасан, хохирогч Д.Б-, Ч.Д, Г.Т, хохирогч Э.А-н өмгөөлөгч Б.Лхагвадорж, шүүгдэгч М.Б-, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Шүүгдэгч М.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.9 дэх зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1587 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч М.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.  

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                            Н.М.Б-

ШҮҮГЧ                                                            Л.ОДОНЧИМЭГ